“ӨГЛӨӨНИЙ СОНИН” эрийн цээнд хүрсэн иртэй, бяртай тогтмол хэвлэлийн нэг болжээ

2024 оны 10 сарын 03

 

“Эрхэт Монгол медиа холдинг”-оос эрхлэн гаргадаг “Өглөөний сонин”-ы 18 жилийн ой өнөөдөр тохиож, эрийн цээнд хүрсэн иртэй, бяртай тогтмол хэвлэлийн нэг болоод байна. Манай сонин уншигчидтайгаа тогтмол харилцаж, эргэх холбоотой ажилладаг, уншигчид ч бидэнтэй захидал харилцаатай байдаг юм. Сонины ойн өдрийг тохиолдуулан уншигчдаас ирүүлсэн талархал, мэндчилгээнээс өнөөдрийн дугаартаа нийтэллээ. Үнэнч уншигч, идэвхтэн бичигч, чөлөөт уран бүтээлчдэдээ баярын мэнд дэвшүүлье


 

СОНИНЫ СЭТГҮҮЛЧИЙН БҮТЭЭЛ МӨНХӨД ҮЛДДЭГ

 

Цахим өртөөгөөр сайхан мэдээлэл олон ч уншаад удаагүй байтал  жирэлзээд алга болдог. Цаасан сонинг аягатай халуун кофе оочингоо  дэлгэж байгаад тогтож уншихад үнэхээр нэг уншсан болдог, бас олон талын мэдээлэл авдаг. “Өглөөний сонин”-ы ойг тохиолдуулан цомхон багаар өдөр тутмын маш их ачааллыг үүрч ажилладаг Ерөнхий эрхлэгч Ч.Үл-Олдох, Орлогч эрхлэгч Б.Төрбат, тоймч Д.Оюунцэцэг, сэтгүүлч Г.Ганчимэг болон сонины бүх уран бүтээлчдэд баярын мэнд хүргэж, амжилт хүсье. Миний бие энэ сониныхонтой холбоо харилцаатай байж, тогтмол уншдаг юм.

Өнгөрөгч амралтын өдөр Эрдэнэт хотод цастай, гарч оролгүй гэртээ өнжсөнийх, “Өглөөний сонин”-ы хэдэн сайхан дугаарыг зориуд хадгалж байгаад  амтархан уншлаа. Сүүлд уншсан хэдэн дугаараас нэрлэвэл, уулчин Г.Өсөхбаяр, Хөдөлмөрийн баатар цолныхоо баярыг саяхан тэмдэглэсэн Үндэсний сурын харвааны Дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүү нарын ярилцлагыг шимтэн уншлаа. Сэтгүүлч Д.Оюунцэцэг “Ай,сайхан Цооцоо” хөрөг найрууллыг гоёлын ганган дээл урласан мэт гайхамшигтай сайхан бичжээ. Чанартай сайн нийтлэл цаг хугацаа алдахгүйгээр барахгүй он жил өнгөрөх тусам үнэ цэн орж үнэлэгддэг гэж би боддог. Сонин хэвлэл  өөрөө түүхийн гэрч учир сэтгүүлчийн бүтээл мөнхөд үлддэг.

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, чөлөөт уран бүтээлч, сэтгүүлч Ц.Ариунаа.

Эрдэнэт хот

 

 

 

БИ ЗӨВХӨН УНШДАГ ХҮН

 

 

Би зөвхөн уншдаг л хүн.

Шөнө нь эрүүл саруул унтаад

Өглөөг нүүр бардам угтаж,

“Өглөөний сонин”-оо унших нь

Өдий насны хүний жаргал тэр ээ.

Нар жаргаад хаачдагийг мэдэх үү,

Надад сонин авчрахаар явдаг юм.

Сонин уншихгүй удвал нойр хүрэхгүй хар дарна.

Сонин уншихгүй өнжвөл зүс алдана, нүгэл мэт.

Сонин ургахаа мартдаггүй нар шиг хүрээд л ирнэ.

Урсахаа мартдаггүй мөрөн шиг урсаад л ирнэ.

Сонин бодоогүй, уншаагүй өдрийг би санахгүй байна.

Сонингоо уншихгүй бол ой санамж алдагдана.

Шинэ сонины үнэр сайхан.

Сайхан бичлэгийн амт сайхан.

“2024 онд” гэсэн надтай хамт “сонин уншиж” тэмдэглэл хөтөлдөг дэвтэр одоо дүүрэх гэж байна. Миний амьдралын өнгө төрх бол өдөр тутам сонин унших. Өөрөө өөртөө л таашаал авах гэж, бас таалагдах гэж, өөртөө эерэгээр орших гэж би сонин уншдаг өвгөн. Сонины сонин материалуудаар хийсэн хайчилбар минь 60 см зузаан болжээ. Энэ бол надад жинхэнэ кайф.

Сонин уншихад хорвоогийн уй гашууг мартаж, хатуу бэрхийг зөөллөж, бүх гомдлыг эерүүлэгч дотно зөвлөгч, аврагч рашаан мэт. Унших нь хүний сэтгэлийг ариусган тунгалагшуулж, төрөлх гэгээлэг чанараа олж авахад тусалж чаддаг ид шидтэн.

 

Жаран жил сонин уншиж, жаргаж суугаа 84 настай өвгөн уншигч, Чингэлтэй дүүргийн иргэн До.Доржпалам

 

 

 

МЭДЭЭЛЭЛ САЙТАЙ “ӨГЛӨӨНИЙ СОНИН”-ЫГ ХҮН БҮХЭН УНШААСАЙ

 

“Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж нэгэн алдартан хэлсэн шиг сониноос олон талын мэдээлэл авч тогтмол уншдаг. Ялангуяа “Өглөөний сонин” мэдээлэл сайтай, хүн бүхэн уншиж байгаасай гэж бидний хувьд бодож явдаг даа. “Өглөөний сонин”-ы 18 жилийн ойг тохиолдуулан нийт уншигчид, сонины хамт олонд баярын мэнд хүргэж, үзэг нь хурц, зүйлс нь арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн, ахмад багш Я.Чулуунбаатар, С.Мягмарсүрэн

 

 

 

ӨГЛӨӨНИЙ СОНИН”-ЫХОНД ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

 

Монголын үндэсний өдөр тутмын сонинуудыг түүчээлж яваа хэвлэлүүдийн нэг болох “Өглөөний сонин”-ы сэтгүүлч, уран бүтээлчид, уншигчдад ойн баярын мэнд хүргэе.  Сүүлийн үед цаасан сонин хэвлэлийн үнэ цэнийг үл ойшоох явдал мэр сэр харагдах болжээ. Миний бодоход сонин хэвлэлд дараах олон давуу сайн тал бий. Юуны өмнө сонинд мэргэжлийн сэтгүүлчид, мэргэшсэн идэвхтэн бичигчдийн сайтар боловсрогдсон материал нийтлэгддэг. Хэн дуртай хүний, хувийн чанартай, өөрийгөө дөвийлгөсөн, цаг үрсэн, болхи бүдүүлэг хэллэгтэй дэмий хэрэгцээгүй бичвэр орох боломжгүй юм.

Сонин хэвлэлийн нийтлэл, ярилцлага, мэдээ, тоймууд зөв найруулгатай, үг үсгийн алдаагүй байдгаараа үндэсний хэл соёлын нэгэн чухал дархлаа болж байдаг. Сайтар нягталсан, чухал сэдвийг хөндсөн, сонирхолтой хэлбэрээр бичсэн нийтлэлийг чухамдаа сонин хэвлэлийн хуудаснаас л хэзээ ч, хаана ч чөлөөтэй унших, хадгалах боломжтой. Сонин хэвлэл бол буух эзэнтэй, буцах хаягтай, барьцтай зүйл болохоор нийтлэл бүр нь үнэнээс хазайх эрхүй юм. Энэ бол сонин, тогтмол хэвлэлийн том давуу тал юм шүү.

 

 Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов

 

 

 

“ӨГЛӨӨНИЙ СОНИН”-ООС ОЛОН ТАЛТ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, СОНИРХОЛТОЙ НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГА УНШДАГ

 

Өдөр тутмын “Өглөөний сонин”-оос би цаг үеийн олон талт шинэлэг, даацтай  мэдээ мэдээлэл, түүх, ёс заншлаа дээдэлсэн сурвалжилга, сонирхолтой нийтлэл, ярилцлага уншдаг. Улс орондоо ид хөдөлмөрлөж байхдаа би  орон нутгийн сонин хэвлэлтэй ойр байж идэвхтэн бичигч явлаа. Тэр үед тогтмол хэвлэл, ялангуяа өдөр тутмын сонин соён гэгээрүүлэх үүргээ сайн гүйцэтгэдэг, маш нөлөөтэй байжээ. Танай сонин улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л сэдвээр баримтад тулгуурласан, асуудал дэвшүүлсэн, анализ хийсэн тойм, чансаатай  сэтгүүл зүйн бүтээл  нийтэлдэг тул унших дуртай.

Өнөөгийн амьдралаас ажиглахад, хүмүүс ном сонин уншихаасаа илүү нийгмийн сүлжээнээс хэрэгтэй хэрэггүй зүйлийн араас хөөцөлдөж цагаа гарздаж, дийлэнхдээ худал хуурмаг мэдээллээр тархиа угаалгаж байна. Сонины соён гэгээрүүлэх ажлын нэг хэсэг болох иргэдийн боловсрол, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн бат бөх байдлыг сайжруулахад чиглэсэн нийтлэл, сурвалжилга хийж байгаасай хэмээн бас хүсэж байна.

 

Орхон аймгийн иргэн Д.Дуламсүрэн

 

 

 

ЦААСАН ХЭВЛЭЛ БОЛ ТҮҮХЭН ГАЙХАМШИГ

 

“Өглөөний сонин”-ы хамт олон, уран бүтээлчдэд ойн баярыг мэнд дэвшүүлье. Сонины ач холбогдол их. Нэгд, сонинд зай талбай  хязгаарлагдмал тул мэдээллийн ач холбогдлыг эрэмбэлж, үнэхээр түмэнд хэрэгтэй шахсан бяслаг мэт нягт бичвэр оруулдаг. Харин цахим хэвлэл, сайтууд зай талбайн хязгаарлалтад баригдахгүй ямар ч мэдээллийг дэлгэрэнгүй, товч алинаар нь ч чөлөөтэй нийтэлдэг.

Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд асар их ялгаа бий. Сонин хийхэд сэтгүүлч, уран бүтээлчдээс гадна бүхэл бүтэн хэвлэх үйлдвэр, цаас, будаг, түүнийг ажилуулах ажилчид, захиалагчдад хүргэх тээврийн сүлжээ, шуудан холбоо гээд их хэмжээний хөрөнгө хүч хэрэгтэй. Тэгвэл цахим хэвлэлд энэ бүхэн хэрэггүй, мэдээллээ түгээх интернет суваг байхад л хангалттай бөгөөд хавьгүй бага зардлаар, орон байр багатай, нүсэр тоног төхөөрөмж шаардахгүйгээр хийчихдэг тун авсаархан зүйл юм. 

Гуравдугаарт, цаг хугацаа, орон зайн хязгаарлалт гэж нэг асар том ялгаатай тал бий. Сонин үйлдвэрээс хэвлэгдэж гараад уншигчдын хүртээл болтол наад зах нь хэдэн цагаас хэд хоног болдог бол цахим хэвлэлд материалыг интернетэд байрлуулсан даруйдаа секунд, хормын төдийд уншигчдад хүрчихдэг. Сонин шиг хүлээх биедээ авч явах шаардлагагүй, дуртай үедээ чөлөөтэй цагтаа хүссэн мэдээллээ  шууд гар утаснаасаа авчихна. Гэхдээ сонин нь өнгөрсөн зуунуудын гайхамшиг байж хуудсан дээрээ түүхэн баримтуудыг бичлэг, зургаар үлдээсэн, цаашид ч түүхэн байр сууриа хадгалан үлдэх үнэ цэнтэй бүтээл байсаар байх болно.

 

Хэл шинжлэлийн ухааны доктор, төвдөч Д.Дэмбэрэлдорж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top