Аливаа сайн яваа хүмүүс бол “сэрсэн тал” юм. Сэхээрсэн, сэртэндсэн, сэтгэл уужирсан, хэцүүг давах туршлага ур суусан зөв эрчимт, зүрх сэтгэл сайт, зөн билэгт хүмүүн байдаг. Хоцорч яваа нь хар эрчимтэй хад чулуу мөргөсөн харалган бодолдоо боомилогдсон, хазгай гишгэсэн хүмүүс байдаг. Таван хүнтэй ам зөрөөд байвал та болохгүй байна гэж өөрийгээ шинжих, өрөөлд бурууг үл тохох. Үйл ажил нь амтайгаа зөрөхгүй болохоор л авшигт багтсан хүмүүн болой. Худал амлаад, хулхидаад л яваа нөхөр бол хумхийн тоос адил хуурамч хорвоо.
Хүн байнга муулж явдаг хүн бол “жорлон”. Жолоогоо алдаж зовлонд живсэн хүн шүү. Зон олонд туслаад, цагтаа ажлаа амжуулаад, цалингаа амьдралдаа хүргээд байгаа хүн бол нөхцсөн шуламсуудыг нөгөө ороог нь оруулалгүй, ордондоо өнжүүлэлгүй оргүй хөөн тонилгосон баатрууд гэмой. Мөрөн дээрх бурхан, чөтгөр хоёрыг тэгш хооллоод явдаг тэнхээтэй нэгэн ч байх. Тэр хорвоог дан цагаанаар давна гэж бас үгүй тэнцвэрийг нь хараад, тэгшийг нь үзээд, тэнхлэгээ зөв эргүүлсэн хүмүүн л тэнхээт замыг туулна. Тэсвэр хатуужлаа бэхэлнэ. Хүнд мууг үл үүтгэн хүлэг морьдоо эмээллэн хүний хоньд хамахгүй, хөсрийн яс зулгаахгүй бол хөлөг баатар тэр мөн болой.
Мөрөөрөө явсан хүнийг мөнх тэнгэр ивээнэ. Элчит наран энхрийлнэ. Эцэг үрс баярлана. Баатар эр бол байгалийн өгөгдөл, бал бурам л гэсэн үг. Байгаа нь уул байршил нь сүмбэр. Ийм хүмүүн их олны дунд элсэн дундах заг мэт зангилааг тайлан залуурыг бэхлэн суух бөлгөө.
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )