Уламжлалт болон европ анагаах ухааныг хослуулсан “Аз” эмнэлэг нь 2010 онд байгуулагджээ. Өдгөө бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, шүдний эмнэлэг, уламжлалтын эмнэлэг, эмэгтэйчүүд, лабортори, гоо сайхан гэсэн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээний төрөлжсөн кабинетыг ажиллуулахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх зайн оношилгоо, явуулын үзлэг, эмчилгээг албан байгууллагын ажилтнуудад хувь хүний нас, биеийн онцлогт тохирсон оношилгооны багц үйлчилгээнүүдээр үзүүлж байна. "Өглөөний зочин" булангийн энэ удаагийн дугаарт тус эмнэлгийн Уламжлалтын Ерөнхий эмч, Уламжлалт анагаах ухааны их эмч, Бариа заслын арга зүйч, Анагаах ухааны магистр Алтангэрэлболдын Очирбатыг урьж, ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Их Сургуулийг 2011 онд Хүний их эмч мэргэжлээр дүүргэж, Монголдоо ирээд “Этүгэн” их сургуульд уламжлалтын их эмч мэргэжлээр суралцаж төгссөн байна. 2019 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд Уламжлалт анагаах ухааны хануур заслаар магистр цол хамгаалжээ.
-“Аз” эмнэлгийн уламжлалт эмчилгээ, үйлчилгээ бусад ижил төрлийн эмнэлгүүдээс ямар онцлогтой вэ?
-Манай эмнэлэг нь уламжлалт эмчилгээг европ эмчилгээтэй хавсарч хийдэг. Үүгээрээ бусад эмнэлгүүдээс давуу талтай. Уламжлалтаараа оношилно, европоор эмчилнэ. Европоороо оношилж, уламжлалтаараа эмчилнэ. Уламжлалт эмчилгээ гэдэг бол өвчний суурийг олж, өвчин юунаас үүдэн үүсэж байна вэ гэдгийг тогтоож эмчилгээ хийдэг. Европ нь тухайн өвчний шинж тэмдгийг дардаг эмчилгээг хэлж байгаа юм. Тухайлбал, бөөр өвдсөн хүнд бөөр ямар механизмаар, ямар ахуй, шалтгаанаас болж өвдөж байна вэ гэдгийг олохгүйгээр эм, бэлдмэл уухад эдгэрдэггүй. Харин уламжлалт анагаах ухаанаар оношлоод ямар шалтгаанаас үүдэн өвдөж байгааг нь олсны үндсэн дээр европ анагаахын эм, бэлдмэлүүдээр эмчилдэг. Арга, билгийг хоёуланг нь хослуулж байна. Европоор оношлогддоггүй янз бүрийн хийн өвчин байдаг. Жишээ нь, толгой нь өвдөөд байдаг. Эм уухаар эдгэрдэггүй, ямар нэгэн рентген зураг авахаар онош илэрдэггүй. Энэ мэт европоор шинж тэмдэг нь гарсан ч онош нь илэрдэггүй өвчнүүд байдаг. Үүнийг хамгийн найдвартай 100 хувь оношилдог нь уламжлалт анагаах ухаан юм.
-Уламжлалт анагаах ухаанаар өчнийг хэчнээн төрлөөр оношилдог вэ. Гол оношилгооны арга нь юу бол?
-Уламжлалтаар өвчнийг судас, шээс, харах ажиглах аргаар оношилно. Гол нь судсаар оношилдог. Үс, шүднээс бусдыг л судсаар оношилно доо. ЭХО, эсвэл рентгенээр оношлоход түүнийг уншиж байгаа эмч, үзэж байгаа аппарат сайн биш бол алдах магадлалтай. Харин хүний өвдсөн эрхтнээс гарч байгаа судас хэзээ ч худлаа ярьдаггүй, яг л бодит байгаа зүйлийг хэлнэ. Тэгэхээр өвчнийг судсаар 100 хувь оношлох боломжтой. Гол нь зөв эмчээ олж очих нь чухал.
-Эмчилгээндээ уламжлалт эмчилгээний ямар аргуудыг хэрэглэж байна вэ. Тангийн эмчилгээ хийдэг үү?
-Манай уламжлалтын эмэнэлэг нь тухайн хүний биеийн онцлог, өвчний оношоос шалтгаалаад зүү төөнүүр, хануур, бариа засал, физик эмчилгээ, ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ зэргийг уламжлалт, европ эмчилгээтэй хослуулан хийж байна. Харин миний хувьд тан барихыг төдийлөн чухалчилдаггүй. Намайг чинь том, том маарамбууд их шүүмжилнэ. Очироо эмчийг ямар эмч, маарамба гэх вэ. Тан барьдаггүй ямар маарамба байдаг юм бэ гэнэ. Нэгд, яг хурц үрэвслийн үед тан сайн бус. Хоёрдугаарт, монгол хүний ямар ч зүйлд тууштай биш нэг төрөлхийн араншин бий. Танг 14 хоног, сар ууж чаддаггүй. Тухайн хүн тангаа гүйцэд уухгүй хаячихдаг учраас өвчин нь улам хүндэрдэг. Эмч хүн өвдөлтийг хурдан намдаах, үрэвслүүдийг маш хурдан дарах арга хэмжээ авах ёстой. Тийм учраас би тан барьдаггүй. Европ эм, бэлдмэлийг эмчилгээний механизмдаа оруулаад ашиглачихдаг. Гэхдээ танг мэднэ.Дээрээс нь тан бэлдэх, амирлуулж хийх үйл явц нь хамгийн чухал. Дээр үеийн мундаг тан барьдаг улсууд чинь зөв амирлуулдаг, зөв номхотгодог байсан. Одоо цагт тийм зүйл байхгүй. Ургамлыг хатаагаад, нүдээд л хүнд өгчихдөг. Тан бэлтгэхийн хамгийн гол утга учир нь зөв боловсруулах. Монголд зөв боловсруулсан тантай эмнэлэг бараг байхгүй. Өнөөдөр манай Д.Нацагдорж хамбын Манба дацан эмнэлэг л зөв тан барьж байна. Бусдыг нь шүүмжилж байгаа юм биш. Тийм учраас би хүмүүст тан өгдөггүй юм.
-Гэтэл ковидын үед тодорхой тангуудыг зөвлөж байсан шүү дээ...
-Би бол түүний эсрэг байрь суурьтай байсан. Яагаад гэвэл Мана 4, Норов 7 нь вирус устгах тан биш. Хүний дархлалыг сэргээж, дархлалын системийг л хамгаалах тан. Тийм учраас энэ хоёр тан Ковид-19 өвчнийг эмчлэх эмчилгээний заалт биш, урьдчилан сэргийлэх л заалттай байсан.Ер нь хүчтэй химийн аргаар гаргаж авсан эм бэлдмэлд дарагдахгүй байгаа вирус, танигдахгүй байгаа өвчлөл тан уугаад дарагдана гэдэг учир дутагдалтай. Хүний бие махбодыг шинжлэх ухаанаар судлаад гаргачихсан эм, бэлдмэлийг аливаа өвчинд хэрэглэх нь шууд үр дүнд хүрнэ. Эм бол хор л гэж ярьдаг. Зөв эмийг зөв үед нь хэрэглэвэл хор биш. Буруу хэрэглэвэл тан ч гэсэн хор болно. Одоо хүмүүс ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай. Хэсэгчилсэн газрын цусан хангамжуудыг сайжруулж, булчингаа суллуулж, цусаа шингэлэх зайлшгүй хэрэгтэй.
ХАНУУР ЭМЧИЛГЭЭГ АЛЬ Ч УЛИРАЛД ХИЙЛГЭЖ БОЛНО
-Танай эмнэлэг бүх төрлийн өвчтэй хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна уу. Эсвэл тодорхой төрлөөр дагнадаг уу?
-Тухайлан дагнадаггүй, бүх төрлийн л өвчнийг эмчилж байна. Ууц, нуруу өвдсөн, ковид тусаад эдгэрсэн, бөөр, бэлгийн замын өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд ирж байна. Толгой өвддөг, нойр хүрэхгүй байна гэсэн стресс, мэдрэлийн гарлын өвчтэй хүмүүс ч их ирж байна. Байнга уурлаад, нэг зүйлд уцаарлачихлаар мэдрэлийн эсүүд бүгд цочмог байдалтай болчихдог. Эм уугаад толгойн өвчин түрхэн зуур дарагдаад дахиад л өвдөнө. Тийм учраас манай эмнэлэг стрессийн гаралтай толгойн өвдөлттэй хүмүүст эхлээд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тайвшруулаад, цааш нь эмчилгээгээ хийдэг. Тэгж шалтгааныг нь олохгүй бол дахиад л өвдөнө. Мөн хаврын улиралд хий их хурдаг. Тийм учраас хүний дархлал унана. Тамир доройтдог улирал учраас харшлын төрлийн өвчтэй хүмүүс их ирж байна.
-Жишээ нь, харшлын тал дээр ямар эмчилгээ хийж байна вэ?
-Хүний дархлал унаад, цус булингартаж, дэлүү бохирдсон тохиолдолд харшлын төрлийн өвчин элбэг тохиолддог. Уламжлалтаар бол хий, шарын халуун өвчин юм. Харшлын өвчинд хамгийн сайн арга бол хануур эмчилгээ. Хануур гэдэг нь хүний биед хэдэн мг, хэдэн литр цус байх ёстойг тодорхой заагаад өгчихдөг. Тэр цуснаас бага ч үгүй, их ч үгүй байх ёстой. Тэгэхээр тухайн хүний элэг, дэлүүний судсыг ханахад 5-10 мг цус гарна. Эргээд тэр цусыг нөхөж сайн цус төлждөг. Ингэснээр цус цэвэршиж, хүний биед байдаг муу цус нь гадагшилдаг.
-Хануур эмчилгээг ямар насны хүмүүс хийлгэхэд тохиромжтой вэ?
-Хануурыг ер нь бүх төрлийн өвчтэй хүн нас харгалзахгүй хийлгэж болно. Болохгүй заалт байхгүй. Харин жирэмсэн эмэгтэй болон хийн өвчтэй буюу хэт дархлал уначихсан харшаатай хүн хийлгэж болохгүй. Мөн бага насны хүүхдэд хануур хийлгэхээс цааргалах хэрэгтэй.
-Аль ч улиралд болох уу?
-Уламжлалтын эмч нар маань буруу ойлголттой, ганцхан ном барьдаг. Тэр нь Төвөдөд хэвлэгдсэн юм уу, хэн хэвлэсэн нь мэдэгдэхгүй анагаах ухааны дөрвөн үндэс гэдэг төвөд ном барина. Түүн дээр нь өвлийн болон намрын улиралд хануур хийж болохгүй гээд заачихсан. Уг нь бол арга, билгийнхээ ухаанаар тухайн эрхтнээс нь хамаараад улиралтай нь харшуулж ханах ёстой байдаг. Тэгэхээр аль ч улиралд ханаж болно гэсэн үг.
-“Аз” эмнэлэг зүү, төөнүүр эмчилгээ хийдэг гэдгийг дээр хэлсэн. Энэ эмчилгээг ямар төрлийн өвчнүүдэд хийж болох вэ?
-Таван цул, зургаан сав эрхтний бүх төрлийн өвчинд зүү, төөнүүр эмчилгээг хийж болно. Төөнүүр эмчилгээ гэдэг нь хэсэгчилсэн газрын цусан хангамжийг сайжруулж, мэдрэлийн эсүүдэд цочроо өгдөг. Ингэснээр эсүүд нь сэрэлд ороод үрэвсэл дарна, өвчин намдаана, цусан хангамжийг сайжруулна. Зүү эмчилгээ нь мөн мэдрэлийн эсүүдэд цочроо өгнө. Эд эрхтнээс гарсан мэдрэлийн цэгийн бөөгнөрөлд гадны хүчин зүйл үйлчилж цочрол өгөхөөр тухайн мэдрэлийн эрхтнүүд сэргэж өгдөг. Ингэснээр эрхтэн өөрөө өөрийгөө анагаадаг. Уламжлалт эмчилгээний хануур эмчилгээ, зүү эмчилгээ, төөнүүр эмчилгээний гол үндсэн үүрэг нь эд эрхтэн өөрөө өөрийгөө эмчлэхэд оршиж байгаа юм.
-Бариа заслын эмчилгээний тухайд?
-Бариа засал эмчилгээ нь үндсэн хоёр том үүрэгтэй. Нэг нь булчин суллах, нөгөө нь цусан хангамжийг сайжруулж, бодисын солилцоог хурдасгах. Арьсан дээр үрэлт өгөөд халуун үүсгэж байна гэдэг нь хялгасан судсууд тэлж цусан хангамж нь сайжирч байна гэсэн үг. Чангарсан хэсгүүдэд, хэсэгчилсэн газруудад өвдөлт өгөөд иллэг массажаар булчинг сулладаг. Угаасаа л ийм хоёр үндсэн үүрэгтэй. Түүнээс биш гадуур яригддаг бариа заслаар хавдар эдгээнэ, бөөр эдгээнэ, цөс эдгээнэ гэж байхгүй. Анхааруулах үүднээс хэлэхэд тэр бол худал зүйл.
-Бариа заслаар нурууны мэдрэлийн судас дарагдсаныг гаргана гэж ярьдаг. Ийм зүйл байх уу?
-Энэ болох нэг талтай, болохгүй нэг талтай. Яг булчин зангираад мэдрэлийнхээ нейроныг цочроон, нурууны булчин чангарлаас үүдээд мэдэрлийн судал хавччихсан байх нь бий. Энэ тохиолдолд булчинг нь суллахад эдгэрчихнэ. Харин үений жийргэвч гулсаад мэдрэлийнхээ судлыг дарчихсан байвал бариа заслаар эдгэрэхгүй, харин ч суумгай болох эрсдэлтэй. Мөн блок гаргадаг гэдэг хүмүүс байдаг. Блок их гаргуулж болохгүй. Блок гаргах гэдэг нь эмчилгээний төрөл биш. Үенд үүссэн шар ус болон үенд үүссэн хөшингийг л арилгаж байгаа болохоос тэр хүний аарцаг, нурууг засдаг зүйл биш.
-Тэгвэл блок гаргуулахгүйгээр ямар эмчилгээ хийх вэ?
Манай эмнэлэг бол нэгдүгээрт, тухайн хүний ууц, нурууны үрэвсэл юунаас үүссэн шалтгааныг олно. Хоёрт, үед үүссэн үрэвслийг европ эм бэлдмэлээр дарж, гуравдугаарт булчинг нь суллаж, дөрөвдүгээрт цусан хангамжийг нь сайжруулж өгнө. Угаасаа л ийм дөрвөн төрлийн эмчилгээ хийлгэхэд таны нуруу дахиж өвдөхгүй. Бөөрний суулт өгчихсөн, жийргэвч гулсчихсан, эсвэл хагалгааны заалтгүй л бол эдгэрэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь шалтгааныг нь олох хэрэгтэй.
ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ УС УУХ, ЗАЖЛАХГҮЙ ИДЭХ НЬ ТАРГАЛАЛТЫН ШАЛТГААН БОЛДОГ
-Сүүлийн үед хүмүүс таргалалтаас сэргийлж, эрүүл хооллохыг зорьдог болж. Ер нь эрүүл хооллолт гэж юу вэ?
-Уламжлалт анагаах ухаанд хүнийг хий, шар, бадгана давамгайлсан гэсэн гурван шинжээр хуваадаг. Монголчууд энэ гурван төлөвийнхөө дагуу, мөн улиралтайгаа зохицуулж хоол хүнсээ хэрэглэх хэрэгтэй.Дээр үеийн хүмүүс яс сайтай, одооны хүүхдүүд яс муутай болчихсон гэж ярьдаг. Энэ нь тийм биш л дээ. Яг л адилхан физиологи байгаа. Одоо дийлэнх өвчлөл буруу хооллолт, буруу дадал, зуршлаас үүсэж байна. Хүмүүсийн таргалж байгаа гол шалтгаан нь хоолоо бага зажилж иддэг. Хоолоо нүүрс усны түвшинд цардуулыг нь бүрэн задарч, саармагжтал зажлахгүй идсэний улмаас ходоод гүйцэд задалж чадахгүй, өөх тос, хлостериныг цус руугаа хийчихдэг. Ингэснээр цус өтгөрч, таван цуллаг эрхтэн өөхлөн, бүдүүн бүдүүн гэдэстэй бүсгүйчүүд, эрчүүд олон болоод байна. Тэр байтугай Их цааз хуульд “махан бүтээгдэхүүнийг 47 удаа зажил, бусдыг нь 17-оос багагүй удаа зажил. Эс тэгвээс тэр хүнийг цаазаар ав” гэсэн байж. Тиймээс дээр үеийн хүмүүс таргалалтгүй, эрүүл байсан. Энэ нь зөв хооллоё гэж бодож л байгаа бол та хоолоо гүйцэд сайн задал гэсэн ухагдахуун юм. Түүнээс биш хүн өөх идсэнээрээ таргалдаггүй.
-Тэгвэл хий, шар, бадгана гэсэн гурван төрлийн хүн ерөнхийдөө ямар онцлогтой хооллох хэрэгтэй вэ?
-Хий төрлийн хүн нь туранхай, хөхөлбөр царайтай, тамир дорой, оюун бодлын хувьд саармаг буюу сэтгэлийн хөдлөл ихтэй, үглээ яншаа хүмүүс байдаг. Ийм төрлийн хүмүүс тослог хоол хүнс идвэл сайн. Хөнгөн төрлийн хоол буюу будаа, цардуул ихтэй хоолноос татгалзах хэрэгтэй. Шарын төрлийн улсууд нь мах, мярааны хувьд дунд зэрэг. Нүүр царайны байдал сайхан. Уур, омог ихтэй. Шартай. Шар хүн шартай гэдэг биз дээ. Шарын талын хүмүүс өөх тостой, хайрсан хуурсан хоол хүнснээс аль болох татгалзаж, хөнгөн, бүлээн хоол идэх хэрэгтэй. Бас бага зэрэг өлөндүү байвал зүгээр. Хэт цадталаа идэж болохгүй. Хэт идчихвэл таргалах магадлал хамгийн өндөр хүмүүс байдаг. Бадганы төрлийнх бол мах, мяраатай, цайвар дугуй царайтай, оюун санаа хурц, махлаг хүмүүс байна. Ийм төрлийн хүмүүс хөдөлгөөн сайн хийх нь чухал. Бас өлсөх хэрэгтэй. Нүүрс ус, цардуул, хлостерин ихтэй хоол хүнснээс аль болох татгалзаж, уураг их төрлийн хоол, ялангуяа сарлагийн мах идвэл зүгээр.
-Хүмүүс ус сайн уух хэрэгтэй гэж бие биедээ зөвлөдөг. Хүний бие усаа хэрхэн нөхдөг вэ?
-Би бол усны эсрэг байдаг хүн. Дээр үеийн хөгшчүүд, бидний эмээ, өвөө хар ус битгий самар, хар ус битгий уу гэж хэлдэг байсан биз дээ. Өглөө өлөн элгэн дээрээ хэт ус ууснаар ходоод цочирч, ходоодны гал унтран хоол шингэхээ больдог. Үүнээс болж таргалалт үүснэ. Ходоод хямрах нь олон хортой шалтгаантай. Өглөө ус уух гэж байгаа бол амтлаад, шимж, бага багаар уух хэрэгтэй. Өдрийн цагаар ус ууж болно. Гэхдээ ихээр биш. Их ус ууснаар бөөрний ачаалал нэмэгдэж, бөөрний үрэвсэлт өвчнүүд их болчихдог. Ус их уух нь сайн гэдэг ойлголт хүний биеийн 70 хувь нь ус байдаг учраас та ус уу гэдэг усны сурталчилгаанаас үүдэлтэй санагддаг. Хүний бие усыг зөвхөн ус ууснаар авчихдаггүй. Бүх төрлийн хоол хүнснээс авч болдог. Монгол маань эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай орон. Харин европын орнуудын уур амьсгал, хүмүүсийнх нь ус уух, хооллох соёл, амьдралын хэв маяг, бие физиологи өөр, монгол хүнийх нэг өөр. Тийм учраас улиралдаа тохируулсан хоол хүнс, тохирсон эм бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй. Тэгж байж монгол хүн эрүүл байна. Хаврын улиралд их ус уугаад л байвал та долоон тамираа шатаагаад улам ядарна. Өвлийн улирал болон зуны улиралд үд дундад ус уувал сайн.
-Эргээд танай эмнэлгийн талаар ярья. “Аз” эмнэлэгийн үзлэг, оношилгоо нь үнэ төлбөргүй, зарим эмчилгээндээ нэлээд хөнгөлөлт үзүүлдэг юм байна?
-Хүмүүс маань юу өвдсөнөө ч мэддэггүй явж байдаг. Өвчнийхөө оношийг олоогүй, өндөр өртөгтэй эмнэлгүүдэд оношлуулах санхүүгийн боломжгүй хүмүүс их бий. Тийм хүмүүсийг заавал манай эмнэлэгт эмчлүүл гэж шаардахгүйгээр тус болохсон нэг хүн ч гэсэн өвчнөөсөө ангижраасай, өвчнийхөө оношийг мэдээд хойшдынхоо гаргалгааг зөв хийгээсэй гэж хүсдэг. Тиймээс манай шүд, эмэгтэйчүүд, уламжлалтын эмнэлэг маань оношилгоогоо үнэ төлбөргүй хийдэг юм. Эрүүл мэндийн байгууллагыг хэт бизнес болгож болохгүй л дээ. Би бол та над дээр өдөрт арван удаа ирсэн ч болно. Би арван удаа ярилцъя, зөвлөгөө өгье гэдэг. Ер нь эмч хүн бусдын тусын тулд урьд насандаа хийсэн сайн болон муу үйлийн үрээр энэ мэргэжлийг эзэмшиж, олон түмнийхээ тусын тулд буян үйлдэж явах л ёстой мэргэжил л дээ. Манай эмнэлэг эмчилгээгээ хямд өртгөөр, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг. Ашиг хардаггүй. Өндөр наснуудын эмчилгээг 75 хувь, 12-оос доош насны хүүхдүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй, элэгний циррозтой хүмүүсийн уламжлалт эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг.
-Таны хувьд эмч хүний хамгийн сайхан, бас хэцүү нь юу вэ?
Хүн эмчлэх сайхан л даа. Хүний баярласан царай, баярласан харцыг харна гэдэг эмч хүний хамгийн сайхан зүйл. Гэхдээ миний халгадаг нэг ажил байдаг. Тэр нь хүнээ эмчилж дуусаад энэ суудалд сууж төлбөрийн хуудас бичих. Бичихгүй байж болохгүй. Хүмүүст сайн эмчилгээ үйлчилгээг үзүүлэхийн тулд манай байгууллага удаан оршин тогтнох хэрэгтэй. Ажилчдынхаа цалин мөнгийг цаг хугацаанд нь, тогтвортой олгох ёстой. Тийм учраас үйлчлүүлж байгаа хүмүүсээсээ мөнгө авах шаардлагатай болдог. Энэ л миний хувьд хамгийн сэтгэл өвтгөсөн, халгамаар санагддаг. Тиймээс ч ирсэн хүнийхээ оношийг нь зөв олж өгөөд, наад захын зөвлөгөөг нь үнэ төлбөргүй өгөөд гаргачих юмсан гэж хичээдэг.
Д.Үржинбадам
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ene nusan burantaguud hunii emch geheer setgeld buuhgui uim
Монголын бүх эмч нарыг яаж зүрх сэтгэлтэй болгох вээ сэтгэлтэй эмч машшш цөөхөн бна энэ бол эмэгнэл