Д.Зоригт, А.Ундраа нар цөмийн хаягдал булшлахаар хөөцөлдөж явааг судлаач А.Саруул дахин нотолжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27


Японы “Майничи” сонины сэтгүүлчид дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүдээр АНУ, Япон, Монгол гурван улс хэлэлцэн, Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах яриа тохироо хийж буй тухай мэдээлсэн билээ.
Үүний дараа Японы Гадаад Хэргийн дэд сайд уг хэлэлцээ хараахан үр дүнд хүрээгүй байгаа ч яригдаж буй нь үнэн гэдгийг баталсан юм. Мөн энэ ажлыг гардан удирдаж байсан гэх Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар ийм яриа хэлэлцээ огт яригдаж байгаагүй гэж буй ч баримт өөр зүйлийг өгүүлж байна. Тодруулбал 2009 оны 7 дугаар сарын 16-нд УИХ-аас “Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль”-нд нэгэн сонирхолтой өөрчлөлт оруулжээ.

Энэ нь Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 15 дугаар зүйлийн 15.18.7 , 15.18.8 гэсэн хоёр заалт бөгөөд ” Цацраг идэвхит ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх”, “Цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа” гэсэн үгс цагаан дээр хараар дурайж байх юм. Энгийнээр бодоход хэрвээ  Монгол улсын Засгийн Газар цөмийн хаягдлыг булшлахыг үл хүсэж буй бол түүнээс авах татварыг хуульчлаад сууж байх уу? Мөн цөмийн хаягдлыг булшилж, их хэмжээний ашиг олох уг хэрэгт Н.Энхбаярыг шууд холбоотой хэмээн судлаач Д.Ганхуяг мэдээлсэн билээ.

Мөн АНУ-д байнгын оршин суух карттай, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд А.Ундраа  ”Цөмийн хаягдал нь хоргүй зүйл. Япон улс арчаагүйдээ олон юм яриад байгаа юм. Хэрэв нэг кг ураны хаягдал гүний усанд нэвчвэл яах ч үгүй” хэмээн өгүүлж байв. Түүнчлэн Гадаад Харилцааны Яам цөмийн хаягдал булшлах талаарх таагүй мэдээллүүдийг Японы сониноор  залруулуулна хэмээн мэдэгдэж буй ч ямар нэгэн үр дүнд огт хүрээгүй байгаа ажээ.

            Харин цөмийн хаягдал булшлах тухай яриа, хэлцэлийн талаар манай иргэний байгууллагууд эрчимтэй ажилласан байна. Судлаач А.Саруул “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дарга нарын хуудуутай энэ ажлыг баримтаар нотолжээ. Японы гол гол эх сурвалжуудтай тэр уулзаж ярилцсан гэнэ. Монголд цөмийн хаягдал булшлахаар хөөцөлдсөн нь үнэн болж таарлаа.  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд А.Ундраа, Мон-Атом компаний захирал Р.Бадамдамдин нар 2009 оны 10 дугаар сард Америкт очиж Эрчим хүчний газрын удирдах ажилтнуудтай уулзсан байна. Тэд “Монголд уран баяжуулаад гадагш гаргая” гэжээ. Тэгэхэд нь Америкийн тал “Танайх цөмийн түлш үйлдвэрлээд борлуул. Дараа нь тэрхүү үйлдвэрлэсэн түлшнийхээ хаягдлыг авч булах хэрэгтэй. Тэгвэл илүү ашигтай” гэсэн зөвлөмж, санал хэлсэн байлаа. Мөн Америкчууд “Энэ саналыг хүлээж авбал танайд атомын цахилгаан станц барьж өгч болно” гэжээ. Ийм үг сонссон өнөөх хэдэн дарга нар их л олзуурхсан бололтой. Ингээд өнгөрсөн оны 2 дугаар сард тэд Японд очиж холбогдох хүмүүстэй нь уулзалт хийсэн байв. Энэ үеэр Японы тал цөмийн түлш үйлдвэрлэх, хог хаягдал булшлах манайхны санаа бодлыг дэмжсэн юм байна. Гэвч Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрсэний улмаас энэ яриа түр хойшилжээ. Харин өнгөрсөн 5 дугаар сард манай нэгэн ахмад дипломатч Япончуудтай дээрх яриаг үргэлжлүүлэх санал тавьсан нь шуугиан дэгдээд эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл манайхан өөрсдөө санаачлага гарган ийнхүү гүйцгээсэн байлаа. Гэхдээ Япон болон Америкийн тал аль аль нь одоогоор Засгийн газар, судалгааны болон хувийн аж ахуйн байгууллагуудтайгаа зарим талаар санал зөрөлдөөд байгаа ажээ. Нэг хэсэг нь Монголд цөмийн хаягдал булах саналтай байхад Засгийн газрын түвшинд ажилаж байгаа зарим нь түдгэлзсэн байр суурьтай байна. Гэхдээ манай УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Л.Гантөмөр нарын хувьд Монголд цөмийн хаягдал булшлах боломжтой гэж үзэж байгаа ажээ. Харамсалтай нь тэд цөмийн хаягдал булах нь ямар хорт үр дагавар авчрахыг тооцоолохгүй, зөвхөн орж ирэх мөнгөн дүнг олж харсан нь одоо тодорхой болж байна. О.Чулуунбат “Улаанбаатараас хэдхэн километрийн зайд цөмийн хаягдал булахад аюулгүй” гэжээ. Гэтэл цөмийн хаягдал нь хэдэн сая жилээр тоологдох аюултайг тэр ойлгосон ч гэсэн мөнгөнд л хөтлөгдөөд байх шиг байх юм даа.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top