“Дэлхийн цирк Монголд” төслийн хүрээнд 10 жилийн ойн тоглолтоо “Степпе Арена” мөсөн ордонд энэ сарын 6-наас эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт 26, 27-ны өдрүүдэд тоглоод хаалтаа хийх юм. Тоглолтын үеэр тус төслийн санаачлагч, ерөнхий продюсер, Олон улсын циркийн холбооны шүүгч Н.Эрдэнэтэй ярилцлаа.
-“Дэлхийн цирк Монголд” төслийг эхлүүлж, Монголынхоо үзэгчдэд хүргэж буй танд баярлалаа. Энэ жилийн онцлог, тоглолтын сонин сайхнаас сонирхуулна уу?
-Баярлалаа. Бид энэ жил нийтдээ 18 үзүүлбэртэй хоёр цаг гаруйн тоглолтыг үзэгчдэдээ бэлтгэсэн. Энэ жилийн гол онцлог бол сургуулилттай нохой, баавгай, спорт үзүүлбэр буюу агаарын мотоциклтой шоуг Монголд анх удаа тоглож байна. Мотоциклтой шоу нь агаарт 15 метрийн өндөрт циркийн хүнд элементүүдийг мотоцикльтойгоор хийж үзүүлж байна. Энэ төрлийн үзүүлбэр дэлхийд ховор. Энэ удаагийн тоглолтод есөн орны 114 олон улсын циркийн жүжигчид оролцож байна. Арын алба, багийн бусад гишүүдийг оролцуулбал 260 гаруй хүнтэй маш том баг ирсэн.
-Баавгайнууд нь ОХУ-ын нэрт жүжигчин Юрий Никулины хайртай амьтад байсан, бид жаахан бамбарууш байхаас нь олж авч сургасан гэж баавгайнуудын үзүүлбэрийг удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцева ярьж байсан. Гэхдээ л тэд зэрлэг амьтад, тэгэхээр аюулгүй байдлыг хэр хангасан бэ?
-Чухал асуулт байна. Бид аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. Сургуулилттай амьтадад зориулан хоол зүйч болон ОХУ-ын төв циркээс мэргэжлийн малын эмчийг урьж авчирсан. Мэдээж циркийн манежид тоглолт үзүүлж, үзэгчдийг хөгжөөхөөс гадна баавгай, нохой гээд сургуультай амьтдадаа анхаарал хандуулах нь чухал. Агаар, орчин солигдсоноос шалтгаалан хөнгөн болон хүнд хэлбэрээр өвдөж болно. Тоглолт бүрийн өмнө амьтдын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдал гээд мэргэжлийн эмчийн үзлэгт оруулах шаардлагатай байдаг. Энэ бүхнийг анхаарч ажиллаж байна.
Манай тоглолтод гурван баавгай ирсэн. Хоёр нь 34 настай, нөгөөх нь удахгүй 18 нас хүрнэ. Циркийн амьтад бидний гэртээ тэжээдэг амьтадтай адилгүй. Мэдээж зэрлэг араатан тул төрсөн цагаас нь хойш хамт амьдрах үедээ амьдарч, гэр бүлийн гишүүнээс эрхэм байдлаар хандаж байж өнөөдрийн бидний харж байгаа үзүүлбэрийг үзүүлж чадах хэмжээнд хүргэнэ шүү дээ. Баавгайнуудын үзүүлбэрийг удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцева бол 40 жил амьтан сургагчаар ажиллаж байгаа маш туршлагатай багш, сургагч. Энэ баавгайнууд төрөөд эхний зургаан сарын хугацаанд жүжигчдийн маань гэрт амьдарч байсан гэсэн. Хүнээр бол бор хоолонд орсон үед нь циркийнхээ манежад авчирч, эмчийн нарийн хяналтад дор хоол, витамин, элдэв өвчнөөс хамгаалах вакцинжуулалтад хамруулсны дараа циркт амьдарч эхэлсэн гэж сургагч багш маань ярьсан. Мотоцикль унуулж сургахын тулд ойролцоогоор дөрвөн жилийн хугацаа шаардагдсан гэсэн. Гэхдээ мэдээж, шууд мотоциль унуулж сургачихаагүй. Эхлээд самкат унуулж сургасан. Рулиэ бариад тэнцвэрээ олоод эхэлснийх нь дараа мотоцикль дээр суулгасан. Зөвхөн мотоцикль унуулж сургахад дөрвөн жилийн хугацаа зарцуулсан гэсэн. Тэр үед дэлхийн цирк үзэх дуртай, энэ урлагийг хүндэлдэг хүн болгоны хайртай нэрт жүжигчин Юрий Никулин циркийн даргаар ажиллаж байж, баавгайнууд яг л цирк дотор, хурлын зааланд гэрийн тэжээвэр амьтан шиг чөлөөтэй үсэрч тоглоод гүйж явдаг байсан гэсэн. Түрүүн би хоёр баавгай нь 34 настай гэдгийг хэлсэн. Сургуулилттай энэ хоёр баавгайн тухайд хамтран тоглогч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцеватай 20 жилийн турш үзүүлбэрээ толилуулж ирсэн. Өмнө нь жүжигчний маань гэр бүлийн хүн буюу нөхөр нь энэ хоёр баавгайг сургаж, хамт тоглолт хийдэг байсан. Тэд гэрлэснээс хойш хамтдаа амьтдыг сургаж, үзүүлбэр тоглодог болсон юм билээ.
-Сургуулилттай баавгайнууд мах иддэггүй, дан жимсээр хооллодог гэсэн. Үнэн үү?
-Баавгайнууд өдөрт 4-5 кг хоол иддэг. Үүний 3 кг орчим нь нарийн ногоо, хүнсний ногоо. 1-1.5 кг нь лийр, усан үзэм, тарвас. Үлдсэн хэсгийг тараг, сүү, өндөг эзэлдэг. Махан төрлийн зүйлээс зөвхөн улаан загас иддэг. Дээр дурдсан бүтээгдэхүүнийг шууд дэлгүүрээс аваад өгөх боломжгүй. Илчлэг, тослогийг нарийн тааруулж, заасан хэмжээгээр, эмчийн зөвлөснөөр өгдөг. Тоглолттой, өдөр, тоглолтгүй буюу амралтын өдөр өгөх хоолны жор өөр. Тоглолтгүй өдрүүдэд арай илчлэг өндөртэй хоол хүнс хэрэглэдэг бол тоглолтой өдөр жимс ногоог түлхүү байдлаар хөнгөн хооллодог.
-“Цирк бол гэр бүлээрээ үзэж, дурсамж бүтээдэг өвөрмөц урлаг” гэж танай хөтлөгч ярилцлага өгөхдөө хэлсэн. Тоглолтоос тоглолтод заал дүүрч байна уу?
-Хүмүүс ойлгохдоо циркийг багачууд, хүүхдүүд үздэг юм шигээр төсөөлөөд байх шиг байна. Гэтэл цирк бол гэр бүлээрээ хамтдаа сууж үзээд хамгийн сайхан дурсамж бүтээж, бие биеэ хөглөх ховорхон боломж. 2013 онд манай тасалбар суудлаасаа хамаарч 20, 30, 40 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо энэ үнэ хэвээр. Одоо энэ сарын 26, 27-нд ердөө хоёрхон өдөр тоглоод манай энэ удаагийн тоглолт хаалтаа хийх гэж байна. Үнэндээ бол 20 мянган төгрөг гэдэг нэг таваг хоол авч хүрэх эсэх нь эргэлзээтэй ийм байгаа нь бодит үнэн шүү дээ. Есөн орны 114 жүжигчин оролцсон хамтарсан тоглолт атал тасалбарын үнэ 20 мянгаас эхэлж байгаа. Бид үзэгчдээ хүндэлж, үнэнч хандаж ирлээ. Олон улсын өндөр зэрэглэлийн үзүүлбэр, жүжигчид ирдэг, зардал ихтэй ч цаашид бид тасалбарынхаа үнийг нэмэхгүй, жил ирэх бүр тоглолтоо улам чанаржуулж, үзэгчдэдээ бэлэг барина.
-Дараачийн тоглолт хэзээ болох бол?
-2025 оны хавар “Степде арена” ордонд Монголд өмнө нь ирж байгаагүй жүжигчид, амьтад, үзүүлбэрийг авчрахаар төлөвлөсөн. Яг ямар үзүүлбэр тоглогдохыг хэлчихмээр байв ч нууц хэвээр үлдэг. Дэлхийн циркчидийн тоглолтыг нэг сарын өмнө товлочихдоггүй. УУлзалт, яриа хэлэлцээ, гэрээ хийх гээд шат шатны ажил өрнөдөг.
-Та олон улсын циркчидийн холбоонд шүүгчээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-2016 оноос олон улсын циркийн тэмцээнүүдэд шүүгчээр ажилласан. Нийтдээ 60 гаруй тэмцээнд шүүгчээр ажилласан байна.
-Та багадаа цирк үздэг хүүхэд байв уу. Циркийн хүн болсон нь юунаас эхлэлтэй вэ?
-Би циркийн орчинд өссөн. Миний ээж Цэнд-Очирын Сэлэнгэ гэж хүн байдаг. Монголын циркт агаарын гимнастик, жонглёрын үзүүлбэр үзүүлдэг байсан. Одоо “Монголын циркийн хөгжлийн төв”-д уран нугаралтын багшаар ажилладаг. Би ухаан орсон цагаасаа л циркийн манежид тоглож өслөө. Монголчуудын сайн таних Монголын циркийн урлагийн шилдэг алиалагч Батсүх, Цээеэ, Латиф нарт өнөөдрийг хүртэл талархаж, шүтэж явдаг даа. Тэр үед дөрөвдүгээр сарын 1-нд “Инээдмийн баяр” гээд циркийн шинэ тоглолтууд болдог байлаа. Хүмүүс намайг ойлгохдоо “Ээж нь циркчин учраас” гэж боддог шиг байна лээ. Гэтэл ээж минь намайг цирктэй амьдралаа холбоно гэхэд маш дургүй хүлээж авсан. Циркчин хүний амьдралын жаргал, зовлонг биеэрээ мэдэрсэн учраас тэр байх. Гэвч би зөрүүдлээд өөрийн дураар мэргэжлээ сонгосон.
-“Дэлхийн цирк Монголд” төсөл хэр удаан үргэлжлэх бол?
-Гадаадын циркийн түүхийг харж байхад ихэнхдээ 30, 40 жилийн түүхтэй байх нь элбэг. Бас 100 жилийн түүхтэй нь ч байна. Манай төсөл 100 биш гэхэд 50 жил тасралгүй яваасай гэж мөрөөддөг.
Сэтгэгдэл ( 0 )