УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа улс төрийн гурван нам хамтарсан Засгийн газар байгуулж, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээг үзэглэж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөр нь бүхэлдээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, намуудын мөрийн хөтөлбөрт туссан онцлог заалтуудыг нэгтгэж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, олон жил улс төржиж гацсан төслүүдийн зангилааг тайлахад чиглэгдсэн хэмээн тодорхойлоод буй.
Энэ доторх авлигатай тэмцэх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, шинэ 30 жилийг бүтээх гэсэн том зорилтууд бол Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь санаачилга, өмнөх танхимынх нь эхлүүлсэн ажил. МАН үүнийгээ АН, ХҮН-тай хамтран үргэлжлүүлэх, хүч хавсрах ийм л тохироог хийсэн. Нэг ёсондоо бөхөөр бол МАН-ын аманд АН, ХҮН хоёр гарч барилдаж буй мэт. Алсдаа бол хөгжлийн том хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлснээр оноо нь гурван намд л ирнэ.
УЛС ТӨРИЙН ХӨРС: МАН+АН+ХҮН
Гэхдээ хамтарсан засгийг байгуулсан нь өөрөө “хамтарсан амлалт”, хөгжлийн хөтөлбөр, тэр дотор хамгийн том байр суурийг эзэлж буй 14 мега төслийг хэрэгжүүлэх улс төрийн хөрс юм.
Өмнө нь улстөрчдийн хэрүүлээс болж Монгол Улсад мега төслүүд хэрэгжих ямар ч боломжгүй явж ирсэн “хар түүх” бий. Төмөр замын цариг батлах гэж хэчнээн жил талцаж, хэрэлдэж ажил урагшлаагүй. “Танк орж ирнэ шүү” гэж айлгаад тас түрүүлгээ хараад хэвтчихдэг, бие биеэ Оросын тагнуул, Хятадын талыг баримтлагч гээд “зодолдчихдог” байсан. Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг гацаасан нь ч улстөрчдийн унхиагүй байдал, хувийн тоглолттой холбоотой байв. Мөн зарим төсөл, хөтөлбөр дээр арай гэж хөрөнгө оруулалт татаж, одоо л нэг ажил явах нь гэтэл хариуцсан албан тушаалтан, сайд дарга нар нь ёроолгүй шуналаа захирч дийлдэггүй юм уу, намынхаа эрх ашигт таацуулах гэдэг үү, олон улсад мөрдөж буй санхүүгийнхээ дүрэм журмыг баримтлахгүй хасагдах, хаагдахдаа тулдаг байв. Тодорхой жишээ баримтууд нь 2000-гаад оны тогтмол хэвлэлүүд, өдөр тутмын сонинуудын шарлаж үлдсэн хуудсуудад хангалттай бий. Зөвхөн нийслэлд л гэхэд давхар зам барьж өгье гэсэн санал тухайн үед Японоос, БНХАУ-аас, ХБНГУ-аас ирж байв. Ингэхдээ энэ том төслийг Засгийн газар хоорондын концессоор шийдэх саналууд тавигддаг. Харамсалтай нь зам, тээврийн салбар хариуцсан сайд, дарга нар нь “Үгүй ээ, манай хувийн компанитай хамтарчих, мөнгөө манай компаниар оруул” гэх мэт шуналын сэдлээр ханддаг, тэрнээс нь болоод хөрөнгө оруулагчид, хамтрагчид гайхаж, бухимдаж, авлигад идэгдсэнийг нь шогшроод буцдаг байсан. ХБНГУ-аас бол тэндхийн иргэн болсон монгол хүн эх орондоо хөрөнгө оруулья гэж ирээд ийм шоконд орж, дарга нарын хүнд суртал, авлига, шуналыг гайхан шогширч, нулимс дуслуулаад хэвлэлд ярилцлага өгчихөөд буцаж байсан удаатай. Хэрэв тухайн үед ийм саад тохиогоогүй бол өнөөдрийн ярьж буй “20 минутын хот” тэр үед бүхэлдээ биш гэхэд 50 хувь нь шийдэгдчих байсан ч юм бил үү. Ямартай ч замын түгжрэл цадигаа алдчихгүй байх боломж байж. Даанч бид ашиглаж чадаагүй л болохоос...
