Б.Пүрэвсүрэн: Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан шийдвэр олон бий

2025 оны 05 сарын 03

"Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаа Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж, “Монгол дахь Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Уулзалтад “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бол клубийн сэтгүүлчид түүнтэй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцсаныг хүргэж байна.

 -Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан.Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Олон ургалч үзлийг хүндэтгэлтэй хүлээн авч байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэн нэгэн судлаачийн, эсвэл нэг байгууллагын, нэг  салбарын, сэтгүүлчдийн өмчлөх сэдэв биш юм. Бүх нийтээрээ, нийгмийн олон төлөөлөл энэ сэдвээр ярьж байх ёстой. Гол нь судалгаанд суурилж практик талаас нь харахыг хүсэж байна. Хоёр нийтлэг үзэгдэл ажиглагдаж байна. Нэг хэсэг нь аль нэг байгууллагын, редакцын заасан хууль боллоо, эргүүлэн татъя гэдэг   шүүмжлэл. Хуулийг төслийг эргүүлэн татахад маш амархан.

Энэ нөхцөлд үзүүлэх нөлөөг харгалзах ёстой. 2009, 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын гишүүн агсан М.Батчимэгээр ахлуулсан гишүүдийн, Засгийн газрын санаачлан өргөн барьсан бүх хуулийн төслийг буцаасан. Хэн хожсон бэ. Хэн ч хожоогүй. Би өмнөх бүх төслийг харсан. Илүү сайжруулаад аваад явж болохоор сайн төслүүд байсан. 

Олон улсын шинжээч, Канадын “Хууль ба ардчилал Төв”-ийн гүйцэтгэх захирал Тоби Мендэл ЮНЕСКО-ийн урилгаар хоёр өдөр манай улсад ирж ажиллахдаа Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгын 45 зүйлтэй хуулийн төсөлд 46 санал өгсөн.  80 хувийг нь хүлээн  авч засаж болохоор байна. Тэр “30 гаруй улсын хууль дээр ажилласан, хуульчийн 40 жилийн туршлага, ЮНЕСКО-д зөвлөх эрхтэй ажилласан мэргэжилтнийхээ хувьд хүний эрхийг хязгаарлах биш, хүний эрхийг баталгаажуулах гэж орж ирсэн хуулийн төсөлтэй анх удаа таарлаа” гэсэн. ХЗДХЯ үүнийг “Маш сайн хуулийн төсөл гэж дүгнэсэн” гээд нийтэлчихсэн байсан.  Маш сайн гэхээсээ илүү ярилцаж болох давуу төсөл болсон гэж миний хувьд үзэж байгаа.

 

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬГҮЙТЭЙ АДИЛ ЯВЖ ИРЛЭЭ”

 

-Монголын хэвлэл, мэдээллийн эрх зүйн орчин өмнөх болон одоог харьцуулбал?

-Хуулийн төслийн дэд ажлын хэсгийг МСНЭ ахлахаар болсон. Энэ ажлын хэсэгт сэтгүүлчид, судлаачид орж ажиллаж бие даасан саналаа өгөх ёстой. Нөгөө талаас дэлхий дээр төгс хууль гэж байхгүй. 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол сайн хууль. Түүнийг дордуулахгүй байя гэж байгаа нь зөв. Гэтэл судалгаагаар 1998 оны хуулийн хэрэгжилт 00 хувьтай байсан, одоо ч тийм байгаа. Үндсэндээ хуульгүйтэй адил явж ирлээ. Тэгэхээр 1998 оны хуулийг  өөрчлөхгүй тэр чигт нь авч явна гэвэл мөн л хуульгүйтэй адил. Энэ удаад буцаая гэж бодоход дараа хэзээ хуулийн төслөө өргөн барьж хэлэлцэн батлах вэ. Хамгийн сүүлд 2014 онд, 11 жилийн өмнө энэ хуулийн төслийг өргөн барьсан байдаг. “Энэ удаа татаж авбал ахиж өөрчлөхөд энэ парламентын нас гүйцэхгүй юм биш үү” гэж УИХ-ын дарга хэлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцдог хуульчийнхаа хувьд би асуудлыг мэдэж байна. Энэ байдлаас хэн хохирох вэ. Монгол Улсын 3,5 сая иргэн, иргэдээс энэ салбарын 4000 хүн илүү хохирно.                          

 

“МАНАЙД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАСАН ШИЙДВЭР МАШ ОЛОН БИЙ”

 

-Өнөөдөр манай улсад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх  эрхийг хамгаалж чадаж байна уу?

-Өнөөдөр иргэн ёс бус үг хараал хэлсний төлөө Зөрчлийн хуулиар 30 хоног баривчлагдаж байна. Бурханы хүү Баярбаатарыг та бүхэн харж байгаа биз дээ. Энэ хуулийн хэрэгжилт 00 байгаагийн нэг жишээ нь энэ. Үг хэлэх эрхийг хамгаалж чадахгүй байна. Одоо мөрдөгдөж байгаа хууль дээр хэвлэн нийтлэх эрх чөлөөг хориглосон хууль батлан гаргахыг хориглоно гэж бий. Гэтэл энэ чинь эрх зүйн ухамсарт соёл дээр аваачихаар хэрэгждэггүй юм байна. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан шийдвэр олон бий. Парламентын ордноос мэдээ сурвалжилга авахад нэг цэг болгодог, журмаа өөрчилдөг. Цар тахлын үед Х.Нямбаатар сайд байхдаа хэвлэлийнхэнд зорчих эрхтэй нь холбоотойгоор харилцан адилгүй квот олгож байсан гэх зэргээр маш олон жишээ бий. Тэгэхээр бид өргөн барьсан хуулийн төсөл дээр үүнтэй холбоотой хууль, захиргааны хэм хэмжээний акт, журам батлан гаргахыг хориглоно гэж оруулсан. 

 

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БАЙГАА 300 ГАРУЙ ХУУЛЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБОГДДОГ. ГЭТЭЛ ЗУРГААХАН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ ҮҮ”

 

-Хуулийн өөрчлөлт үр дүнгийн талаар таны байр суурийг сонирхоё?

-Монгол Улсад өнөөдөр 932 хууль хэрэгжиж байгаагаас гуравны нэг нь хэвлэл мэдээлэлтэй холбогддог. Ийм өргөн байхад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж зургаахан хуулийг өөрчлөхөөр УИХ-д оруулж ирж байна. Маш хангалтгүй. Гамшгаас хамгаалах тухай, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль,  Төрийн болон ОН-ийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, 1998 оны ХМЭЧ-ний тухай хууль хүчингүй болохтой холбоотой хууль гээд энэ зургаан хуулийг өөрчлөөд нэмэргүй.                              

Үзэл баримтлал дээр мөн бид хэлэлцэх ёстой. Үзэл баримтлалын төсөл дээр хэлэлцүүлэг хийгээгүй учраас маргаан гараад байна. Товчхондоо бидэнд олон асуудал байна. Эцэст нь хуулийн төслийг хойшлуулбал ахиад хэн хожих вэ гэдэгт хариултаа олох хэрэгтэй. Хуулийн шинэчилсэн найруулгад эх сурвалжийн, худал мэдээллийн, МОНЦАМЭ, редакцын, хэвлэл мэдээллийн байгууллагын гээд олон асуудлыг тусгасан. Явцын дунд сайжруулж өөрчилж болно. 

Өнөөдөр бид бүгдэд хамгаалалт байхгүй. 1998 оны хуулиа бариад ч нэмэргүй. Үндэсний хамгаалах хуульгүй л явж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu