ОЛОН ӨНГӨ I Элэгний цэцэг нүдэнд ургамой

2025 оны 04 сарын 19

Элдэв будаг хорны хогжруу

Дэрэвгэр хиймэл сормуус

Саравгар шулман хумс энх мэндийн эрлэг

Хүн мал хоёр таван цул, зургаан сав эрхтэнтэй.

Тэдгээрийн нэг нь хамаг эрхтний хатан гэдэг гуншинтай цус агуулах хор тайлах, тослогийг шингээх ажилтай цөсийг үүсгэж, хумс шөрмөс хоёрыг бүтээдэг элэг. Түүний явдлыг толь мэт тусган мэдээлж байдаг эрхтэн нь нүд. Тиймээс мэлмийг элэгний толь гэдэг бөгөөд сайн муу нь түүнд цэцэг лүгээ адил дэлбээлж байдаг тул элэгний цэцэг нүдэнд ургамой гэж дорно дахины тэжээхүй ухааны эх бүтээлд дурдсан үзэгдэнэ.

Нүд ямагт улайхаас гадна алга ирмэгийнхээ товгороор хүрэнтэх, хумс хэврэгших, хоньтох, бэдэртэх, мах нь сөрөх, зэргээр ондоошихыг элэг доройтож буйн шинж хэмээнэ. Юун хэмээвээс хумс шөрмөc элэгний хүчинд үүсдгийнх. Тэгэхлээр өнөөгийн охид хүүхнүүдийн гангалдаг нэг юм нь хумс, сормуус, зовхио будах. Түүнийг бүтээгчид, үйлдвэрлэгчид юугаар л хийдэг бол доо. Хэрэв тэр будаг лаканд бага ч гэсэн хортой бодис ордог бол хоногийн тоогоор л хор элэгнийхээ судлаар зөөхлөөр элэг яаж тэсэх билээ. Тэгж хордсон цусаар нь хамаг бие махбодь амь зогоож байгаа юм шүү. Зарим нь гар байтугай хөлийнхөө хумсыг буддаг. Түүнийгээ ацетоноор уусгаж арилгана. Тэр нь төв мэдрэлийн тогтолцоог өдөөх, мансууруулах нөлөөтэйн дээр өтгөн шиг нь амьсгалах эрхтнийг цочроох, нүд хорсгох, хавагнуулах, толгой эргүүлэх, бөөлжис цутгуулах, баримжаа алдуулах аюултай бодис. Тэгэхээр тэр бүхэн нь элгэнд нөлөөлөхгүй гэх аргагүй. Ингэж л тэр их хорыг элэгнийхээ судлаар өдөр шөнөгүй зөөж, бусад эрхтэндээ түгээж байхад элэгнээс эхлээд нөгөөдүүл нь яваандаа юу болох вэ.

Нэг юм бодно байгаа, хүндэт бүсгүйчүүд ээ. Түмэнд хэрэг болуужин хэмээн Ц.Цэрэн-Очир абугайн “Эмгэг засах элдэв арга болон...” номоос барлан буулгаж ишилсэн болой...

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu