Ардчилсан намын дотоод ХЯМРАЛ хярамцаг болов

2024 оны 10 сарын 22

ХЯРАМЦАГ ХЭЗЭЭ ЭХЛЭВ?

Ардчилсан намын дотоод хямрал олон жилийн турш үргэлжилсээр өнөөдөр нэгэнт хярамцаг болжээ. Гэм биш зан, гэнэт биш хуучны энэ явдал 1996 оноос эхэлсэн гэж хэлж болно. Шинэ нийгмийг эхлүүлж, ардчиллын салхийг сэвэлзүүлсэн 1990-1996 оны хооронд ардчилагчид жинхэнэ мөн чанараараа ардчиллын төлөөх хараацайнууд байсан юм. Нийгэм даяараа тэднийг дэмжсэн нь ч амжилтад хүрэхэд нөлөөлсөн.

Хуучин тогтолцоог халж, нийгэмд ноёрхож асан хатуу үзэл суртлын хүлээсийг тайлж, жирийн иргэн гадаад паспорт гартаа барих бүү хэл, аймаг, сумын хооронд зорчихдоо орон нутгийн засаг захиргаанаас авдаг байсан “Зам явах” нэртэй визийг цуцалж, хөдөөний хүн гоц гойд авьяас, мэргэжилтэй л биш бол хөдөөдөө л амьдарч, хотын хүн болох гэдэг нь тэдэнд холын мөрөөдөл байсныг зогсоон, хувь хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхийг олгож, жирийн иргэн хувийн өмчтэй байж болохыг хуульчилж, амины малтай, сууцтай, газартай, эд хөрөнгөтэй байх боломжийг бүрдүүлж, бүр хувьдаа байгууллага байгуулж эзэн нь байх эрхийг олгосон шинэ Үндсэн хуулийг тогтоож, юу санаснаа ил тод ярих эрхтэй болж, өнөөдөр зүгээр л хэвийн болсон үзэгдлүүдийг хорионоос чөлөөлж өгсөн тэр л үйл явдлууд дээрх хугацаанд өрнөсөн. Хуучин тогтолцоонд өнөөдрийн чөлөөтэй хийдэг зүйлсийн дийлэнх нь тас хориотой, хийвэл гэмт хэрэгтэн, ялтан болдог байсныг өнөөгийн залуус төсөөлөх ч үгүй. Наад зах нь өөрт томдож багадсан хувцсаа гар дээрээсээ зараад баригдвал “Дамын наймаачин” хэмээх цол зүүж цагдаагийн хяналтад ордог байв. Хувьдаа машинтай байхыг жирийн иргэн зүүдэлж ч явсангүй.

УИХ-ын 1992 оны сонгуульд ялагдсанаар тухайн цагийн ардчиллын төлөөх намууд буюу Монголын Ардчилсан нам, Монголын Үндэсний дэвшлийн нам, Монголын Сэргэн мандлын нам, Чөлөөт хөдөлмөрийн нам зэрэг намууд нэг дээвэр дор, Монголын Үндэсний Ардчилсан нам нэрийн дор цугларав. Энэ нэгдэл сүүлд эрх мэдэлд хүрмэгц ан цаваараа салж, нам тэргүүлж байсан экс дарга нараараа толгойлуулсан фракцуудад хуваагдан хярамцгийн эхлэл тавигдсан. Эхний бөгөөд одоогоор эцийн удаа УИХ-д олонх болсон 1996 оноос хойш ардчилагчдын байдал өөрчлөгдөж, зан нь хувирч, өнөөдрийн хямрал, хярамцаг нүүрлэж эхэлсэн юм. Энэ үеэс чин сэтгэлээсээ ардчиллын төлөө явсан жирийн гишүүд гадуурхагдан гадна үлдэж, албан тушаалд донтой, авах идэх сонирхолтой нөхөд дээшээ мацах үүд нээгдсэн. Мэдээж ийм сонирхолтой нөхдөд ашиг л унаж байвал намын үзэл баримтлал, бодлого, улс орны төлөөх зүтгэл огт хамаагүй юм чинь. 

МҮАН-ынхан 1996 онд Монголын социал демократ намтай хамтарч “Ардчилсан холбоо” эвсэл нэрээр засгийн эрх дангаар баримагц танил тал, найз нөхөд, хамаатан садны хүрээлэлд эзлэгдэж, төрийн албыг төрлийн алба болгох эхлэл тавигдсан. Ядаж л 1996 он хүртэл бор зүрхээрээ зүтгэж  ардчиллыг ялалтад хүргэсэн МҮАН /Монголын Үндэсний Ардчилсан нам буюу өнөөдрийн Ардчилсан нам/-ын төв аппаратын ажилтнуудыг үндсээр нь халж, ерөнхий нарийн бичгийн дарга асан Ш.Түвдэндоржийн хамаатан садан, ахан дүүс, найз нөхдөөр дүүргэсэн нь цаашдаа намын ажил унах шалтгаанд хүргэсэн гэж хэлж болно. Төрөл саднаараа сүлбэлдсэн цагаасаа төрийн албыг үнэлгээтэй болгох эхлэл тавигдсан. Лав л хотын байгууллагуудын албан тушаалыг мөнгөөр үнэлж байна гэх урьд өмнө сонсогдож байгаагүй зүйлс чих дэлсэж эхлэв. Яваандаа фракцууд вант улсаа босгож, Баянзүрх дүүрэг л гэхэд нэг үе С.Эрдэнээр овоглогдож явсан  жишээтэй.


 

ХЯРАМЦАГ ДААМЖИРСАН ШАЛТГААН

 

Ардчилсан нам шалдаа буусны шалтгаан олон бий. Цөөн хэдийг дурдвал:

Нэгд, ардчиллын лидерүүд өнгөрсөн 30 гаруй жилд залгамж халаагаа огт бэлдсэнгүй, мөнх наслах юм шиг дараа дараагийн үеэ дарж, өөдийн бараа харуулалгүй байсаар өнөөдөр цагийн эрхээр өвгөрцгөөв. Боловсролтой, чадалтай олон залуус Ардчилсан намд байсан ч лидерүүддээ дарагдаад өөр өөрийн замыг хөөж одсон. Зарим нь бусад намд элсэцгээсэн.

Тэгвэл МАН /хуучнаар МАХН/-д 1990 оноос хойш хэчнээн үе сэлгэв. Эхний эгнээ унасан ч арын эгнээ залгасаар.1990 оноос хойш үзэл баримтлалаа алдаж, Б.Даш-Ёндонгийн “Нагаржунайн онол”-д төөрч явсан тэр цагийн МАХН, өнөөдрийн МАН-ынхан “муу нэрт” Н.Энхбаярыг 1997 онд МАХН-ын дарга болсон цагаас бодлогоо цэгцэлж, улстөрчдийг үе үеэр нь бэлтгэж эхэлсэн. С.Баяр, Ц.Нямдорж, Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан нарыг залгаад М.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, тэдний араас У.Хүрэлсүх,  Д.Цогтбаатар, дараагийн үе Г.Занданшатар, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ж.Ганбаатар, С.Амарсайхан, өдгөө ид яваа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Н.Учрал, Х.Булгантуяа, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн гээд тасралтгүй бэлтгэгдсэн улстөрчид үе үеэрээ гарч ирсээр. Тэдний дараагийн эгнээ Э.Батшугар, Г.Лувсанжамц, Б.Уянга тэргүүтэй залуус УИХ-д сууж байна.

Ардчилсан намын хувьд яг ингэж залгамжилсан улстөрч хаана байна вэ? Мөнөөх Э.Бат-Үүл, Да.Ганболд, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Эрдэнэ нар тайзнаас буухгүй санаатай зууралдсан боловч нэгэнт цааш явах “морь нь эцсэн”. Нэг үгээр, партизанууд нурлаа, арын халаа байхгүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга л бөх хүний арван гурван мэхээ хийж зүтгэсээр УИХ-д суув шив. Хаа очиж Х.Баттулга өөрийн гэсэн залуустай нь 2024 оны хоёр сонгуулиар харагдлаа. Өөрөөр бол АН-ын залуу үе гээд байгаа нь үнэн хэрэгтээ ардчилагчид биш, ихэнх нь цүнх баригчид, нам нь ямар үзэл баримтлалтайг ч мэдэхгүй шахам попчид, лайвчид, цаг нь ирвэл урваад явчих нөхөд голдуу.

Хоёрт, Ардчилсан намыг доторх хагаралдаан нь аажмаар идсээр өнөөгийн байдалд хүргэснийг дээр хэлсэн. Олон нам нэгдсэний улбаа арилалгүй, лидер дагасан бүлэглэлүүд болж, дотроо толхилцсоор 1996 оны ялалтаа баталж чадалгүй 2000 оны УИХ-ын сонгуулиар ганц суудалтай /Ж.Наранцацралт агсан/ үлдэж, түүнээс хойш дангаараа олонх болж үзсэнгүй. Тэр жилийн сонгуулийн өмнөхөн “Ардчилсан холбоо” эвслийг бүрдүүлж байсан МҮАН, МСДН хоёр эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харж салаад шанд нь ганц суудалтай хоцорсон хэрэг.

2000 оны 12 дугаар сарын 6-нд Үндэсний Ардчилсан нам нь Монголын Социал демократ нам, Шашинтны ардчилсан нам, Уламжлал сэргэн мандлын нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн нам гэсэн улс төрийн хүчнүүдтэй нийлж, дээрх зургаан хүчний нэгдлийн үр дүнд одоогийн Ардчилсан нам болсон ч фракц хоорондын хагарал, тэмцэл улам гүнзгийрч, үе үеийн дарга нар нь нэгтгэх гэж үзээд баралгүй өнөөг хүрснээр барахгүй саяхныг болтол хоёр нам, хоёр тамгатай болохдоо тулж хярамцаг хутгасан удаатай. МСДН сайндаа ч Ардчилсан намд нэгдээгүй л дээ. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, тухайн үеийн хуулиар 45 нас хүрсэн улстөрч МҮАН-д байгаагүй учир ах настай Р.Гончигдорж МСДН-аа нэгтгэж, Ж.Наранцацралтын буянаар олдсон УИХ-ын ганц суудал дээр нь дулдуйдан нэр дэвшсэн ч өвдөг шороодсон.

Гуравт, уг нь улс төрийн намууд өөрийн гэсэн үзэл баримтлал, онолтой байж, түүндээ тулгуурлан  сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах учиртайг бодолцвол Ардчилсан намын үзэл, онол өнөөдөр бусдаас юугаараа ялгаатай нь ойлгогдоход бэрх болов.

Барууны чигийн үзэл баримтлалтай байсан Ардчилсан нам өдгөө тухайлсан баримтлалгүй болж, зүүний үзэлтэй МАН-тай засагт хамтарч, социалист маягийн чиг баримжаа барьчихсан тууж яваа. Энэ бүхнээс харвал 34 жилийн түүхтэй Арчилсан нам баруун, зүүний үзлийг холилдуулан сахиж, төлөвшиж чадаагүй явааг гэрчилж буй.

Эхэн үедээ үндэсний хэмжээний нам болж, МАН /МАХН/-тай ана мана өрсөлдөж явсан Ардчилсан нам ардчилагчдынхаа урмыг хугалж, залгамж үеэ мохоож, хүчин мөхөсдөж, 34 жилийн түүхэндээ өөрийн гэх байр ч үгүй, үзэл баримтлалаа хэн хавьтсантай нь наймаалцаж, алба тушаал л олдож байвал хайр найргүй түүнд шунаж, хоорондоо хөлөө жийлцэж, толгой гэх зүйлгүй болсон нь төдийгөөс өдий хүртэл удирдаж ирсэн цөөн тооны дарга нарын хойч халаагаа бэлдээгүй, алсыг хараагүй, гагцхүү өөрсдийн эрх мэдлийн төлөө шунаж ирсний балаг гэхээс өөр юу гэлтэй. Иргэд сөрөг хүчин хүссэндээ УИХ-ын 2024 оны сонгууль, орон нутгийн сонгуульд ардчилагчдыг дэмжиж хэдэн суудалтай болгосон ч түүнийг нь эрх ашигтаа хүлэгдэн эрх баригчдад “бэлэглэж” орхилоо.

Үргэлжлэл бий.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.9.40.185) 2024 оны 10 сарын 22

Гонгиноод л байдаг болсон доо

0  |  0
нэргүй(139.5.216.123) 2024 оны 10 сарын 22

Яг үнэнийг бичжээ. Үнэхээр одоогийн АН-д үзэл баримтлал үнэт зүйл байхаа болиод удаж дэмжигчид нь нүүр буруулж эхэлсэн. Олны нүдэн дээр өөрсдөө ардчилсан байж чадахгүй байж Ардчилал гэдэг үгийг өмчилж зарчимгүй дур зоргоороо авирлагчдыг өөгшүүлж турхирсаар ирсэн нь олны дэмжлэг хазайхад хүргэж баигаагаа ойлгохыг огтхон ч хүсэхгүй, бурууг дандаа бусдаас эрэх хандлагатай эрх хүүхэд шиг авирлаж байгаа нь олны итгэл хүлээхээ больж эхэлсэн шүү дээ. Хуучин удирдагчид нь 90 ондоо гацчихсан, коммунистууд л биднийг өөд нар харуулахгүй байна гэж гонгинохоос өөр шийдэлгүй. Ийм байхад хэн дуртай байхав дэ

1  |  0
шаабар(66.181.182.171) 2024 оны 10 сарын 22

Ямар ч үнэн зөв мэдээлэлгүй нөхөр энэ нийтлэлийг бичсэн юм бол доо. Ганц нэг зүйлийг эс тооцвол хэн нэгний захиалгаар өдөөн хатгаж бичсэн гэдэг нь тодорхой. АН өөрсдөө учир зүйгээ олчих чадалтайгаа. Хөндлөнгөөс хөлөө дүрэх хэрэггүй. МАН аа л өөгшүүлж долоохоо бод.

0  |  1
7(66.181.160.55) 2024 оны 10 сарын 22

Улс орныг зөв бодлогоор авч явах болохоос тэр баруун зүүн ардчилал гэсэн тэнэг үзэл бодлоосоо салах хэрэгтэй

0  |  0
Top