УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дарга П.Алтангэрэл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар УИХ-ын нэгдсэн чуулганы хугацаанд ХХААБХ хийсэн ажлаа тайлагнасан юм.
Байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлынхаа хүрээнд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Бэлчээрийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Зарим тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, батлуулах зэрэгт голлон анхаарч ажилласан байна. мөн Туул голын сав газрын эрүүл аюулгүй орчны тухай анхаарч ажилласан аж.
Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, тэдгээрийг дагалдаж өөрчлөлт орсон 18 хууль, шийдвэрийн төсөл, УИХ-ын гишүүн Р.Буд, П.Алтангэрэл нарын зэрэг 19 гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн“Бэлчээрийн тухай” хуулийн төслийг иргэд олон нийтээр хэлэлцүүлж, гарсан саналыг холбогдох төслүүдэд тусгасны дараа хэлэлцэх нь зүйтэй үзсэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Кёкүшюзан Батбаяр, Я.Батсуурь, А.Тлейхан, О.Чулуунбат, Х.Баделхан нарын өргөн мэдүүлсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжиж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байна.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжжээ. Уг хуулийн төсөлд Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодисын бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох экспортлох харилцааг зохицуулах журам, мөн энэхүү жагсаалтад орсон ашиглахыг хязгаарласан бодисын ашиглахыг хориглох салбар, ашиглах хэмжээг хэрхэн тогтоохыг тусгажээ.
Б.Анар
Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )