Орон нутагт АИ-92 бензинийг хязгаарлаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Монгол Улс өмнөө тулгарсан нэгэн бэрхшээлийг ардаа орхиод нэг их удаагүй байна. Энэ нь мэдээж дизель түлшний хомсдолоор эхэлж, АИ-92 шатахууны хязгаарлалтаар өрнөсөн газрын тосны гурав дахь хямрал /Салбарын эрдэмтдийн дүгнэсэн/ юм.
Шатахуун түгээх станцууд энэ сарын эхэн үеэс эхлэн хязгаарлалт хийхээ больсон. Түүнчлэн холбогдох албаныхан "Шатахууны нөөц хангалттай бий" гэсэн хариултыг өгч байгаа билээ. Гэтэл өчигдөр манай сонинд "Архангай аймгийн хэмжээнд АИ-92 шатахуун хомсдолтой байна. Жолооч нарт өгөхгүй байгаа" гэсэн мэдээлэл ирсэн юм.    
"Улсын хэмжээнд шатахууны хангалттай нөөц бий" хэмээн мэдээлж буй энэ үед орон нутагт шатахууныг чухам яагаад хязгаарлах болов. Бид энэ асуултад хариулт авахаар орон нутгийн удирдлагуудтай холбогдлоо.

Архангай аймгийн Засаг даргын орлогч Г.Чулуунбаатар: Нэг удаад 20 хүртэлх литр шатахуун олгож байна

-Архангай аймгийн төвд төдийгүй зарим суманд АИ-92 шатахуун олгохгүй байгаа гэсэн. Аймгийн хэмжээнд шатахууны нөөц хангалттай байхгүй хэрэг үү?
-Шатахууныг саяхнаас хязгаарлаж эхэлсэн. Нэг удаад 20 хүртэлх литр АИ-92 шатахуун олгож байгаа. Гэхдээ бид үүний цаад шалтгааныг сайн мэдэхгүй. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-ын ажилтнууд, нефть импортлогч компанийн Архангай аймаг дахь салбарын удирдлагуудтай биечлэн уулзсан. Тэд "Дээрээс хязгаарлалт хийх чиглэл өгсөн. Нөөц багасаж, ховордож байгаа" гэсэн тайлбарыг өглөө.

-Тэд шатахууныг чухам хэзээнээс хэвийн олгож эхэлнэ гэж байна вэ?
-Энэ талаар хэлж мэдэхгүй байна. Тодорхой хариу өгөөгүй. "Шатахуун ховордож байна" л гэсэн.
Шатахууныг Архангай төдийгүй өөр хэд, хэдэн аймагт хязгаартайгаар олгож байгаа ажээ. Хөвсгөл аймгийн иргэдтэй утсаар холбогдоход "АИ-92 шатахууныг ихээр өгөхгүй байгаа. Шатахуун ховор байна" гэж мэдээлсэн юм. Түүнчлэн Сэлэнгэ аймагт өнгөрсөн долоо хоногоос эхлэн АИ-92 шатахууныг бага хэмжээгээр л борлуулж эхэлжээ. Тус аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав "АИ-92 шатахууныг хязгаарлаж байгаа. Хэзээнээс хэвийн олгож эхлэхийг хэлж мэдэхгүй. Ямартай ч бидэнд ШТС-уудын ажилтнууд "Нөөц хангалтгүй байна. Хязгаарлахаас өөр аргагүй" гэсэн мэдээлэл өгч байгаа" гэлээ.
Харин Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа "Манай аймагт шатахуун хязгаарлаагүй, хэвийн олгож байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагууд аймгийн хэмжээнд шаардлагатай шатахууны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа" гэсэн юм.
Ерөнхийдөө аймгуудад байдал харилцан адилгүй байгаа ажээ. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрвээгээс энэ талаар тодруулахад "Шатахууны нөөц байгаа. Гэхдээ аймгийн хэмжээнд АИ-92 шатахууныг нэг удаад 20-40 литрийг олгож байгаа юм. Хөвсгөл аймгийн наадам энэ сарын 22-23-нд болж өнгөрсөн. Наадмын үеэр гадна, дотны олон хүн хүрэлцэн ирлээ. Тиймээс үүнтэй холбоотойгоор хязгаарлалт хийсэн. Ерөнхийдөө их хэмжээгээр борлуулбал нөөцгүй болох хэмжээнд байгаа гэсэн үг. Ургац хураах үеэр шатахууны хангалттай нөөцтэй байх үүднээс холбогдох байгууллагуудтай гэрээ хийж, ярьж тохиролцож байгаа" гэв.

Харин Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал "Манай аймгийн хэмжээнд шатахууныг хязгаарлалтгүйгээр олгож байгаа. Шатахууны нөөц бий. Баянхонгор аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг биш учраас төмс, хүнсний ногоог л бага хэмжээгээр тариалдаг. Тиймээс ургац хураалтын үеэр хэрэглэх шатахууны асуудалд нэг их санаа зовохгүй. Аймагт байгаа нөөц маань хүрэлцэх байх" гэлээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top