УИХ-ын намрын өчигдөр чуулган нээлтээ хийв. Энэ өдөр Ахмадын өдөртэй давхацсан юм. “Өглөөний зочин”-оор 126 гишүүнтэй парламентын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэлийг урьж ярилцлаа.
-Аливаа улс орны төрийн бодлого шинжлэх ухаанд суурилж явдаг. Манайд улстөрчдийн амаар явж байсан гажуудал бий. Энэ удаагийн парламент хэр шинжлэх ухаанчаар ажиллах бол. Та юу гэж үзэж байна?
-Товчхон хэлэхэд, ардчилсан Монгол Улс түүхэндээ анх удаа УИХ-д шинжлэх ухаан, технологийн салбарын төлөөллийг оруулж ирсэнд баяртай байгаа. Энэ бол анхны тохиолдол. Тэгэхээр миний бие юу хийх, миний хийх гэж буй зүйлүүдийг төр, засаг хүлээж авч дэмжих, хэрэгжүүлэх талаар яаж ажиллах вэ гэдэг одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Дэлхийн бусад орнуудыг харахад хөгжлийн бодлогууд нь шинжлэх ухаанд суурилж явдаг. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Үр дүнг нэн тэргүүнд, хамгийн богино хугацаанд хэрэгжүүлж, дэлхийд гайхуулж яваа улс бол манай өмнөд хөрш. Тэд шинжлэх ухаанд оруулах хөрөнгө оруулалтаа жилд бараг 600 тэрбум ам.долларт хүргэснээр АНУ-ын араас маш хурдтай дөхөж яваа. Магадгүй таван жилийн дараа гэхэд Хятадын шинжлэх ухааны олон салбар дэлхийд тэргүүлэх чигтэй явж байна. Манай хоёр улс нэг гараанаас гарсан, социалист системд хамт байсан улс. Тэгэхээр өмнөд хөршийн туршлагыг ашиглаад явбал шинжлэх ухаа, технологийн салбараа хөгжүүлэхэд богино хугацаанд тодорхой амжилтад хүрнэ гэж бодож байна.
-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар таны байр суурийг сонирхоё?
-УИХ-ын намрын ээлжит чуулган албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар чухал асуудлууд хэлэлцэнэ. Хамгийн гол нь Монгол Улсын 2025 оны төсөвийн тухай хуулийн төсөл. Тэгэхээр бид Монгол Улсын эрчимтэй хөгжлийн 30 жилийн гараан дээр ямархуу төсөв төлөвлөгөө гаргаж, аль салбарт ямар хөрөнгө оруулалт хийх вэ, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх бодитой ямар алхмууд хийх вэ гэдэг нь энэ төсвөөс ихээхэн хамаарна.Төсвийн төслийг ерөнхийд нь харвал, шинжлэх ухаанаас бусад салбарт харьцангуй гайгүй хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Ялангуяа эрчимтэй хөгжлийн гараа болох 14 мега төслийг бүрэн эхлүүлэх гэж зорьж байгааг би бүрэн дэмжиж байна. Шинжлэх ухааны салбарын хувьд хөрөнгө оруулалт чамлалттай харагдаж байна. Гэхдээ энэ бол төсөл. Хэлэлцүүлгийн явцад хөрөнгө оруулалт дээр ямар нэгэн алдаа байвал засах, өөрчлөх талаас хичээж ажиллана. Яагаад гэвэл, хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг ДНБ-ний нэг хувьд хүргэнэ гэж оруулсан байгаа. Үүний тулд хүлээгдэж байгаа дөрвөн жилд санхүүжилтийг жил болгон өсгөж явахгүй бол хөрөнгө оруулалтын үр дүн муу гарна. Гэнэт их хөрөнгө оруулбал салбар нь тэр хөрөнгийг шингээж авч чаддаггүй тал бий. Иймээс 2025 оноос эхлэн жил болгон алгуурхан нэмж явах энэ бодлогыг УИХ-ын ээлжит чуулганд тавих бодолтой байна.
-Төсөв нь огт нэмэгдээгүй болохоор эрдэмтэн, судаачдын цалин бага, байшин барилга нь хуучирч мөөгөнцөртсөн, ажиллах орчин хүнд зэрэг асуудлууд хэвээрээ гэж ойлгож болох уу?
-Шинжлэх ухааны салбарт өнөөдөр орон тоо дутуу яваа. Сая таны хэлсэн, цалин нь бага учраас шаардлагад нийцэх боловсон хүчин орж ирэхгүй байна. Сургууль төгссөн л бол хэн нэгийг авах бодол бас алга. ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа миний баримталж байсан бодлого бол дундаас доогуур түвшний боловсон хүчнийг авахгүй.Орон тоо дутуу явбал яваг, яваандаа болох биз гэсэн байр суурьтай байсан. Тэр байдал одоо ч хэвээр байна. Засгийн газраас цалин бага байгааг нь мэдэрсэн учраас цалингийн сүлжээг хийхдээ доод түвшинг нь зааж өгсөн. Байгууллага өөрийн боломжийг дайчилж, эсвэл орон тоогоо хэмнээд сайн эрдэмтэн, судлаачийнхаа цалинг нэмэх эрхийг нээж өгсөн. Шинжлэх ухааны салбарт сайн ажиллаж, тодорхой амжилт гаргаж байгаа эрдэмтэд, эсвэл удирдах ажилтны цалинг боломжийн түвшинд хүргэж өгсөн байгаа. Нийтэд нь дэлхийн жишгээр авч үзвэл, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдын цалин их сургуулийн профессор багшийн цалингаас дээгүүр байдаг. Яагаад гэвэл, эрдэм шинжилгээний ажил гэдэг нэлээд уйтгартай, гэтэл хийж буй судалгаа нь үнэ цэнтэй.Тэр орон тоонд сайн ажилтныг тогтвортой ажиллуулахын тулд цалинг нь их сургуулийн багшийнхаас дээгүүр тавьж өгдөг нь тогтсон бодлого. Их, дээд сургуулийн багшийн ажиллах орчин сайн, дандаа залуучуудтай ажиллана. Хичээлийн цагаа өөрөө зохицуулаад явчихдаг. Олонх судлаач их, дээд сургуульд багшлах сонирхолтой байдаг учраас дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоёрын хүний нөөцийн бодлогыг цалингаар зохицуулдаг дэлхий нийтийн жишиг бий. Манай улс энэ чиглэл рүү орох учиртай. Өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны байгууллагын ажилтан, их, дээд сургуулийн багш нарын цалин хоёр дахин зөрүүтэй. Их сургуулийнхан хоёр дахин өндөр цалин авдаг. Сайн эрдэмтэн, судлаачид маань тийшээ явчих гээд байдаг. Тиймээс шинжлэх ухааны салбарынхны цалинг нэмэх, гэрээт ажилд оролцуулах зэргээр нэг үеэ бодвол шийдэл зохицуулалт гаргаад явж байгаа. Энэ дөрвөн жилд дээрх хоёр салбарын цалингийн зөрүүг арилгах нь төрийн бодлого байх ёстой. Миний зүтгэж ажиллах нэг чиглэл энэ мөн.
-Тоног төхөөрөмж нь актлагдах болсон зүйлүүд байдаг юм байна лээ, шинэлэгдсэн үү?
-Бусад газрыг сайн мэдэхгүй ч Шинжлэх ухааны академийн харъяа хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмжийн 80 + хувь нь 1990 оноос өмнөх үед хамаарна. Тэгэхээр хоцрогдсон гэсэн үг. Дэлхий нийтийн жишгээр бол хамгийн өндөр түвшинд ажилладаг эрдэм шинжилгээний байгууллагууд үндсэн гол тоног төхөөрөмжөө гурван жил тутамд сольж шинэчилж байдаг. Тоног төхөөрөмжийн шинэчлэл маш хурдтай явж байж судалгааны амжилт хурдан гардаг.Үүнийг шийдэхийн тулд энэ дөрвөн жилд шинжлэх ухааны салбарт хангалттай хөрөнгө оруулалт хийж өгөхгүй бол “шаварт унасан шар” шиг байгаад л байна. Тэгэхээр энэ шийдвэрлүүлэх ёстой том асуудлын нэг. Барилга байшингийн тухайд 2024 оны сүүлээр шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын лабораторийн хэсэг ашиглалтад орно. Нийтдээ 27 мянган м/кв талбайтай гурван том корпус байгаа. Лабораторид ажилладаг хүрээлэнгүүд энэ онд багтаад тийшээ нүүгээд орчих болов уу. Барилгын тухайд лабораторийн олон улсын жишгээр, стандартын дагуу баригдсан. 2025 онд үндсэндээ бүх хүрээлэн тийшээ нүүгээд орчих боломж бүрдэнэ.Өөрөөр хэлбэл, байр савны тухайд нэлээд дэвшилттэй яваа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа санаачилж энэ төслийг эхлүүлсэн. 2026 онд бүрэн дуусгаж ашиглалтад хүлээж авах графиктай ажил үргэлжилж байна.
-Сая дурдсан шалтгаануудаас болоод их, дээд сургууль төгссөн, сүүлийн үеийн нарийн судалгаа, шинжилгээ хийж буй залуус эх орондоо ирдэггүй, ирсэн ч буцахаас аргагүй болдог. Хэчнээн хүн ийм шалтгаанаар гадаадад ажиллаж, амьдарч байдаг бол?
-Зөвхөн манай ШУА-аас гаралтай 100 гаруй судлаач мэргэжлээрээ өндөр хөгжилтэй гадаад орнуудад судалгааны ажил хийж байгаа. Зарим нь тэнхимийн эрхлэгч болж, өндөр цалинтай, өөрөө ажиллах хүмүүсээ сонгож ажиллуулдаг түвшинд очсон байна. Тодорхой төслүүд дээр ажиллаж байгаа хүмүүс ч бий. Эрдэмтэн судлаачдын бүтээлээс хэчнээн хүн эшлэл авч вэ гэдгээр эшлэлийн индексийг гаргадаг.Гадаадад ажиллаж байгаа хүмүүсээс эшлэлийн үзүүлэлт нь 7-8 мянга давчихсан эрдэмтэд бий. Монгол Улсын Засгийн газраас гадаадад ажиллаж байгаа тэдгээр эрдэмтдээ татаж авах тухай олон жил ярьж байгаа. Харамсалтай нь бодитой ажил хийгдсэнгүй. Засгийн газрын үйл ажиллагааны ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт “Тархины урсгалыг буцаая” гэсэн төлөвлөгөө багтсан.
-Гадагшаа урссан оюун санааны урсгалыг эргүүлж авчрах боломж манайд хэр вэ?
-Энд хоёрхон зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт, “саалиа базаахаар саваа бэлд” гэгчээр сайн тоноглогдсон лаборатори хэрэгтэй.Савны асуудал шийдэгдэж байгаа. Тоног төхөөрөмж яагаа ч үгүй байна. Хоёрдугаарт, тэднийг ирж ажиллахад бид боломжийн цалин олгох ёстой. Амьжиргааны өртгийг оролцуулаад бодоход, ядахдаа 3000 ам.долларын цалин сард өгч байх ёстой. Энэ тийм ч өндөр цалин биш. Сард ердөө 10 сая төгрөг л бодогдоно. Өнөөдөр төрийн өмчит үйлдвэрийн газрын нэг менежер л ийм цалинтай байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Засгийн газраас цалинг нь тодорхой болгоод, энэ чиглэлээр ийм лаборатори байгуулж байна, энд ажиллах эрдэмтэн ийм шаардлагыг хангасан байна гээд ил тод зарлачих юм бол Монголдоо эргэж ирэх хүн зөндөө бий. Тиймээс бид 2024-2028 онд лабораторийн чиглэлд хувьсгал хийх ёстой. Лабораторийн хөгжлийн суурь бол тоног төхөөрөмж. Хүний нөөцийн хувьд ахисан түвшний судлаачдын төвшнийг аваад үзэхэд бид дэлхийн дундажтай хөл нийлүүлээд явах бүрэн боломжтой. Одоо ч тэр хэмжээнд ажиллаж байгаа хүмүүстэй болохоор санаа зовох юм багатай салбар бол манайх. Дэлхийн аль ч улсын ямар ч түвшний лабораторид очоод эрдэм шинжилгээний ажил хийгээд явчих хүн манайд цөөнгүй бий.
