Сүүлийн үед төрийн зарим түшээдийн сөрөг үйлдэл жирийн иргэний баримтлах энгийн ёс журмаас ч доогуур болсныг сонгогчид сайн мэднэ. Авлига, хээл хахууль, албан тушаал, тендэрийн төлөөх улаан цагаан өрсөлдөөн, “нүүрсчид”, “ЖДҮ-чид”, “Хөгжлийн банкныхан” хэмээх бүлэглэл, төрөл бүрийн сангаас зээл авч хувьдаа завшсан хийгээд өөрсдөд ашигтай хууль батлах хуралдаанд 100 хувь оролцож ард иргэдийн аж амьдралтай холбоотой хууль хэлэлцвэл тэн хагас илүү суудал онгорхой харагдах нь хэвийн үзэгдэл болсон. Энэ удаагийн 126 гишүүнтэй парламентын эхлэл ч ялгаагүй. Ээлжит бус чуулганаар Монголын эдийн засаг, төсөв, санхүүтэй холбоотой чухал асуудал хэлэлцэхэд 50 гишүүний суудал сул байх жишээтэй.
Тэгвэл өдгөөгөөс зуу илүү жилийн тэртээх Монгол төрийн ёс зүй, жирийн иргэд дээдсийн болчимгүй үйлдэлтэй хэрхэн тэмцэж байсан талаар сөхөж үзье.
Ардуудын зохиосон дуу, авлигачидтай хийсэн тэмцэл
Авлига, хээл хахууль гэгч эрх мэдэлтнүүдийн хэзээнээсээ гаршсан ад дон. Нэгэн зууны тэртээ ч ноёд түшмэдүүдийн зэрэг зиндаа өгсөхдөө дээдэст цутгасан хахууль, хятад пүүсэд тавьсан өрийг хамжлага ардууд хамаг байдгаа гөвөн төлж сөхөрч байсан цаг. Хэдий тийм ч ардууд зүгээр суулгүй авлигач, хахуульчидтай хүчээ нэгтгэн тэмцэж байсныг Ховдын Цэцэг нуурын дугуйлан, Ард Аюушийн хөдөлгөөний бодит түүх гэрчилнэ.
Орчин үеийнх шиг олон нийтийн сүлжээ, цахим орчингүй ардууд дуу зохион дуулж, тэр нь амнаас ам дамжсаар өнөөгийн нийгмийн сүлжээнээс ч хүчтэй зэвсэг болж байсныг түүх гэрчилнэ.
“Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд
Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан сайдууд”
гэхийн зэрэгцээ ардын дуунд
“Арслангийн хөл нь хугараад ирвэл
Айлын нохойноос юуны өөр вэ хө
Аймгийн ноёдын хэрэг буруудвал
Ард биднээс юуны өөр вэ хө
Харцагын хөл нь хугараад ирвэл
Хараацай шувуунаас юуны өөр вэ хө
Хаад ноёдын хэрэг буруудвал
Харц биднээс юуны өөр вэ хө
Барсын хөл нь хугараад ирвэл
Байлинз шувуунаас юуны өөр вэ хө
Баахан ноёдын хэрэг буруудвал
Барлаг биднээс юуны өөр вэ хө” хэмээн дуулж, өөр өөрийн хошуу нутгийн авлигач түшмэд ноёдоос ам асуун тэмцэж, тэднийг унагаж ч явж.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны хувьсгалын үеэр төрийн өндөр түшээгийн эрх мэдлээ харийнханд авлигаар арилжсан шанзав Бадамдорж албанаасаа огцрон хөдөөлж, нутгийн айлын хаяа түшин тарчигхан амь зууж байгаад мөнх бусыг үзүүлсэн нь үүний нэг жишээ. Авлигач ноёд, түшмэдтэйгээ амь насаараа дэнчин тавин үзэлцэж дийлж ирсэн баримт хошуу нутаг бүхэнд байсан нь сошиалгүй ертөнцөд ч ард иргэд өнөөгийн биднээс өчнөөн хувь илүүтэйгээр шударга ёсны төлөө тэмцэж байсныг гэрчилнэ.
Болчимгүй үг хэлээд албанаасаа буусны жишээ
Өдгөө УИХ-ын гишүүд “Чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” хэмээн өөрсдийгөө хаацайлж аманд орсноо гадагшлуулж суух нь хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл тэртээ цагт Төрийн өргөөнд болчимгүй үг хэлсэн төдийд албанаас нь огцруулж байсны баримт Үндэсний төв Архивын сан хөмрөгт хадгалагдан буй.
Нийслэл хүрээний Дэчингалавын хийд дэх Төрийн шар өргөөнд төрт ёсны гол ёслолуудыг үйлддэг байгаад хожим 1924 онд Улсын Хурлын /парламент/ газар болгосон нь одоогийн Төрийн ордны хойхно байсан гэдэг.
Тэрхүү өргөөнд 1913 оны өвөл Богд хаан, Улсын эх дагина хоёрт даншиг өргөх их ёслол болжээ. Түүнд оролцож байсан Нийслэл хүрээний Хамба номун хан Пунцаг бусад ноёдын хамт Богдод баярын хадаг өргөхөөр ээлжээ хүлээн зогсож байтал Дотоод яамны дэд сайд, Сэцэн чин ван Гомбосүрэн түүнд дөхөн ирж “Та дээдэст өргөх мөнгөө даахгүй ядаж байна уу” хэмээн үг сөргөн ёжилжээ. Төрийн ордонд унагасан уг болчимгүй дэмий үг дээдсийн сонорт хүрч, удалгүй Богдын зарлигаар Сэцэн чин ван Гомбосүрэнг дэд сайдын төдийгүй Сэцэн хан аймгийн чуулган даргынх нь албан тушаалаас огцруулав. Түүнд хилс гүтгүүлсэн Нийслэл хүрээний Хамба номун хан Пунцаг нь шашны эрдэм ухаанаараа ялгарсан, төрд 20 гаруй жил чин шударгаар зүтгэсэн эрхэм байжээ. Сэцэн чин ван Гомбосүрэн Монголыг Манжаас тусгаарлахад ихээхэн гавьяа байгуулсан хүн боловч Төрийн орд өргөөнөө ёс бус үг хэлж, бусдыг хилсээр егөөдсөний улмаас дэд сайдын тушаалаасаа ийнхүү үг дуугүй буужээ.
Хэрэв одоо бусдыг гүжирдэн гүтгэсэн улстөрчдийг албанаас нь буулгадаг бол Төрийн ордон ихээхэн сийрэг болох биз ээ.
Хурлаасаа хоцорсны төлөөс шар тос
Өнөөгийн УИХ-ын гишүүд, сайд нар хурлаасаа хоцрох бүү хэл таслах энгийн зүйл болсон. Шинэ УИХ-ын ээлжит бус чуулганд л гэхэд гишүүн Д.Ганмаа огт суугаагүй. Х.Баттулга, Д.Батлут нарын гишүүд бараг үзэгдсэнгүй. Ямартаа л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хурлаас гурван удаа хоцорвол сайдаас огцруулна” гэж танхимын гишүүддээ анхааруулж байх вэ.
Богд хаант Монгол Улсын үед ажлаас хожимдсон Улсын Хурлын гишүүдэд шар тосоор торгууль оноож, сүм хийдүүдэд зул өргөх тосны санг бүрдүүлэхэд зарцуулж асан баримт бий. Шар тос төдий торгууль өнөөдөр хөнгөн санагдаж болох. Гэвч тухайн цагт хүрээ хотод шар тос гэдэг нүдний гэм. Дээр нь үнэ өртөг өндөр тул хурлаас хоцорсон эрхмүүдэд багагүй ачаа, дарамт болох нь түгээмэл. Дээд Хурлын гишүүн хурлаасаа 15 минут хоцорвол Нийслэл Хүрээний гол дөрвөн шүтээний олон том цөгцөнд гурван өдөр, шөнийн турш зул бадраах хэмжээний, 15-20 минут хоцорвол 6 хоног, 35-40 минут хожимдвол нэг сарын турш өдөр шөнөгүй зул өргөх шар тосны торгуульд унана. Торгуулиа цагтаа төлж барагдуулаагүй зарим нь хугацаа сунгаж өгөхийг хичээнгүйлэн хүссэн захидал илгээдэг байсныг архивын баримтууд нотолж буй.
