Мега төсөл: Улсын хөгжлийг түүчээлэх ураны салбарт гарсан ахиц

2024 оны 11 сарын 05

-Нэг кг уранаас гаргах эрчим хүч нь нэг сая тонн нүүрснээс гаргах эрчим хүчтэй ойролцоо-

Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, улмаар ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байдаг. Ингэхдээ хамтарсан Засгийн газар айсуй дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр ам шүдээ өгөөд байгаа. Мэдээж хэрэг, энэхүү 14 төсөл хөтөлбөр нь хэтдээ улс орны хөгжил дэвшилд томоохон тулах цэг болох зүйл. Энэ утгаараа ээлжит бус чуулганаар баталсан хөтөлбөрт салбар бүрийн маш олон зорилт бий. Хамтарсан Засгийн газрын хувьд ч 14 мега төслийг адил түвшинд авч үзэж, зэрэгцүүлэн урагшлуулахыг зорьж байгаа нь сайн хэрэг. Мега төслүүд нь өнөөдөр эхлээд маргааш дуусчихгүй учраас зэрэгцүүлэн урагшлуулах нь улс орны эдийн засагт ихээхэн ашиг тустай зүйл гэдгийг хаанаа мэдэж, энэ зүгт зорилго нэмэгдэж байна.

Тэр дундаа энэ хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлнэ гээд тодорхой заачихсан нь бий. Төсөл хэрэгжиж, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд жил бүр 2500 тонн уран экспортолно. Мөн төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлж, олборлолт хийж эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болж, бизнесийн томоохон орчин нээгдэнэ гэж үзэж байгаа. Үүнтэй зэрэгцээд Монгол Улс атомын цахилгаан станц барих суурь судалгааг хийнэ. Тэгэхээр УИХ-аар ороод батлагдчихсан учраас нэг ёсондоо хууль болчихсон. Тийм болохоор зайлшгүй хэрэгжинэ.

Ураны хайгууль хийж эхлэхээс амаргүй эсэргүүцэл олон даваа гүвээ давсан ч одоо олон нийт ч нэгэн ойлголтод хүрч байна. Тэгээд ч ураныг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологийн аргаар олборлоно. Геологи, физик, гедрохими талаасаа ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ нэг талаасаа энэ чинь улс төрийн тохиролцоо, дипломат харилцаа гээд олон зүйл бий. Нөгөө талаасаа энэ бол бизнесийн төсөл шүү дээ. Францын “Орона”, манай “Эрдэнэс Монгол” гэсэн хоёр компани хэлэлцээр хийж тохиролцсон зүйл байгаа. Хоёр улсын Ерөнхийлөгч нар яриад тохирчихсон ч гэсэн эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх загвар дээрээ л хэлэлцэж байгаа асуудал болохоос “болно, болохгүй” гэсэн зүйл байхгүй.

Салбарын эрдэмтэд “Уран бол гайхамшигтай элемент. Хүн төрөлхтөнд гарын таван хуруунд л багтахаар гайхалтай нээлт байдаг. Түүний нэг нь ураны цөмийн гинжин урвалыг ашиглаж, эрчим хүч гаргаж авдаг явдал. Дээрээс нь ашигт үйлийн коэффицент өндөр. Өндөр ашигтай байх тусмаа аливаа зүйл өндөр эрсдэлтэй байдаг. Цөмийн болон цацрагийн хяналтыг барьж ажиллах шаардлагатай” хэмээж байна. Монгол Улс ураны 200 орчим мянган тонны тогтоогдсон нөөцтэй. Үүний 100 орчим нь энэ төсөл хэрэгжих Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо, Дулаан-Уул орчимд байгаа юм.

Тэгээд ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт атомын цахилгаан станцыг барих суурь судалгааг хийнэ гэж туссан. Энэ бол үнэхээр чухал. Ямар ч зүйлд судлагаа, шинжлэх ухаанч байдал хэрэгтэй. Тэгэхээр судалгааг нь энэ Засгийн газар бүрэн хийж дуусгах юм байна гэсэн ойлголттой байгаа. Ингэсэн тохиолдолд атомын цахилгаан станцтай болох бүрэн боломжтой болно. Мөн 2009 онд УИХ-ын 45 дугаар тогтоолоор Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого гэдгийг гаргасан. Дээрээс нь Цөмийн энергийн тухай хуультай. Энэ бодлого, хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэхдээ Үндэсний аюулгүй байдал, олон улсын бүхий л гэрээ конвенцэд нийцүүлээд явуулах ёстой. Мөн манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат байдлаар хамгаална гээд заачихсан. Ингэхдээ цөмийн энергийн салбараар дамжуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, тэнд Монгол Улсын дуу хоолой хүрч, эрх ашиг хамгаалагдаж байх ёстой. Францтай хамтраад энэ том төслийг хэрэгжүүлж чадвал Европын холбооны том хөрөнгө оруулалтууд ч орж ирэх боломжтой. Энэ төсөл агуулгаараа манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа гэж ойлгодог. Стратегийн том ажил учраас бүхий л салбараас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Уран олборлоод, шар нунтаг болгон боловсруулаад, экспортолж буй орон бол атомын цахилгаан станцтай болох нь цаг хугацааны асуудал. Монголын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах бодлого дээр Монгол Улс цөмийн энергийг ашиглана гэж тусгасан.

Цөмийн энерги ашиглах нь олон стратегийн давуу талтай. Өнөөдөр та бүхэн харж байна. Улаанбаатар хот утаандаа баригдсан, өвлийн улиралд хамгийн бохирдолтой хотын жагсаалтыг байнга тэргүүлдэг. Утаа гаргадаггүй эрчим хүч, цэвэр эрчим хүч бол цөмийн энерги юм. Г.Хүүхэнхүү гуайн бичсэн “Монгол Улсын цөмийн энергийн салбар, түүхэн хөгжил, цаашдын ирээдүй” гарын авлагад нэг килограмм цэвэр уранаас гаргах эрчим хүч нь эрчим хүчний нэг сая тонн орчим нүүрснээс гаргах эрчим хүчтэй ойролцоо байна гэсэн байдаг.

Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэн. Тус протоколд нүүрснээс гаргах агаарын бохирдлыг үүсгэхгүй, цэвэр эрчим эрч хүч үйлдвэрлэнэ гэсэн байдаг. Иймд бид нүүрснээс гаргах эрчим хүчийг багасгаж, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны, слахины, нарны, газрын гүний дулааны гээд эрчим хүчний олон эх үүсвэрийг ашиглах шаардлагатай тулгарч байна. Тиймээс цөмийн энергийн салбарт энэ хамтын ажиллагаа хамгаас чухал.

Монгол Улсад эдийн засгийн ач холбогдол чухал ч стратегийн ач холбогдол нь түүнээс ч илүү. Стратегийн ач холбогдлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Франц бол ураныг бүрэн хэмжээнд боловсруулж, цөмийн технологийг бүрэн цикл хийдэг орон. Үүнийг дагаад бусад компаниуд дагаж орж ирдэг жишигтэй. Үүний жишээг Казахстан улсаас харж болно. Казахстан бол манай улстай нэг гараанаас эхэлсэн улс. Франц-Казахстаны хамтын ажиллагаа дэлхийн түвшинд хүрч, Казахстан дэлхийд нэг номерын уран экспортлогч, дэлхийн эдийн засаг, стратегийн хувьд томоохон тоглогч болсон. Тиймээс энэ төслийг зөвхөн эдийн засгийн ач холбогдол талаас хараад зогсохгүй өргөн агуулгаар нь авч үзэх ёстой юм.

Ураны эрэл хайгуул, тандан судалгаа, олборлолт гээд бүх явцад цөмийн болон цацрагийн хяналтыг Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан дүрэм, стандартыг баримталдаг. Уран хортой хоргүй хэмээн нэг хэсэг маргасан. Угтаа бол бүх үйл явцад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, олон улсын атомын агентлагийн хяналт дор явагддаг. Сүүлийн арав гаруй жил хэл ам хэрүүл тэмцэлтэй тулгарч явсан ураны салбарт ахиц дэвшил гарч урагшилж байгаагийн цаана улс орны ирээдүй буй. Иргэд олон нийт ч ураны ашиг тусыг олж харж байгаа нь сайн хэрэг. Нэрт эрдэмтэн “Нэг килограмм цэвэр уранаас гаргах эрчим хүч нь нэг сая тонн орчим нүүрснээс гаргах эрчим хүчтэй ойролцоо байна” гэснээс харахад л ямар ашиг тустай зүйл болохыг хэлээд өгнө биз дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худалаа шаа л даа(122.201.31.152) 2024 оны 11 сарын 05

Энэ төсөл 30 жил д болоход 3 тербум доллар гэсэн дээ.жилд 100 хан сая ч дэ хө

0  |  0
Top