Хууль зөрчиж хэрэг хийсэн ч албан тушаалаасаа салах дургүй, арга саам хийж сандал суудлаасаа зууралддаг манай сайд дарга нарт анхаарч үзэж, авбал зохих сургамж бусад оронд ар араасаа тохиолдож байна.
“Чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэсэн том бамбайтай манай төрийн түшээд энэ байтугайг хэлж, бэлэг сэлтийг хамах шиг л болдог. Нүүрсний хэрэгт хутгалдаад, бүхэл бүтэн банк “самраад”, сангууд цөлмөөд, авлига аваад, тендэр туугаад, ах дүүс, төрөл саднаараа төрийн албыг эзэгнээд ч өөрсдөдөө хир халдаадаггүй улстөрч олон. Хэлэх хэлэхгүй үгээр нэгнээ дарамтална, сонгогчдоо ч доромжилно. Ил далд бэлэг сэлт авна. Лобби хийж томоохон компаниудын эрх ашигт нийцсэн хууль батлуулахаар чармайна. Батлуулж чадвал авлига хүртэнэ.
Тэгвэл гадаад ертөнцөд улс төрчид, өндөр албаныхны энэ мэт үйлдэлтэй хатуу тэмцэж байна. Энэ аравдугаар сар гараад гадаад орны хэд хэдэн орны өндөр албаны хүмүүс хэлсэн үг, үйлдсэн үйлдлийнхээ төлөө сэнтийгээсээ бууж, ширээнээсээ шилжихээр болж байна.
"ЧАМАЙГ АЛНА ШҮҮ" ГЭСЭН НЬ ОГЦРОХ ШАЛТГААН БОЛОВ
Японы Үндэсний цагдаагийн газрын харьяа Киото мужийн цагдаагийн газрын дарга Шираи Тошиаки ёс бус үг амнаасаа гаргасан хэргээр огцрохоор болжээ. Тэрбээр эрх мэдлээ ашиглан бусдыг дарамталсан гэх үндэслэлээр албан тушаалаасаа буухаар болоод байна. Шираи Тошиаки наймдугаар сард ярилцлага өгөх үедээ өөрөөс цол тушаал доогуур ажилтандаа "Ална шүү" гэж хэлсэн нь ийм арга хэмжээ авахуулах хангалттай шалтгаан болжээ. Зохисгүй үг хэлсэн Шираи Тошиаки аравдугаар сарын 14-ний өдрөөс тушаал буурч ажиллах ажээ.
Үндэсний цагдаагийн газраас мэдэгдсэнээр Шираи Тошиакийн амнаас гарсан болчимгүй үг ажлын орчинд сөргөөр нөлөөлж, хамт олны уур амьсгалыг бохирдуулж буй. Нөгөө талаас иргэдийн зүгээс цагдаагийн ажилтнуудад итгэх итгэлийг алдагдуулж, нийгэмд таагүй нөлөө үзүүлж байгаа ажээ. Уг нь Шираи Тошиаки цагдаагийн шилдэг ажилтны нэг.
Тэрбээр Токиогийн их сургуулийн Эдийн засгийн факультетийг дүүргэж Үндэсний цагдаагийн газрын ажилтан болжээ. Улмаар Хоккайдо мужийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Тояама мужийн цагдаагийн газрын дарга, нийслэл Токиогийн Цагдаагийн газрын Хэрэг эрхлэх ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад 2023 оны гуравдугаар сараас Киотод шилжиж ирсэн байна. Гэвч цагдаагийн зэрэг хэргэмтэй ажилтны амнаас гарамгүй үгээр доод албан тушаалтнаа дарамталсан нь ийнхүү зэрэг дэв буурах шалтгаан болжээ. Монголд бол энэ мэт үг зарим албан тушаалтны өдөр тутмын амны уншлага болсон гэхэд хилсдэхгүй.
ҮНЭ БҮХИЙ БЭЛЭГ СУУДЛААС БУУХ ШАЛТГААН
Бас нэг жишээ. Сингапурын Засгийн газрын Сайд нарын танхимын Тэргүүн шадар сайд Субраманиам Исваранд саяхан нэг жилийн хорих ял оноожээ. Тэрбээр Зам тээврийн сайдын албан тушаал хашиж байхдаа бусдаас 403 мянган ам.долларын үнэ бүхий бэлгийг хууль бусаар авсан нь тогтоогдож, гэм буруугаа хүлээгээд байна. Хууль бус бэлэг гэдэгт "Brompton T-line" унадаг дугуй, өндөр үнэтэй архи, дарс, хувийн онгоцоор аялалд явсан зэрэг багтжээ. Түүний хэргийг шүүсэн шүүгч Винсент Хунг энэ талаар "Зам тээврийн сайд асан Исвараны үйлдсэн гэмт хэрэг нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэдийн зүгээс төрийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулсан" хэмээн тайлбарлажээ.
Исвараныг аравдугаар сарын 7-нд “хар гэр”-т хийх гэнэ. Субраманиам Исваран Сингапурын цаазлуулах ялтнуудыг хорьдог Чанги хэмээх чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдлэх бололтой. Зөвхөн сүрлэн дэвсгэр дээр л унтаж, ор дэр гэдгийг мартдаг тэрхүү шоронд орох ял авсан Исваран сүүлийн 50 жилийн хугацаанд шүүхээс ял авсан Сингапурын анхны улс төрийн зүтгэлтэн болж байгаа аж. Авлигыг устгаснаараа алдартай Сингапурт Исвараны тарьсан шуугиант хэрэг бүхэл бүтэн хот улсынхаа гадаад дотоод нэр төрд муугаар нөлөөлнө хэмээн ихэд шүүмжлэл дагуулж байгаа юм.
ТЭРГҮҮН ХАТАГТАЙГ Ч БАЛАГ ТОЙРСОНГҮЙ
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргийн бэлгэнд авсан гэх “Dior” брэндийн цүнхний асуудал ч маргаантай л байгаа. Энэ оны эхээр Өмнөд Солонгосын Тэргүүн хатагтай Ким Кён Хи-гийн “Dior” брэндийн цүнх бэлгэнд авсан бичлэг нийгмийн сүлжээгээр дэлгэгдэж шүүмжлэлийн бай болсон. Хэрэг хоёр жилийн өмнө болжээ. Солонгос, америк холимог гаралтай Чой овогт пастор гурван сая воны үнэтэй цүнхийг Тэргүүн хатагтайд өгч, хатагтай Ким Кён Хи яагаад ийм зүйл хийж байгаад нь гайхаж буй нь бичлэгт гардаг. Уг цүнхийг БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хэрэг хэрхэн шийдэгдэхийг хүлээн хадгалж байгаа ажээ.
БНСУ-ын хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүд нэг удаа нэг сая воноос хэтэрсэн үнэ бүхий бэлэг авахыг хориглодог. Бүтэн жилд авах бэлгийн нийт үнийн дүн гурван сая воноос давах ёсгүй. Тус улсын иргэдийн талаас илүү хувь нь Тэргүүн хатагтайд өгсөн бэлгийг зохисгүй үйлдэл хэмээн үзэж Ерөнхийлөгчийн чансаа ч доошлоход нөлөөлжээ. Тэр бүү хэл өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр БНСУ-ын Дээд Прокурорын газрын мөрдөн шалгах хорооноос Тэргүүн хатагтай Ким Кён Хи-г Пастор Чой-гоос үнэтэй тансаг цүнх авсан хэргээр яллах эсэх асуудлыг ч хэлэлцсэн. Гадна дотнын шинжээчдийн багаар хэлэлцэн байж уг хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа ч улсын Ерөнхий прокурор шударга байдлыг хангах шаардлагатай хэмээн уг хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулахаар хяналтын хороонд шилжүүлнэ гэжээ. Үнэтэй бэлэг сэлтээс болж Тэргүүн хатагтайг ч балаг тойрсонгүй. Ерөнхийлөгч болоод Тэргүүн хатагтайгаас шүүх, прокурор, ард иргэд ч эмээсэнгүй.
Гадна талд байдал ийм байна. Харин Монголд увайгүй үйлдэл хийх тусмаа олны танил болж, попорч л байвал УИХ-ын сэнтий ойртож, өндөр дээд албан тушаалд очвол идэж уух хаалга нээгдсэн мэтээр аашилдаг хүн нэг бус. Бусад орны жишгээр иргэд, шүүх, цагдаа нь өндөрт залсан албан тушаалтнуудын буруу үйлдэлтэй эмээлгүй тэмцэж чаддаг болсон цагт улсын ажил ихээхэн цэгцэрнэ гэдэг л туйлын үнэн юм.
Сэтгэгдэл ( 0 )