Сүхбаатар аймгийн МЗЭ-ийн салбарын гишүүн, манай сонины байнгын захиалагч, идэвхтэн бичигч, ахмад инженер Г.Довдондоржтой манай сэтгүүлч ярилцсан юм.
-Тогтмол хэвлэл болох сонинг байнга захиалж уншихад танд юу мэдрэгддэг вэ?
-Сонин, сэтгүүл бол хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дотроос онцгой ач холбогдолтой. Олон хүний санаа бодлыг тусгаж, янз бүрийн байр сууриудыг зэрэгцүүлж гаргадаг. Хүний оюун санааг тэлж хөгжүүлэх чухал хэрэгсэл гэж боддог. Сүүлийн үед залуус сонин, ном, сэтгүүл уншихгүй, их төлөв сошиалд цагаа өнгөрүүлж, тэндээс бүх мэдээллийг авч, тэрийгээ үнэн мэтээр ойлгоод байгаа нь учир дутагдалтай. Хүмүүс сошиалд өөрийн бодсон санасныг л бичнэ. Юу ч хамаагүй бичдэг. Тэрнээс зөвийг олж авахад хүндрэлтэй гэж ойлголог. Сонин, сэтгүүлээс зөв юмыг олж авахад амархан. Уншиж эргэцүүлэх боломж олгодог. Хүнд янз бүрийн санаа өгдөг. Иймээс залуус сонин, номоо унших тал дээр анхаармаар байгаа юм даа. Ер нь хүн өөрөө сонин, номыг гартаа бариад уншина гэдэг, нэгдүгээрт оюун санааг тэлнэ. Хоёрдугаарт, хүний бодох санах ой ухааныг хөгжүүлнэ. оюун санааг тэлнэ. Гуравдугаарт, хүний бодох санах ой ухааныг хөгжүүлнэ. Сонинг уншаад байхад хүссэн ч хүсээгүй алдаа мадаггүй зөв бичдэг болчихдог. Аливаа зүйлийг найруулан бичих чадварыг дээшлүүлдэг. Тэгээд ирэхээр хүн ярихдаа хүртэл цэгцтэй болдог. Хураасан сонин, номоо эргээд уншихад хүртэл хуучин танилтайгаа эргээд уулзах мэт сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
-Та сонинг байнга захиалж уншиж ирэв үү?
-Байнга захиалж уншиж ирсэн. Бүр дадал болчихсон. Үүнтэй холбогдуулж нэг зүйлийг хэлэхэд, социализмын үед сайн сайхан зүйлүүд их олон байсан юм шүү дээ. Тэр нь юу вэ гэвэл, долоо хоногт нэг удаа улс төрийн сонсгол, мэдээлэл хийдэг байлаа. Социалист системийн орнуудад тухайн үед бүх юм хаалттай байсан, одоотой адилгүй. Сонсголоор социалист системийн орнуудад болсон үйл явдал, хурал цуглаан, сайд дарга нарын хэлсэн үг, илэрхийлсэн байр суурийн талаар сонсгол мэдээлэл хийнэ. Тэмдэглэл хийлгэнэ. Тэр бол үнэн хэрэгтээ муу зүйл байгаагүй. Дэлхий дахины үйл явдлын талаар бүх нийтэд мэдээлдэг байсан. Тухайн үеийн хүмүүсийн оюун санааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүйл. Тэр нь албадлагын чанартай байсан, сонсголд сууж байгаа хүмүүсийг бүртгэнэ. Тасалбал цалин хөлстэй ярина, зэмлэл хүлээлгэнэ. Нэг хэсэг нь өөрийгөө дайчлаад сонсголд сууж, сонин, ном уншиж өөрийгөө боловсруулж явсан байх. Нэг хэсэг нь хаячихаад байдаг тул албадлагаар оруулахаар тухайн хүн цоо шинэ хүн болдог. Хүнийг шахаж шаардахаар тэр хүнээс асар их хүч гардгийг бидний үеийнхэн тэр үед олон жишээнээс харж байлаа.
-Тухайлбал?
-Нэг жишээ хэлэхэд, намайг хөдөө суманд ажиллаж байхад цэргийн ангийн даргаар залуухан офицер ирж, шинэ цэргийн карантин дөнгөж буунгуут ангийнхаа хашааг чулуугаар өрүүлсэн юм. Өрөөд дуусангуут нь ирж хараад ганц нэгхэн чулуу муруй болонгуут “Нураа” гэж командлан бүгдийг нураалгачихаад, “Өр” гэж тушаал өгчихөөд явчихдаг, хэд дахин нураасны эцэст цэргүүд чулуун хашааг тэв тэгшхэн, ямар ч өөгүй барьчихаж байсан юм. Чулууг засах ямар ч төхөөрөмж байхгүй, эвээр нь л барьж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр үйл явдлаас хүнийг шахвал ямар их хүч бололцоо гардгийг харж байлаа. Түүн шиг социализмын үед хүмүүсийг их шахаж байсан, тэр хэрээр хүмүүс чадавхжиж, сайн сайхан явсан нь ч зөндөө. Мань мэт тэрний хүчинд л өдий зэрэгтэй явж ирсэн.Би ингэж л ойлгодог.
-Таны үеийнхэн, ахмадууд сонин, хэвлэлээ хэрхэн захиалж уншиж байна вэ?
-Манай Сүхбаатар аймагт ахмадууд сониноо солилцож уншаад явдаг. Тухайлбал, Төмөр гэж цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан миний үеийн өвгөн бий, тэр “Өдрийн сонин” захиалдаг. Би “Зууны мэдээ”, Өглөөний сонин”-г захиалж уншдаг. Бид хоёр сониноо сольж уншдаг юм. Уншина гэдэг тэндээс ухаан авч байгаа юм. Шинэ санаа төрнө. Үүнийг чинь ингэмээр юм байна шүү дээ, тэрийг тэгмээр юм байна гэсэн санаа төрдөг. Тэр их чухал. Сонин уншаад байхаар заншил болчихдог. Залуугаасаа байнга сонин захиалж уншиж ирсэн учраас тэрийгээ үгүйлдэг болчихдог юм байна. Насан турш, нас сүүдэр ная гартлаа хамт явж ирэхээр нэхэгддэг, үгүйлэгддэг, нэг ёсондоо амьдралын хэвшил болчихдог юм. Өглөө босоод шүдээ угаагүй бол нэг юм дутуу санагдаад болж өгдөггүйтэй л адил.
-Танд залууст болоод олон нийтэд хандаж хэлэхийг хүсдэг зүйл байна уу, бид дамжуулья?
-Сонин, ном, сэтгүүлээ дээр доргүй их л уншмаар байна. Хэвлэмэл хэвлэл чинь сошиалаас огт өөр шүү дээ. Бодож, судалж, тунгааж бичсэн тунгаамал эд. Тэрийг бичиж байгаа хүн муу юм бичье гэж бодохгүй. Тэр чинь түүх болж архивт үлдэх зүйл. Ном бол бүр ч тунгаамал шижир алт л гэсэн үг.Цахимд орчинд бичсэнийг арилгачихаж болно, хэзээ ч засаж болно.Сошиалд хэн ч, ямар ч хүн өөрийн бодол санааг ямар ч шүүлтүүргүйгээр гаргаад цацчихаж байгаа. Мэргэжлийн редакциуд гэдэг том баг ажиллаж, гаргаж буй мэдээ, мэдээллээ зөв бичих дүрэм, найруулга зүйн талаас редакторлоод зогсохгүй, баримт, нотолгоог давхар хянаж байдаг. Тиймээс сонин дээр ёс бус зүйлүүд, нийгмийг хагалан бутаргах, талцал зөрчилд уриалан дуудсан ёс суртахууны доголдолтой, шинжлэх ухаанаар баталгаажаагүй дур зоргын зүйлүүд бичигдэхгүй, тийм зүйлүүд гарахгүй. Тиймээс дээр, доргүй л уншдаг болмоор байгаа юм. Би танай сонины “Дээр доргүй уншдаг л болмоор байна” гэсэн нийтлэлийг уншсан, тэрэнтэй санал нэг байгаа.
-Уншихын ач тус их гэж та хэлж байна, тийм ээ?
-Уншина гэдэг хүн өөрийгөө л хөгжүүлнэ гэсэн үг. Түрүүн хэлсэн дээ, сонин, ном, сэтгүүл гээд тогтмол хэвлэлүүд чинь тунгаамал шижир алт юм шүү дээ. Тэр олон хүний тийм шигшмэл бүтээлийг уншина гэдэг тухайн хүнд оюун санааны том өөрчлөлт авчирна.
Сэтгэгдэл ( 0 )