Зөвлөлтийн мэргэжилтнүүд Монголын эстрадын урлагт том түлхэц өгсөн

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

XYI зуунаас эхлэн үүсэж тэр үед маш ихээр хөгжсөн оператта, буффа зэрэг болон хэрмэл жүжигчид л цэнгээний урлагийг ихээр тоглож байсан юм. Vүнд бүжиг, хөгжим, дуу, цирк, драм, уран зохиол зэрэг багтаж байсан ба том театрын хэмжээнд удалгүй хүрч, бүр явсаар мюзик холлын биеэ даасан чанарыг XYIII зуун гэхэд нэгэнтээ олж чадсан байна. Тэр тусмаа баруун европын Франц, Англи, Герман, Итал болон Амерк зэрэг орнуудад оргилдоо хүрч, одоог хүртэл гайхалтай хөгжсөн хэвээр байна.

Баруун Европын соёл болон урлагийн төв нь тухайн үед Франц улсын нийслэл Парис хот байлаа.

Парист урлагийн бараг бүх төрөл энэ үед хэлбэржиж, гадаад олон улсууд Францруу хошуурч, баян тансаг бүхэн тэнд оршиж байсан бөгөөд үүнийг дагаж цэнгээний урлаг маш ихээр хөгжиж чадсан байна. Vүний үр дүнд түүгээр орлого олох, худалдах үйл явц үүсч яваандаа бүр өргөжиж XX зууны эхэн үед зөвхөн баячуул төдийгүй нийгмийн бүхий л давхрагыг хамарч чадсан байна. Аажмаар Европт болон Амеркийг хамарсан шоу урлаг буй болж, хоорондоо ч олон зүйлүүд нь нэвтэрч нэгдэн, бүхэлдээ нэг зүйл болсноор эстрад урлаг үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болох юм.

Энэ урлаг нь Европоор тархан Европын жижиг улс орнуудаар дамжин Орос оронд эстрад урлагийн чиглэл орж ирсэн. 1917 оны Октябрийн хувьсгал гарч цаашдаа социалист нийгэм бүрэлдсэнээр социалист орнуудад эстрад урлаг жигд тархсан. Тухайн үед Орос оронд энэ урлаг хөгжих тусам манай Монгол оронд эстрад урлагийн суурь тавигдаж тухайн үеийн залуус ихээр сонирхох болсон байна. Ттухайн үед хөнгөн хөгжмийн аянд бүжиглэж, дуулж, кинонд дуу оруулан янз бүрийн стилээр тоглодог байжээ.

Мөн ЗХУ-ын мэргэжилтнүүд Монголд орж ирснээр Монголын эстрадын урлагийн үүсэл хөгжилд маш их түлхэц өгсөн. 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үеэс эхлэн дэлхий нийтийн хөнгөн хөгжим, “эсрад” урлагт өөрчлөлт гарсан. 1950-аад оны сүүл, 1960-аад оны эхэн үед Эльвис Пресли гарч ирснээр тухайн үеийн эстрад хөгжимд өөрчлөлт гарсан. (Роккен Ролл) Vүний дараагаар Битлз гарч ирснээр дэлхий нийтийн эстрад урлагт маш их өөрчлөлт гарсан

 

МОНГОЛД “ЭСТРАД” УРЛАГ VVСЧ ХӨГЖСӨН НЬ:

1921 оны 7-р сард “Ардын ордон” байгуулж 1922 оны 4-р сарын эхэнд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар Голын Цагаан хуаран дээр байрлаж байсан 1-р морин бригадын тэргүүн хороон дээр ирж цэрэг Т.Балданцэрэн, М.Даваа, Н.Дашзэвэг, Мишиг зэрэг хүмүүсийг тэнцүүлэн авч цэргийн хөгжмийг байгуулж, хөгжмийн багшаар А.Кольцовыг ажиллуулсан байна.

Цэргийн гуулин хөгжмийн хамтлаг нь “Шивээ хиагт”, “Улаан туг”, “Ган төмөр”, “Дөрвөн цаг”, “Зуун лангийн жороо луус” гэх мэт дууг хөгжимдөн сурч Октябрийн хувьсгалын 5 жилийн ойн баяраар “Коммунист” намын дуу, “Интернациональ” –ыг цог жавхлантай эгшиглүүлснээр тус найрал хөгжмийн хамтлагын түүх эхэлжээ.

1940 оны эхний хагаст байгуулагдсан Циркийн сургуулийн дэргэдэх дагшаа найрал хөгжмийн хамтлаг, Залуучуудын ордны дагшаа,Барилгачдын соёлын ордны дагшаа, Радиогийн дэргэдэх “Баян Монгол” дагшаа найрал хөгжмийн хамтлагууд төрөн гарсан юм. 1940 онд Циркийн сургуулийн хөгжмийн ангид мэргэжлийн хөгжимчдийг элсүүлэн бэлтгэж, эстрад урлагийн хөгжүүлэн, нөхцөл боломжийг нь дээшлүүлэхээр жаз хөгжмийн анхны багаж хэрэгслийг мэргэжилтэнА.М.Волошин, С.Гальперин нар хуучин ЗХУ-аас авчирсан байна. Хөгжмийн анхны хамтлагийг хоёр үндсэн чиглэлээр бүрдүүлсэн байна.

Vүнд:

1.         Жаз хөгжмийн анхны хамтлагийг байгуулахад суралцах хүмүүсийг өөрсдийн саналаар элсүүлэх

2.         Цэрэг, бусад албан байгууллагаас хөгжимчдийг шилжүүлэх журмаар гүйцэтгэжээ

 

МОНГОЛ ДАХЬ ПОП УРЛАГИЙН ҮҮСЭЛ:

Монголын рок, поп, жаз хөгжмийн түүхийн эхлэлийг 1940 онд байгуулагдан тоглож эхэлсэн Улсын циркийн дагшаа хөгжмийн чуулгатай холбон үзэх нь зүйтэй болов уу.

Төрийн шагналт, ардын жүжигчин Мөрдоржоор удирдуулсан энэхүү дагшаа найрал хөгжмийн чуулгад УГЗ Т.Чимэддорж, АЖ, төрийн шагналт С.Гончигсумлаа нар аккердеон, УГЖ, төрийн шагналт Л.Цогзолмаа, Ло.Лувсанбалдан нар саксфон, АЗ, төрийн шагналт Л.Намхайцэрэн, Ж.Аюуш нар хийл хөгжим, УГЖ Н.Даваг-Очир, С.Дэмбэрэл нар тробон тоглож байсны дээр банжо гитар хөгжмийг Жүрмэд гэдэг бүсгүй чадварлаг тоглодог байжээ.

Мөн энэ чуулгын тоглолтонд Л.Цогзолмаа гуай монгол ардын дуу Ганди модыг Зөвлөлт Холбоот Улсаас ирж ажиллаж байсан багш С.Гальднерийн найруулгаар шинэ маягт оруулан түргэн аяар анх дуулсан нь тэр үеийн дуулаачийн урлагт хийсэн шинэчлэл болсон гэж үздэг.

Манай монголчууд 1980-аад оны дунд үе хүртэл рок, поп  урлагийг эстрад гэж ярьж ирсэн уламжлалтай. Эстрад гэдэг нь тайзны урлаг гэсэн ерөнхийлсөн утгатай үг ажээ. Эстрадын төрөл зүйлд тайзны бүх төрлийн урлаг багтдаг. Тэгвэл хэдийнээс эстрад гэдэг үг нь монголын соёл урлагийн амьдралд орж ирснийг авч үзвэл сонирхолтой зүйлүүд их юм. Ийнхүү ухаж үзэх болсны учир нь чухам тэр л эстрад гэсэн нэр томъёоны доор монголын соёл урлагт эргэлт шинэчлэлт гарч, бидний судалж буй поп урлаг маань ч үүнээс үүдэлтэй байх явдал юм.

1945 оны 4-р сарын 7-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл болон МАХН-ын Төв Хорооны хамтарсан 23/20 дугаар хурлаар тус улсад Улсын эстрад концертын товчоо байгуулах тухай хэлэлцээд уг товчоог эмхлэн байгуулахыг уран сайхны хэргийг эрхлэх газарт даалгасан тогтоол гарган баталсан ажээ.. Ингэж цоо шинэ үг монголд анх удаа нэвтрэн дуулдаж, хүн ардын оюуны хэрэгцээг судлан боловсруулж, дэлхийн тэргүүний сонгодог урлаг, Зөвлөлтийн ард түмний урлаг соёлын жишээн дээр өөрийн орны урлагийн төрөл зүйлийг баяжуулан хөгжүүлэх үндэс суурийг тавьсан байна.

