“Эрхэт Монгол” медиа групп сар бүр нийгэмд хүлээлт үүсгэн тулгамдсан нэг сэдвийг сонгож, тухайн сэдвийнхээ хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээлэл бэлтгэх зорилгоор “Нэг сэдэв-Нэг сар” санаачилгыг өнгөрсөн 2023 оны намраас эхлүүлсэн юм. Манай арваннэгдүгээр сарын сэдэв “Үдийн цайг сүүтэй болгоё” гэсэн уриатай байв. Үүгээрээ цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчдын үдийн цайг сүүтэй болгох саналыг дэвшүүлж бүтэн сарын турш нийтлэл, тойм, ярилцлага, иргэдийн байр суурь, сурвалжилга зэргийг бэлтгэн уншигчдад хүргэсэн билээ.
Энэ сэдэв тун удалгүй ажил хэрэг болж, нийслэл хотын 2024 оны төсөвт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд зориулсан сүүний мөнгө болох нэг тэрбум төгрөгийг тусгасан юм. Хүүхдүүдэд сүүн зам татуулсан "Сүү" хөтөлбөрийг анх Дундговь аймагт санаачилжээ. Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/, Нийслэл болон зарим аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Сүү” хөтөлбөрийг Улаанбаатар хот, орон нутагт энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
“Сүү” хөтөлбөрт цэцэрлэгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн нэгээс 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж долоо хоногийн гурван өдөрт, нэг удаадаа 150-200 гр сүү уудаг болжээ. Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн 12 сургуулийн нэгээс зургаадугаар ангийн 12 мянга, зургаагаас дээш ангийн зургаан мянга, нийт 18 мянган хүүхдээс гадна Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Орхон, Төв, Хэнтий, Ховд зэрэг есөн аймгийн сурагчид үдийн цайндаа сүүтэй боллоо. Аймгууд орон нутгийн сангийн төсвөөс “Сүү” хөтөлбөрийг санхүүжүүлж, гарах зардлын тодорхой хэсгийг сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид даадаг болсон байна.
Малын цэвэр сүү нь кальци, Д витамин, элэгний үйл ажиллагааг дэмжих В2 амин дэм, яс, шүдийг хэврэгжихээс сэргийлдэг фосфор болон улаан хоолойн сөргөөг багасгах, цусны эргэлт сайжруулах, холестролыг багасгах тэжээллэг бодис ихээр агуулдаг. Яс бат бэх байх нөхцөлийг хамгийн сайн хангагч нь сүү гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг боллоо. Тараг ууснаар гэдсэнд өнгөр тогтож, гүйлгэж суулгахаас сэргийлдгийг монгол хүн бүр мэднэ.
Витамин D, уураг, фосфор болон цусны эргэлтийг сайжруулдаг тэжээлүүд зэрэг хүний биед шаардагдах нэг өдрийн шим тэжээл 200 грамм сүүнд агуулагддаг юм гэнэ. Манай нийтлэлийн бодлогыг дэмжин байр сууриа илэрхийлсэн иргэн “Японд хүүхдийн үдийн цайнд 200 грамм сүү, 200 грамм иогурт, шөлний хамт өгдөг юм билээ” хэмээн хэлж байсан нь үүнтэй тохирч байна. Тэнд хүүхдийн үдийн цайг ийнхүү шинжлэх ухааны үндэстэйгээр зохицуулдаг ажээ. Тэгэхээр одоо хот, хөдөөд хэрэгжиж эхлээд байгаа “Сүү” хөтөлбөрөөр цэцэрлэгийн хүүхдүүд болон ЕБС-ийн сурагчид долоо хоногийн гурван өдөр, нэг удаадаа 150-200 гр сүү уудаг болж буй нь стандартад ойртож байгаа сайн үзүүлэлт болж байна.
