Цусаа алдаж буй үндэстэн буюу Уйлж байгаа Монгол нутаг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

Тусгаар тогтнол... Энэ үгийг Та дотроо хэлээд үз. Энэ хоёрхон үгийг  Өвөр Монгол, Буриад, Түвд, Чечень, Халимаг, Тува, Осети, Күрд  хүн бүр дотроо санагалзан  хүсэн зүүдэлж мөрөөдөж явдаг. Гэтэл Монголчууд өнөөдөр энэ үгийн утга учрыг ер нь ойлгож байна уу?!

Энэ хоёрхон үг чинь бидэнд зүгээр олдоогүй юм. Энэ л  үгэнд олон зуун мянган эх оронч монголчуудын амь, уухай, цус, нулимс, зовлон шингэж, миний Монголын их түүх бүтнээрээ багтсан байдаг юм.

Гэтэл бид өнөөдөр хүчирхэг түүхийн дараах үүргээ умартаж, Үндэс язгуураа мартахгүйг сургаасан өвөг дээдсийн мөнхийн захиасыг нулимж  Монгол үндэстэнг сөнөөхийн замд нь аль хэдийн өөрсдөө түлхэн оруулжээ.

Тусгаар тогтнол, бүрэн эрх гэж юу вэ?

Sovereignty буюу бүрэн эрх, халдашгүй эрх гэдэг нь Үндэсний ба популяр гэж хоёр төрөл байдаг. Үндэсний  Sovereignty  тусгаар тогтносон улсад заавал үндэстэн байх ёстой. Этник групп (ястан)  төр байгуулах чадваргүй гэж үздэг ба ястантай бол тусгаар тогтносон улс гэж үздэггүй. Этник групп нийгэм болж чадаагүй, хөдөлмөрийн хуваарилалт бий болоогүй, орчин үеийн мэдлэгийг олж аваагүй байдаг. Үндэстэн бий болж байж л „Үндэсний хүсэл“  гэж гарч ирдэг. Үндэсний хүсэл нь төрийн удирдлагын амин сүнс байх ёстой.

Өнөөдөр Монгол улсад үндэстэн байхгүй, олон ястан байдаг. Энэ бол манай түүхийн явцад буй болсон зохиомол зүйл. Өөрөөр хэлбэл, энэ нь 1920 оноос хойш бидэнд ЗХУ-ын идеологчидын шууд тулгасан  зүйл юм. Монголыг Тусгаар тогтносон улс хэмээн гаргаж ирчихээд үндэсний хүслийн тухай ярих ямар ч бололцоо олгоогүй юм. 1990 онтой золгосоор ч жинхэнэ утгаар тусгаар тогтносон улс болж чадаагүй. Хуучин социализмын үеийн үндсэн хуулиа бага зэрэг засварлан “шинэчилж”  үндэстэн гэдгээ тодорхойлоогүй, „Үндэсний хүслээ" гаргаж авч чадаагүй. Ийм тохиолдолд нийгэм задран унах аюултай тулгардаг.

Нийгэм гэдэг нь хөдөлмөр хуваарилалт нь тодорхой болсон, нэгдсэн хүсэлтэй, үүрэг хариуцлагатай бүлэг хүмүүсийг хэлнэ. Анги үүсэх нь нийгэм задарч байгаагийн шинж тэмдэг юм. Нэг хэсэг нь ядуу, хоёр дахь хэсэг нь дарангуйлагч, гурав дахь нь дарангуйлагчдыг налж тэдний гар хөл нь болж оршдог, доор буй ядуусаа дээрэлхэн амьдардаг давхаргуудад хуваагддаг. Ийм үед хөгжил ерөнхийдөө зогсдог. Мөн ичгүүр сонжуургүй дээрэм газар авч, шудрага бус байдал тогтож, амьдралын баталгаа алдагдаж хүний амь үнэ цэнгүй болдог. Энэ үед л муу муухай бүхэн жинхэнэ утгаараа дэлгэрэн цэцэглэдэг. Нийгэмд ийм ангиуд үүсэхлээр гадны хүчний нөлөөнд  дороо автагдаж, тухайн улс орон хэд хуваагдан задрал явагдах ба бусдын идэш болох хандлага бий болно. Бүх анги давхарга, үүний дотор төрийн тэргүүнээсээ авахуулаад эгэл жирийн иргэн хүртэл гадны хүчний боол, зарц нь болдог. Гэхдээ олон орны сонирхол орж ирвэл эдгээр анги давхаргууд дотроо мөн л төчнөөн хэсэгт хуваагддаг. Ийм үед хууль нь “гууль” болдог. Учир нь улс төрийн эрхтнүүд нь бүгд гэмт хэрэгтэн болж  аливаа хуулийг хэрэгжүүлэхэд өөрсдөө хамгийн түрүүнд өртөх болдог. Хуулийн байгууллага байдаг ч нэр төдий, дээд болон гадны ашиг сонирхолд үйлчилдэг хэрэгсэл нь болон хувирах бөгөөд парламентаасаа авахуулаад батлан хамгаалах, тагнуул, цагдаа, шүүх зэрэг бүх байгууллага хоосон нэр төдий болдог.

