Монголчууд дайны дөрвөн жилийн хугацаанд ЗХУ руу нийт 485 мянган адуу илгээжээ
...1945 онд фашист эвслийг ялсан Аугаа эх орны дайны ялалтад өөрийн нэмэр оруулсан улс орон бүр бахархдаг. Гэвч өнөөдөр зарим “ардчилсан түүхчид” Монгол Улс нь тэр дайнд идэвхтэй оролцсоныг үгүйсгэхийг оролдож байна. Үнэн гэвэл БНМАУ Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон нь ЗСБНХУ-ын эргэлзээгүй хүнд хэцүү ялалтад чухал, өвөрмөц хүчин зүйл болсон юм. “Даруухан монголчууд” гавьяаныхаа талаар хашгирах дургүй бөгөөд энэ талаар ном зохиол туурвидаггүй. Гэтэл Монголын хувьд энэ дайны алдагдал дайтагч орнуудаас дутуугүй хүнд байсан. Тухайн үеийн “Цэрэг техникийн аваргууд”-тай харьцуулахад БНМАУ-ын оролцоо нь үнэхээр гавьяа байв.Зөвхөн нэг баримт дурдахад фронтод 1943-1945 оны турш Зөвлөлтийн армийн таван морины нэг нь монгол морь байсан ажээ. Морьтнууд фашистуудтай хийсэн тулаанд чухал үүрэгтэй байлаа!
1941 оны зургаадугаар сарын 22-ны урд өмнө Ажилчин-Тариачны Улаан Армийн (РККА-ийн) буудлагын дивиз бүрт 3039 адуу ноогдож байсан. Харин Германы явган цэргийн дивизид 6000 гаруй адуу байжээ. Нийтдээ ЗСБНХУ-д довтлох үед Германы арми нэг сая илүү адуу ашиглаж байсан нь тодорхой болсон юм. Эдгээрийн 88 хувь нь явган цэргийн дивизүүдэд үйлчилж байв. Автомашинаас ялгарах ялгаа нь морьд ямар ч зам голохгүй, түлш шатахуун шаардахгүй, бэлчээрээр тэжээл хийж удаан хугацаанд явах боломжтой, заримдаа хүнс ч болдог байлаа...
Дайн эхлэхэд Ажилчин-тариачны Улаан Армийн (РККА-ийн) адууны тоо 526.4 мянга байсан бол 1941 оны есдүгээр сарын нэгэн гэхэд эдгээр дөрвөн хөлтэй дайчдын тоо нэг сая 324 мянга хүрсэн байлаа. Тиймээс Аугаа эх орны дайны эхнээс ЗСБНХУ-ын өөрийн эх үүсвэрүүдээс гадна цорын ганц адууны нийлүүлэгч нь Монгол Улс байв. БНМАУ нь милитарист Японы эсрэг Зөвлөлтийн түшиц газар байсан гэдгээс гадна 1939 онд Халх голд Зөвлөлт-Монголын цэрэг Японы армийг бут цохисон нь япончуудыг бүхэл Эх орны дайны туршид Зөвлөлтөд халдалгүй тогтоон барьж байсан нэг хүчин зүйл болсон юм.
МОНГОЛ МОРЬД ЗӨВЛӨЛТИЙН ТАНКУУДТАЙ ХАМТ БЕРЛИН ХҮРСЭН
Монголоос адуу авах ажил бүр 1941 оноос эхэлсэн бол 1942 оны гуравдугаар сараас Монгол Улсын удирдагчид ЗСБНХУ-д төлөвлөгөөтэйгээр адуу нийлүүлж эхлэв.
Дайны дөрвөн жилийн хугацаанд Зөвлөлт Холбоот Улсад нийт 485 мянган монгол адуу илгээсэн. Зарим эх сурвалжаар нийт 500 мянга гаруй монгол агт морь нийлүүлэгдсэн болно. 1941-1945 оны хооронд Смоленскоос Сталинградаар дайрч Будапешт, дараа нь Манжуур хүрсэн морьт механикжуулсан бүлгийг удирдаж байсан генерал Исса Александрович Плиев "Тэсвэртэй монгол морьд Зөвлөлтийн танкуудтай хамт Берлин хүрч байв" хэмээн дурссан байдаг.
БНМАУ ард түмний хэрэгцээнээс мах, ноос авч фронтод өгсөн. Монгол Улсын тусламж нь дайны үед зөвхөн морьдоор хязгаарлагдаагүй. Дайн турш ЗСБНХУ-д үзүүлж байсан АНУ-ын «лэнд-лизийн» ихээхэн тусламжийн зэрэгцээ монголчуудын илгээсэн тусламжийн бараа бүтээгдэхүүн хэмжээгээрээ дутахааргүй их байсан юм. Тухайлбал, бүхий л дайны турш олон хүн амтай дэлхийн хамгийн том, баян орнуудын нэгэн болох АНУ-аас ЗСБНХУ-д 665 мянган тонн махан консерв нийлүүлсэн байхад, 800 мянган хүн амтай жижигхэн Монгол Улс энэ хугацаанд 500 мянган тонн мах нийлүүлжээ. Урьд нэгэн цагт Чингис Хааны цэргүүд том аян дайнд бэлдэж байхдаа ан агнуур авлах гэдэгтэй адил, дайны үед Монгол Улсад тогтмол их агнуур зохион байгуулж байжээ. 1941-1945 онуудад таван хошуу малын амьд сүргүүдийг төмөр замын өртөөнүүд рүү тууж байсан билээ.
Дээрх 500 мянган тонн махыг бэлтгэх нь Монголын ард иргэдэд ямар үнээр ирсэнийг 1944 оны өвөл байлдаж байсан ЗСБНХУ-ын ар талын нутагт үүссэн шиг өлсгөлөн Монголд болсон явдал гэрчилнэ. Дайны жилүүдэд БНМАУ-д 10 цагийн ажлын өдөр албан ёсоор нэвтрүүлсэн байна.
1942-1945 ОНД УЛААН АРМИЙН ТАВАН ШИНЕЛИЙН НЭГ НЬ МОНГОЛЫН БЭЛЭГ БАЙЛАА
Дайны туршид Монголын тал нутгаас Зөвлөлт Холбоот Улсад стратегийн ач холбогдолтой өөр нэг бүтэгдэхүүн ноос орж ирсэн. Ноосыг нэн түрүүнд байлдагчдын дүрэмт хувцас шинель бүтээхэд хэрэглэсэн, бөгөөд үгүй бол Зүүн Европын окоп дотор зун ч хүртэл амьд үлдэх боломжгүй байсан юм. Тухайн үед Зөвлөлт Холбоот Улс АНУ-аас 54 мянга тонн, Монголоос 64 мянга тонн ноос хүлээн авч байжээ. 1942-1945 онд Зөвлөлтийн Улаан армийн таван шинелийн нэг нь "Монголынх" байсан ажээ. Мөн Монгол Улс арьс ширний болон ангийн үсний онц чухал нийлүүлэгч байв. Дайны эхний намраас ЗСБНХУ-д үстэй оодон дээл, үстэй малгай, бээлий болон эсгий гутал зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн билээ. Монгол эхчүүдийн гараар оёж бэлтгэсэн хувийн бэлэг дулаан хувцаснууд цэрэг дарга нарт мөн сэтгэлийн дэм болж байсныг хэлэх хэрэгтэй. 1941 оны арваннэгдүгээр сарын 7-нд Москвагийн дор сөрөг давшилтад бэлтгэж байсан Улаан армийн бэлтгэл хүчний хэдэн явган цэргийн дивиз монголын өвлийн албаны хувцсаар хангагдсан байв.
Дайны жилүүдэд Монгол Улсад вольфрамын үйлдвэрлэл ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан. Вольфрамгүйгээр Германы "пантер", "бар" танкуудын хуяг дайргыг нэвтлэх бүрхүүл хийх боломжгүй байв.
ДЭЛХИЙН II ДАЙНД МОНГОЛЧУУД БҮГД БАЙЛДСАН
1942-1945 онд БНМАУ-ын хөрөнгөөр байгуулагдсан "Монголын Арат" онгоцны эскадрил болон "Хувьсгалт Монгол" танкийн цуваан Зөвлөлт-Германы фронтод байлдав. Мэдээжийн хэрэг, хэдэн арван сөнөөгч, танк нь бага тоо байгаа боловч, утга агуулгын хувьд том байсан. ЗСБНХУ дайны туршид Японы эсрэг хэдэн сая хүнтэй бүлэглэлээ Алс Дорнодод байлгахаас аргагүй болсон, улс орны зүүн хэсэгт монголчууд стратегийн үүрэг гүйцэтгэж байв. 1941-1944 онд БНМАУ-ын зэвсэгт хүчний тоо дөрөв дахин нэмэгдэж, шинээр батлагдсан бүх нийтийн цэргийн дайчилгааны тухай шинэ хуулийн дагуу Монгол Улсын бүх эрэгтэй, эмэгтэйчүүд цэргийн алба хаах үүрэгтэй болов. Дэлхийн хоёрдугаар дайны үед байлдаж байгаагүй Монгол Улс улсын төсвийнхөө зарлагын 50 гаруй хувийг нь цэрэг армидаа зарцуулж байсан. Ингээд Монгол Улс цэргийн тоо, чанарын хувьд ахиц гарсан нь япончуудын Квантун армийн эсрэг тэнцвэртэй байдал бий болоход нөлөөлсөн юм. Энэ бүхэн нь ЗСБНХУ Алс Дорнодоос нэмэлт хүч хэд хэдэн дивизүүдийг гаргаж Зөвлөлт-Германы фронтод татах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
1945 оны наймдугаар сард арван монгол хүний нэг нь Зөвлөлт-Японы дайнд оролсцон. Монголын таван дивиз Зөвлөлтийн цэргүүдтэй хамт Бээжинд хүрэх холын зам дээр Хятадын Их цагаан хэрэм хүртэл байлдав. Японы эсрэг дайн Аугаа эх орны дайнтай харьцуулахад хохирол багатай хурдан бөгөөд хялбар гэж зарим хүн үздэг. Гэхдээ 800-хан мянган хүн амтай Монгол Улсын хувдь энэ нь огт өөр цар хүрээтэй байв. Цэргийн насны монгол эр хүн бүр япончуудтай байлдаанд оролцсон. Энэ дайнд Монгол Улсад учирсан хохирол хувиар нь тооцвол Дэлхийн хоёрдугаар дайны бүх үеийн АНУ-ын хохиролтой тэнцэж байна. Тиймээс Зөвлөлт Холбоот улсын холбоотон монголчуудын хувьд энэ дайн хөнгөн биш, хүнд дайн байсан юм.
Бэлтгэл хурандаа Бакытхан Сахай
Сэтгэгдэл ( 3 )
Хамаг буянаа гаргачихсан юм байна
Путин энэ талаар дурссан байдаг.
Манай энэ бэлэг буцалтгүй тусламжийг оросууд бараг дурсдаггүй ,дурсах ч дургүй байдаг м ш дээ