126 ГИШҮҮН УЛСЫНХАА ТОМ ЭРХ АШИГТ НЭГДМЭЛ БАЙЖ ЧАДАХ УУ
Улстөрчдийн хэрүүлээс болж мега төслүүд урагшилдаггүй талаар 2018 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Л.Энх-Амгалан гишүүн анх удаа ам нээж байв. Тэрбээр “Энэ хуулийн төсөл чинь 2012 оноос эхлэн яригдсан шүү. Бидний нэг буруу сэтгэлгээ байна. Азийн хөгжлийн банк гэдэг бол өөрөө олон улсын байгууллага. Ямар төсөлд санхүүжилт олгож хэрэгжүүлэх нь өөрийнх нь дотоод журмаар явдаг. Азийн хөгжлийн банкаар яригдаж байгаа төсөл 3-5 жилийн хугацаа зарцуулдаг. УИХ солигдох тутам, Засгийн газар солигдох тутам Азийн хөгжлийн банктай хийсэн хэлэлцээрүүдээ дураараа өөрчилдөг буруу сэтгэлгээ байгаа учраас ямар ч төсөл Монголд хэрэгжих боломжгүй байна.Манайхан БНСУ-ын төслийг ярьж байхад 200 сая ам.долларыг найман жил хэрэлдээд авч чадсангүй. Усан цахилгаан станцууд зэрэг мега төслүүд Монгол Улсад яагаад хэрэгжиж чаддаггүй вэ гэвэл улстөрчид хэрэлдсээр байгаад нэг ч төсөл босгож чаддаггүй гашуун сургамж байна. Төрийн залгамж бодлого гэж огт байхгүй. Өнөөдөр бид 38 сая ам.долларыг тойрч хэрэлдэж байна. Сүүлдээ Засгийн газрын хийсэн хэлэлцээрийг УИХ-д татаж оруулж ирээд, УИХ нь хуваарилдаг буруу жишиг тогтох гэж байна. Бид олон улсын дүрмээр соёлтой тоглох ёстой” гэж байв. Тэгвэл өнөөдөр гурван нам дээгүүрээ засагт хамтарч, нэг галт тэргэнд суун хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж буй ч УИХ-ын 126 гишүүн нэгдмэл байж чадах уу гэдэг асуулт бий. УИХ дахь таван намын гурав нь л засагт орсон. ИЗНН, Үндэсний эвсэлийн төлөөлөл гадна үлдсэн. Н.Номтойбаяр л гэхэд дангаараа “сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байна” гэсэн хүлээлтийг нийгмээс авчихсан, өөрийгөө мэдэрчихсэн том том дуугарч байгаа. АН засагт орсон ч гэлээ хувийн тоглолт хийдэг, асуудлыг буруугаар мушгидаг нэг биш гишүүн парламентад орж ирсэн. Тэдний зүгээс том төслүүдийг зогсоох хүртэл “хувийн тоглолт” явуулахгүй гэдэгт итгэхэд бэрх л юм. Гэхдээ тэр болгонд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлээд байгаа С.Зориг агсны баримталж байсан зарчим болох “Улс эх орны эрх ашиг нэгдүгээрт” гэх эрэмбэ үйлчилж байвал том төслүүд урагшлах биз.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨРС БЭЛЭН ҮҮ!
Аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд харилцаа, итгэлцэл, хөрөнгө оруулалт, хариуцлага гээд олон юмны нийлбэр дээр ажил урагшилна. Багахан шуурга гарахад хийсчихгүй тогтвортой байх юм. Энэ өнцгөөс харвал дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах урьдчилсан төлөв байгаа. Манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 2023 онд 5.1 хувиар өссөн бол 2024 онд 4.8 хувь болон саарсан. Монгол Улсын хувьд эдийн засаг дунджаар 5-8 орчим хувийн өсөлттэй байж чадвал дэвшүүлсэн төсөл, хөтөлбөрөө хамтын хүчээр бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ онцолж байв. Үүн дээр олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулсан нь дэвшил болж байна. Учир нь зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Дээр нь зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрддэг.
Мөн Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулсан. Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан. Төсвийн сахилга бат сайжирсан. Эдийн засгийн өсөлт ба хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлж, Засгийн газрын бодлого цаашид үргэлжлэх дохио болсон зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн гэж Фитч агентлагийн тайланд дурджээ. Энэ бүхэн нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлж буй эдийн засгийн “хөрс” болж байна.
Сэтгэгдэл ( 0 )