1964 онд Л.Ванганы найруулгаар Барилгачдын соёлын ордонд монголын анхны эстрад концертыг тогложээ. Дуу хөгжим, хошин шог, бүжиг, илбийн үзүүлбэр оролцсон энэхүү концерт нь С.Мааяагийн хөгжим “Таксийн цоохор машин”, Т.Чимэддоржийн хөгжим, С.Дашдооровын үг “Зам дээр гээгдсэн цэцэг гэх зэрэг дуу анх дуулагдан олны дуртай дуу болон түгсэн түүхтэй.

Тэртээ 1960-аад онд Монголын соёлын яам хүн ардынхаа оюуны хэрэгцээг ойлгон цэгнэж, гадаадын мэргэжлийн хамтлаг дуучдыг жил бүр авчран тоглуулдаг байжээ. Vүнд, тодруулж хэлбэл

            -Чехийн Карл Дубагийн оркестр

            -Польшийн радио телевизийн Биг – Бэнд

            -Польшийн турбадур Бит хамтлаг

            -Германы радиогийн дэргэдэх Венигбергийн Биг – Бэнд

            -Куба, Болгар, Зөвлөлтийн хамтлаг, чуулга жил дараалан ирж монголын үзэгч олонд тоглолтоо толилуулдаг байжээ. Ингээд тэр үед энд тэнд тоглож байсан дагшаа найрал цөөхүүлүүдээс хүмүүсийг шилж аван 1968 оны 10-р сард Польшийн дагшаа хөгжмийн дэргэд 3 сарын дамжаанд явуулжээ.

Т.Чимэддоржоор удирдуулсан энэ хүмүүсийн бүрэлдэхүүнд Б.Даваа, А.Хишигдорж, Т.Уртнасан, нар орж явсан ба, Монголын радиогийн дагшаа найрал хөгжмийн энэ чуулга нь хожмын “Баян-Монгол” чуулгын эхлэл болсон түүхтэй. Энэ үеийн байдлыг бүхэлд нь авч үзвэл монголын соёл урлагийн амьдралд нэгэн цоо шинэ хуудас нээгдсэн гэж үзэж болно.

Түүнээс хойш Монголын эстрад урлагийн тайзанд поп, рокийн алдартай шилдэг хамтлагууд ар араасаа цувран гарч ирж байлаа. Гэвч энэ бүхэн Монголын анхны эстрад буюу поп хамтлаг “Соёл-Эрдэнэ”-ийн үе залгамжлагч нар байсан юм.Өнөөдөр Монголд поп урлаг мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн юм. Анхны поп дуучид болох Б.Нандинцэцэг, Уранчимэг, Ч.Насантогтох нарын халааг авсан поп хатагтай Б.Сарантуяа “Инээмсэглэл” хамтлагт анх дуулж эхэлснээр олны танил болсон билээ.

Хамтлагууд төрөн гарахдаа өөр өөрийн шинэ шинэ урсгалыг нээж бий болгох зорилготой гарч ирдэг байна.

 Монголд өнөөдөр олны шүтээн болсон хамтлаг дуучид нэмэгдсээр байна.Одоогийн эстрад хамтлагуудын тоглож байгаа хэв маягаар нь дараах байдлаар ангилсан байна.

Поп рок – Соёл эрдэнэ

Диско – Харш

Прогрессив рок – Хонх

Жаз рок – Соёмбо

Софт рок – Чингис хаан

Арт роз – Никитон

Хард рок – Харанга

Треш метал рок – Маднес

Спид метал рок – Хурд

Кантри – Т.Бат-Оргил

Хэви метал рок – Аясын салхи

Гранж рок – Нисванис

Регги – Айзам

Поп техно – Сүнс

Техно реп – Хар сарнай

/Энэхүү ангиллыг Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан 1996 онд хийсэн байна/

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top