Цөөн хүн амаа цөөлөх цөлх төрийн бодлого биш байлтай

2024 оны 10 сарын 31

-Эрүүл мэндийн яам худлаа яриад байна уу, эмийн санчид худлаа яриад байна уу-

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт орж, аравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээр Эмийн сангууд дийлэнх төрлийн эмийг жороор олгох болсон. Тиймээс Өрхийн эмнэлгүүдэд ханиад томуу туссан хүүхдийн эцэг эхчүүд, байнгын даралтны эм хэрэглэдэг ахмадууд гээд төрөл бүрийн өвчин зовлон ярьсан хүмүүсийн урт дараалал үүсжээ. Үүнээс гадна “Урьд шөнө даралтны эм байхгүй, явчихаа дөхлөө” гэсэн хүмүүстэй ч олон таарах. Өдөр тутам даралтны эм болон зүрх судасны эм хэрэглэдэг ахмадууд бурхны орон ойртож байгааг өөрсдөө ярих болжээ. Үүнээс гадна эм авч чадахгүй ханиад томуу нь хүндэрч сэхээнд орсон хүүхдүүд ч бий. Уг нь шийдвэр гаргах түвшинд Монгол Улсын эмнэлгийн хүрэлцээ ямар байгаа билээ, эмээр амьдарч байгаа хүн хэд билээ, утаат Улаанбаатарт хэдэн мянган хүүхэд ханиад томуу тусдаг билээ гээд олон асуудал тосон уулзахыг мэдээгүй байна гэж үгүй л болов уу.

 

ЭМИЙН ХЭРЭГЛЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН НЬ ҮНЭН, ГЭХДЭЭ…

 

Мэдээж хэрэг, шийдвэр гаргах түвшинд тал талаасаа бодлого уралдуулсан байх. Хэтдээ эерэг үр дүн гарах байх гэж найдах л үлдсэн. Мөн иргэд олон нийт аливаа шинэ зүйлд дасан зохицох гэж амаргүй байж таарна. Чухам үүнийг ямар нэгэн дагалдах журмаар зохицуулна гэж бас найдаж байна. Хардах эрх нь байгаа учраас үүний цаана эм, эмнэлгийн хэрэгслийн мафийн ашиг сонирхол ч байж болох гэж бас бодох. Яахав, эмийг жоргүйгээр хавтгайд нь олгож байсан нь эмийн хамаарлыг бий болгосон уу гэвэл үнэн. Эмийн бизнес эрхлэгчдийг даврааж байсан уу гэвэл бас л үнэн. Хуурамч эм олноор орж ирснийг хязгаарлах хууль мөн үү гэвэл мөн. Гэхдээ үүнд уян хатан хандах шаардлага байсан нь өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Сүүлдээ учрыг эс олж ядаад цөөн хүн амаа цөөлөх гэсэн цөлх төрийн харалган бодлого ч юм шиг гэж бас хардана. Ямартай ч үүнийг эргэн харахгүй бол болохгүй. Эсвэл хуулиа дагасан ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол зүрх, судас даралтны өвчтэй, байнга эмийн хэрэглээтэй байгаа иргэд цаашид амьдрахад бэрх гэдгийг нийгмийн амьдрал харууллаа.

 

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР: ЖОРООР ОЛГОДОГ ЭМИЙН ЖАГСААЛТ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА

 

Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас "Жоргүй олгож болдог байсан эмийг гэнэт жорын дагуу олгодог болчихсон юм биш. Жороор олгох эмийн жагсаалт хэвээр байгаа. Хуулийн шинэ зохицуулалт мөрдөгдөөд эхлэхээр хүмүүс хуулиа эргэн харж, зарим мэдээлэл ташаа хүрч байна" гэх хариултыг өгч байгаа. Гэтэл яагаад байнга даралтны эм хэрэглэдэг ахмадууд хэрэглэдэг эмийнхээ жорыг авах гэж өндөр даралттай сандралдан суугаа юм. Чухам яагаад Эмийн сангууд эмчийн жоргүй тохиолдолд шүд, толгой нь өвдсөн, шөнө, оройн цагаар эмнэлэг хаалттай үед гэнэтийн шаардлага гарвал яах вэ. Энэ үед анхны түргэн тусламж болох өвчин намдаах эм авахаар бол яах вэ. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өгч байгаа байр суурь, Эмийн санчдын байр суурь хоёр тэнгэр газар шиг ялгаатай байгаагийн учрыг олохгүй байна.

 

ХҮНИЙ ЭМИЙН ЗӨВЛӨЛ: ЖОРООР ОЛГОДОГ ЭМИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

 

Мөн нэг албан байр суурь бий. Өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы үеэр эмийн сонсгол хийсэн санагдана. Энэхүү сонсголоор Монгол Улсад эмийн замбараагүй хэрэглээ хэт их байгаа тул зайлшгүй зохицуулалт хийж, холбогдох хуулийг шинэчлэх талаар тодорхой ярьж, салбарын мундагууд ч байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ чанартай эмийг хэт хөөсөрсөн биш үнээр зах зээлд нийлүүлэх, эмийн зохисгүй хэрэглээг танах заалтуудыг тусгаж холбогдох хуулийг шинэчлэн баталсан юм. Гэхдээ жортой олгодог эмийн нэрийг хуульд тусгаж, тусгайлан батлаагүй гэх хариултыг ч өгч байгаа. Жортой олгодог эмийн нэрийг Хүний эмийн зөвлөлөөс жортой, жоргүй эмийн жагсаалтыг хэлэлцэж баталдаг юм билээ. Тэд ч жороор олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт ороогүй.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ: ЯАМНААС ЖОРООР ОЛГОДОГ ЯМАР НЭГЭН ШИНЭ ЖУРАМ ГАРГААГҮЙ

 

Бүр нэг эргэлзээ төрүүлсэн асуудал бол Эрүүл мэндийн яамнаас “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгоно” гэсэн мэдээлэл өгч байгаа. Эмийн санчид нь худлаа яриад байгаа юм уу, Эрүүл мэндийн яам болон эмийн албаныхан худлаа яриад байна уу гэх эргэлзээ ч төрж байна. Тэр ч бүү хэл албаны хүмүүс иргэд хуулиа сайн судлаагүй, эмийн санчид жортой олгох, жоргүй олгох эмийг сайн судлаагүй байна гэх байр суурь ч бий. Тэгэхээр албаныхны өгч байгаа энэхүү байр сууриас үзэхэд эмийн санчид нь мэргэжлийн бус хүмүүс, иргэд нь бичиг үсэггүй хүмүүс болж таарна.

 

ЭМИЙН САНЧИД: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ХОРИГЛОХ ЗҮЙЛСТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРАМ ХҮРГҮҮЛСЭН

 

Харин нөгөө талаас Эмийн санчид албаныхны тайлбарыг шууд үгүйсгэж байна. Тэд “Хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой эмийн сангуудад эм худалдахад тавих шаардлага, хориглох зүйлстэй уялдуулсан журам хүргүүлсэн. Түүний дагуу л эмийн сангууд иргэдэд үйлчилж байгаа” гэсэн бол албаныхан журам гаргаагүй гэсэн хариуг дээр өгсөн. Ойрын хоёр гурван Эмийн сангаас энэ тухай лавлахад “Эрүүл мэндийн яамнаас журам гаргаж өгөөгүй бол бид юу гэж дураараа жор нэхээд зогсож байх билээ. Урьд нь зарж байсан эмийг зарна биз дээ” хэмээсэн.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЖУРАМ ӨГӨӨГҮЙ ГЭЖ БАЙГАА Ч ЭМИЙН САНГ ТОРГОХ ТУХАЙГАА САЙТАР ЯРЬЖ БАЙНА

 

Эрүүл мэндийн яам “журам хүргүүлээгүй”, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар “Жагсаалт хэвээрээ байгаа” гэж байгаа боловч Эмийн санг торгох тухай журмаа лав гаргачихаж. Эрүүл мэндийн яамнаас тушаал шийдвэр, ямар нэг журам гарч байж, тэр нь Эмийн сангуудад очиж байж энэ тухай тодорхой яриа өрнөнө биз дээ. Урьд өмнө жороор олгох эмийг жоргүйгээр олгосон бол Эмийн санчийг 50 мянгаар, эмийн санг 500 мянгаар торгодог байсан бол шинэ зохицуулалтаар эмийн санчийг 500 мянгаар, эмийн санг 30 хүртэлх сая төгрөгөөр торгохоор болсон тухай бол ярьж байгаа. Тэд ингэснээр эмийн санд тавих хяналт чангарч, хууль, журмаа мөрдөж иргэд ч эмийн зохистой хэрэглээнээс татгалзах шийдэл болж байгаа гэх байр суурийг ч өгч байна.

 

ЯАМ БОЛОН АЛБАНЫХНЫ ТАЙЛБАРЛАЖ БАЙГААГААР БОЛ ХУУЧИН ЗОХИЦУУЛАЛТ ХЭВЭЭРЭЭ БАЙХ НЬ

 

Монгол Улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдсөн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай. Харин 1100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байсан аж. Албаныхны хэлж байгаагаар бол энэ жагсаалт хэвээрээ байгаа бололтой.

 

ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ СОНГУУЛИЙН ДУУЛИАН ДУНДУУР БАТАЛЧИХСАН ЮМ БИШ ҮҮ

 

Ихэс дээдэс маань өөрсдөдөө хэрэгтэй, ард түмний эрх ашиг, газар нутгаа өгөх гэх мэт чухал хуулиудыг баяр наадмаар ч юм уу, ямар нэг чимээгүй байдлаар батлахыг зорьдог нь нууц биш. Ийм тохиолдол олон бий. Хамгийн дуулиан болж байсан зүйл гэвэл Халх голын ай сав газарт олон га газрыг урт хугацаагаар харийнханд эзэмшүүлэх хуулийг наадмын уухай ид цуурайлж байх үед буюу долоодугаар сарын 9-ний өдөр шууруулчихаж байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн батлах процесс бол сонгууль угтсан пиарын шинжтэй сонсгол нэрээр Төрийн ордонд өрнөсөн.

Ингэхдээ сонгуулийн уур амьсгал ид өрнөж байх зургаадугаар сарын 5-ны өдөр нам эвсэл бүү хэл авгай нөхөр намаар талцаж байх үед аваад залчихсан хууль. Уг нь бүх нийтийн хэрэглээ болсон, шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэн баталсан бол иргэдийн дунд болон, эрүүл мэндийн байгууллагын алба хаагч ажилчид дунд удаа дараа санал асуулга явуулж, хуулиа сурталчилан таниулах ажил лав хийсэнгүй. Тэгэхээр үүний цаана ямар нэг бүлэглэлийн ашиг сонирхол байж болох юм. 

С.Ууганбаяр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY(105.112.214.0) 2024 оны 11 сарын 01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITY(105.112.214.0) 2024 оны 11 сарын 01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Zochin (72.143.232.182) 2024 оны 10 сарын 31

Eruul mendiin yam oorsdoo chanartai yilchilgee chanartai em oruulj ireegui bj irgeded hundrel uchruulaad hereggui

0  |  0
Zochin(72.143.232.182) 2024 оны 10 сарын 31

Busad hogjingui ornuud shig utaagui, uuh us ni tsewer, zam ni tugjirelgui stressgui bsan bol tednii turshlagiig heregjuulj bolno Manaih yamar bileedee Het ertedsen amidrald niitseegui huuli bna

0  |  0
гэдэс нь бнга өвдөгч(202.55.191.194) 2024 оны 10 сарын 31

шаалдаа гэдэс гүйлгэхэд уудаг найдвартай өвчин дардаг эм ч жортой жоргүй эм нь үйлчлэхгүй байна. тэхээр энд жоргүй эмүүд нь чанарын шаардлага хангадаггүй, худалдагдаггүй болохоор жоргүйгээр олгож эм ханган нийлүүлэхийг дэмжмж байна гэж ойлгогдож байна.

0  |  0
Top