Дэлхийн II дайн ба Монгол-Зөвлөлтийн ард түмний харилцаа

2025 оны 05 сарын 09

Энэ ялалт  Орос, Монголын ард түмний хувьд үнэ цэнэтэй түүхэн үйл явдал юм

Фашист германыг Зөвлөлтийн Улаан арми ялсан Ялалтын 80 жилийн ойн баярыг өнөөдөр (2025.05.09) тэмдэглэж байна. Дэлхий дахины тэр дундаа Оросын ард түмний түүхийн нэг гол үйл явдал нь 1941-1945 онд болсон “Аугаа их эх орны дайн” билээ. Тэртээ 80 жилийн өмнө болсон энэхүү дайны түүхийг Оросын ард түмэн санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр байна.Олон сая цэрэг эрс, ард иргэдийнхээ алтан амь, халуун цус, бүлээн нулимсаар олж авсан уг ялалт бол Орос, Монголын ард түмний хувьд тун ч үнэ цэнэтэй түүхэн үйл явдал  юм.

ЗХУ, Герман хэмээх хоёр хүчирхэг гүрэн 1930-аад оны дунд үеэс Европ тивд сөргөлдөж байхдаа харилцан үл довтлолцох гэрээг 1938 онд Мюнхен хотноо байгуулсан байдаг. Энэхүү гэрээ нь тийм  ч найдвартай байгаагүй бөгөөд гагцхүү дайны эхлэх хугацааг түр зуур л хойшлуулсан хэрэг байв.1939 онд Германы холбоотон Япон улс Зөвлөлт-Монголын цэрэгт бут цохиулсны дараагаар Герман улс ЗХУ-ын эсрэг дайтах төлөвлөгөө боловсруулан ЗХУ-ыг 3-4 сарын хугацаанд “Цахилгаан дайн”-аар буулган авч Уралын нуруугаар зааглан хүн ардыг нь аймаглан устгах “Их цэвэрлэгээ” хийхээр төлөвлөж, “Барбаросса” төлөвлөгөө боловсруулан 1941 оны арванхоёрдугаар  сард ЗХУ-ыг бүрэн эзэлж авах зорилт тавьжээ. Монгол-Зөвлөлтийн ард түмэн 1939 оны Халхын голын дайн, 1941-1945 онд өрнөсөн Аугаа их эх орны дайн, 1945 онд  дэлхийн II дайны төгсгөлд Алс Дорнодын компани буюу Манжуурын стратегийн давших операци зэрэг ХХ зууны 1930, 1940-өөд онд өрнөсөн дайн, байлдаанд мөр зэрэгцэн тулалдаж ялалт байгуулсан түүхтэй билээ.

1941 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн үүрээр Германы тал нэгэн зэрэг гурван өргөн фронтоор 180 орчим дивиз, 5.5 сая орчим цэргийн хүчээр ЗХУ-ын эсрэг цэрэг дайны ажиллагааг эхлүүлж, таван жил үргэлжилсэн урт хугацааны дайн эхэлсэн билээ. Дайн эхэлсэн анхны өдрөөс БНМАУ-ын Засгийн газар, ард түмэн харилцан туслалцах гэрээний үүргээ биелүүлэн дайны туршид  ЗХУ-ын холбоотон улс нь байж  “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлж,  галт тэрэгний  зургаан  удаагийн цуваагаар тусламж хүргүүлсэн юм.

Монголын Засгийн газар, ард иргэдээс үзүүлсэн тусламж нь:
 

1. Эд хөрөнгийн тусламж;

2. Сэтгэл санааны тусламж байлаа.

Анхны бэлгийн цувааг 1941 оны арваннэгдүгээр сард буюу дайн эхэлснээс хойш таван  сарын дараа явуулсан байна. Энэхүү бэлгийн цуваанд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил байжээ. Эдгээрийн үнэ нь тухайн үеийн ханшаар 587000 төгрөг болжээ. Түүнээс гадна МАХЦ-ийн Тавдугаар морьт дивизийн дарга, цэргүүд 86121 төгрөг, 148 адуу, 99 хонь, Зургаадугаар морьт дивиз 67695 төгрөг, Долоодугаар морьт дивиз 39934 төгрөг; Цэргийн ерөнхий сургууль 37218 төгрөг, 12 адуу, 20 хонь гэх зэргээр тусалсан нь бие мөнгөөр 230960 төгрөг, морь мал 270 толгой байв. Оросын баримтад цувааны нийт үнийн дүнг нэг сая 813 мянга 515 төгрөг, мөн банкинд 587 мянган төгрөг бэлнээр шилжүүлэсэн гэжээ.  Энэ цувааны бэлгийг фронтод дайтаж буй дивизийн цэргийн алба хаагчдад хүргүүлсэн юм.

 

 

Хоёр дахь удаагийн бэлгийн цувааг 1942 оны хоёрдугаар сард Улаан арми үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан нийт 37 вагонд долоон сая 187 мянга 140 төгрөгөөр үнэлэгдэх дулаан хувцас, хүнсний зүйлс илгээсэн байна.

Гурав дахь цувааг Октябрийн хувьсгалын ойд зориулан илгээсэн бөгөөд нийт 236 вагоноос бүрдсэн цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан тэргүүтэй 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй томоохон төлөөлөгчид хүргэжээ. Энэ бэлгийн цуваагаар дулаан хувцас, бүх төрлийн гутал, гэр, ахуйн зүйл, тоног хэрэгсэл, хүнсний зүйл, хувийн бэлэг зэргийг багтаасан нийтдээ тухайн үеийн ханшаар есөн сая 252 мянган 340 төгрөг-ний эд зүйлс зүйлс байв.

Дөрөв дэх удаагийн бэлгийн цувааг  Улаан армийн 25 жилийн ойд зориулан илгээсэн байна. 1942 оны 12 дугаар сарын 1-нээс 1943 оны 2 дугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд манай ард түмэн 8.3 сая төгрөгийг Бэлэглэлийн фондод оруулж МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид хүргэжээ. Бэлгийн цуваагаар дулаан хувцас, эсгий гэр, морин цэргийн эмээл, ангийн болон малын мах, хүнсний, ахуйн хэрэгцээний зүйлс, иргэдийн хувийн бэлэг илгээжээ.

Тав дахь удаагийн бэлгийн цувааг 1943 оны арваннэгдүгээр сард илгээв. 32 вагоноос бүрдэх уг цуваанд: цэргийн богино нэхий дээл, шинель, үстэй хантааз тус бүр 1200 ш, эсгий болон савхин гутал, үстэй бээлий тус бүр 1200 хос, хүнсний зүйл: үхэр, хонины мах 58 тн, зээрийн мах 44 тн, гахайн мах 15.6 тн, хиам 15.9 тн, цөцгийн тос 15.6 тн, нарийн боов 13.1 тн болон 4000 орчим хувийн бэлэг багтсаныг “Хувьсгалт Монгол” танкийн бригадад зориулсан байв.

Зургаа дахь удаагийн цуваа нь 1945 оны нэгдүгээр сард 127 вагоноос бүрдсэн уг цуваанд хүнсний зүйлс,  мал, ангийн мах, дулаан хувцас илгээсэн бөгөөд  Украины I фронтын анги, нэгтгэлүүдийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн байна.

Төр, засаг, цэргийн удирдлагаас Монголын ард түмний хөрөнгөөр Улаан армид байлдааны зэвсэг, техник бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр гэж үзсэн байна.

 

 

1942 оны нэгдүгээр сард хуралдсан БНМАУ-ын XV Бага хурлаас “... Улс орны өмнө зогсож байгаа улс төр, эдийн засгийн зорилтуудыг биелүүлэх бүх ажил нь улс орныг батлан хамгаалах явдлыг бэхжүүлэх ба фронтод туслах явдалд захирагдсан байвал зохих”-ыг зааж, нэгд “... Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цувааг байгуулж, Зөвлөлтийн баатарлаг улаан цэрэгт бэлэглэх, хоёрдугаарт “Хувьсгалт Монгол Улс” гэдэг танкийн цуваа байгуулах хөрөнгийг хуралдуулах ажлыг зохиохыг Засгийн газарт даалгасан тогтоол гаргажээ. Энэ дагуу Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100 мянган америк долларыг 1942 оны хоёрдугаар сард ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлжээ. Монголын ард түмний тусламжийн хөрөнгөөр ЗХУ-д үйлдвэрлэсэн “Т-34” загварын 32 танк, “Т-70” загварын 53 танк бүхий “Хувьсгалт Монгол” танкийн бригад байгуулсан байна. “Хувьсгалт Монгол” танкийн бригад Берлин хүртэл давшиж гавьяа байгуулсан байдаг.

1943 оны гуравдугаар сард хуралдсан Улсын XVI бага хурлаас Монголын ард түмний хөрөнгөөр байлдааны онгоцны эскадриль байгуулж бэлэглэх шийдвэр гарч “Фронтод зориулан байлдааны нисэх онгоцуудыг хурдан шуурхай байгуулья” гэсэн уриан дор шаардагдах хөрөнгийг дөрвөн сарын хугацаанд хуримтлуулжээ. Хуримтлагдсан хөрөнгөөр “Ла-5” загварын 12 нисэх онгоц бүхий “Монгол Ард” нисэх онгоцны эскадрил байгуулан Улаан армийн нэгтгэл, ангиудад хүлээлгэн өгсөн билээ. Улаан армийн хэрэгцээнд морь, худалдаж, бэлэглэх нь Эх орны дайны фронтод туслах нэн чухал хэлбэр байв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1942 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн хамтарсан хурлын “Манай эх орны тусгаар тогтнол ба эрх чөлөөний төлөөнөө Германы Фашизмтай тулалдан буй ЗХУ-ын ард түмэн, Улаан армийн дайчдад тусламж үзүүлэх тухай” тогтоолоор улсаас тогтоосон үнээр морьд худалдах тухай шийдвэр гарч, орон нутгийн нам, улсын байгууллагууд “Сайн морьд улсдаа худалдая” уриан дор компанит ажил болгон явуулжээ.

Улаан армид зориулан бэлтгэх морьдыг тухайн үеийн ханшнаас доогуур тогтоосон ч малчин ардууд сайн морьдоо үзлэгт оруулан тэнцсэнийг нь худалдахын сацуу бэлэглэх нь түгээмэл болж, ганц нэг бус, бүр хэдэн арваар нь бэлэглэж байсан нь бэлэглэлийн данс бүртгэлд нарийн тодорхой тэмдэглэгдэн үлджээ.

Монголын ард түмэн Улаан армид хагас сая шахам агт худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэсэн байна. Монголын ард түмнээс бэлэглэсэн морьд Москвагаас Берлин хүртэл дайны замыг туулж, Зөвлөлтийн улаан армийн цэрэг, дарга нарын үнэнч нөхөр нь болж байлаа. Тийм ч учраас 2017 онд Москвад “Ялалтад тэмүүлсэн морьд” гэсэн хөшөөг сүндэрлүүлсэн юм.

Улаан армийн дайчдад хувийн бэлэг бэлтгэн илгээх явдал Монголын ард түмнээс фронтод туслах хөдөлгөөний нэг чухал хэлбэр байсны гадна ард иргэдийн тусламжийн нэг хэсэг нь сэтгэл санааны тусламж байв. Бэлгийн цувааг хүргэсэн Монголын төлөөлөгчид байлдааны талбарт очиж бэлгээ гардуулах ажиллагааг үзэл суртлын өндөр хэмжээнд зохион байгуулж, дарга цэргүүдийн оюун санаа, сэтгэл санаанд тэднийг дэмжиж байгаа ард түмэн байдгийг харуулж, Улаан армийн цэрэг дайчид, дарга захирагч нартай уулзаж ярилцах, урам хайрлах зэргээр сэтгэл санааг өргөж байв. Мөн төлөөлөгчид эх орондоо ирээд олон нийтийн цуглаан зохион байгуулж, фронтоос ирсэн захидлыг уншиж сонсгох, гардуулах фронтод очсон тухайгаа сонин хэвлэл, радиогоор ярьж, аймгуудаар явж тайлан тавих, Улаан армид туслах хөдөлгөөнийг эрчимжүүлэхийг уриалах зэргээр олон төрлийн ажлыг зохион байгуулж байсан байна.

Түүнчлэн тухайн үед Монголд байнга оршин суудаг, ажиллаж амьдарч байсан Зөвлөлтийн иргэдэд тусламж үзүүлэх, байлдаж буй дайчдад захидал илгээх зэргээр сэтгэл санааг нь өргөх ажлуудыг өргөнөөр хийж байв. Зөвлөлтийн ард түмэн сэтгэл санааны дэмжлэгийг маш өндрөөр үнэлдэг байв. Учир нь фронтод байлдаж байсан дайчдын ихэнх нь дайны эхний саруудад гэр бүлээ алдсан байв. Тэдгээр дайчдад Монголын ард түмэн захиа илгээдэг байж. Тэр захиаг нь МАХН-ын Төв хорооны дэргэдэх Фронтод туслах хэлтэс орос хэлээр орчуулж явуулдаг, хариуг нь монгол хэлээр орчуулж дамжуулдаг байсан байна. Энэ захидлуудыг дайтаж байсан цэргүүд дурсаж ярьдаг, зоригждог байжээ. Учир нь гэр бүлээ алдсан дайчдад, аав, ээж, хань, үр хүүхдээс нь захидал ирж буй мэт дотно сэтгэгдэл төрүүлдэг байв. Энэ сэтгэл санааны дэмжлэгийг үнэхээр үнэлж баршгүй юм.

Зөвлөлтийн дайчид дайны эхэн  үед, хэдийгээр бид дорно зүгт ухарч байсан ч бидний ард талд Монгол гэдэг эртний хүчирхэг улс хүлээж байгаа, найдвартай ар тал болж байгаа хэмээн  итгэл хүлээлгэж байсан билээ хэмээн бичсэн байдаг. Эх орны дайны жилүүдэд ЗХУ-д цэргийн сургуулиудад суралцаж байсан цэргийн сургуулийн сонсогчид, офицерууд, түүнчлэн суралцаж байсан оюутнууд Москвагийн дэргэдэх тулалдаан, Сталинград, Ленинград, Харьков, Киевийн төлөөх байлдаануудад оролцож инженерийн хориглолт, танкийн саад, галын цэгүүд байгуулах, командын байр барих, бөмбөгдөлтийн хохирол арилгах, тагнуул, туршуул, хорлон сүйтэгчдийг илрүүлэх, баривчлах, монгол оюутнууд бүслэлтийн дараах гамшгийг арилгах, нурангийг цэвэрлэх, гал түймэр унтраах, шархтан зөөх, хориглох саад ухах зэрэг ажилд оролцож байсан байна.

1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд ЗХУ, АНУ, Англи гэсэн холбоотон гурван гүрний төрийн тэргүүнүүдийн Ялтын бага хурлаар гаргасан шийдвэрт “Гадаад Монголын /БНМАУ-ын/ статус-квог хэвээр хадгалах” гэсэн заалтыг ЗХУ-аас Японы эсрэг дайнд оролцох улс төрийн болзлуудын нэгдүгээрт бичиж оруулсан байдаг. Зөвлөлтийн удирдагч И.В.Сталин  БНМАУ-ын тусгаар тогтнолыг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийг шаргуй тавьж байсан хэдий ч “БНМАУ-ын статус-квог хэвээр хадгалана” гэдэг нь тусгаар тогтнолыг хэлж буй хэрэг гэж гурван их гүрэн Ялтад нарийвчлан тохиролцоогүй ажээ. БНМАУ-ын статус-квог хадгалахыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлэхэд зуучлах үүргийг зөвлөлтийн хүсэлтээр АНУ-ын тал өөртөө авч энэ тухай Ялтын хэлэлцээрт тусгажээ.

Ийм байдлаар Монголын тусгаар тогтнолыг ДИУ-аар де-юре хүлээн зөвшөөрүүлж, цаашид БНМАУ олон улсын эрх зүйн субьект болох замыг нээж өгчээ.  БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан Ардын хувьсгалын 24 жилийн ой буюу 1945 оны долоодугаар сард хэлсэн үгэндээ “Өөрийн бүх түүхийн турш тусгаар тогтнолынхоо төлөөнөө үргэлж тэмцэж, түүнийг байлдан олоод хамгаалж ирсэн манай монголын ард түмэн энэ 24 жилийн дотор хөгжиж ирэхдээ бүх дэлхийн чөлөөт, тусгаар тогтносон улс үндэстний дотор өөрийн байр суурийг эзэлж, манай улс бол бие даасан тусгаар тогтносон улс гэж бүх дэлхий дээр зөвшөөрөгдсөн байх ёстой гэдгээ ил үзүүлсэн байна” гэж тэмдэглэж байжээ. Гэсэн хэдий ч ДИУ-ын зүгээс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй багагүй саад  бэрхшээл үзүүлж байв. Тиймээс И.Сталин тэргүүтэй зөвлөлтийн удирдагчид ДИУ-ын талтай хэд хэдэн удаа хэлэлцээ хийж, шахалт үзүүлсэний эцэст,  ДИУ-ын гадаад яамны сайд Сун Зывень  “БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилийн хүрээнд зөвшөөрөх” тухай И.Сталины саналыг Чан Кайши хүлээн авсан, “Найрамдал ба холбоотон болох тухай Зөвлөлт-Хятадын гэрээ” батлагдсаны дараа хүчин төгөлдөр болохыг дамжуулжээ. 1945 оны наймдугаар сарын 14-нд ДИУ-ын Гадаад яамны сайд Ван Шизе “Япон ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзэлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрөх”  нот бичгийг ЗХУ-ын  гадаад хэргийн ардын комиссар В.М.Моловтовт гардуулж “... Зөвлөлт засгийн газраас  БНМАУ-ын төрийн тусгаар тогтнол ба нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзнэ”  гэсэн нотыг хүлээн авчээ.  

БНМАУ-ын тусгаар тогтнолыг санал асуулгаар шийдэх болж  1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр бүх нийтийн санал хураалт явагдаж “БНМАУ-ын тусгаар тогтнох эрмэлзлээ баталж байна уу?” гэсэн ганцхан асуултад сайн дураараа хариулж, саналаа өгөхөд нийт иргэдийн 98.4 хувь нь улсынхаа тусгаар тогтнолыг баталсан байна. Ийнхүү Аугаа их эх орны дайны ялалт болон дэлхийн II дайны төгсгөлд Монгол Зөвлөлтийн Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж ялсан нь  Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг Монголын ард түмэн хэзээ ч мартахгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.

ЦТСТ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Доктор (Ph.D), дэд профессор Лха.Баяр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(103.212.118.171) 2025 оны 05 сарын 10

Тусламжийн цувааг дайн эхэлсэн 1941 оноос дайн дуусах хүртэл 6 удаа илгээсэн юм байна. Нэг анхаарал татаж байгаа асуудал бол цуваа бүр төдөн вагон илгээлээ гэсэн байх юм. Гэтэл тэр үед Москва Улаанбаатарын төмөр зам тавигдаагүй байсан. Харин Соловьевск- Баянтүмэний төмөр зам 1939 онд тавигдсан байв. Тусламжийн цувааг хаана төвлөрүүлж явуулж байсныг дурдаагүй нь харамсалтай. Эсвэл Дорнод аймагт, эсвэл Наушкт аль нь вэ?

1  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 05 сарын 03

тиймээ түүхийг мартаж болохгүй шүү

0  |  0
Close menu