-“Сэтгэшгүй” эмнэлгийн захирал С.Хүрэлбаатар эмч саяхан манай сониноор дамжуулан “Уламжлалт анагаах ухаан бол монголчуудын мбрэнд. Бас мөнгө олох боломж. Энэ салбарыг төрөөс төсөв, хөрөнгөөр дэмждэггүй.Бид Ерөнхийлөгчөө ч эмчилж чадахгүй байгаа, АНУ-ын анагаах ухааныг дуурайх шаардлагагүй. Шинжлэх ухааны салбарыг төлөөлж байгаа Д.Рэгдэл гишүүн үүнд анхаараасай” гэсэн үгийг танд хаягласан. Та үүнд хариулна уу?
-С.Хүрэлбаатар эмчийг би танина. Түүний хувьд энэ салбарт олон жил ажиллаж байгаа, бариа засалдаа Монголдоо дээгүүр орох хүн шиг байгаа юм. Үзүүлж харуулаагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. “Сэтгэшгүй” эмнэлэг байгуулагдаад 30-аад жил тогтвортой ажиллаж байгаа. Уламжлалт анагаах ухаан бол яах аргагүй Монголын нэг брэнд. Энэ тал дээр С.Хүрэлбаатар доктортой санал нэг байна. Харин уламжлалт анагаах ухаан гэдэг энэ брэндээ бид яаж гадагш нь гаргах вэ гэдэгт судалгаа чухал. Нөгөө талаас, энэ брэндийг монгол хүнийнхээ эрүүл мэндэд яаж өргөн хүрээнд ашиглах вэ гэдэг асуудал байгаа юм. Манай уламжлалтын салбарын эмч нар 1990-ээд оноос гадаад руу гарч, одоо Польшид тусдаа эмнэлэг байгуулсан хүн ч байна. Тэндээ нэр хүнд сайтай, өөрийн гэсэн эмчлүүлдэг хүрээлэлтэй болоод ажиллаад байгааг мэдэх юм. Бусад орон руу гаргах тал дээр Манба дацангийн Д.Нацагдорж хамба их олон жил ажиллаж байгаа. Хуулийн хүрээнд, албан ёсоор гадагш нь гаргая гэхээр тэдгээр орнуудын эрүүл мэндийн салбартаа тавьдаг стандарт, шаардлагатай нийцэхгүй тал зөндөө гардаг шиг байгаа юм. Тиймээс энэ асуудал их бэрхшээлтэй удаашралтай яваад байгаа.Тэгэхээр бид гадагш гаргах асуудлаа түр хойш тавиад дотооддоо уламлалт анагаах ухаанаа хөгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллах нь зөв гэж бодож байна. Монголд уламжлалт анагаах ухааны сургууль, факультет нээгдээд ажиллаж байна. ЭМШУҮИС-ийн харъяа Монгол-Японы эмнэлэг дээр уламжлалтаар дагнасан эмнэлэг ажиллаж байна. Энэ мэт ахиц дэвшил байна. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн гэж бий. Энэ хүрээлэнд уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн эмч нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоо бий болж тогтмол ажиллаж байна. Уламжлалтын эмнэлэг ажиллуулдаг эмч нар ирж мэргэжлээ дээшлүүлэхийн сацуу өөрөө шавь бэлдэх чадвартай болоод буцдаг. Энэ урсгал бий болсон. Тэгэхээр ахиц дэвшил бол байна. Одоо энэ чиглэлээр ажилладаг эмч, эмнэлгийн ажилтнууд хүчээ нэгтгэх нь чухал. Энэ талаар учир дутагдалтай, манайх ч энэ талдаа сайн, арай дээр, тэднийх арай дутуу гэх мэтээр ярьдаг. Түүний оронд хүчээ нэгтгэж энэ хэсэг дээр, ийм талаараа хамтарч ажиллая гэдэг байдлаар явж, тулгамдсан асуудлаа Засгийн газартаа тавих юм бол тэр чиглэлийн эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нэлээн идэвхтэй ажиллаж таарна. Яагаад гэвэл энэ асуудал үнэхээр хүлээгдэж байгаа, эрхзүйн орчны хувьд. Миний хувьд энэ салбарынхантай ойр явдаг. Ядаж уулзаж ярилцдаг, сонсдог. Олон жил явж ирсэн, шийдэл хүлээсэн том асуудал бол уламжлалт анагаах ухааны эм тан. Орчин үеийн шийдэлтэй нийцүүлж, уламжлалт анагаахын өргөн хэрэглээний бүх эм үндэсний стандарттай болох ёстой. Үндэсний стандартад нийцсэн эмээ албан ёсоор үйлдвэрлэж гаргаж ирж байж бид гадаадад гаргаж чадна. Ийм зүйл байхгүй, хуучны арга, жор найрлагаар гаргаж ирж байгаа эм танг гадаад ертөнцөд хүлээж авахгүй шүү дээ. Үндэсний стандарттай ийм эм тан гаргавал гадагшаа Монголын уламжлалт анагаах ухааны үндэсний стандартад нийцсэн брэнд ийм байдаг юм байна гэж сурталчлах, гаргах боломж бий болох юм. Энэ бол амин чухал асуудал. Тиймээс эмийн стандартаа нийцүүлж ажиллаасай гэж боддог. Энэ чиглэлээр эоүүл мэндийн салбарыг төлөөлж УИХ-д сууж байгаа гишүүдтэй хамтраад, уриалаад ажиллахад миний бие бэлэн байна. Анзаарч байхад дэлхийд уламжлалт анагаах ухааны гурван том төв байна. Хятадын удамжлалт анагаах ухаан, Монголын уламжлалт анагаах ухаан, Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан гээд. Энэ гурав тус тусдаа бие даасан салбар юм. Ингээд бодохоор Монголын уламжлалт анагаах ухаан Монголын брэнд гэдэг нь яах аргагүй үнэн. Монгол Улс бодлогоор авч явах ёстой. хамгийн гол нь энэ салбарт ажиллагсад санал бодлоо төр, засагтаа нэгдсэн байдлаар тавьж, дуу хоолойгоо хүргэж байх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх нэг том чиглэл бол Засгийн газрын зарим үүрэг, чиглэлийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгэх асуудлыг албан ёсоор оруулсан. Мэргэжлийн холбоод нэгдэж, Засгийн газрын үйл ажиллагаа, тодорхой функцийг биелүүлээд явах боломж байна шүү дээ. Тэр чиглэлээр нэгдэж ажиллаасай гэж хүсэж байна.
-Парламентын ахмад гишүүний хувьд бодож яваа өөр асуудлууд танд байна уу?
-Миний хувьд нас өндөр болсон боловч энэ парламентын хувьд шинэ гишүүн. Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагааны тухайд сайн мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ нэгэнт бүхэл бүтэн салбарыг төлөөлж УИХ-д сонгогдсон төлөөллийн хувьд энэ салбарыг төлөөлсөн шиг төлөөлж ажиллана гэсэн зорилготой байгаа. Нөгөө талаас, Улсын Их Хуралд Монголын ахмадын төлөөлөл цөөн. 60-аас дээш насныхныг ахмад гэдэг юм уу, 65-аас дээшхийг ахмад гэх үү, би сайн мэдэхгүй байна. Ямартай ч би ахмадуудын асуудалд идэвхтэй оролцож ажиллана. Монголын ахмадын холбооныхонтой ойрын үед уулзахаар төлөвлөсөн. Ахмадын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлнэ. Түүнээс өмнө энэ хуулийг хэрэгжүүлэх журмууд бэлэн болсон байх ёстой. Энэ чиглэлээр би судалгаа хийлгэж байгаа. Дүгнэлт гарахаар Засгийн газар руу хандаж ажиллана.
-Ахмадуудад тулгамдаж буй асуудлыг та юу гэж дүгнэж байна?
-Хоёр том асуудал байна гэж хардаг. Нэгдүгээрт, тэтгэвэр авдаг гол массын дундаж тэтгэврийн хэмжээ үнэхээр бага. 2024 онд нэмсэн ч тэр нь хэвийн амьдрахад хүрэлцээ муутай. Ирэх дөрвөн жилд инфляцийн түвшнээр тэтгэврийг жил бүр нэмэхээр болоод байгаа. Ирэх сарын нэгдүгээр сарын нэгнээс зургаан хувиар нэмж байгаа.Тэтгэврийн суурь нь нам байгаа тохиолдолд зургаан хувиар нэмээд ч олигтой дэмжлэг болохгүй. Тэгэхээр суурийг нь нэмж өгөөд, тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг энэ дөрвөн жилд нэг удаа заавал хийх ёстой. Энэ чиглэлд анхаарч ажиллана. Хоёр дахь том асуудал бол эмийн үнэ. Ахмад настны эмийн хэрэглээ залуус хүмүүсийнхээс хамаагүй өндөр байгаа. Гэтэл Монголд эмийн үнийг дураараа тогтоож байна. Оросын Буриадад адил чанартай эм Монголд байгаагаас 3-5 дахин хямд байна гэж тийшээ яваад ирж буй хүмүүс хэлдэг. Эмийн үнэ болон чанар дээр эрүүл мэндийн салбарынхан, ахмадын төлөөлөл болсон гишүүд ач холбогдол өгч ажиллах ёстой. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ээлжит бус чуулганаар сая УИХ-ын тогтоол батлуулсан. Асуудлаа маш сайн судалж боловсруулж байж оруулсан тогтоол байна лээ. Тэр дагуу гадаадын өндөр хөгжилтэй оронд хүлээн зөвшөөрөгдөж, нийтэд хэрэглэгддэг эмийг Монголд шууд оруулж ирж хэрэглэж болно гэсэн заалт орсон. Тэгэхгүй бол Эмийн зөвлөл буюу Фармакопейны хороогоор шинэ чанартай эмийг Монгол руу оруулах үйл явц процессийнхоо дагуу явахаар цаг их алддаг. Яг эмийн чанарын асуудлыг тэнд тогтоож ярихдаа хангалтгүй байдаг. Тиймээс дээрх тогтоолыг хэрэгжүүлээд явахад, жишээ нь АНУ-д хэрэглэгддэг хорт хавдрын эмүүд нь Монголд шууд орж ирэх боломжтой болж байгаа сайн талтай. Гэсэн ч эмийн үнэ, чанарт цаашид байнга анхаарч ажиллахгүй бол болохгүй гэсэн бодол байна.
Сэтгэгдэл ( 7 )
Энэ өвгөн олон арван жил ШУА- ийн олгойд сууж байхдаа улс оронд хэрэгтэй юм хэрэгжүүлж, залуу эрдэмтдтйг юугаар дэмжиж байсан юм бэ. Энэ хүний тэтгэврийн .нас аль хэдий нь 10 гаруй жил өнгөрөөд байна. Яахаараа УИХ-ын гишүүн болоод гонгиноод суучхав аа. Та одоо болно. Монголын ШУ нурсан шүү. .
Хөөрхий дөө. Ойлголт буруу байна. Сайн эрдэмтэнг лабораторитой нь цуг сайн бизнесмен хангалттай санхүүжүүлээд явна. Манай энэ хэдэн угжуулсан ном орчуулж хуулсан\nтэнэг докторуудыг хэн тоох вэ дээ\n
Яг үнэндээ энэ хүнээс харах зүйл огт байхгүй шинжлэх ухааны салбараа аль яаманд харьяалуулах ч мэдэхгүй байгааг бүгд харж л байгаа шдээ.Тиймээс хүрээлэнгүүд ЭША-нууд өөрсдөө л идэвхтэй байж зөв замаа олох ёстой.
ene zunug uvgund helchii uudii zaslahdaa ur huuhed ireedui ul toosonii hariu aldaa chin odoo Mongol huguchluul zovoj baigaan ene dee hugchurgui yum Mongol iin ungutei bolgond gar hursen huguchuud odoo utluh nasanda mungu mungu guilgachilj baigaa Ahmaduud muu uzne ireedui ur zuv harthaj zaasan bol ene thuuhen ard tumen zovohgui amdrah bolomj bsan buuruug davraaval iim zovloh huuleej bna
zunug uvgun mungu turuulj yarih yum⁉︎ busdad unelegdej baij daraa n sanhuu yarval ard oirgon ene zuvug uuriigu busdad buruu oilguulj baiguuna harmastai mungu mungu munguun.s uur setgej bodhoo bolthon undur nasdnuud busdad zuv ulger boloosoi
мэдээжийн асуудлыг мэдэмхийрч ярих юм даа хөгшин, залуугүй
хөгшчүүлийн даралтын эмийг ядахдаа 70 хувиар хөнгөлөөч дээ нөдөр настанд үнхээр туслах гэж байгаа бол ийм тус хэргэтэй банйа даа