Шүүх яамны дэд сайд, жанжин бэйл Дугаржав 1912 оны намар хоёр сарын чөлөө мэдүүлж нутаг буцаад дараа дахин эхийн бие муудлаа хэмээн чөлөө нэмж гуйжээ. Гэвч яамны зүгээс нэмж чөлөө олгохгүй, ажил цалгардана хэмээн нийслэл хүрээнд буцаахаар дуудсанд Дугаржав эргэж ирсэнгүй. Тиймээс Богд хааны зарлигаар дэд сайдын тушаалаас нь огцруулж зэрэг хэргэмийг нь цуцалжээ. Төрийн түшээдийн сахилга, хариуцлага хатуу байсны нэгэн нотолгоо энэ буюу.
Заасан суудалд суугаагүйн төлөө өчиггүй халсан түүх
Манай өнөөгийн гишүүд бол чуулганы танхимд суудал хэсэх нь энгийн үзэгдэл. Бүр хууль батлах үеэр суудал алгасан эзгүй нэгийнхээ товчлуурыг дарж өмнөөс нь санал өгдөг “төгөлдөр хуурч” гэх хочийг сэтгүүлчдээс авсан гишүүд ч урьд өмнө цөөнгүй байлаа. Хүний албан тушаал хазгай буруу дуудах, чуулганы хуралдаанд энгийн газар яваа мэт хайш яйш хувцаслах зэрэг ч сүүлийн үед хэвших шинжтэй. Гэтэл тэртээ цагт энэ бүхэн хатуу шийтгэлийн шалтаг болж байжээ. Нэгэн зууны тэртээ төрийн түшээд бусдын суудалд суух бүү хэл, өөрийн олбогийг үл ялиг шилжүүлсний төлөө, басхүү ёс ямбаны хувцсаа буруу хэрэглэсний төлөө хариуцлага хүлээсэн нь цөөнгүй.
Сэцэн хан аймгийн Илдэн ван Жамъянчойжилсүрэн 1914 оны нэгдүгээр сарын 10-нд мөргөл үйлдэхээр Нийслэлд ирж, Төрийн их ордод бараалхахдаа ямбаны хүрмээ өмссөнгүй. Бас олбогоо зааснаас ялимгүй өөр газар дэвсжээ. Хурлын дундуур цай хүртээхэд “Хожим хүртэе” хэмээн хүлээж авсангүй. Ийм гурван алдааг нэгэн дор гаргаад төрийн ёс журам зөрчсөн хэмээн Бүгд Ерөнхийлөн Захирах Яаманд дуудагдан байцаагдав.
Сэцэн хан аймгийн Илдэн ван Жамъянчойжилсүрэн алдас хийснээ тайлбарлахдаа “Өчүүхэн би эрдэм чадал мөчид харгайгаас болж Төрийн ордонд бараалхахдаа хүрэм өмссөнгүй. Аягаа авч очоогүй учраас цайг дараа хүртэе гэлээ. Бас суух дэвсгэрээ бага зэрэг хойшлуулсан нь үнэн. Мунхаг миний буруу тул эндсэн осолдсоныг өршөөхийг гуйя” гэжээ. Гэвч түүнийг өршөөсөнгүй. Харин ч өөрийгөө үзсэн, сонссон эрдэм чадлаар дулимаг гэсэн нь учир мэдэхгүй, төрийн ёс журмыг ухаж ойлгоогүйн илрэл тул хошуу захирч, олныг илбэн тохинуулж чадахгүй этгээд хэмээн буруутгаж Богдын зарлигаар “Их орд харшид бараалхахдаа ёсыг зөрчсөн” хэмээн огцруулжээ.
Сэцэн хан аймгийн түшээ гүн Цэрэнням шинэ тамгаа хүлээн авахаар Төрийн ордонд ирэхдээ төв ёсны хувцас хэрэглэлгүй, хятад маягийн хувцас өмссөн хэмээн зургаан сарын цалин пүнлүүгээ хасуулжээ.
Дотоод яамны тэргүүн сайд Да лам Пунцагдорж 1922 оны цагаан сараар Богд хааны амгаланг айлтгах ёслол дээр цол гуншинг буруу зарлаж будилсан учир Ардын Засгийн газраас түүнийг албанаас нь буулгажээ. Да лам Пунцагдорж нь хар багаасаа төрд зүтгэсэн төр, шашны нэртэй зүтгэлтэн байсан ч нэгэн удаа цол гуншин буруу дуудсаны улмаас төрийн албанаас ийнхүү мултарч байжээ.
“Төрийн сүлдэнд мөргөж чадаагүй нь миний хүүгийн буруу”
Өнөөдөр төрийн түшээд ёс зүй, хариуцлагын алдаа гаргах нь хэвийн мэт болсон атал харьд суугаа монгол элэгтнүүд маань Монгол төрийн сүлдээ сүслэн дээдэлдэг нь хэвээрээ байна. Үүнээс хоёрхон жишээ татъя.
Багаасаа Дилова хутагт Жамсранжавын дэргэд Америкт суусан настан буурал Дашийн Лувсанхайдав гуай 2017 оны намар буюу эх орноосоо гарснаас хойш 53 жилийн дараа Монгол орондоо хүүгийн хамт морилж, Төрийн ордонд бараалхахаар ирсэн юм. Д.Лувсанхайдав гуай өөрөө монгол дээлээ ном ёсоор өмсөж, шар дурдан бүс шавхийтал ороосон ч хүү нь монгол цустай хэдий ч Нэгдсэн Улсад төрж өссөн нэгэн тул жинсэн өмдтэй хүрч ирсэнд Төрийн ордны хамгаалалтын ажилтнууд дотогш нэвтрүүлсэнгүй.
Өвгөн хувраг хүүгээ оруулж өгөхийг гуйх болов уу гэтэл тэгсэнгүй. “Монголын минь төр хатуу хэвээрээ байгаа юм байна. Дэг журмаа хатуу барьсаар байгаа нь сайн. Төр нь хатуу байж улс орон хөгждөг юм" хэмээн харин ч ихэд олзуурхсан. Ингээд хүүдээ “Миний хүү өөрийн буруугаас Монгол төрийн алтан сүлдэнд сүслэх хувь дутлаа”хэмээн гадаа орхиод ордонд морилсон билээ.
Халимаг цэргийн тугийн зэвийг Төрийн ордонд цэнгүүлсэн нь
ОХУ-ын Халимаг Улсын иргэн, нутаг усандаа “Олны ээж Нимя” хэмээн өргөгдсөн 86 настай Нина Уланова гуай 2017 оны хавар мөн л хүү болон өөрийн тэргүүлдэг “Өв” сангийн нөхдийн хамт Төрийн ордонд бараалхсан. Тэд бүгдээрээ үндэснийхээ хувцсаар гоён Монгол төрөө ихэд хүндэтгэсэн билээ. Нина Уланова гуай Халимагийн язгууртан гаралтай хүн агаад нагац ах нь Жангар туулийг 1910-аад онд Санкт-Петербургт анхлан хэвлүүлж байсан хүн. Тэдний өвөг дээдэс халимагийн морьт цэргийн манлайд тулалдан Францын Напалеон жанжны цэргийг Оросоос үлдэн хөөхөд гарамгай гавьяа байгуулсан түүхтэй. Энэ буурал өөрийн өвөг дээдсийн шүтээн болох тугийн бумба /Тугийн зэв/-ийг авчирч Монгол нутагт цэнгүүлэхээр ирсэн нь тэр. Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд ХалимагийнТоргууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Дөрвөдийн хорооны магнайдаа өргөж явсан тугийн зэв нь энэхүү бумба ажээ. Тэрхүү байлдааны тугийн зэвийг Нина Уланова гуай цагаан хадаг дээр залан Чингис хааны хөрөг, Төрийн есөн хөлт их цагаан тугийн сууринаас адис хүртээн “Нэгэн насны хэргээ бүтээлээ” хэмээн дахин дахин залбирч нүд дүүрэн нулимстай хөөрч догдолж байсан сан.
Элэг нэгт монголчууд маань харь холоос Төрийн ордныг зорин ирж, төрийн сүлдэнд сүслэхдээ манайхны хэдэн зууны тэртээгээс төрөө эрхэмлэн хүндэлдэг асан дэгийг ёсчлон барьж байхад өнөөдрийн зарим эрхэм түшээдийн ёс зүй ямар байгааг эндээс эрх биш харьцуулан дүгнэж болох мэт.
Сэтгэгдэл ( 0 )