Орон нутгийн сонгууль буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль бариан дээрээ бараг ирж, сурталчилгааны ганцхан хоног үлдээд байна.
Энэ удаагийн орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай дүйхүйц дуулиантай, өрсөлдөөнтэй болж өндөрлөх шатандаа орж буй. Уг сонгуульд 12 нам, эвсэл, бие даагч, нийт 13 субъект оролцож, аймаг, нийслэлийн ИТХ-д 1992, сум, дүүргийн ИТХ-д 15283 нэр дэвшигч, үүн дээр 266 бие даагч, нийтдээ 17541 хүн 2393 тойрогт 8031 мандатын төлөө өрсөлдөж байна. Урьд өмнөх орон нутгийн сонгуулиудаас хамгийн олон нам, хамгийн олон нэр дэвшигч оролцож буй нь 2024 оны сонгууль. Үүн дээр хачирхалтай, сонирхолтой нэг процесс өрнөж байгаа.
УИХ-ын гишүүд арав, хориороо чөлөө аваад, аваад ч гэж дээ, нэр төдий чөлөөний хуудас Тамгын газартаа чулуудчихаад, хариу ч авалгүй орон нутгийн сонгуулийн тойргууд руу гараад өгсөн байгаа юм. Энэ удаагийн 126 гишүүнтэй УИХ-ын анхны намрын чуулган нээлтээ хийгээд эхний долоо хоног нь л явж байхад эрхэм түшээдийн суудал тавь, жараараа онгорхой байх жишээтэй. Намрын чуулганы эхний өдөр л гэхэд 126 гишүүнээс 65 нь л хуралдаа иржээ. Дараа дараагийн өдрүүдийн ирц ч сайн байсангүй. Ямар сайндаа Д.Амарбаясгалан дарга “Тасалсан, хуралдаанд суугаагүй гишүүдийн нэрсийг ил тод зарлана” хэмээн мэдэгдэж суух вэ. Эзгүй гишүүд хаачсан юм гэхээр орон нутгийн сонгуулийн тойргууд руу явсан гэх. Хэзээ байтлаа УИХ-ын гишүүд орон нутгийн сонгуульд ингэтлээ анхаарч байсан юм.
Өчигдөр Төрийн ордон орсон сэтгүүлч “Ихэнх гишүүн орон нутгийг зорьжээ. Ордон эзгүй шахам байна” л гэнэ. Хаа сайгүй л аймгуудын пейж хуудсууд дээр “Тийм гишүүн тэдэн цагаас тэнд сонгогчидтойгоо уулзана” гэсэн зар тавиастай. Уг нь намрын чуулганаар ирэх оны улсын нэгдсэн төсвийн төсөл, Мөнгөний бодлого, өнгөрсөн жилүүдийн төсвийн гүйцэтгэл, ирэх хэдэн жилийн төсвийн төсөөлөл гээд улс орны амьдралын амин чухал асуудлуудыг хэлэлцдэгсэн. Гэтэл энэ удаа гишүүд орон нутгийн сонгуульд санаа зовоод сүйд. Сэнтий суудалдаа ч тогтохоо больж.
Тэгэхээр энэ удаагийн УИХ-ын гишүүдийн орон нутаг тийших хуйлраан жирийн хэрэг лав биш. Женко, Х.Нямбаатар хоёрын орон нутгийн сонгууль эхэлснээс хойш үргэлжилж буй лайвтай “зодоон” ч энгийн явдал яав ч биш. Явж явж энэ удаагийн орон нутгийн сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн бэлтгэл байж болох талаар ажиглагч А.Батболд гэдэг хүн хэвлэлд бичсэн байна лээ. Нээрээ ч болж буй үйл явдлуудаас харахад Төрийн тэргүүний 2027 оны сонгуулийн удиртгал, бие халаалт нь энэ удаагийн орон нутгийн сонгууль болов уу ч гэж харахаар.
Хамгийн сүүлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог болсон. Тиймээс 2021 онд сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 2027 онд өндөрлөнө. Нэгэнт түүний бүрэн эрхийн хугацааны 50 хувь өнгөрөөд буй тул Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд бэлтгэж, орон нутагт хөлөө бэхлэж авахын төлөө улс төрийн намууд зүтгээд эхлэв бололтой. Өнөөдөр парламентад суудалтай байга МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй.
Үүний тулд МАН өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар “цэнхэртүүлж” алдсан говийн бүс, хангайн бүсийн аймгууд, Ерөнхийлөгчийн сонгуулийн “тулах цэг” болсон нийслэл хот, Эрдэнэтэд ихээхэн анхаарч, Улаанбаатар хотын авто замууд үүний ачаар “их засвар”-т орж цэлийж, цэмцийж байна. Х.Нямбаатар дарга ч зам засварынхантайгаа өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид дунд Женко буюу Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцынхан ихээхэн жин дарсан. Тиймдээ ч Х.Баттулгын баг, Х.Нямбаатар нарын хооронд ширүүн тэмцэл өрнөлөө. Ямар сайндаа Х.Нямбаатар дарга “Женко лайвчин пацаануудаа орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн. Би өдөр бүр Женкогийн талаар нэг юм хэлнэ” гэж байх вэ. Тэр нь “З.Энхболд алх бариад үүр шөнийн заагаар шинээр тавьж буй бордюруудыг хага цохиж зургийг нь аваад явж байна” гэсэн адал явдалт кино шиг зүйлээр эхэлсэн. Заргачаараа өрсөлдөгчөөсөө дутахгүй З.Энхболд ч “Би Өвөрхангайд байна. Яаж хот орж бордюр хагалж явдаг юм. Хэрэв хагарч байгаа бол тэр чинь чулуун бордюр биш, хиймэл эд байна. Гүжирдэж гүтгэсэн Х.Нямбаатарыг шүүхэд өгнө” л юм болсон.
МАН, АН хоёрын орон нутагт, анхан шатанд хөлөө бэхжүүлэх гэсэн өрсөлдөөн ийм байдлаар өрнөв. “Ерөнхийлөгчөөр нэг хүн нэг л удаа сонгогдож ажиллана” гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт хүчинтэй хэвээр байвал 2027 онд Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй. Гэвч өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өөрийн талынхнаа дэмжиж парламентад цөөнгүй суудалтай болсон, орон нутгийн сонгуульд ч багаараа идэвхтэй оролцож буйгаас харвал гурван жилийн дараа болох Төрийн тэргүүний сонгуульд өөрөө биш гэхэд гарын хүнээ дэвшүүлж таарна. МАН-ын хувьд кандидат олон. Хэнийг ч гурван жилд шигшиж гаргаж ирж болно.
ХҮН нам 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж туршлага суугаад авсан Датакомын Д.Энхбатыг гаргаж ирнэ гэх юм билээ. Өмнө нь бол Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 45 нас хүрсэн байх болзолтой байсан, өмнөх Ерөнхийлөгч нар Х.Баттулгаас бусад нь 46-48 насандаа Төрийн тэргүүн болж байв. Харин шинэ хуулиар 50 нас болж насны босго нэмэгдсэн. ИЗНН-ын хувьд УИХ-ын гишүүн, тус намын дарга Б.Батбаатар 2027 онд энэ насанд шүргэх байх. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх боломжтой. Үндэсний эвслийг тэргүүлдэг Н.Номтойбаяр насны босгод хүрэхгүй учир эвсэл дотроосоо нэртэй төртэй нэг эрхмийг гаргаж ирэх биз ээ.
Ийм нэг нигуур байгаа учир УИХ-ын эрхэм гишүүд чуулганаа хаяж, хуралдаанаа орхин байж орон нутгийн сонгуулиар орон нутаг руу олноороо тэмүүлж, хөлөө бэхлэж, байр сууриа батжуулахын төлөө явцгаах шиг боллоо. Аль нам Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх хөрсөө ахиухан базааж авахыг ирэх баасан гараг, аравдугаар сарын 11-нд болох сонгууль харуулна.
Сэтгэгдэл ( 0 )