Л.Оюун-Эрдэнийн жолоодсон хоёр дахь “галт тэрэг” хаа хүрэх вэ!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 09 сарын 24

Хамтарсан Засгийн газар байгуулагдсан ч “галт тэрэг” хөдлөхөд шатахуун нь хараахан бэлэн болоогүй байв. Тэгвэл УИХ ээлжит бус чуулганаараа  хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж баталснаар хаалтаа хийсэн. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн жолоодсон хоёр дахь “галт тэрэг” урагш хөдөллөө.

Гурван нам хамтарсан ч энэ удаагийн Засгийн газар бол түүний удирдсан өмнөх танхимын дэвшүүлсэн томоохон амлалтуудыг үргэлжлүүлнэ. Зарим нь үүнийг “МАН-ын зорилт, Л.Оюун-Эрдэнийн “попрол” гэх нь бий.

Тэгвэл өмнө нь дөрвөн жил тутам солигдож, эсвэл аль  нэг намын дүрмээр явж ирсэн төрийн бодлогын залгамж чанарыг тэр унагалгүй үргэлжлүүлье гэснээрээ онцлог. Ерөнхий сайдын өөрийнх нь хэлснээр бол “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, экспертүүд, хилийн чанадад амьдарч буй иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад сонгогдсон нь улс төрийн соёлын хувьд шинэ 30 жилийг эхлүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх шинэ хүлээлт нийгэмд үүсгэснийг судалгааны дүн харуулж байна.Энэхүү нийгмийн хүлээлтийг хүндэтгэн Ерөнхий сайдын хувьд сонгуулийн холимог тогтолцоог хамтран шийдвэрлэсэн Ардчилсан нам, ХҮН намд Засгийн газрыг хамтарч байгуулах санал тавьж, бусад намын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандахыг эрмэлзлээ” гэсэн. Үүний төлөө АН, ХҮН хоёрыг танхимдаа урьсан гэдгээ ч онцолж байв. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ  том зорилтууд дээрээ дээрх хоёр намын дэвшүүлсэн бодлогуудаас чухлыг нь эрэмбэлэн нэмж, хамтарсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг  “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээн нэрлээд буй.

Хөгжлийн төлөө зориг гаргаж хамтарсан засаг байгуулсан. Эсвэл хурдтай хөгжихөд, хурдтай шийдвэрлэхэд зориг хэрэгтэй болсон. Нэг бол С.Зориг агсны  хэлж байсан “Улс орны төлөө эрх ашиг нэгдүгээрт, намынх хоёрдугаарт, хувийнх гуравдугаарт” гэсэн зарчмыг битүүхэн сануулсан хэмээн  олон нийт дор бүрнээ утгыг тайлах гэж оролдож буй. Гэвч хожмын үр дүн гэдэг зүйл  энэ Засгийн газрын ажлыг дүгнэнэ. Тэр болтол бас зай бий. Мэдээж лай ч бий. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх дөрвөн жилд нөхцөл байдал ямар байхыг таашгүй. Ямартай ч  экспорт өсөлттэй, эдийн засаг тогтвортой,инфляц савлахгүй, дээр нь нэг гэрт орсон намууд эвтэй байх аваас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж гарна. Гэтэл гурван нам хамтарсан учраас засгийн ачаа томорсон. Хийх ажил, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалт 577 болж сунасан. Мега төсөл гэхэд л эрчим хүчний салбарын реформ, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 том бүтээн байгуулалтын хүрээнд яригдаж байна. Гэтэл эдгээр, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардагдаж байгаа. Улсын төсвийн эх үүсвэрээс энэ  дүнгийн дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой гэсэн тооцоо гарсан.

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр бүхэлдээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, намуудын мөрийн хөтөлбөрт туссан онцлог заалтуудыг нэгтгэж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, олон жил улс төржин гацсан төслүүдийн зангилааг тайлахад чиглэгдсэн хэмээн тэмдэглэж буй. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс эдийн засгийн тооцооллыг харвал, дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах төлөвтэй. Манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 2023 онд 5.1 хувиар өссөн бол 2024 онд 4.8 хувь болон саарсан.  “Монгол Улсын хувьд эдийн засаг дунджаар 5-8 орчим хувийн өсөлттэй байж чадвал бид энэхүү хөтөлбөрийг хамтын хүчээр бүрэн хэрэгжүүлэх боломжтой” гэжээ. Гэхдээ олон улсын судлаачид геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй эрсдлүүд, санхүүгийн хориг арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл зэрэг дээрх төсөөлөл өөрчлөгдөж болохыг  урьдчилан анхааруулж байгаа юм. 
 


 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан том зорилтуудаас эргэн сануулбал, 
 

  • Бүсчилсэн хөгжлийн реформын цогц асуудал. Энэ хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь 700 га-д төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрөл задарч, нийслэлийн түгжрэлийн суурь зангилаа тайлагдана.
     
  • Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулж, нийгмийн бүхий л үйлчилгээг 20 минутын дотор авах хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлтийн цогц шийдэл бүхий “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”-ийг боловсруулж, Улсын Их Хуралд энэ онд  багтааж өргөн барина.
     
  • Олон жил ужгирсан нийслэлийн асуудлыг хурдтай шийдвэрлэхэд зориг хэрэгтэй. Өмнөх 30 жилд нийслэлд зарцуулсан хөрөнгө оруулалтыг ирэх гурван жилд гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай.
     
  • Нийслэлийн төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл 20 минутын дотор очдог байх шаардлагатай. Үүний тулд хотын төвөөс Хүрхрээгийн ам хүртэл “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр барьж, Хүрхрээгийн амнаас нисэх буудал руу шууд очих Хөшигийн хөндийн хос урсгалын туннел байгуулахаар энэхүү хөтөлбөрт тусгажээ.
     
  • Улаанбаатар хотын замуудыг хооронд нь холбох “Шинэ тойрог авто зам”-ын төслийг хэрэгжүүлнэ. Энэ бүтээн байгуулалтыг Туул хурдны замаар эхлүүлнэ. Богдхан уулыг тойрч Тэрэлж, Налайх, Майдар хот, Зуун мод хот, Хөшигийн хөндий, Аргалант-Эмээлт хот, Жаргалант, Рашаант хотыг холбосон “Шинэ их Тойруу” хурдны авто зам эсвэл хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зардлыг төсвийн тодотголд тусгажээ.
     
  • Нийслэлээс санаачилсан Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км “Метроны нэгдүгээр шугам”-ыг ашиглалтад оруулна. Нийслэл Улаанбаатар хотыг Төвийн бүс нутагт Хөшигийн хөндийгөөр дамжуулан тэлж, улсын төв цэгт байрлах эртний нийслэл Хархорум хотыг сэргээн босгох ажлыг зохион байгуулна.
     
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эрчимжүүлнэ. Шинэ суурьшлын их бүтээн байгуулалтыг манлайлж, хувийн хэвшлийг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын байгууллагуудыг бүсчлэн байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулна.
     

Засгийн газраас Бүс бүрийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд төрөлжсөн болон дэд тэргүүлэх чиглэлтэй байхаар  хөтөлбөртөө тусгахдаа,
​​​​​​​

  • Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс”,
     
  • Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
     
  • Хойд бүсийг “Байгалийн аялалын жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”,
     
  • Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс”,
     
  • Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”,
     
  • Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэх нь тохиромжтой гэж үзжээ. Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийн дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, уг сангаар дамжуулан эрүүл мэнд боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, E-Mongolia платформ дээр иргэн бүрд хуримтлалын данс нээх, ингэснээр байгалийн баялгийн өгөөжийг ард иргэд шударга хүртэх реформыг хэрэгжүүлэхээр тусгасныг Ерөнхий сайд УИХ-д танилцуулсан.


Эдийн засгийг тэлэхийн тулд 14 мега төсөлд
 

1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгаж, экспортын хүчин чадлыг 40 сая.тн хүртэл, экспортын орлогыг хоёр дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадлыг гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ.

2. Энэ холболтууд хийгдсэнээр Зүүн босоо тэнхлэгийг Бичигт-Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийг Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт эхлэх суурь нөхцөл бүрдэх болно.

3. Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станцыг барина. Оюутолгой хэлэлцээрийн хувьд олон жил яригдсан энэ төсөл хөдлөх боломжтой болсон. Жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэх болно.

4. Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Энэ төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээний цөм.

5. Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэх, түүхий нүүрсний хэрэглээг жил бүр 439 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулах ач холбогдолтой төсөл бөгөөд тохируулагч станц юм. Байгаль далайд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг яаравчлах шаардлагатай бөгөөд энэ төсөл удааширсан тохиолдолд III цахилгаан станцын өргөтгөлийг зайлшгүй хийх шаардлагатай.

6. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд бодлогын дэвшил гаргана. Судалгаагаар Монгол Улс 2.600 ГигаВатт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон. Ингэснээр дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөхөөс гадна эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн (carbon credit) арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломж нээгдэнэ. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний либералчлалын бодлогыг агаарын тээврийн либералчлалыг амжилттай хийсэн шиг зоригтой хийх шаардлагатай.

7. Говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барьж байгуулна. Төслийг хэрэгжүүлснээр Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны түвшин тогтворжиж, хүн ам, мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэх, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах, шар шороон шуургатай тэмцэх боломжгүй юм.

8. Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгааны станцын төслийг эхлүүлнэ. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай уг төсөл жилд 2.500 тонн ураныг олборлон экспортолж, улс, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын татварын орлого оруулж, 1.000 гаруй ажлын байр бий болгох тооцоололтой. Байгаль орчны үнэлгээ болон цахилгаан станцын хэлэлцээрийг нягт хийх учиртай. Оюутолгойн гэрээнд гаргасан алдааг бид давтах ёсгүй.

9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулна. Говийн бүс нутгийн ашигт малтмалын нөөц баялгийг түшиглэн нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхийн эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа. Нүүрсийг дахин боловсруулж устөрөгч болгох, нүүрсийг угаах технологийн шийдлийг бид амжиж гаргах учиртай.

10. Зэс боловсруулах цогцолбор байгуулснаар жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38.2 тонн мөнгөн гулдмай болон 182 мянган тонн элементийн хүхэр үйлдвэрлэж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлогыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Гурван байршлын аль нэгийг сонгох, байгалийн нөлөөллийн үнэлгээнд дүн шинжилгээ хийх.

11. Гангийн үйлдвэр байгуулж, дотоодын ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.

12.  Газрын тос боловсруулах цогцолбор бүрэн ашиглалтад орсноор жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг дотоодоос хангана.

13. Оюутолгойд түшиглэсэн алт цэвэр­шүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломж юм. Геологийн хайгуулыг эрчижүүлж, хоёр дахь Оюутолгой, хоёр дахь Тавантолгойг нээх ажилд Засгийн газар анхаарал хандуулан ажиллана.

14.  Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулна. Ингэснээр иргэд оршин суугаа газраасаа үл хамааран интернэттэй холбогдох, мэдээллийг тэгш хүртээмжтэй хүртэх, төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломж бүрдэнэ гэж үзжээ.

Уг нь Засгийн газар 14 мега төслөөс ядаж нэгийг нь хэрэгжүүлчих юм бол гурван нам хамтарсны гавьяа тэр болно. Бас дээр нь анх удаа таван намын төлөөлөл  бүхий 126 гишүүнтэй УИХ бүрэлдэж, улс орныхоо төлөө хууль тогтоох чиглэлд юу хийж хэрэгжүүлэв. Ямар төсөв баталж, тэр нь хэрхэн үр дүнд хүрэв гэдэг чиглэлд дүнгээ тавиулж таарна. Хамгийн гол нь ганц мега төсөл хэрэгжихэд л цөөн хүн амтай, жижиг орны хувьд  Монгол Улс хожих ийм л ирээдүй хүлээж байна. Тэгэхээр нөгөө мөрийн хөтөлбөрөө нэрлээд байгаа “Зоригоо”  хурцлах, дайчлах, шавхах, мачийтал зүтгэх шаардлага Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Хамтарсан засгийн газарт  тулгарч байна.

Мэдээж Ерөнхий сайд гол ачааг үүрч буй ч засгийг бүрдүүлж буй АН, ХҮН намын дарга нар болох Л.Гантөмөр, Т.Доржхандын зүгээс “Үүрэхийг нь та  үүр, аахилахыг нь бид хоёр хийе” гээд гараа хумхиад суухгүй байлгүй. Ер нь бол нэгэнт хамтарсан тул,  хамтдаа дүнгээ тавиулах тавилан нэгтэй учраас зүтгээд ард нь гарахаас өөр замгүй юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.183.193) 2024 оны 09 сарын 29

Чадвар чадамж муутай жүжиг тавьж өдөр хоногийг өнгөрөөж байгаа өмөнгөөс юу ч гарахгүй

0  |  0
И(103.168.34.210) 2024 оны 09 сарын 28

Орос, Хятадыг хоорондын тээтэр ихсээд бна. БОГДХААН ТӨМӨР ЗАМЫГ ЯАГААД ОРХИЧИХОВОО! Мөн дагасан хурдны авто зам байвал сайнсан. Төмөр замын ТЭЗҮ баыдагшүүдээ !!!

0  |  0
DR. ADITYA(197.211.61.6) 2024 оны 09 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.6) 2024 оны 09 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Иргэн(139.5.219.201) 2024 оны 09 сарын 25

ЗУРГАН ДЭЭРХИ ХҮМҮҮС НЭГ Л БЯДГҮЙ, ТУУРАЙ НЬ УЛДСАН МОРЬ ШИГ ХАРАГДААД БАЙХ БОЛЛОО. ЭД ХОЛЫГ ТУУЛАХ УНАА БИШ БОЛОЛТОЙ

0  |  0
S(59.153.113.84) 2024 оны 09 сарын 25

ANUSDI80955877

1  |  0
Top