Ийм нөхцөл байдалд улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт анархизм ноёрхож эхэлнэ. Эдийн засгийн анархизм, улс төрийн анархизм, шашны анархизм, социал анархизм буюу „Чадаж байгаа юмд арга байхгүй “ гэсэн гажиг хортой байж боломгүй үзэл цэцэглэнэ.  Үүний хор уршиг нь, тухайн улс оронд Үнэн юм ямарч үнэгүйдэж, шудрага зүйл, хүн амьдрах нөхцөл гэж үгүй болж, иргэд нь сэтгэл санааны хямралд орон архичин, хар тамхичин болон хувирах, эсвэл сурах, ажиллах, аялах, цагаачлах мэт янз бүрийн “шалтаг” заан эх орноосоо дүрвэн гардаг. Худал ярьдаг, хулгай сайн хийдэг, хэлсэндээ хүрдэггүй, урвагч, хуурамч жижигхэн хүмүүс сайхан амьдрана.

Хамгийн ноцтой асуудал нь, тухайн улс орны оршин тогтнохын шийдвэрлэх зангилаа нь болдог эмэгтэйчүүд гадны иргэдтэй гэр бүл болох, өөрийн үндэстнээ үзэн ядаж гадныхыг магтан дуулж өөрсдийгөө доош хийн доромжилдог явдал юм. Тухайн үндэстэн материаллаг болон оюун санааны хувьд оршин тогтнох бололцоогүй болж, аяндаа СӨНӨДӨГ . Ийм л нөхцөл байдал Монгол улсад бүрдэн тогтоод байна.

Тийм ч учраас  АНУ-нэрт эрдэмтэн Jared M. Diamond-н bestseller „Collapse“ номонд „21-р зуунд устан алга болох Үндэстний жагсаалт”-нд Монгол улс 8 дугаар байрыг эзлэн жагсах болжээ.

Ийм байдал үргэлжилсээр байвал ойрын ирээдүйд манай Үндэстэн мөхөх нь гарцаагүй болоод байна.

Энэ аюулыг хэрхэн зайлуулах вэ гэвэл, одоогийн үндсэн хуулийг “орвонгоор нь эргүүлэн” шинэчлэж, хүчирхэг төрийг байгуулах явдал юм. Харин “хүчирхэг” гэснээр хаант засаглал, эсвэл дарангуйллын тогтолцоог хэлээгүй шүү. Нийт ард түмний төлөө, нэг л жаргалын төлөө бүгдээрээ хамтаараа зүтгэдэг, “нэг монгол хүн Хамуг Монголын төлөө, Хамуг Монгол нэг монгол хүний төлөө” гэсэн үзэл баримтлал бүхий үндсэн хуулийг гаргаж, зөв мэдлэгтэй, туршлагатай хүмүүсээр ардчиллын хүрээнд богино хугацаанд үндэсний капиталыг буй болгосноор Монгол үндэстэн хөл дээрээ босох болно.

Банкны тогтолцоог үндэсний болгоно. Гэхдээ социализмын үеийн “төрийн банк” гэсэн утгатай бус, харин үндэсний хүслийн төлөө үйлчилдэг, зөвхөн монгол үндэстэн хувьцааг нь эзэмшдэг банк байна. Тэр банкууд нь үндэсний салбарын корпорацуудыг үүсгэж тэдгээрийн хувьцааг мөн л монгол үндэстэндээ эзэмшүүлнэ. Ингэж үндэстний хандлагатай капитализмийг хөгжүүлнэ.

Зөвхөн ийм арга замаар улсынхаа хөгжлийг замнуулж бирдүүдтэй холбоогүй, зөв мэдлэгтэй,  хүсэл нь ариун дотор нь цагаан, дайчин шинэ залуусаа гаргаж Монгол сүнсээ аварна. Өөр ямар ч арга байхгүй!!!

Ингэж байж л сүйрч устах үндэстний дээрх жагсаалтаас улсынхаа нэрийг хасуулж, жинхэнэ ёсоор Тусгаар тогтнолоо олж чадна.

Харин үүний тулд эр эм, хөгшин залуугүй хүн бүр нэгэн үзэл санаан дор нэгдэн, өөрсдийн амьдрал, үр хүүхэд, хойч ирээдүйгээ урдаа тод харж, Монголын төлөө цохилох зүрхнийхээ галыг асааж хэлэх үгээ зоригтой хэлж, хийх үйлдлээ шийдэмгий гүйцэлдүүлэх цаг иржээ.                                                                               

Тайлаг тэмээ тавгаа барах мэт                                                                                                                             

  Тас шувуу далавчаа эцээх мэт                                                                                                                                    

   Юуны төлөө зүтгэнэ вэ                                                                                                                                      

  Хэний төлөө хичээнэ вэ ...гэвэл...                                                                                                        

   Монголын төлөө гэж бид хэлнэ!                                         


   Ч.Өрлөг     

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top