Бүүдгэр үдшийн оддыг шуугдтал бүгдээрээ бид инээлдэж явдаг сан. Сүүмгэр уулсын бараа улам өтгөрөхөд сүүн гэрэлт оддын зураа тэнгэрт ярайж, зул мэт ярайсан гэрэлт өвлийн тэнгэрт Алтан гадас тодоос тод зам заадаг аа. Монгол нутгийн өвөл тэнгэрт бэлчсэн оддын орон байр, зурхайд цугласан хүүхдийн гэнэн хүсэл шиг анивчин байх. Тэнгэртээ бид ойрхон өсөж дээ. Тэнд морины уяа байдаг гэж хөвгүүд хөөрөлдөхөд түрүүлж хэний морь ирээ бол гэсэн гэнэн багын хүсэл анивчих оддоос олж харах гэж ширтэцгээдэг сэн. Эзэн хааны найман шаргын уяа жузаг дүүрэн морьдтой байдаг гэсэн үлгэрийг үнэнд итгэн тэнгэрт цайрах оддын зүг сүүн цацлаа өргөж өсөв өө. Эр хоёр загалын уяа энүүхэн энд гээд үдшийн цолмонг чиглүүлэсхийгээд заахад том хүүхэд хуурч байна ч гэж бодохгүй тэнгэрт морьд уралддаг л гэж мөрөөдөж явж дээ. Алтан тууртын минь үлгэр, домог, хууч ярианаас Үлэмжийн их Чингис хааны унаган хүлгүүд, дайчин баатруудынх нь морьд, Бөртө хатан, Алунгоо хатдын удган жороо хүлгүүдийн зүс ижилсэн хатирах нь бодогддог сон. Монгол газрын энгээр тэшүүлсэн, морин өртөөний албыг ч даасан, дэлхийн тэн хагаст хүрч зүтгэсэн тэр л хүлгүүд монгол айлын уяан дээр унгалдаж байгаа гэж, тэгээд хөвгүүд минь бүгд морь зурж, багачууд нь гийнгоолж, зүс зүсний морьтой дэлхийг дайлж явсан дэлгэр түүх оршжээ.
Унаган жороо хүлгүүд минь удган тэлмэн морьд минь зуун зуун өртөөлөвч унасан нутагтаа, уяа зэлэндээ ирж төрдөг нь гайхамшиг. Морьгүй бол мохоо болчих юм шиг, морьд үгүй бол морин хуур ч эгшиг татрах юм шиг унасан унага бүрээ хурдан жороо, хулан чигтэйн удам гэж хайрлаж иржээ.
С.Oюунчимэг
Сэтгэгдэл ( 0 )