Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн,Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч И.Кога тэргүүтэй төлөөлөгчдийг 2011 оны 07-р сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд эрхэмсэг ноён И.Когаг зуны дэлгэр цагт Монгол оронд зочлон ирсэнд талархал илэрхийлээд, 2011оны 3-р сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн хохирлыг Японы ард түмэн богино хугацаанд даван туулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар сэргээн босголтын үйл хэрэгт дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэлээ.
Мөн Япон Улстай бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурьдаад, харилцаагаа шат ахиулан Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн гэдгийг тэмдэглэлээ.
Ноён И.Кога цаг зав гарган хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд Японы ард түмэнд тохиолдсон хүн бэрх үед Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, эд материалын болон бие сэтгэлийн гүн туслалцаа үзүүлэн, хохирогчдын төлөөллийг гурван ч удаа хүлээн авсанд Японы төр, засаг болон ард түмэн талархаж байгааг хэллээ.
Мөн өчигдөр Монголын хөнгөн атлетикийн холбооноос Японыг дэмжих 15 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, энэ тэмцээнд цунамид хохирсон Японы хоёр иргэн оролцсоныг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа. Түүнчлэн тэрээр Японы компаниуд Тавантолгойн төсөлд оролцох сонирхолоо дахин илэрхийлсэн Японы ерөнхий сайд Наото Каны захидлыг уламжиллаа.
Б.Анар
Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )