АНУ-д сүүлийн 50 жилд болж буй усан боомтын ажилчдын ажил хаялт тус улсын зүүн эргийн бүх боомтын үйл ажиллагаа зогсоход хүргээд байна. Энэ нөхцөл байдал энэ жилийн гол үйл явдал болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг, дэлхийн худалдаа, Украин, Израилд зориулсан цэргийн тусламжид хэрхэн нөлөөлөх вэ?
Боомтуудын ажилчид, боомтуудын эзэд тэдний цалинг дор хаяж 1.5 дахин нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээний багцыг сайжруулах, ирээдүйн автоматжилтаас тэдний ажлын байрыг хамгаалах баталгаа олгохоос нааш зургаан жилийн шинэ хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй хэмээн эртнээс мэдэгдэж байсан билээ.
Талууд тохиролцоонд хүрч чадаагүй тул ажилчид аравдугаар сарын 1-ээс эхлэн Нью Йорк, Техас, Вашингтон зэрэг зүүн эргийн томоохон хот, мужуудын хүнс, аж үйлдвэрийн барааны импорт, Америкийн бүтээгдэхүүний экспорт дамждаг боомтуудыг хаагаад байгаа юм.
Ковидын цар тахлын үед боомтуудын үйл ажиллагаа тасалдсаны улмаас дэлгүүрүүдийн лангуу хоосорч, экспортлогчид алдагдал хүлээн, үнэ өсөхөд хүргэж байлаа. Харин энэ удаагийн хямрал улс төрийн шалтгаантай. Учир нь амьдралын өртөг нэмэгдэх, орлого буурах асуудал нь ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуулийн өмнө америкчуудын тулгарч буй томоохон асуудлууд юм.
Ажил хаялт Америк болон дэлхий дахинд ямар хохиролтой вэ
Хэрэв ажил хаялт долоо хоног үргэлжилбэл үр дагавар нь хэдэн сараар мэдрэгдэнэ. Учир нь Америкийн боомтуудад гацсан хөлөг онгоцнууд Азид цагтаа хүрэхгүйгээс гадна жижиглэн худалдааны орлогын оргил үе болох Зул сарын хэрэглээний улирлаас өмнө Европ, АНУ-д бараа бүтээгдэхүүн авчирч амжихгүй.
Усан ачаа тээвэр нь дэлхийн эдийн засгийн гол тулгуур. Нийт 25 их наяд ам.доллароос давдаг дэлхийн худалдааны 80 хувийг далайгаар тээвэрлэдэг. АНУ-ын экспорт, импорт тасалдахад дэлхий даяар цуурайтна. Учир нь дэлхийн эдийн засгийн 255 гаруй хувь тус улсад ногддог. Олон улсын валютын сангийн мэдээллээр, энэ онд дэлхийн эдийн засаг110 их наяд ам.доллароор хэмжигдэх ба үүнд АНУ-ын эзлэх хувь 29 их наяд, Хятад болон Европын Холбооны эзлэх хувь тус бүр 19 их наяд ам.долларт хүрнэ.
АНУ-ын хэрэглэгчид хамгийн түрүүнд хохирно
Ажил хаягчдын хаагаад байгаа боомтуудаар АНУ-ын хүнсний импортын 50 орчим хувь дамждаг байна. Мөн эдгээр боомтоор хөдөө аж ахуйн экспортын 15 хувь дамждаг бөгөөд 2024 оны ургац хураалт, тарианы экспортын оргил үе тохиож байна.
Oxford Economics компанийн шинжээчид хувцас, гутал, тамхи, Европт үйлдвэрлэсэн автомашины эд анги, автомашины худалдаанд тасалдал гарна гэж таамаглаж байна. Ажил хаях аюул хэдэн сарын туршид нүүрлэж байсан тул компаниуд үүнд бэлтгэлтэй байсан. Тиймээс эхэн үед үүнээс учрах хохирол бага байна гэж шинжээчид үзэж байна.
Гэхдээ хэрэв ажил хаялт сунжирч, олон долоо хоногоор үргэлжилбэл үнэ өсөх, бараа бүтээгдэхүүний хомстол нүүрлэх эрсдэл бий гэж Бостоны их сургуулийн профессор Сет Харрис ярьжээ. Ажил хаялтын улмаас боомтууд чингэлэг болон авто машин хүлээн авах, ачих боломжгүй болно. Эрчим хүчний эх үүсвэр, хуурай ачааны нийлүүлэлт урьдын адил үргэлжилнэ. Мөн аяллын хөлөг онгоцнуудын зорчигчдод ковидын үеийнх шиг далайд гацна гэж айлтгүй.
Гол нь цэргийн ачааны нийлүүлэлт зогсохгүй. Үйлдвэрчний эвлэлүүд Пентагоны үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж амлажээ. Хуульд зааснаар хэрэв ажил хаялт үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулбал Цагаан ордны тэргүүн боомтуудын ажилчдыг ажилдаа орохыг шаардах эрхтэй. Тиймээс АНУ нь Европ, Украин, Израил зэрэг холбоотнууддаа зэвсгээ тасралтгүй нийлүүлэх боломжтой.
Oxford Economics ажил хаялтын улмаас АНУ-ын эдийн засагт долоо хоногт багадаа 4.5 тэрбум ам.долларын хохирол учирна гэж тооцоолжээ. 100 мянга гаруй хүн нэгэн зэрэг ажилгүй болохоос гадна нийт экспорт, импортын 30 гаруй хувь саатсанаар АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулах эрсдэлтэй.
Аажмаар бүгд хэвийн байдалдаа орох ч тэр үед АНУ-д бас нэг түүхэн үйл явдал болно. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгууль.
Харрис, Трамп хоёрт хэрхэн нөлөөлөх вэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг сарын өмнө боомтуудад ийн хямрал үүссэн нь худалдааны дайныг дэмжигч тааварлашгүй Доналд Трамп, Жо Байдены нээлттэй чөлөөт худалдааг дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа Ардчилсан намын битүү морь болох болох Камала Харрис гэсэн түүхэн сонголтын өмнө тодорхойгүй байдалд оруулаад байна. Хэрэв хэвлэлүүдээр хэдэн долоо хоног боомтуудын ажилчдын эсэргүүцлийн мэдээ гарч, ковидын үе шиг ариун цэврийн цаас худалдан авах хүмүүсийн урт дараалал үүсвэл одоогийн засаг захиргааг төлөөлж байгаа Харрист сонгогчдод амьдралыг нь дээшлүүлж чадна гэж итгүүлэхэд илүү хэцүү болно.
Ардчилсан намын нэр дэвшигч өөрчлөгдөхөөс өмнө америкчууд эдийн засгаа Жо Байденаас илүү Доналд Трампт итгэж өгөхийг хүсэж байгаа нь санал асуулга харуулж байсан. Харрис энэхүү чиг хандлагыг тэр даруй өөрчилж, санал асуулгын дүнгээс үзвэл эдийн засгийн гол асуудлаар дэвшүүлсэн хөтөлбөр Харрист давуу байдал олгосон. Тэрбээр 44 хувийн дэмжлэгтай байгаа бол Трамп 42 хувийн дэмжлэгтэй байна. Харрис ч тэр, Трамп ч тэр одоогоор ажил хаялтын талаар байр сууриа илэрхийлээгүй байна. Трамп өөрийгөө Америкийн хөдөлмөрчдийг хамгаалагч хэмээн мэдэгддэг тул боомтын ажилчдын эсэргүүцлийг өөрт ашигтайгаар хялбархан эргүүлж чадна.
Харин үйлдвэрчний эвлэлүүд уламжлалт ёсоор нийгмийн баримжаатай ардчилсан намынханд талтай. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахад чиглэсэн зэрлэг капитализмыг сайшаадаг бүгд найрамдахчууд ажилчдыг бус ажил олгогчдыг дэмжинэ хэмээн тэд жийрхдэг. АНУ бол Франц биш. Гэхдээ Байдены үед ч олныг хамарсан хөдөлмөрийн маргаан дэгдэж байсан. Төмөр зам, онгоцны болон автомашины үйлдвэрүүдийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, Холливудын найруулагчид ажил хаяж байсан билээ. Жо Байден үйлдвэрчний эвлэлүүдийг дэмжиж, тэр бүү хэл эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан удаатай. Харин энэ удаад Байден оролцохоос татгалзав. Тэр боомтын ажилчдын үйлдвэрчний эвлэлийг дэмжээгүй ч улсын аюулгүй байдлын үүднээс 80 хоногийн турш ажил хаялтыг зогсоох эрхээ эдлэхийг хүссэн эздийн хүсэлтийг ч хүлээн авсангүй. Энэхүү хуулийн 2002 онд 11 хоног баруун эргийн боомтуудад эмх замбараагүй байдал үүсгэж байсан ажилчдыг тараахын тулд Ерөнхийлөгч асан Жорж Буш /Бүгд Найрамдах нам/ хэрэглэж байжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ удаагийн ажил хаялт ардчилсан намынханд илүү хохиролтой. Сонгуулийн өмнө үйлдвэрчний эвлэлтэй ямар нэгэн маргаан дэгдвэл Харрис илүү өндөр төлөөс төлнө гэж ажиглагчид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )