Дундговь аймагт Улаанбурхан өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан Политехникийн коллеж, бүх сумдын ЕБС, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, Өдөр өнжүүлэх төвүүд болон хүүхдийн дунд зохион байгуулах аливаа үйл ажиллагааг 2025.03.15 - 2025.03.28-ныг дуустал түр хугацаанд хязгаарлаж, цахимд шилжүүллээ.
2025 оны гуравдугаар сар 15-ны өдрийн байдлаар Дундговь аймагт 2 тохиолдол батлагдаж, улсын хэмжээнд улаанбурханы лабораториор батлагдсан нийт 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдэн, хяналтад аваад байна.
Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудоос улаанбурхан батлагдсантай холбоотой ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг дээрх хоёр аймгийг зорьж, аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн голомтын хариу арга хэмжээ авч байгаа багт сургалт хийж, эмчилгээ оношилгоонд зөвлөмж өгч, лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийж, улаанбурханы эсрэг вакцинжуулалтын байдалд хамтран ажиллаж байна.
Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг мөн гарчээ.
Улаанбурханы батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьталд ХӨСҮТ-ээс аймаг, нийслэл, дүүргийн ЭМТ-ийн багтай хамтран 2600 хүнийг хяналтад авч, 720 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээги үргэлжлүүлэн авч байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )