ХААН банкны Төв салбарын захирлаар ажиллаж байсан иргэн Я.Отгонжаргал энэ оны нэгдүгээр сард ажлаасаа халагдах өргөдлөө өгчээ. Төв салбар гэдэг нь Төв аймгийн сумдыг хамарсан 30 гаруй салбар нэгжтэй 120 гаруй ажилтантай, ХААН банкны томоохон нэгжийн нэг аж. Ажлаараа ХААН банкин дотроо байнга тэргүүн байр эзэлдэг шилдэг салбар гээд магтаал хөвөрнө. Энэ салбарын захирлаар арав шахам жил ажилласан Я.Отгонжаргалаас ХААН банк 507 сая, 257 мянга, 735 төгрөг нэхэмжилж шүүхэд өргөдөл гаргажээ. Я.Отгонжаргал гэдэг хүн ажилдаа алдаа дутагдал гаргаад ажиллаж байсан банкаа ийм хэмжээний мөнгөөр хохироочихов уу гэтэл үгүй. Энэ оны эхнээс ХААН банк бүтцийн өөрчлөлт хийжээ. Уг өөрчлөлтөөр түүний хариуцаж байсан салбарт таван тооцооны төв нэмж хариуцуулахаар болжээ. Шинээр бүл нэмсэн таван төв нь бүгд алдагдалтай ажилладаг гээд асуудалтай газрууд учир хариуцсан мэргэжилтэн болон жолооч гэдэг орон тоог нэмж өгөөч гэдэг хүсэлт гаргажээ. Ажлын шаардлага, ажлын эрх ашгийн төлөө гаргасан энэ хүсэлт нь түүнийг ажлаасаа халагдах өргөдлөө бичихэд хүргэнэ гэж Я.Отгонжаргал төсөөлөөгүй байсан нь лавтай. Бүсийн захирал нь түүнд хүсэлтийн хариуд ажлаа өг гэсэн шаардлага тавьжээ. Я.Отгонжаргалын шүүхэд гаргасан тайлбарт “..Миний хувьд банкны удирдлагад өөрийн саналаа илэрхийлснээр ялимгүй зөрчилдөөн маргаан үүссэн. Бүсийн захирал С.Батзаяа надад өөрийн биеэр ажлаа хүлээлгэж өгөх шаардлага тавьсан” хэмээн бичжээ. Ингээд Я.Отгонжаргал ажлаасаа гарчээ. Болж өнгөрсөн үйл явдал нь энэ. Гэтэл ХААН банкны удирдлагууд “Я.Отгонжаргал нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувьд хууль бус үйлдэл гарган ХААН банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, боловсон хүчний дутагдалд оруулж, банкны нэр хүндэд халдаж, 507.257.735 төгрөгийн хохирол учруулаад байна” гэж үзэж шүүхэд ханджээ.
ХААН хэмээн өргөмжлөгддөг банк нэг хүнээс болж хагас тэрбумын ямар алдагдал хүлээв гэдгийг шүүхийн нэхэмжлэлээс нь үзлээ. ХААН банкинд харилцагчийн төлбөр тооцоо зэрэг үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болоод зээлийн хүүгийн орлого алдаж банкинд учирсан хохирол гэж 298.295.294 төгрөг, эрх мэдлээ хэтрүүлж, 8002441 өгрөг бүхий Ниймгийн хөгжлийн сангийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, гарын бэлэг өгөх нэрийдлээр 960.000 төгрөгийг үргүй зарсан хэмээн дурджээ. Шүүх хурлын үеэр эдгээр нэхэмжлэлүүдийн нийлбэрийг тооцоод үзэхээр, дахиад цаана нь 200 сая төгрөг юуны төлөө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэдэг асуудал яригджээ. Банк гаргасан нэхэмжлэлдээ ийм том тоо алдана гэхээр асуудалд хэтэрхий ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд байгаа юм уу эсвэл, эсрэгээрээ шүүхийг үл хүндэтгэж санаанд орсон тоогоо бичээд явуулсан уу гэдэг гаргасан нэхэмжлэлтэй нь адил бас л тодорхойгүй асуулт болж байгаа юм.
Баянзүрх дүүгийн шүүх ХААН банкны нэхэмжлэлтэй энэ асуудлыг өнгөрсөн сарын 15-нд хэлэлцээд “…Я.Отгонжаргалыг ХААН банкны ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго агуулсан нь тогтоогдохгүй ба хариуцагчийг гэт буруутай гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагчийн гэм буруугаас болж хохирол учруулсан гэх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдохгүй ба хохирол ба гэм буруугийн хооронд шалтгаант холбоо байхгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлгүй гэжүзэж, ХААН банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )