Албан байгууллагууд битүүний өдөр ТАМГА АМРААХ ёслол үйлддэг

2 цагийн өмнө

Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Өвлийн сар өндөрлөх сүүлийн өдөр Битүүлэг хэмээх ёслол үйлдэн өвлийг үддэг бөгөөд хаврын сарын эхний өдөр Шинийн нэгэн, Цагаан сар, Сар шинийн баяр гэж нэрлэдэг гол баяраа тэмдэглэнэ.

Албан байгууллагууд битүүний өдөр тамга тэмдгээ хэвтүүлэн тавьж, “Тамга амраах” ёслол хийдэг. Өдөр тутам албан бичиг дээр тамга дардаг тул төрийн тамга хүртэл битүүний өдөр “амрах эрхтэй” хэмээн үздэг байжээ.

Цагаан сарын баяр нь хэд хэдэн давхар утга илэрхийлнэ. Юуны түрүүнд энэ нь өвлийг өнтэй давж, урин хавартай золгож хүн бүр нэг нас нэмсний баяр учраас нийт монгол түмний төрсөн өдрийн баяр ч гэж хэлж болно. Мөн аав, ээж, ахмад настнаа дээдэлж, ахан дүүс, ураг саднаараа золгож, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удмаа мэдэх, залуу үедээ сургаалиа хайрлах, хүүхэд багачуудаа танилцуулах, хийморио сэргээж, жилийн заслаа хийлгэн ард олноороо буян хурааж шинэлэх зэрэг олон ёс заншлыг багтаасан баяр юм.

Чингис хаан анх цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, Өүлүн эхдээ эхлэн золгож, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж Их хуралдай хуралдуулах болсноос эхлэн харъяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж, хааны амгаланг айлтгадаг ёс тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ.

Энэхүү баярыг Их эзэн Чингис хаан 1207 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгож, улмаар ХVII зуунд Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс эхлэн Бурханы шашны бэлгэдэлтэй болж өргөжсөн гэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top