ХУВЬ ЗАЯА I Ардчилал, эрх чөлөөний дууч

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 09 сарын 25

“Хувь заяа” булангийн энэ удаагийн дугаарт Монголын баруун хязгаар урианхай зон, зүүн бүс нутаг дарьганга ястны мах цусны тасархай болж орчлонд мэндэлсэн ховорхон  хувь заяаны эзэн, сэтгүүлч мэргэжил эзэмшин хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа монголчуудаа соён гэгээрүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, Байгаль орчны яамны, Баянгол дүүргийн, Ардчилсан намын гэх зэргээр ажилласан газраараа овоглуулж ирсэн Арлааны Ундрахбаяр уригдлаа.

Ийм хүндлэл хэн хүнд тэр болгон олдохгүй, ажилдаа эзэн болсон, амжилт гаргасан нэгэнд оногддог хувь заяа байх.

Түүний аав Чокооны Арлаа гуай Баян-Өлгий аймгийн урианхай хүн, харин ээж Түмэнгийн Нансалмаа нь Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул, дарьганга ястан. Дорнод аймагт гэр бүл болж, ажиллаж амьдарсан тэд гурван хүүхэд төрүүлсний отгон нь А.Ундрахбаяр юм. Өдгөө тэрбээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Аав ээж, нутаг усандаа, бас ардчилал, эрх чөлөөнд хайртай,  чөлөөт цагаараа  ууланд авирч, бүжиглэж, сагс тоглох дуртай түүний ертөнцтэй хамтдаа танилцъя.

Баянгол дүүргийн түүхийг бичилцсэн сэтгүүлч

Арлааны Ундрахбаяр Монгол Улсаа бүтнээр нь хэдэнтээ тойрч, улсынхаа түүхийг бичилцэж, хөгжлийн гарц гаргалгааг сэтгүүлчийн торгон мэдрэмжээр олж харж, асуудал дэвшүүлж ирсэн нэгэн гэдгийг мэргэжил нэгт нөхөд нь олон зүйлээр нотолно. Миний хувьд түүнийг Баянгол дүүргийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байх үед нь ном бүтээх ажилд гар сэтгэл нийлэн ажилласнаа мартдаггүй. Одоогоос арав гаруй жилийн өмнө Монголын сэтгүүлзүйд  “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг мэндлээгүй байсан үед А.Ундрахбаяр маань “Баянгол дүүргийн 100 эрхэм” хэмээн том ном бүтээх ажлыг санаачилж, сэтгүүлч нөхдөө урин баг бүрдүүлж хамтран ажилласан юм. Тухайн үед  Баянгол дүүрэгт  иргэдийн итгэл сэтгэл, олонхийн  сонголтын үндсэнд Ардчилсан нам засаглаж,  Засаг даргын албыг  Д.Оросоо хашиж, нийслэлд дөрвөн төлөөлөгчтэй байсан ийм цаг үе. Мөн тус дүүрэгт томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байсан түүхт он жилүүд. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, агро парк,  Хүүхэд хөгжлийн ордон, Баянгол зуслан, дээвэр шинэчлэлийн ажлууд, орон сууцны хорооллууд олон учраас лифт шинэчлэл зэрэг том ажлууд ид өрнөж байсан юм. Хэдийгээр богино хугацаанд АН  засагласан ч нийслэлийн хэмжээнд авч үзвэл Баянгол дүүрэгт хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн байдаг. Гудамж  төслийн хүрээнд гэхэд л  21-ийн уулзвар хүртэл шинэчлэл хийж чадсан юм. Энэ бүхнийг шуурхай мэдээлэх, олон нийтэд хүргэх танилцуулах бүхий л ажлыг Хэвлэл, мэдээллийн албаны дарга А.Ундрахбаяр  зохион байгуулж  ажилласан түүхтэй. Үүгээрээ тэрбээр одоо ч бахархаж байдаг нь лавтай. Бахархахаас ч яах билээ, тухайн үед Баянгол дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож, тус дүүрэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байв. Энэ ойн хүрээнд  баянголчуудаа алдаршуулах “Баянголын 100 эрхэм” номыг тэрбээр сэтгүүлч найзуудынхаа  хамтаар бүтээсэн нь өдгөө айл болгоны номын санд хүндтэй байрыг эзэлж буй. Мөн дүүргийнхээ 50 жилийн түүхт ойн хүрээнд өрнөсөн бүтээн байгуулалтын талаар А.Ундрахбаяр маань нэрт сэтгүүлч Г.Золжаргалтай  хамтран гурван цуврал баримтат киног бүтээсэн нь нийслэлийн тухай кино санд бий. Ажиллаж байсан газар, байгууллагадаа хийсэн бүтээсэн юмтай, үлдэх мөртэй, эргээд очих нүүртэй, хэзээ хойно ч  Баянголын Ундрахбаяр хэмээн овоглуулж явна гэдэг түүний ясны уран бүтээлч, хийсэн бүтээсэн нь хүмүүсийн сэтгэлд хэр  хүрдэг, хэн болохын нэгэн нотолгоо биз ээ.

МХЕГ-ыг нээлттэй болгож, хот болон 21 аймагт “хонх” цохисон нь

А.Ундрахбаяр бүр жаахан байхдаа л  эх орноо нэлээд  хэдэн удаа тойрчихсон азтай охин байж. Ж.Арлаа гуай зуны амралтаар хүүхдүүдээ “Газ-469” машинд суулгаад эх орны зүүн хязгаар Дорнод аймгаас төрсөн нутаг Баян-Өлгий рүү явна. Хүүхдүүдээ ах дүү, төрөл төрөгсдөдөө золгуулна. Газар үзүүлж, нутаг ус, ёс заншлаа танилцуулна. Дараагийн зун хүүхдүүд ээжийнхээ төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Наран суманд очиж амарна. Цогт эх оронч О.Дашбалбарын төрсөн нутаг гэдгээр нь хүмүүсийн андахгүй, наран ургах зүгийн Наран сумынхан дотор А.Ундрахбаярын ээжийн тал Шударгынхан гэж үнэнч шударга, ажилсаг хөдөлмөрчөөрөө алдартай удмынхан бий. Ингэж хар багаасаа эх орноо хэдэнтээ тойрсон бол тэрбээр хожим ажлын талбарт гараад хотынхонд төдийгүй 21 аймгийнханд “хонх цохисон” сэтгүүлч болсон юм.

Түүний хувьд “Их Монгол” дээд сургуулийн сэтгүүлчийн 3-р курсын оюутан байхаасаа  МҮОНРТ-д дадлага хийж, төгсөж очоод “Гэрэлж амжаагүй явна” гэсэн гэгээлэг нэвтрүүлгийн редактороор ажиллаж эхэлсэн түүхтэй. Монголын шилдэг залуус, тэгэхдээ гэрлэж амжаагүй, их л завгүй яваа залуусын тухай  нэвтрүүлэг байсныг үзэгчид одоо санаж байж ч магадгүй. 2008 онд тэрбээр “ТМ телевиз”-ийн “Сэтгүүлч авна”  гэсэн зарыг хараад, өөрийгөө сорихоор шийдэн сонгон шалгаруулалтад орж тэнцжээ. “Ямар нэвтрүүлэг хийх вэ” гэхэд  нь хүнсний аюулгүй байдлын тухай нэвтрүүлэг хийж, “Цагаан нөмрөгт баатар” болно хэмээн дэврүүн мөрөөдлөөр орж явчихаж. Тухайн үед манай улсын  хүнсний бүтээгдэхүүний 70 орчим хувь нь импортоор орж ирдэг байсан үе. Одоотой  харьцуулшгүй. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэлүүд хөгжиж нөхцөл байдал гайгүй болсон болохоос тэр үед бол хүнсний аюулгүй байдал хамгийн тулгамдсан асуудал, нэн эмзэг сэдэв байсан цаг.
 


А.Ундрахбаяр тэр үед “Хүнсний бүтээгдэхүүнийг ямар орчинд хэрхэн  үйлдвэрлэж байна вэ” гэдгийг судалъя, хүмүүст нээлттэй болгоё гэж зорьсон аж. Хиам гэхэд л дөрвөн үйлдвэр сонгоод харьцуулж үзүүлнэ. Хүмүүсээр амталгаа хийлгэж, оноо өгүүлнэ. Мэргэжлийн хяналтын байцаагчтай хамт газар дээр нь очиж нэвтрүүлгээ бэлдэнэ. Тухайн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж буй эсэх, үйлдвэрлэж буй орчин нь ямар байна вэ гэдгийг шууд гаргана. Тиймээс тухайн үедээ шуугиан тарьсан эрэн сурвалжлах нэвтрүүлэг болж, олон хүн үздэг, тэр хэрээр хүмүүст сайн хүрдэг байв. Нийгэм, цаг үеийн байдал ч одоотой адилгүй. Цахим орчин хөгжөөгүй учраас телевизийн асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг хүмүүст шууд хүрдэг, хэвлэл, мэдээллийн хүчтэй дуу хоолой болж байв. “ТМ телевизийн хувьд ч гэсэн ид оргил үе нь байсан болов уу. Өдгөө  ЕТГ-ын хэвлэл, мэдээлэлийн албаны дарга Ө.Золбаяр, С-1 телевизийн  Ж.Тэгшжаргал гээд олон залуус ТМ-ийн халуун гал тогоонд ажиллаж, ид бужигнуулж байсныг үзэгчид санаж буй биз ээ.

Телевизийн  уран бүтэл  багийн хамтын хөдөлмөр, үр дүн байдаг. Багийнхантайгаа маш сайн хамтарч ажиллаж байж тухайн нэвтрүүлэг хүмүүст хүрдэг байв. Энэ дунд нэвтрүүлгээ хүмүүст хүргэж, басхүү шилдэг сэтгүүлчийн шагнал хүртэж байсан гэхээр А.Ундрахбаяр нээлттэй, санаагаа бусдадаа зөв ойлгуулдаг, бүтээлч сэтгүүлч байсан нь эндээс харагдана. Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан тэрхүү нэвтрүүлгээрээ тэрбээр 21 аймаг, хилийн боомтуудаар  сурвалжилга хийж, орон нутаг хийгээд хотын хүнсний  үйлдвэрүүдэд хяналт шалгалт оруулж чадсан юм. Тэр бүү хэл, борооны дараах мөөг шиг олноор нээгдэж байсан Хятад, Солонгос хоолны газруудыг шалгаад стандарт хангаагүй зөрчлийг нь илрүүлж үүдийг нь бариулж явсан нь ч олон. 20-иодхон настай жаахан охиноос гарамгүй гал цогтой ажиллаж явсан энэ он жилүүдэд түүнийг МХЕГ-аас “Манай байгууллагын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаач” гэсэн  санал тавьсан байдаг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч болов

Энэ урилгыг хүлээж аваад тэрбээр  мөн л 21 аймгаа хэдэнтээ тойрч, хяналт шалгалтын мэдээ, мэдээллийг үнэн зөв, шуурхай хүргэх ажилд шамджээ. ТМ телевизэд байхдаа хийж байсан нэвтрүүлэг бол цөөн газрыг хамарч байж. МХЕГ бол бүх салбарын үйл ажиллагааг шалгана. Нэгдсэн шалгалт явуулж  буй тохиолдолд  том хүрээг хамарна,  бүх аймгаар тойрч, бүхий л салбарын үйл ажиллагааг шалгана. Мэргэжлийн байцаагчдын хийсэн хяналт, шалгалтын дүнг олон нийтэд танилцуулах, мэдээлэх ажлыг А.Ундрахбаяр хариуцана. Ийм хариуцлагатай ажилд тохоон томилогдсон учир Хяналт шалгалтын тухай хуулиас эхлээд бүх салбарын хууль эрхзүйн орчныг судалж, мэдлэгээ тэлэх шаардлага түүнд тулгарчээ. Энэ тухайгаа тэрбээр өнөөдөр  “МХЕГ гэдэг байгууллага миний өнөөдрийн энд хүргэсэн, хууль тогтоомжийг мөрдөх, хэрэгжүүлэх, стандарт гэдэг зүйлийн тухай маш сайн мэдлэг мэдээлэлтэй болгосон. Тэр үед байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай гээд бүх салбараар мэргэшсэн улсын байцаагч нар ажилладаг. Тэр болгоныг судалж, мэдлэг, мэдээлэлтэй байж олон нийтэд мэдээллэх, таниулах хэрэгтэй болно шүү дээ. Тиймээс маш олон чиглэлээр судлах, суралцах шаардлага надад тулгарсан юм” хэмээн дурссан.

Энэ том байгууллагад ажиллахдаа тэрбээр  МХЕГ-ыг хэвлэл, мэдээлэлд нээлттэй болгох ажлыг өөрийн санаачилгаар эхлүүлсэн юм. Томоохон хяналт шалгалтын мөрөөр хэвлэлүүд янз бүрээр мэдээлдэг. МХЕГ ихэнхдээ мэдээлэлд  хаалттай  учир  янз бүрийн таамаг хөвөрч, таамаг дэвшүүлэх удаа ч байв. Тэгвэл түүний ачаар энэ бүхэн нээлттэй болж, тэр байтугай А.Ундрахбаяр маань өөрөө санаачлан  сэдвийн мэдээ гаргаад МХЕГ-ын дөрвөн давхарт хэвлэлийнхэн бужигнаж байдаг болсон  нь тухайн үед гарсан дэвшил байв. Мөн салбарынхаа бодлого, үйл ажиллагааг нийгэмд таниулах гэж олон санаачилга гаргаж  идэвхтэй ажилладаг байлаа. Түүний хүчинд орон нутгаар ч сэтгүүлчид баг болон томилолтоор явдаг, асуудлыг газар дээрээс нь сурвалжлах боломж олддог болсон юм. Миний мэдэхийн МХЕГ Я.Содбаатар, Р.Содхүү, Шийрэвдамба гээд гурван ч даргын нүүр үзэхэд  хэвлэлийн төлөөлөгч А.Ундрахбаярыг өөр нэгнээр  солиогүй нь  ажлынх нь үзүүлэлт, үр дүн ямар байсны нэгэн хэмжүүр биз ээ.

Тухайн үед МХЕГ-ын гаалийн байгууллагатай нэгтгэх эсвэл татан буулгах гэсэн оролдлогууд их ирдэг байсныг санаж байна. Тэр болгонд А.Ундрахбаяр МХЕГ ямар үүрэгтэй, ямар ач холбогдолтой байгууллага болохыг сэтгүүлч нөхөдтэйгөө хамтран хүмүүст хүргэж, хэлэлцүүлэг хүртэл өрнүүлж явсныг мэдэх юм. Лав л гаальтай нэгтгэх тухай ээлжит сэдэв хөндөгдөхөд хэвлэлийн баг бүрдүүлэн Замын-Үүдэд очоод гааль бол татвар авдаг, мэргэжлийн хяналтын байгууллага, хянаж шалгадаг, чанар аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгдөг. Иймд энэ хоёр  байгууллагыг нэгтгэж болохгүй  хэмээн асуудал дэвшүүлж  байсан билээ. Үүний үр дүнд  дээрх хоёр байгууллагыг нэгтгэх  тухай яриа намжсан юм даг.

Харин сүүлийн хоёр, гуравхан жилд МХЕГ гэдэг байгууллагын нэр хүнд нэлээн буурч, улмаар  татан буугдсан. Нэгэн цагт ажиллаж явсан байгууллага чинь алга болчихлоо, юу бодож байна хэмээн өдгөө түүний сэтгэгдлийг сонирхоход  тэрбээр “Маш харамсалтай санагддаг. Мэргэжлийн хяналтын байгууллага зөв чиг рүүгээ орж байсан. Эрсдэлд суурилсан хяналт хийгээд эхэлж байсан үе юм шүү дээ. Анх эрсдэлд суурилсан хяналт гээд эрсдэлтэй байгууллагуудаа хянаад эхлэхэд хүмүүс гайхаж байсан. Үйл ажиллагаа нь жигдэрсэн байгууллагуудыг  хянахгүй гэхэд хүмүүс ойлгож хүлээж авч байсан. Ганц нэг байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж маш олон ажлаа чин сэтгэлээсээ  хийж ирсэн  хүмүүсийн өнөөдрийг хүртэлх хичээл зүтгэл үгүй болсонд харамсдаг” гэсэн юм.

Төрийн албанд мерит зарчмыг удирдлага болгож ажиллав

Төрийн байгууллагуудад ажилласан он жилүүдийнхээ нэгээхэн чөлөөнд тэрбээр Цөмийн энергийн газарт ахлах мэргэжилтнээр хэсэг ажилласан. Төрийн албанд мерит зарчмаар өсөн дэвшиж ажиллана гэдэг хэн хүнд тийм ч амар зам биш. Гэхдээ л тэр чадсан. Ялангуяа Цөмийн энергийн газарт ажиллаж байхад нь “Цөмийн хаягдлыг Монголд булшлах гэж байна” гэсэн мэдээлэл иргэдийг цочирдуулж талцуулсан амаргүй үе байсан юм. Тэнд ажиллахдаа цөмийн технологи, цацрагийн тухай зөв ойлголт, мэдээллийг иргэдэд хүргэхийг тэрбээр  хичээж, олон улсын жишиг, Монголын нөхцөл байдалд тулгуурлан Хятад, Япон, Солонгос, Вьетнам, Малайзад очиж, цөмийн технологийг хэрхэн ашигладгийг  судалж, харьцуулж үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэн ажиллажээ. Үүний дараа  А.Ундрахбаяр Нийслэлийн нийгмийн даатгалын газарт ажилласан юм. Энэ байгууллагад ажиллахдаа нийгмийн даатгалын тогтолцооны талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх, нээлттэй болгох ажлыг идэвхтэй  хийсэн юм. Төрийн алба, хэвлэл, олон нийттэй харилцах албанд  ажилласан он жилүүдийг хураавал тэрбээр сургуулиа төгсөөд ажлын талбарт гарсан 20 жилийнхээ 13-ыг нь энэ салбарт  зориулжээ. Өдгөө тэрбээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэвлэл хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Чөлөөт сэтгэлгээ - Шинэ контентууд 

Тэр өөрийгөө “Би оюутан байхын л ардчилал, эрх чөлөөнд хайртай  байсан. Одоо ч хэвээрээ” хэмээн ярьдаг. Энэ үзэл санааг тархи, зүрхэнд нь ургуулж, “усалсан” хүн бол “Их Монгол” дээд сургуульд сэтгүүлзүйн хичээл заасан Ш.Батмөнх багш нь. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Уянга тэр үед “Их Монгол” дээд сургуульд багшлахын сацуу АН-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байв. Та нарын дундаас гурван шилдэг оюутныг удирдаж дадлагын ажлыг нь чиглүүлнэ хэмээн Төв шуудангийн өмнөх  АН-ын цэнхэр байранд дагуулж ирээд дадлага хийлгэж байж.

Ш.Батмөнх бол  адуун цагаан шүд яралзуулсан, ардчилал эрх чөлөөг тунхагласан туг шиг нийтлэлүүдээр нийгэм, цаг үеийнхээ үзэл суртлын салхийг цуулж явсан нэрт сэтгүүлч. 2000-аад оны эхэнд Эрх чөлөөний талбайд цуглаан болоход оюутнуудаа аваад очдог байж. А.Ундрахбаяр ардчиллыг дэмжих жигүүрийг тэндээс  анх олж авсан гэдэг. Багшийнх нь тэр гал цог, үзэл санаа, бүтээл оюутнуудад нь тийм том нөлөө үзүүлж байжээ. Энэ үзэл санаа нь түүнийг 2004 оноос УИХ-ын гишүүн ХНХХ-ийн сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нартай танилцуулж, өөрөө улс төрд ойртоод зогсохгүй, АН-ын нэр бүхий улс төрчдийн үйл хэргийг олон нийтэд ойлгуулах гүүр нь болж  хамтран ажиллах болжээ. Улмаар Арчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сунгаанд 21 аймгаа тойрох урт замд ардчиллын олон лидерүүдтэй танилцаж, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо  яагаад чухал болохыг ойлгож, эмэгтэйчүүд улс төрд орж байж нийгэм гэрэл гэгээтэй болно, тэдний дуу хоолой чухал юм байна гэдгийг ойлгож, нүд улам нээгджээ. Энэ чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлсэн байна. Гэхдээ А.Ундрахбаяр олны урд гаралгүй дандаа хөшигний ард, улстөрчдийн, эсвэл намын бодлого, үйл ажиллагааг сурталчлах халуун гал тогоонд ажиллажээ.

Түүний хувьд богино хугацаанд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж бас үзсэн. Ингэхдээ хамгийн үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч гэж болно. Энэ хугацаанд тэрбээр түүхэн нэвтрүүлгүүд рүү орж, Монгол Улсад 70 шахам жил өрнөсөн хэлмэгдүүлэлтийн тухай баримтат нэвтрүүлэг, контентууд гаргасан нь түүхэн бүтээл болсон юм. Ер нь цагийн аясаар хийсээд өнгөрөх биш түүхэнд үлдэх ийм л бүтээл үнэ цэнтэй л дээ. Тэр бас төрийн байгууллагын сурталчилгааны ажилд идэвхийлэн оролцсон байдаг. Тухайлбал, АТГ-ын “Зөв зөв, шударга зөв” аяны хүрээнд сурталчилгааны ажлыг нь хийж, авлигатай тэмцэхэд  бүх нийтийн оролцоо чухал гэдгийг уриалж сэтгүүлчдийн хүчээр маш олон уриалга, контент гаргажээ. Энэ контентууд нь одоо ч хуучраагүй, авлигын гэм хорыг олон нийтэд таниулсаар л байна.

Түүний сүүлийн үед хийсэн контентуудын олонх нь улс орны  хөгжилтэй  холбоотой байв. “Үзэг” нэвтрүүлэг бэлтгэж, бараг 60-аад дугаар гаргажээ. Тэр нэвтрүүлгийн гол онцлог нь Монгол Улсын хөгжлийн тухай үзэг нэгт сэтгүүлчдээсээ асуусанд оршино. Сэтгүүлчдийн нүдээр улс орны байдлыг дүгнүүлж, болж байгаа болон болохгүй байгааг тольдуулж, дүгнүүлэн, гарц гаргалгаа гаргахад чиглүүлсэн байдаг. Энэ тухайгаа “Манай сэтгүүлчид одоо л ганц нэг хүний асуудлаас болоод нэр муутай болчихоод байгаагаас биш Монгол Улсын хөгжил Монголын сэтгүүлчидтэй их холбоотой шүү” хэмээн сэтгэлээ анирдан бодлоо хуваалцаж байна. Харин түүний хувьд бол “Их Монгол” дээд сургуулийг төгсөөд  ажилласан 20 жилд  хийсэн ажил, санаачилсан нэвтрүүлгүүдээс нь харахад, сэтгүүлчидтэйгээ хөгжлийн тухай ярьж байснаас үзэхэд  “Соён гэгээрүүлэгч сэтгүүлч  юм байна”  гэсэн  зураг сэтгэлд буух ажээ. 

Сурагч байхдаа  мэргэжлээ сонгочихсон  

Тэрбээр хүүхэд байхын ном их уншдаг, байнга өдрийн тэмдлэглэл хөтөлж, яруу найраг сонирхон шүлэг бичдэг охин байсан гэдэг. Одоогийнх шиг олон телевиз байсангүй, хөдөө хотгүй ганц МҮОНРТ-ийг л үзнэ. Тэр  л цагаас телевизийн сэтгүүлч болно гэж мөрөөдөх болжээ. Тухайн үед  нэрт хөтлөгч Ш.Ёолкийн хөтөлдөг “Агшин” нэвтрүүлэг үзэгчдийг хуйлруулж байсан цаг. Гэтэл нэг удаа “Агшин нэвтрүүлгийн хөтлөгч Ш.Ёолк Дорнод аймагт ирж, аавынх нь урилгаар гэрт нь зочилжээ. Арлаа гуай, Ш.Ёолк хөтлөгч хоёр нэг нутгийнхан. Энэ үеэр Ш.Ёолк хөтлөгч охиноос “Миний дүү ямар мэргэжилтэй болох вэ”  гэхэд “Сэтгүүч болно оо” гэж. Ийнхүү тэрбээр хүүхэд байхдаа ирээдүйн мэргэжлээ  сонгожээ. Аравдугаар ангиа төгсөх хавар шалгалт өгөөд “Их Монгол” дээд сургуулийн сэтгүүлзүйн ангид  элсэн орж суралцсан бол энэ жил төгсөлтийн 20 жилийн ой тохиож байна. Тэр үед “Их Монгол” дээд сургууль МУИС-ийн сэтгүүлзүйн танхимын багш нарыг урьж хичээл заалгадаг байсан юм. Сэтгүүлзүйн онолын хичээлийг гэхэд л  М.Зулькафиль багш ордог. Сэтгүүлчийн ёс зүйн талаар лекц уншина. Сэтгүүлзүйн зарчим гэж юу болохыг хатуу сануулна. Магадгүй энэ нь тэр үеийн төгсөгчид, ажлын талбарт гарч буй шинэ сэтгүүлчдийг сэтгүүлзүйн салбарт нэр хүндээ унагалгүй, тэгсэн атлаа  чөлөөтэй ажиллаж амьдрахад нөлөөлсөн болов уу. 

Иргэдэд аюулгүй, хүүхдэд ээлтэй хотод амьдрахыг хүсдэг

А.Ундрахбаяр телевизийн салбарт ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран нэвтрүүлэг бэлтгэж,  хожим энэ байгууллагад уригдан ажиллахдаа бүхий л салбарт стандартыг хэвшүүлэх, мөрдүүлэх ажлыг олон нийтэд хүргэж явсан сэтгүүлч. Тэр бас дөрвөн хүүхэд төрүүж өсгөсөн  Алдарт эх, хүмүүсийн хүндлэл хүлээсэн одонтой ээж. Мөн нийслэлийн иргэн. Сэтгүүлчийн байр сууриас ч, олон хүүхэдтэй ээжийн хувьд ч, нийслэлийн иргэний зүгээс ч тэр нэг зүйлийг хүсдэг. Тэр нь Улаанбаатар хотоо иргэдэд аюулгүй, хүүхдэд ээлтэй хот болгохсон гэх мөрөөдөл. Хүн төрөлхтөн ногоон хөгжил, ногоон эдийн засаг руу шилжиж буй энэ цаг мөчид бид нэг яамны бодлого, үйл ажиллагаагаар биш төрийн бодлого, иргэдийн дэмжлэг санаачилгаар энэ асуудлыг шийдэж чадна. Тэгж чадвал утаа, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс болсон элдэв хүндрэлэсэс гарч чадна. Монголчууд өнгөрсөн хугацаанд хүүхдэд ээлгүй айдастай хотыг бий болгочихсон. Харин одоо Монгол Улс хүнийхээ, хүүхдийнхээ хөгжилд анхаарах цаг хэдийн болсон. Том байшин барилга, өнөөдөр хэрүүлийн алим болоод байгаа замын бордюраас илүү хүүхдийнхээ хөгжилд анхаарах цаг болсон гэдгийг тэрбээр “Хувь заяа” буланд уригдах үеэрээ онцлоод “Энэ асуудал хотын ирээдүй, нийслэлийн  хувь заяатай холбоотой. Улсаа хөгжүүлье гэвэл хүнээ, хүнээ хөгжүүлье гэвэл хөрөнгө оруулалтыг гар таталгүй зоригтой хийх ёстой. Түүний тулд зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгш хүртээмжтэй боловсролыг тийм  боломжийг хүүхдүүддээ олгодог байгаасай. Өнөөдөр дээд, доод гээд хоорондоо дэндүү хол зайтай нийгмийн давхарга үүссэн нь нууц биш. Өндөр төлбөртэй сургуульд боломжтой айлын хүүхдүүд явдаг. Энгийн сургуульд бусад нь нэг ангид гэхэд л 50-60-аараа зэрэгцэж суугаад  сурдаг. Ийм тэгш бус байдлыг арилгах ёстой.  Ардчилсан нийгэм ийм байх ёсгүй. Энэ байдлыг хараад бухимдах үе зөндөө байдаг. Тиймээс хүн болгон АН-ын бүлгийн 26 гишүүний санаачлан дэвшүүлж, олон нийтээр хэлэлцүүлж  буй “Хүүхэд хөгжлийн карт” хуулийн төсөлд  анхаарч, идэвхтэй оролцоорой.  Монгол Улс хүүхэд хөгжлийн асуудалд анхаарах, томоохон  хөрөнгө оруулалт хийх цаг болсон. Мөн хүүхдийн таргалалт анхаарах сэдвийн нэг болсон. Бас л бүх нийтээрээ  анхаарах ёстой” хэмээн онцлон тэмдэглэв.

Олны дунд ажил хөдөлмөр, хүмүүжил төлөвшил, мэргэжил боловсрол, авьяас билэг, ур чадвар гээд юм юмаараа тэгш дүүрэн, очир эрдэнийн гялбаа шиг ховор нандин бүсгүйчүүд хаа нэгхэн таарах. Тэд өөр өөрийн дүр төрхөөр туяаран гэрэлтэж, нийгэмдээ өнгө будаг нэмж байна. Тод гэрэлтдэг тэр бүсгүйчүүдийн нэг нь яалт ч үгүй манай А.Ундрахбаяр юм шүү дээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үрчин(103.168.34.49) 2024 оны 09 сарын 27

Хөгийн юм

0  |  0
irgen(59.153.112.156) 2024 оны 09 сарын 25

ямар элэнцгийнх нь ардчилал эрх чөлөөний дууч вэ. Дэндүү ахадсан тодорхойлолт өөртөө өгчихжээ.

0  |  0
Top