Мега төсөл: Газрын тосны үйлдвэрийн ажил урамтай урагшилж байна

2024 оны 11 сарын 04

Цар тахлын дараах нөхцөл байдал, эдийн засагт нөлөөлж буй нөхцөл байдал гээд амаргүй он цагийг туулж яваа ч Засгийн газраас нэгдсэн том бодлогоор Монгол Улсыг хөгжүүлэх томоохон зорилтын дор бүхий л анхаарлаа хандуулж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагалдаж буй Сонгуулийн тухай хууль, Баялгийн тухай хууль, Засаг захиргаа түүний нэгж удирдлагын тухай хууль гэх мэт олон хууль тогтоомж зөвхөн энэхүү хөгжлийн төлөө чиглэсэн байгаа нь хэтдээ гэрэл гэгээ асна гэсэн найдвар төрүүлж байна. Өнгөрөгч сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр томоохон ам гарсан. Түүндээ хүрэхийн тулд хамтарсан Засгийн газар ажиллаж байна. Эдгээр төслүүд нь бүгдээрээ л Монгол Улсын хөгжил дэвшилд маш чухал. Эдгээр дундаас юу юуны өмнө чухал байгаа Газрын тосны үйлдвэрийг бол богино хугацаанд барьж байгуулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Тиймээс Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцын талаар авч үзье.

БАТАЛГААЖУУЛАХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДЭГДСЭН

Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн ч цар тахал, эдийн засгийн хүндрэл гээд давагдашгүй хүчин зүйлийн учраас ашиглалтад орох хугацааг хойшлуулаад байгаа. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр төсөв хөрөнгө гацсан ч үйлдвэрийн төсөл нааштай эргэсэн, олон ч шатанд асуудал ярьж, эцэслэн шийдвэрлээд байна. Тухайлбал, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй талаар болон үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудал ч бий. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан, EPC 04 багц ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх зэрэг асуудал эцэслэн шийдэгдсэн.

ГАЗРЫН ТОСНЫ ХООЛОЙ БАЙГУУЛАХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ӨРНӨЖ БАЙНА

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж байгаа. Тодотговол, EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар дамнасан энэхүү томоохон төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орон оролцож байгаа нь уг төслийн цар хүрээ олон улсын шинж чанартай болсныг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд гадаадын нийт 1300 инженер, техникийн ажилтан бүтээн байгуулалтад оролцож байна. Технологийн бус барилга байгууламжийн буюу иргэний нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж, шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгсөн зэрэг таатай мэдээлэл бий. Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Монголд анх удаа газрын тос дамжуулах хоолой байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн “Prometheus” компани хяналт тавьж, хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 430 километр хоолойг гагнан холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийсэн байна. Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 километр шугам хоолойг 2025 оны гуравдугаар улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.

“СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА БЭЛД” ГЭДЭГ ДЭЭ

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн үгтэй. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар манайд илрээд байгаа нөөц нь дотоодын хэрэгцээг боломжийн хангах юм байна. Гэхдээ энэ нь зөвхөн нээн илрүүлээд байгаа цөөн талбайд илэрсэн нөөц шүү дээ. Түүнээс хайгуулын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэх нь бидний ирээдүйд тустай аж. Тэгэхээр Ашигт малтмал, газрын тосны албан байр сууриас авч үзье. Тэд өнөөгийн байдлаар газрын тосны гурван орд нээж нөөц нь батлагдаад ашиглаж байна. Үүнээс гадна Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гурван талбайд газрын тос илэрсэн.

Тухайлбал, Галба 11 талбайгаас нь 1000 орчим тонн тос туршилтын журмаар олборлоод байгаа. Мөн Хөх нуур 18 талбайд газрын тос илэрсэн. Эдгээр талбайн нөөц арай батлагдаагүй. Эхлээд туршилтын олборлолт хийх ёстой. Учир нь хэдий хэмжээний даралттай гарч байгаа, өтгөн, шингэн нь ямар эсэхийг судалж байж нөөцөө боддог” хэмээжээ. Үүнээс харвал бидэнд үйлдвэрээ бариад нэрчих хэмжээний түүхий эд байна гэж болно. Үүнээс гадна хоёр талбайд хайгуул хийхээр зарласан бол газрын тосны хайгуулын 22 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад тухайн компани манай Засгийн газарт саналаа өгсөн дагуу олборлосон газрын тос 40:60 эсвэл 51:49 хувиар хуваах тохироо хийдэг байна. Үүн дээр нэмээд ашгийн тодорхой хувь тохирдог нь бидний нэрлэж заншснаар роялти юм байна. Хуулиараа бол энэ ашгийг 5-10 хувиар тохирно гэж заасан ихэнх компаниуд таван хувиар оруулж ирдэг гэнэ.

ДОТООДЫН КОМПАНИУД ЭРСДЛЭЭС АЙГААД ХАЙГУУЛ ХИЙДЭГГҮЙ Ч ОДОО ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

Газрын тосны хайгуул хийх нь ихээхэн эрсдэл дагуулдаг учраас манай үндэсний компаниуд төдийлөн орж ирдэггүй байна. Тиймээс гол төлөв гаднын компаниуд энэ салбарт зориглон орж ирдэг гэдгийг албаны хүмүүс дурдсан. Тодотговол, газрын тосны хайгуул хийхэд хамгийн багадаа 10 сая ам.доллар ордог бөгөөд зөвхөн нэг цооногт өрөм тавихад гурван сая гаруй ам.доллар ордог гэнэ. Хууль ёсоор бол хайгуул хийж буй компани өөрөө эрсдлээ 100 хувь даадаг. Төр засгийн удирдлагуудын айлчлалын хүрээнд ч Газрын тос нэрэх үйлдвэр, хайгуул хийх тухай асуудал заавал тусгагдаж байгаа нь энэ аижл нэгэнтээ гараанаас гарчээ гэдгийг дахин батлан харуулж байна. Хэдэн жилийн өмнө Вьетнам улс Монголын газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлт тавьсан байдаг. Засгийн газар судалж үзсэний үндсэн дээр хүсэлтийг нь хүлээн авах шийдвэрт хүрчээ. Иймээс Ашигт малтмал, газрын тосны удирдлагууд “Петро Вьетнам” компанийн удирдлагуудтай ажлын уулзалт хийж чамгүй ажил амжуулсан сайхан мэдээ бидэнд ирж байсан. Өнөөдөр манай улсад хайгуул хийж байгаа ганцхан орон бол өмнөд хөрш. Тэгэхээр гуравдагч хоёрдогч этгээд хайгуулын чиглэлд орж ирнэ гэдэг БНХАУ-аас хэт их хамаарал байгааг саармагжуулах сайн талтай.

ИРЭЭДҮЙД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ДАГААД ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭР Ч ДАГАЖ БОСНО

Газрын тос нэрэх үйлдвэр ажиллаад эхлэхээр нэн тэргүүнд ажлын байраар хангагдана. Үүнээс гадна газрын тосноос ганц шатахуун бус дагвар бүтээгдэхүүн олон гардаг учраас олон дагуул үйлдвэр барих шаардлага бий. Жишээ нь цардмал замын асфалть, хуванцарын зарим түүхий эд, тослогооны болон гадаадад экспортолж болох химийн бүтээгдэхүүн гардаг.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХАД САЙНШАНД ХАМГИЙН БОЛОМЖТОЙ БАЙРЛАЛ

Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Дорноговь аймгийн Алтанширээ сумыг сонгосон нь буруу. Сайншанд бол муу байрлал гэх шүүмжлэл олон байсан. Гэвч үүнээс өөр ямар ч сонголт байхгүй. Нефть, химийн үйлдвэр улс орны эдийн засгийн хамгийн том, хүндрэлтэй, түвэгтэй үйлдвэр. Ийм үйлдвэртэй байж бусад үйлдвэр дагаж хөгждөг. Аж үйлдвэрийн цөм болсон үйлдвэрийг бий болгохгүйгээр бусад үйлдвэрийг ярьж болдоггүй.

Сингапур, Солонгос, Япон газрын тосгүй хэрнээ хамгийн түрүүнд нефтийн үйлдвэрээ барьсан байдаг. Энэ үйлдвэрээ гол дэд бүтцээ буюу төмөр замаа түшиглэж л барих ёстой. ОХУ, БНХАУ-ыг холбосон ганц энэ төмөр замынхаа дагуу байхаас өөр аргагүй. Зарим хүмүүс яагаад Тамсагт бариагүй юм бэ гэж асуудаг. За Тамсагт барьсан байя. Энэ үйлдвэр рүү орж байгаа техник, тоног төхөөрөмж, бараа материал, химийн бодис, тэсэрдэг, дэлбэрдэг бүтээгдэхүүнийг хаанаас яаж зөөх байсан бэ. Дорнод руу машинаар зөөнө. Өөр зам байхгүй. Мөн Дорнодод хийгдсэн олон янзын нефтийн бүтээгдэхүүнээ гол хэрэглэгч Өмнөговь, говийн бүс, төвийн бүс рүүгээ яаж аваачих вэ. Тэсэрдэг, дэлбэрдэг нефтийн бүтээгдэхүүн битгий хэл иргэний тээврүүд ямар их аваар хийж байна. Тэгэхээр энэ байрлал байж яагаад ч болохгүй. Хэрвээ манайх дэд бүтэц өндөр хэмжээнд хөгжсөн бол хаана ч барьсан болно. Нэг үгээр хэлбэл, дэд бүтэц номер нэг. Чухам Чойр уу, Сайншанд уу гэдэг хоёр дахь асуудал. Гэхдээ аж үйлдвэрийн цогцолбор барина гээд аль дээр шийдчихсэн байсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dn(66.181.186.173) 2024 оны 11 сарын 04

Шинэ мэдээлэл юу ч алга

0  |  0
иргэн(202.9.46.28) 2024 оны 11 сарын 04

Газрын тосны шинэ үйлдвэр байгуулахад хятадаас өөр 3 дагч орнуудыг оруулж ирэх шаардлагатай.

0  |  0
Zochin(66.181.185.59) 2024 оны 11 сарын 04

Magtaad bai. Sain magt

0  |  0
Top