НОРВЕГИ |  Хятадын цахилгаан автобусыг хакердах боломжтойг тогтоолоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 21

Скандинавын хойгийн Норвеги улс Хятад улсад үйлдвэрлэсэн “Yutong” брендийн цахилгаан автобусыг хакердах боломжтойг олж тогтоожээ. Энэ зуны эхээр Норвегийн тээврийн газар болон кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд хамтран нэгэн туршилтыг хийсэн байна. Тэд Yutong брендийн автобусыг ашиглалтаас гарсан уурхайн гүнд оруулахад, алсаас хакердах боломжтой болохыг тогтоожээ. Үр дүнг нэг брендийн өөр, өөр автобусаар хэд, хэдэн удаа туршихад яг адилхан гарсан байна.

Мэргэжилтнүүд Хятадад үйлдвэрлэсэн автобусыг аккумляторын хяналтын системд нэвтрэх замаар хакердах боломжтой гэж үзэж байна. Ингэснээр үйлдвэрлэгч компани нь ямар нэгэн хортой код бичиж эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй гэдгийг дүгнэсэн юм.

Норвеги улс 2030 он гэхэд бүх нийтийн тээврийн хэрэгслийг утаагүй, цахилгаан автомашинд шилжүүлэх бодлого боловсруулсан. Уг бодлогын хүрээнд БНХАУ-ын Yutong брендтэй томоохон үнийн дүнтэй гэрээ байгуулж, эхний ээлжид 300 орчим цахилгаан автобусыг тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон билээ.

Яг үүнтэй төстэй туршилтыг Британи, Дани улсууд хийж байна. Тэд ч бас нийтийн тээврийн үйлчилгээнд Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг нэвтрүүлээд байгаа юм. Энэхүү туршилт нь шууд хакердана гэсэн үг биш ч, онолын хувьд боломжтой болсон нь аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг илэрхийлсэн үйл явдал болсон билээ.

Европын холбооны улс орнууд Хятадад үйлдвэрлэсэн Хуавей болон бусад брендийн ухаалаг төхөөрөмжийг ашиглахгүй байх шийдвэрийг хэд, хэдэн удаа гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top