Эрээнтэй, бараантай амьдралын эвлүүлэггүй тоглолт

2025 оны 02 сарын 11

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр ийм нэртэй тоглолтыг Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчид үзэгч олондоо хүргэсэн юм. Баруун-Урт хотын оршин суугчдыг нэгэн орой дуу хуурын цэнхэр аялгуунд уусгасан тэр тоглолт тухайн уран бүтээлчийн намтар, уран бүтээлийнх нь түүхэн замналаар эхэлж билээ.

“Дамбийн Гунаажав ахайтны амьдрал, уран бүтээлийн талаар товчхон ч атугай судалж үзлээ. Уярал, ухаарал, харамсал, бахархал, бодол санаанд минь бялхаж, хүмүүний амьдралын талаар элдвийг эргэцүүлэхэд хүрэв...”

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Луузангийн Гомбосүрэнгийн ухаарал харуусал илэрхийлсэн танил дуу хоолой.

Д.Гунаажав хэмээх энэ эрхэм хүн 1948 онд Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ. Түүний аав нууц албанд ажиллаж, урд зүгт хилийн цаана тусгай даалгавар гүйцэтгэж яваад хэрэг нь илэрч баригдахын даваан дээр Өвөр Монголын Баруун Үзэмчин хошуунаас  эхнэр оргуулан Дорноговиор дамжин ирж, төрсөн нутаг усандаа нууцлаг амьдарч байсан тухай  ээж нь ярьж, авдрын ёроолоос хошууч цолны мөрдөс гаргаж  “Аавын чинь юм шүү” гээд үзүүлж байсан байна.

Аав нь оросуудтай машин жолоодож, ээж нь орос хүүхнүүдтэй дуу дуулан гангарч, хар багаасаа л орос хүүхдүүдтэй тоглож өссөн Д.Гунаажав долоодугаар анги төгсөж, 16 насандаа 1964 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан хөгжимчин болж, дуу хөгжмийн багш Д.Бадарчаар трубо, волторно, Б.Доржцэрэн багшаар морин хуур заалгажээ.

1967 онд Ардын цэргийн 068 дугаар ангид алба хааж, 1969 онд Цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр орж, хөгжмийн зохиолч Э.Чойдогтой багш шавийн барилдлагатай болж  хөгжмийн найруулга зүй болон зохиол бичих ухаанд суралцаж, хөгжмийн боловсролыг тэндээс л олж авсан байна. Тэрбээр "Би 1971 онд ЗХУ-ын Ленинград хотын Римский Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцахаар очсон чинь Чойдог багшийн заасныг л заагаад, уйтгартай байсан учраас зургаан сар болоод буцаад ирсэн" гэж ярьдаг.

 

 

Сайны хажуугаар саар гэгчээр Э.Чойдог багшдаа цай зөөн үйлчилдэг байснаа багшлуулах, бахархах хүрээ нь улам тэлж Монголын хөгжмийн урлагийн сор болсон нөхдийн хатуу хэмтэй ундаанд зарагдан гүйдэг, бас өөрөө амсдаг, хүртдэг болж улмаар бор дарсанд дурласан нь нэг их гай болоогүй ч, гавьяа авчраагүй байна

Дамбийн Гунаажавын уран бүтээлийн “Хайрыг хайрлаж яваарай” тоглолт  Б.Түвшинжаргалын шүлэг “Цэнхэр хангайн нутаг” дууг “Жаахан шарга” театрын залуу дуучин О.Ганхуягийн дуулснаар эхэллээ.

“Уул үүл нь нийлэн харагдах

Умрын цэнхэр хангай минь ээ хө

Унтах нойронд үзэгдээд байдаг

Усыг нь уусан нутаг минь ээ хө

Хангайн наран хан аав минь

Сүргээ хариулсан нутаг аа хө

Халхын саран гоо ээж минь

Сүүгээ өргөсөн нутаг аа хө” гээд түмний сэтгэлд мөнхөрсөн дууны аялгууг  Д.Гунаажав наяад оны эхээр зохиосон гэдэг.

“Ээж минь сайхан дуулдаг хүн байсан. Баруун Үзэмчний “Дүүрэн заан” гэдэг дуу чинь анх Дүүрэнжаргал гэж байгаад сүүлд заан цол хүртсэнийх нь дараа “Дүүрэн заан" гэдэг болсон юм. Миний зохиосон "Үзэмчин бүсгүй" бүжгийн хөгжимд яг тэр ая байгаа” гэж ярилаа. Тэрхүү “Үзэмчин бүсгүй” бүжгийг нь бүжигчин Ц.Энхмаа бүжиж үзэгч олондоо сонирхуулав. Тэрбээр “надад аав, ээжээс минь үлдсэн хоёрхон зүйл бий. Уул нь арслан хээтэй байсан авдар одоо надтай хамт элэгдээд байгаа нь энэ. Нөгөө нь миний ээжийн тэр үедээ орос хүүхнүүдтэй адил гангардаг байсан цүнх” гээд элэгдэж хуучирсан ширэн цүнх гаргаж Л.Гомбосүрэн найруулагчид үзүүлж байжээ.

Д.Гунаажав 1987 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “АН-24” онгоц хөлөглөн Баруун-Урт хотод хөл тавьж, аймгийн Соёлын ордны хөгжмийн багшаар ажилласан нь амьдралынх нь цоо шинэ үе буюу уран бүтээлийн их нүүдэл эхэлсэн түүхтэй. Аймгийн намын хороо түүнд орон сууц олгон, тохилог амьдралтай болгосноор шууд л хөгжимт драмын театр байгуулах бэлтгэл ажилд орж, Сүхбаатар аймаг Хөгжимт драмын театртай болоход анхны хөгжмийн удирдаачаар ажилласан байна.

Д.Гунаажавын "Ханийн минь нутаг", "Хайрыг хайрлаж яваарай" гээд олон сайхан дуу, "Лимбийн эгшиг", "Үзэмчин бүжиг"-ийн аялгуу, бусад хөгжмийн зохиолууд нь тал нутагт төрж үзэгч олондоо хүрсэн байна. Мөн Эрдэнцагаан суман дахь хилийн цэргийн  ангийг үлээвэр хөгжмийн бүрэлдэхүүнтэй болгож, улмаар Уулбаян сумын дунд сургуулийн дэргэд ардын болон үлээвэр хөгжмийн хамтлаг байгуулж байсан буянтан билээ. Ингэж Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театр, Эрдэнэцагааны хилийн цэргийн анги, Уулбаян сумын дунд сургуульд хөгжмийн багшаар хорь гаруй жил ажиллахдаа нутгийн уран бүтээлчидтэй хамтран олон сайхан дууны аялгуу зохиосон нь “Хайрыг хайрлаж яваарай” тоглолтын гол хэсэг болж байв.

 

 

Сэтгүүлч Я.Түмэннастын шүлэг “Зүрхэн сүмбэр хайрхан”,  Ч.Жамьяанжав багшийн шүлэг  “Төрсөн нутгийн дуу”, Даваажавын “Чи бидэн хоёр”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Оюундэлгэрийн “Сэтгэлд хургасан амраг” дууг дуучин Б.Ариунжаргал, А.Идэрзаяа, Д.Дэлгэрмаа, Бүх ард түмний урлагийн үзлэгийн мөнгөн медальт уран сайханч, аймгийн Зам ангийн жолооч Ц.Ооёогийн “Хунтай нуур хөлддөггүй, Ханьтай хүн хөрдөггүй” гэсэн дахилттай дууг СТА дуучин А.Идэрзаяа дууллаа.

Жүжигчин Д.Болортуяа “2005 онд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхдээ Ц.Очирхуяг ахдаа хүсэлт тавьж ээждээ зориулан шүлэг бичүүлэхэд Гунаа багш маань ая зохиож “Хорвоог аргадсан ээж” дуу төрсөн түүхтэй” гээд

“Наран асгарах талдаа ээж минь

Насны салхинд онгож яваа даа

Буян хишгээ үрдээ хурайлан

Эрхээ тоолон хүлээж суугаа даа

Санахын тоолон ухаарал хайрласан

Цайлган буурал ээжий минь даа” гэж дуулав.

Театрын уран сайхны удирдаач, найруулагч З.Далай “Онгон сумын уугуул “буурал” хэмээх Ц.Очирхуяг Гунаажав багш хоёр хамт жаахан халчихаад маргааш өглөө нь “Баян зээрд” дэлгүүрийн үүдэнд уулзахдаа хоёул ханиараа зэмлүүлснээ ярьж, хоёр ханьдаа  баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн “Ханиараа би гоёж явна” дуугаа бүтээсэн гэдэг. 2007 онд тайлан тоглолт дээрээ анх дуулж байлаа” гэж ярилаа.

Театрын жүжигчин Б.Сүхчулуун “Цэнхэр алчууртай бүсгүй” богино өгүүллэг, жүжигчин Ц.Долгормаа “Ирээдүй хойчдоо илгээсэн ил захидал”-ыг нь уншиж  хөгжмийн зохиолчоос гадна жүжгийн зохиол, богино өгүүллэг бичиж байсныг нь  илтгэлээ.

...Хэдэн нөхөдтэй наргиж байсан нь гар зодоон болон хувирч, сүртэй хохирогч байхгүй ч гэсэн үр дүнд нь Д.Гунаажав 1.6 жилийн ял авч Сэлэнгэ аймгийн Түнхэлийн хориход ялтан болжээ.  "Би сайн хүмүүжигч байсан учраас номын санд сууж ном их уншдаг байлаа. Нэг удаа З.Ядмаагийн шүлгийн түүвэр уншиж байтал "Ханийн минь нутаг" гээд сайхан шүлэг таарахаар нь тэр хуудсыг тасдаж аваад халааслачихлаа. Ингэж миний "Ханийн минь нутаг" дуу бүтсэн түүхтэй юм” гэж ярина.  Энэ дууг  Уулбаян сумын уугуул, аймгийн Соёлын ордоны гоцлол дуучин Ж.Батсүх 1987 онд анх дуулжээ. Харин энэ удаад Соёлын тэргүүний ажилтан, залуу дуучин Х.Мөнгөн-Өлзий “Ханийн минь нутаг” дууг өөрийн хувилбараар шинэчилж дууллаа.

1988 онд аймгийн “Жаахан шарга” театр үүдээ нээхэд  анх амилуулсан Д.Гунаажавын хөгжим, Ч.Түмэннастын дэглэсэн “Лимбийн эгшиг” бүжгийг тус театрын дөрөв дэх үеийн бүжигчид бүжиглэж үзэгч олондоо сонирхууллаа.

Эрдэнэцагаан сумын хилийн хорооны нарийн бүрээчин, хошууч Эрдэнэцогт,  дэд ахлагч Алтаншагай нар “Эх орны хил тайван байна” дуугаар багшдаа хүндэтгэл үзүүлэв.

 

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүний их эмч, зохиолч Лувсангийн Одончимэдийн шүлэг: 

“Ихэр гурван эрдэнээ

Эрсээр санасаар ирэх сайхан

Ижийг орлосон нутгаасаа

Эргээд буцах л хэцүүхэн дээ”  гэсэн “Ижийг орлосон нутаг” дууг нь уртын дуучин О.Бүрэндэлгэр дуулж, найруулагч З.Далайн хэлснээр Сүхбаатар аймагт 38 жил амьдарч, “Ижийг орлосон нутаг” хэмээн өглөө бүр зүрх сэтгэлдээ залбирч, энэ л аймгийн ард түмний нэг эд эс нь болж явдаг эгэл жирийн хөгжмийн зохиолчийн уран бүтээлээр үзэгч түмэн бүтэн хоёр цаг аяллаа. Иймээс нийтийн дууны оргил бүтээлийн нэг болох “Цэнхэр хангайн нутаг” дууг нь үзэгч олонтойгоо хамтран дуулж эл тоглолтоо өндөрлөсөн юм. 

“Мөрөн гол нь шуугин урссан

Мөнхийн цэнхэр хангай минь ээ хө

Мөрөө гарган тоглож өссөн

Мөрөөдөл болсон нутаг минь ээ хө

Хангайн наран хан аав минь

Сүргээ хариулсан нутаг аа хө

Халхын саран гоо ээж минь

Сүүгээ өргөсөн нутаг аа хө”...гэсэн хөг аялгуу театрын том танхимаар дүүрэн эгшиглэж байв.

Хөгжимчдын өмнө гарч “Цэнхэр хангай нутаг”-аа өөрөө дохиж бас нэг бадаг дуулуулсан, нэгэн жарныг урлагийн, тэр тусмаа хөгжмийн ертөнц дундуур туулж өнгөрүүлсэн хөгжмийн зохиолч Дамбийн Гунаажавын “Эрээнтэй бараантай амьдралын эвлүүлэггүй тоглолт”-ыг эвлүүлж найруулсан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Луузангийн Гомбосүрэн Танд болон “Жаахан шарга” театрын уран бүтээлчдэд талархнам.

Г.Сүхээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top