ТӨСӨВ I “Хавдар судлалын төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 06

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2024.12.05) хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, УИХ уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон. Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 2.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах, төсвийн зарлагыг бууруулсантай холбогдуулан төсвийн орлогыг 395 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах шаардлага үүссэн тул хуулийн төслийг боловсруулсан" гэж танилцуулсан юм. 

Мөн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2025 онд ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгасныг дурдаад төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны жилийн дундаж инфляцыг 7.5 хувь гэж тооцож байсан бол төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж байгаатай уялдуулан 2025 оны дундаж инфляцыг өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар бууруулж 7.2 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан гэв. Төсвийн зардал буурснаар эрэлтээс үүдэлтэй инфляц өсөх дарамт буурч, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэхээр байгаа хэдий ч геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатлаас үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэлүүд хэвээр байгааг Тэргүүн шадар сайд онцлон тэмдэглэж байлаа.


Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээс...

Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцэн баталсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьж байгааг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцлоод төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулахад баримталсан зарчмаа танилцууллаа.

1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж,  түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулаагүй гэв.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг дараах байдлаар 10-100 хувь бууруулна

А. Салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулна.

Б. Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь бууруулна.

В. Эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулна.

Г. Дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар, ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулахыг Л.Гантөмөр сайд онцлов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгана

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн 512 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг бууруулаагүй буюу 2,080.7 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан.

Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулна

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлж эхлүүлэхээр батлагдан ирэх онд үргэлжлэн хэрэгжих боловч 2024 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй 32 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих 117.8 тэрбум төгрөгийг хойшлуулсан.

2. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд 38 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дахин эрэмбэлж бүс нутагт нэн тэргүүний, богино хугацаанд хэрэгжих боломжтой, дараа онуудад төсөвт ачаалал бага үүсгэх төслүүдийг 2025 онд хэрэгжүүлэхээр 29 төсөл, арга хэмжээнд 497.0 тэрбум төгрөгийг тусгасан.

Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулна

1. Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах найман  төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг 62.1 тэрбум төгрөгөөр бууруулсан.

2. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх, иргэдийг төрийн үйл ажиллагаагаар хэвийн хангахад шаардлагатай тоног төхөөрөмж болон шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн салбарын барилгуудын тоног төхөөрөмжийн зардлыг 2025 оны төсвийн төсөлд анх төлөвлөж өргөн барьсан хэмжээнээс 20 хувь бууруулсан.

Хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулна

1. Үндэсний хиймэл дагуулын төсөл хэлэлцээрийн шатанд байгаатай холбогдуулан 2025 оны зээлийн ашиглалт 211.6 тэрбум төгрөг, зарим зээлийн төслүүдийн санхүүжилтийг 300.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, нийтдээ 511.6 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг төсвийн төсөлд буурууллаа. Мөн тус зээлийн ашиглалттай холбоотой Монголын талын санхүүжилтийг бууруулах зарчим баримталлаа.

“Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгана

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Хавдар судлалын Үндэсний төв-II барилга” төсөл, арга хэмжээ тусгагдсан боловч газрын асуудлыг бүрэн шийдвэрлэгдээгүйгээс тендер шалгаруулалт зарлаагүй хасагдсан. Төслийн газрын асуудлыг шийдвэрлэгдсэн бөгөөд хавдрын эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах, хавдрын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой, нийгмийн үр ашигтай учир төслийн төсөвт өртөг 10.0 тэрбум, санхүүжих дүнг 5 тэрбум төгрөгөөр төсвийн төсөлд тусгалаа. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн барилга нь 1981 онд баригдсан бөгөөд урсгал засвар зайлшгүй хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор их засвар, шинэчлэлтэд 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд шинээр тусгасан гэдгийг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон юм.


МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГСӨН АУДИТЫН ДҮГНЭЛТ
 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор дурдаад Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 41.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцааны түвшинд байна гэлээ.

Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 33,470.0 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүний 35.2 хувь байхаар, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг анх удаа алдагдалгүй төлөвлөсөн нь төсвийн төлөвлөлтөд ахицтай үзүүлэлт болжээ. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёроос дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг тус тус хангасныг дурдаж байлаа.  

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцснийг дурдахын зэрэгцээ цаашид анхаарах  асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох шаардлагатай. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байна. Цахим систем болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах шаардлагатай гэв.

Түүнчлэн төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай байна. Төрийн үйлчилгээг илүү цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 12-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан хууль тогтоомжтой нийцэхгүй байгаад анхаарах шаардлагатай гэсэн юм.

Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр үргэлжилсэн. Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.

(Дүгнэлтийг БҮРЭН ЭХЭЭР НЬ харах)

Монгол Улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнд урсгал зардал дийлэнх хувийг эзэлсээр байна. Төсвийн урсгал зарлага 2018 онд 7,350.3 тэрбум төгрөг байсан бол 2024 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 26,034.6 тэрбум төгрөг, 2025 оны төсвийн төсөлд 25,308.6 тэрбум төгрөг байхаар тусгагджээ. Нөгөө талаар урсгал зардлыг байнга өсгөж байгаа нэг зардал бол цалин, хөлсний зардал бөгөөд 2009 онд  Монгол Улсад 100 хүн ам тутамд 4.4 төрийн албан хаагч ногдож байсан бол 2015 онд 5.7, 2023 онд 6.4 болж өссөн байна. 

Боловсролын сайд П.Наранбаяр энэ үеэр тус салбарын урсгал зардалд 3.9 их наяд төгрөг төсөвлөснөөс цалин, хөлсний зардал 2.3 их наяд төгрөг,  217 тэрбум төгрөг нь бусдаар гүйцэтгүүлэх зардал болдог гэв. Мөн урсгал зардалд байр, бараа үйлчилгээ, хангамж, байр ашиглалттай  зэрэг тогтмол зардлууд байна гэсэн тайлбарыг өгч байлаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. MANIPAL(102.89.83.203) 2024 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. MANIPAL(102.89.83.203) 2024 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Top