Сошиалаар сүүлийн өдрүүдэд “Компаниуд Z үеийнхнийг ажилд авахаас зайлсхийх болжээ” гэсэн байр суурь, сэтгэгдлүүд яваад байгааг анзаарсан уу. Z үеийнхэн буюу 1995-2010 оны хооронд төрсөн, 14-29 насныхныг онцгойлон үзэж, эхнийх нь ажил амьдралд хөл тавиад сайндаа л 10 жил болж байгаа тэднийг тааруухан үгээр дүгнэхийн учир юу вэ.
Gen Z үеийнхнийг ажилд авахгүй байх шалтгаанууд гээд хэдэн зүйл жагсаасныг харвал,
44 хувь-Харилцаа муу
40 хувь-Дүрэм мөрддөггүй
38 хувь-Хортой сөрөг байдал
37 хувь-Хов жив гэсэн харагдана. Манайхан нийгмийн сүлжээгээр аль мууг шүүрэн авч цэцэн цэлмэг үгээр дайрдгийнхаа үлгэрээр мөнөөх Gen Z үеийнхнийг “Цүнх баригч, ажилд хариуцлагагүй, дураараа, үг даадаггүй, цаг барьдаггүй, хэлсэн үг тоодоггүй” гээд л авч өгсөн нь дийлэнх. Ийм үгээр залуу үеийнхнийгээ дайрсан мөнөөх цэцэн зөвлөгчид өөрсдөө ихэнх нь яг тийм насны үр хүүхэдтэй, дүү нартай гэдэг нь маргаангүй. Ирээдүйд эх орноо авч явах бүхэл бүтэн үеэ ингэж сөргөөр харж, итгэлийг нь алдуулж, урмыг хугалах нь хэнд хэрэгтэй вэ. Ийнхүү шүүмжлээд буй ахмад, дунд үеийнхэн өөрсдөө дөнгөж сургууль төгсөөд байхдаа хэн байсан бол. Тэднийг анх ажилд ороход гар дээрээ тосож авсан өмнөх үеийнхэн нь өнөөгийн манай үеийн залуусаа шүүмжлэн цэцэрхэгчдийг иймэрхүү байдлаар элдэвлэж, ажилд авалгүй хөөсөн бол хожмоо яах байсан бэ.
Сошиалаар шуугиулаад байгаа Z үеийнхний талаарх судалгаа гэгч нь гаднын баримт бололтой юм. Тэнд бичсэнээр Хөдөлмөрийн зах зээлийн талаарх шинэ тайланд компаниуд Z үеийн ажилчдыг ажилд авснаас хойш хэдхэн сарын дараа халж байгаа гэнэ. Зургаан бизнес эрхлэгч тутмын нэг нь Z үеийг харилцааны ур чадвар, зан төлөв, мэргэжлийн ур чадвараас нь болж ажилд авахдаа эргэлзэж байгаагаа илэрхийлсэн л гэнэ.
Арван ажил олгогч тутмын зургаа нь 2024 онд шинээр ажилд орсон төгсөгчдийг ажлаас нь халсан. Долоон хүн тутмын нэг нь ирэх жил ч гэсэн шинэ төгсөгчдийг ажилд авахаас татгалзаж магадгүй гэж мэдэгдсэн л гэнэ. Хэзээ байтлаа дөнгөж ажлын зах руу орж буй залуу хүн гайхамшигтай ур чадвартай, эв дүйтэй, сүрхий сайн харилцаатай байсан юм. Амьдрал дунд дөнгөж хөл тавьж өөрөөсөө ахмад хүмүүсийн дунд ороод халгаж ядаж буй залуухан ажилтнаас харилцааны ямар ур чадвар нэхэх гэж. Ядаж шинэ үеийнхэн цахим хэрэглээ ихтэйн улмаас хүнтэй тийм ч сайн харилцаж чадахгүй, тэр бүү хэл утсаар ярихаас халширдаг хэв шинжтэй болсон. Түүнийг нь засаж залруулан төлөвшүүлэх үүргийг гар дээрээ авч, ажил амьдрал руу хөтлөх ахмад, дунд үеийнхэн хүлээхгүй гэж үү.
