Хятад шинэ бүтээлүүдийг хуулбарладаг

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

АНУ-аас оюуны өмчийн эрхийг хамгаалах хүрээнд Хятад болон өөр хэд хэдэн улсыг буруушаажээ. Худалдааны хэлэлцээрт АНУ-ыг төлөөлж буй Рон Киркийн хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр 10 гаруй улсын зах зээл шинэ бүтээлийг хувилан олшруулж байгаа аж. Вашингтон бусад улсын эрх баригчдад хандан хуурамч бараа үйлдвэрлэхтэй илүү идэвхтэй тэмцэхийг уриалжээ. 

Аж үйлдвэрийн тагнуул Хятадын эдийн засгийн ахиц дэвшилд их чухал үүрэг гүйцэтгэж бүх боломжийг нь хангасан гэж олонх шинжээч үзэж байна. Олон улсын, ялангуяа өргөн хэрэглээний барааны ямар ч үзэсгэлэнд Хятадын олон мэргэжилтэн очдог аж. Тэд шинэ бүтээлтэй танилцаж, хандлагыг ажиглах төдийгүй дэлгэж тавьсан загваруудыг хуулж зурдаг. Иймээс ч Хятадад шинэ загварын гутал, хувцас зохиогч улсаас түрүүлж худалдаанд гарсан тохиолдол бий аж. 

Хямд үйлдвэрлэлийн ачаар бараа бүтээгдэхүүний өөрийн өртөг илүү хямд байгаа учраас Хятадын өрсөлдөөн харьцангуй давуу болж буй. Мөн Хятад илүү том чухал бүтээлийг ч хуулж байна. 

1999 онд АНУ-ын сүйрсэн F-117 нисэх онгоцны үлдэгдлийг Сербиэс Хятадад шилжүүлсэн аж. Хэсэг хугацааны дараа Хятадыг хянаж буй самбарт үл харагдах онгоц үйлдвэрлэсэн тухай мэдээлэл цацагдсан байна. Энэ нь стеллс технологийг эзэмших боломжийг Хятадад олгосон гэж зарим шинжээч үздэг. 

“Рокуэлл интернэшнл” компаниудын нэгдэлд инженерээр 30 гаруй жил ажилласан хятад гаралтай Чан Дунфаныг Хятадын талд ажилласан хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард баривчилжээ. Түүнийг Шаттл, С-17 байлдааны нисэх онгоц, Delta-4 пуужингийн хөтөлбөртэй хамаатай нууц баримт бичгүүдийг Хятадад шилжүүлсэн гэж байна. Мөн түүний хамсаатан байж болох Пентагоны зэвсэглэлийн шинжээч Грегг Бергерсенд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ талаарх хэргийг мөрдөх үеэр Шинэ Орлеанд цагаачилж очсон Хятадын хоёр иргэнийг баривчилжээ.

Аж үйлдвэрийн тагнуул аль хэдийн амьдралын салшгүй хэсэг болсон юм. Төр улс түүний дотор АНУ ч хувийн компаниуд ийм ажиллагаа явуулдаг. Хятад энэ талаар нэг ёсны амжилт гаргаж байна гэж сүүлийн үед олонтаа бичжээ. 

Оюуны өмчийн эрхийг хамгаалах тухай баримт бичгийг Вашингтонд нийтэлж, Хятадын тагнуулчдыг удаа дараа илчилсэн явдал хоёр улсын өрсөлдөөн хурцадсаныг гэрчилж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үүнийг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр энэ сарын 2-нд “Ази Номхон далайн бүс нутагт нөлөөгөө өргөжүүлэхийн төлөө тэмцэлд Хятад шууд өрсөлдөгч болсон” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top