“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар монгол хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ байх ёстой нормоос 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл өндөр гарчээ. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой гэж тэд үзсэн байдаг. Хэдэн жилийн өмнөх тооцоогоор Монгол Улсын сүүний хэрэглээ 41,8 сая литр буюу өдөрт нэг хүнд ноогдох сүүний хэмжээ дөнгөж 40 гр байжээ. Энэ нь хүн өдөрт сүүнээс авах ёстой амин дэмийнхээ дөнгөж 20 хувийг авч байна гэсэн үг юм. Ингэснээр сүүлийн үед түгээмэл тохиолдох болсон “чимээгүй тахал” хэмээх шүд, ясны сийрэгжилт, кальцийн дутагдалд нэрвэгдэх нэг шалтгаан үүссэн.
Гаднын ч, Монголын ч судалгаагаар өдөрт 200 гр сүү гэсэн тогтмол хэмжээ байгааг анзаарсан байх. Ийм хэмжээний сүүг цэцэрлэг, сургуулийн хүүхдийн үдийн цайнд хэрэглүүлээд байвал ирээдүй үе маань эрүүл саруул өсөж бойжиход тун их нэмэртэй болох ажээ.
АНУ-д нэгэн сонирхолтой дүгнэлт гаргажээ. Тэдний судалгаагаар 1-10 настай хүүхдэд дөрвөн хувийн тослогтой 1-3 аяга (200-300гр) сүү, 11-18 настай хүүхдэд 3.2 хувийн тослогтой 4-5 аяга (300-500гр) сүү, 19-өөс дээш насны хүн өөрийн биеийн онцлогт тохируулан 2.5- 0.1 хувийн тослогтой 3 аяга (300-500гр) сүүг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай хэмээн үздэг ажээ. Өөрөөр хэлбэл, насныхаа онцлогоос шалтгаалж уух сүүний тослог, хэмжээ өөр өөр байх учиртай гэнэ.
1990-ээд оны сүүлээс БНХАУ томоохон хотуудынхаа хүүхэд багачуудад сүү уулгадаг болсноор өдгөө хот газрын хятад залуус нуруу өндөр, царай цэвэр, шүд тэгш цагаан болсон нь илт анзаарагддаг. Бөглүү захын хөдөө тосгоныхон бол газар тариалангийн ажилдаа дарагдаад хуучин хэвээр шүд муу, гар, хөл тахир, нуруу намхан үлдсэн нь сүү уудаг, уудаггүйн ялгааг харахад бодит жишээ болох биз ээ.
Монголчууд бид үр хүүхдэдээ цагаан идээ амсуулахаа бараг больж, орон зайг нь хийжүүлсэн, чихэр ихтэй ундаа, элдэв хольцтой сироп, ааруул, ээзгийг чипс, шарсан тахиа, пицца тэргүүтэн эзэлсэн. Гаднаас оруулж ирсэн ургамлын гаралтай, жинхэнэ транс тослогтой хуурай “сүү”-гээр найруулсан хольцыг сүү гэх болсон. Түүний “шанд” эрүүл шүдтэй хүүхэд цөөрч цэцэрлэгийн наснаасаа шахам ясны сийрэгжилттэй гэх оноштой, сульдаатай гэх хөл гар нь муруй тахир багачууд олшров. Нуруу өндрөөс цаашгүй, ширүүхэн салхинд найгахаар тамир муутай залуустай болсон. Дээр нь өдөр шөнөгүй дэлгэц ширтсэний балаг нэмэгдэнэ. Уг нь тэр дэлгэцийн хорыг сүү, цагаан идээ л тайлах учиртай. Мал аж ахуй, сүү, цагаан идээний эх орон байтлаа монголчууд бид ингэж уламжлалт идээнээсээ холдож, хонь, ямаа бүү хэл үнээгээ ч саахаа больж, тугалаа эхлээр явуулах нь хэвийн шахам үзэгдэл болсон. Хүүхэд, багачуудын сүүний хэрэглээ өссөнөөр сүү сааль базаах ажил ч дагаад нэмэгдэх нь гарцаагүй.
Энэ оноос “Сүү” хөтөлбөр хэрэгжиж, хүүхдэд багаас нь сүү өгч эхэлсэн нь тэдний эрүүл мэндийг дэмжих хамгийн чухал ажил болоод байна. Ирэх жилээс үлдсэн бусад аймаг, нийслэлийн зарим сургуульд энэ хөтөлбөр хэрэгжих биз.
Сэтгэгдэл ( 0 )