Дээр дурдсан мөнөөх судалгаанд 1000 орчим бизнесийн удирдагчдыг хамруулсан гэх бөгөөд “Intelligent”-ийн Боловсрол, хөгжлийн ахлах зөвлөх Хуй Нгуен "Z үеийнхэн бага бүтэцтэй орчин, ажлын байрны соёлын динамик байдлыг хангаж ажиллахад хангалттай биш байдаг. Тэд онолын мэдлэгтэй ч ихэвчлэн практик, бодит туршлага, мэргэжлийн ур чадвар дутмаг. Z үеийнхний хувьд ажлын байран дээрээ залхуу, хамтран ажилладаггүй гэсэн хэвшмэл ойлголт бий болсон” гэжээ. Дөнгөж ажилд орж байгаа залууст ямар ч практик, бодит туршлага, мэргэжлийн ур чадвар байхгүй, түүнийг хүлээж авсан компани, албан байгууллага, ахмад үе нь суулгаж, дадлагажуулж өгөх үүрэгтэй. Хүн төрөлхтөн бий болсон цагаас л өмнөх үе нь дараагийн залгамж үеэ сургаж туршлагажуулж ирсэн гэдгийг хэнд ч тайлбарлах шаардлагагүй биз ээ. Харин ч анх ажилд авсан байгууллага ямар суурь тавьж өгснөөс залуу хүний цаашдын ирээдүй, төлөвшил ихээхэн хамаардаг шүү дээ.
Энэ талаар хүний нөөцийн зөвлөх Брайан Дрисколл гэдэг хүн “Ажил олгогчид шинээр ажилд орсон хүмүүст зааж сургахын оронд ажилчдыг бэлтгэлгүй гэж ажлаас нь халж байна. Шинэ төгсөгчдийг ажлаас нь халаад байвал урам хугарсан, дутуу үнэлэгдсэн үеийг бий болгоод зогсохгүй ажиллах хүчний урт хугацааны өсөлтийг сааруулж, хөдөлмөрийн зах зээл өөрөө доголдох эрсдэлтэй" хэмээсэн нь харин ч үнэнийг өгүүлсэн тайлбар байв.
Ахмад нь залуустаа зааж сургахын оронд элдвээр гоочилж, залуус нь “Тэдээс дээш насныхан далд орж байж нийгэм цэвэршинэ” хэмээн талцаад, ахмад, дунд, залуу үе хоорондоо эвлэршгүй зөрчилдөөд эхэлбэл үндэстэн мөхөхийн цондон л хожмоо тэднийг хүлээх болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Залуу байхад туршлага муугаас их алддаг.
Бэлээхэн суганы үс, дуулгавартай ажлын шарыг л хүлээгээд буй хэрэг. Аан-үүдийн дийлэнх нь мотортой компаниуд буюу эрх баригчид цавчаачдынх л байгаа.
Аугаа Хүн гүрэн үе хоорондын зөрчилдөөнөөс үүссэн маргаан тэмцлээс болж мөхсөн шүү.Бусдаас эерэг сайныг нь олж хардаг болцгооё
Өрөөлийг муулахын оронд өөрсдийгөө ажигладаг болбол зүгээр байгаа м даа. “Гэгээрэхийн эх нь гэмээ мэдэх” гэдэг юм даа. Юм бага мэддэг хүн их мэдэмхийрдэг юм шүү дээ. Юм хийж үзээгүй хүн бусдыг шүүмжлэх дуртай байдаг юм. Энэ бүхнийг бодохлд гэмгүй байх аа.
Tanai soningiin gazriig haaj tatan buulgaval taarna. Buh medeelel ni hend ch hereggui hog
Одоо бүгд л утсаа мааждаг болсон. Өөрсдөө хийж гавихгүй юм байж шинэ орсон ажилчдаа нүүр нүдгүй зарах санаатай. Зааж сургасан ч юм байхгүй адилхан залхуу гарууд. \nГэхдээ Y үеийнхэн нь үхтлээ зарагдаж, өөрсдөө суралцах ёстой гэдгээ мэддэг байсан. Хөсөр хаягдаж, өдрийн 1 хоолтой өлмөн зэлмүүн өссөн хүмүүс амьдрах аргаа олдог юм байна. Алган дээрээ бөмбөрүүлж, зовлон туулуулаагүй гарууд үг ч даахгүй, далайвал тэр чигтээ далдраад өгнө.
энэ их чухал юм хөнджээ.би ч гайхдаг залуучуудын яагаад дотор нь үсгээр ангилаад ахмад үеийн бас залуу үетэй нь тэрсэлдүүлэх үзэл явуулаад байх болсныг үнэхээр ойлгоогүй.хүний амьдралын жамл ингэж л ангилдаг: нярай,нялх,балчир,бага насны,өсвөр насны, бага залуу хүүхэд,залуучууд,идэр залуу,идэр,хижээл,ахимаг насны,ахмад насны,өвгөжөөр хүн,өтөл насны,өтөл буурай насны гэх мэтээр тодотгож ярьдаг.залуусыг дотор нь төрсөн оноор нь үсэг оноож нэрлээд гоочилж шүүмжлээд энэ юү болж байгаа юм бэ
Ажаад байхад тийм байх магадлал их байна. Бага гэлтгүй бид л засахгүй бол хэн засахав дээ.
санаагаараа юм зохиогоод түүндээ өөрөө хариулаад байх юм