Жижиг намууд улам л ”шанс”-гүй болоод байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

 Монголын жижиг тодотголтой намууд улс төрд шатар нүүсэн боловч цаашаа нүүх нүүдэлгүй болж арга мухардчихаад байна. Хэрэв тэд дүрэм зөрчиж шатар шиг “буудал дээр нь идэх” биш, даам шиг давж нүүхгүй л юм бол тэдэнд үнэхээр “шанс” алга. Өөрөөр хэлбэл, тэдний нүүдэл мухардчихжээ. Харин тэдэн дундаа нэн шинэ нам хэмээн нэрлэгдэж байгаа МАХН-д нүүдэл хийх “шанс” байж болох ч МАН болон АН-ынхан багагүй тээг болохоор элдэв аргыг сүвэгчлэн сууна. Гэхдээ АН-ынхан их хичээж байгаа гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Харин ч МАХН нэрээ авсанд баярлаж, хүч нь тарамдлаа хэмээн алгаа үрэгсэд энэ намд цөөнгүй. Гэвч МАХН-ыг жижиг нам гэж үзэхээс өөр арга байхгүй. МАХН-ыг жижиг намууд доторх гол нам гэж дүгнэдэг хүмүүс сүүлийн үед олшрох төлөвтэй болчихжээ. Саяхны нэгэн судалгаа, статистик мэдээгээр манай улсад жижиг, том нийлсэн 20 гаруй нам албан ёсоор бүртгэлтэй байдаг гэнэ. Үүнээс 2008 оны УИХ-ын сонгуульд 11 нам, нэг эвслийн 356 нэр дэвшигч хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байдаг нь 100 метрийн улсын аваргад ч ийм тооны тамирчид оролцдоггүйтэй харьцуулахад “аугаа” их тоо юм. Тэгээд л 2008 оны долдугаар сарын 14-нд Ерөнхийлөгчид Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан сонгуулийн эцсийн дүнгээр МАХН 36, АН 25, ИЗН нэг, бие даагч нэг, нийт 66 хүн УИХ-ын гишүүн болох болзлоо хангаж түр үнэмлэхээ гардан авч байжээ. Харин жилийн дараа МАХН нь МАН болж, хуучин нэрээ авч үлдэгсэд шинэ намын цөөнхүүд болно гэж ямар ч алдартай бөө, удган, хятад, монгол зурхайч нар тааж битгий хэл, мэргэлж буудсангүй. Тухайн сонгуульд арав гаруй намаас олон нэр дэвшигч өрсөлдсөн ч тоглолт улс төрийн гол хүчин болсон хоёр том намын хооронд болж өнгөрсөн. Нэр дэвшигчид хичнээн их мөнгө цацаж өөрсдийгөө сурталчилсан ч ард түмэн гурван нам, нэг эвсэл байдгийг л хүлээн зөвшөөрсөн. Харин УИХ-ын гишүүн болох болзол хангаж чадаагүй нэр дэвшигчид эрэг дээр хаягдсан загас шиг тийчлээд хоцорсон. Харин ялалт байгуулж олонх болж чадсан МАХН зорилгоо биелүүлсэн ч хожим нэрээ өөрчилж тэр энэ гэхийн тэмдэггүй таамагт ард түмнээ хутгаснаас цаашгүй. Харин ихэд хичээсэн АН санаснаасаа бага суудал зулгаасан. ИЗН 2008-2012 оны парламентад ганцхан суудал авсан. Тиймээс ИЗН-ыг ард түмэн үндэсний  хэмжээний  том нам хэмээн үзэхгүй байна. Үзэхгүй байхаас ч аргагүй. Ард түмний хайртай хүү С.Зориг буюу төрсөн ахынхаа нэр дээр дөрөөлөн гарч ирсэн энэ нам Ногоон намын гэх тодотголтой ч одоо цор ганцаараа үлдээд байгаа Б.Энхбаттай “сүүж” хавиран, дэр нэгтгэж рейтингээ нэгмөсөн унагаасан гэж хэлэхэд болно. Ийнхүү одоогийн байдлаар 2012 оны парламентад дөрвөн нам суудалтай юм шиг харагдаж байв ч нэг, нэгхэн суудалтай ИЗН, Иргэний эвсэл юу хийхэв дээ хэмээн иргэд голонгуй байгаа. Өөрөөр хэлбэл, жижиг намууд, бие даан нэр дэвшигчдийг сонгогчид голж, том зүйл амладаг том намтай хэрүүл хийж суусан нь дээр гэцгээж байна. Товчхондоо жижиг намуудад үүлэн чөлөөний нар буюу том “шанс” алга болчихжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top