Эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаж байгаа тамирчны нэг бол Мэргэжлийн кикбокс, муайтай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан билээ. Тэрээр өөрийн шавь нарыг бэлтгэхийн зэрэгцээ уламжлал болгон зохион байгуулж буй “Imperial” тэмцээнийнхээ бэлтгэлийг хийгээд завгүй байгаа ч Zindaa.mn сайтад цаг гарган ярилцлага өглөө. Хүлээн авна уу.
“Imperial” тэмцээнээ өөрөө зохион байгуулаад, шавь нараа бэлтгэж байна
- Өдрийн мэнд
- Өдрийн мэнд. Уншигчиддаа мөн энэ өдрийн мэнд хүргэе.
-Сүүлийн үед ямар зүйлд цаг зарцуулж байна вэ?
-Сүүлийн үед бэлтгэлээ хийгээд, клуб, холбооныхоо менежментийг хийж байгаа. Энэ спортод сонирхолтой хүүхэд залуусыг сургаж, тэдний бэлтгэлийн үр дүнг гаргах тэмцээн уралдаан зохион байгуулж байна.
- “Imperial” тэмцээн удахгүй болно гэсэн?
- Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын “Империал” тэмцээн 10-р сарын 2-нд зохион байгуулах санаатай бэлтгэл ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар Япон, Тайланд гээд дөрвөн улсаас тамирчин ирэхээр болоод байгаа.
-Энэ тэмцээн Монгол улсын нэрийг дэлхийд гаргаж байгаа тэмцээн. Тэмцээний хүрээ жилээс жилд өргөжиж байгаа байх?
- Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээн маань өнгөрсөн нэг сард Монгол улсын Ерөнхий сайдын ивээл доор олон улсын наадам гэж зохион байгуулагдсан. Дөрвөн төрлөөр аварга шалгаруулдаг. Түрүү жилийн хувьд дөрвөн төрөлд манай тамирчид аваргын бүсээ авсан.
-Тэмцээнээ зохион байгуулаад, тэмцээндээ оролцдог шүү дээ. Энэ жилийн хувьд өөрөө тэмцээндээ оролцох уу?
-Түрүү жил тэмцээнээ зохион байгуулаад, оролцсон. Мөн давхар шавь нараа бэлдэж оролцуулж байна. Энэ жилийн тэмцээнд би өөрөө орно. Бас шавь нар маань, Монголын бусад тамирчид оролцоно. Бүх юмаа өөрөө хийгээд сууж байна.
-Сүүлийн үед олон холбоо, клуб байгуулагдах болж. Тэр хэмжээгээрээ таарамж муутай байдаг гэж дуулсан. Клуб, холбооныхоо онцлогын талаар ярихгүй юу?
- Манай холбоо, клуб маань мэргэжлийн холбоо. Мөн бид өөрсдөө дэлхийн болон олон улсын халз тулаан зохион байгуулдагаараа ялгаатай. Манай холбоо бусад холбоотой адил нэгдсэн зорилготой болохоор аль болох бусад холбоотой хамтарч ажиллахыг хичээдэг. Бусад холбоотой байнга дотно харьцдаг.
- Нийт хичнээн шавьтай вэ?
- Японд байж байгаад ирсэн болохоор клубээ байгуулаад жил л болж байна. Манай клубт 200 гаруй хүүхэд хичээллэсэн байна. Яг гарын шавь гэвэл 50 хүүхэд бэлтгэл хийж байна.
-Багш хүн шавь нарынхаа амжилтаар бахархдаг байх?
- Манай хүүхдүүд шинэ л дээ. Сая улсын аваргаас гурван алт, дөрвөн хүрэл авлаа. Сонсогчийн алдар тэмцээнээс хүрэл медаль авлаа. Энэ бол шинэ клубын хувьд чамлахааргүй үр дүн гэж хэлж болно.
- Багадаа бол их зодолддог байсан биз?
- Бид нарын бага насыг зодоонгүйгээр төсөөлөхийн аргагүй ш дээ. Тухайн үед РС байгаагүй болохоор байлдаж тоглоно эсвэл зодолдоно. Тэгээд 11 настайгаасаа каратэгаар арван жил хичээллэж байгаад арван хэдэн жилийн өмнө Монголоос Япон руу кикбоксийн мэргэжлийн тамирчин болж явсан. Нийт энэ спортоор 20 жил хичээллэсэн байна.
-Бодит амьдрал дээр хэр их зодолдож байна?
- Ер нь бол зодолдохгүй ш дээ. Сүүлийн үед ер нь зодолдсонгүй ээ. 10 жилд байхдаа их зодолддог байсан. Тэгээд ч хүмүүсийн соёл, хандлага өөрчлөгдсөн шүү дээ. Багш, дасгалжуулагч болохоор зодолдоод байвал бусдад буруу үлгэр дуурайлал болчихно. Тийм болохоор аль болох зодолдохгүйг хичээдэг. Хоёрт бид нар зодоон хийж болдоггүй. Бид нарын гар зэвсэг болчихсон байгаа. Тийм болохоор зодоон хийвэл гэмтээчих байх гэж сэрэмжилдэг.
- Зодолдоод байхаар тархиндаа гэмтэл авчихлаа гэж хүмүүс ярьдаг?
- Хүмүүсийн толгой нь харин цоожтой байна. Тэрийгээ нээхгүй байна. Өөрсдөө энэ спортоор хичээллэж, тархиа нээж үзэхгүй бол ойлгохгүй л дээ. Бэлтгэл хийж байна гэж өдөржин толгой руугаа цохиулдаг гэж боддог юм шиг байна лээ. Тийм биш. Уншиж сурахын тулд А үсгээс эхэлдэг шиг кикбоксд ч гэсэн анхнаас нь доргилт, бэртэлтээс хамгаалдаг. Булчингаа байнга ажиллуулж, өөрийгөө хамгаалдаг, ачаалал авсан хүн бэртэлт авдаггүй. Ямар ч хүн бэлтгэгдэж байж тулаанд ордог.
-Тамирчин хүний сэтгэлзүй ямар байх ёстой вэ? Сэтгэл зүйчтэй байдаг уу?
-Мэдээж ялагдвал ямар сайхан байхав. Гэхдээ тодорхой хэмжээгээр сэтгэл санааны бэлтгэлтэй байдаг. Ялах нь мэдээж сайхан. Энэ спортоор хичээллэхээр хүн өдөр бүр өөрийгөө ялж, нээж чаддаг. Тийм болохоор хүн өөрийгөө 100 хувь бэлтгэл ханалаа гэж үзээд тэмцээнд ороод ялагдвал сэтгэлээр унадаггүй. Яагаад гэхээр өөрийнхөө хэмжээг мэдэж авч байгаа болохор тэр. За миний хэмжээ ийм юм байна. Тийм учраас дахиж хичээхгүй бол болохгүй юм байна гэж бодоод, өөрийнхөө сул талыг бас олж хардаг. Би бол хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Ялагдвал өнгөрсөн юм өнгөрснөөрөө. Гэхдээ тэндээсээ олон дүгнэлт хйидэг. Сүүлийн үед 4-5 тоглолтод орлоо. Ялагдахгүй яваад байхаар хүн юм орхидог байхгүй юу. Тийм болохоор олон хавар нэгэндээ гэдэг шиг юм бодож явдаг.
- Өнгөрсөн 20 жилийн амжилтаа ярьвал?
- Тэр үед тулаан спорт байдаггүй байлаа. Анх 10 настайдаа кунфугийн сургалтад бүртгүүлэх гэсэн чинь 3-р ангиас дээш хүүхдүүдийг оруулна гээд намайг оруулаагүй. Тэгээд анх 11настайдаа каратегаар хичээллэж эхэлсэн. Тэгээд жилийн дараа өсвөрийн тэмцээнд ороод хүрэл медаль авч байлаа. Өсвөр, идэрчүүд, насан хүрэгчдийн тэмцээнд оролцож явсан. Тэгээд 10 жилээ төгсөөд би хотод орж ирсэн. Тэгээд улсын аваргад оролцсон. Тэр үед жин харгалздаггүй байсан. Би өөрөө 50-60 кг хэрнээ 100-150кг жинтэй хүмүүстэй тулалддаг байлаа. Мөнгөн медаль ч авч байлаа. Анх хотод ирэхэд орох орон байхгүй хэцүү байлаа. Тэгээд клубтээ байрлаад өдрийн ундаа ууж талх идсэн шигээ байсан. Удаа ч үгүй жил, хоёр жилийн дараа Японд суралцах боломжтой болсон. Тэнд сурч байхдаа мэргэжлийн спортоор хичээллэсэн. Оюутан хүн хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг асар хэцүү, өдрийн 4 цаг л унтдаг байсан. Тэгээд сар болгон тэмцээнд оролцдог. Жилийн дотор арван хэдэн тоглолт хийж, аваргын төлөө тоглох боломжтой болсон. Хүн жилд гурваас дөрвөн тоглолт хийдэг байхгүй юу. Тэгтэл би жилд 10-20 тоглолт хийдэг байсан. Нэг жилийн дотор би хоёр аваргын бүс авч байлаа. Тэгээд жин өсөөд л таван жинд Японы аварга болж байлаа. Тэгээд 2004 онд кикбоксийн дэлхийн аваргын тоглолт болсон. Тайландын бурханы хөл гэж нэртэй тамирчин байдаг. Хөлөөрөө өшиглөхдөө бэйсболлын цохиураар цохиж байгаа юм шиг хүчтэй өшиглөдөг, өрсөлдөгчийнхөө хөлийг хугалж байсан, гадаад хүнд нэг ч ялагдаж байгаагүй тамирчин надад анх ялагдаж байсан. Түүнийг ялж кикбоксийн дэлхийн аварга болж байсан. 2006 онд жин өсч К-1 тоглож эхэлсэн. Тэгээд 2009 онд Монголд муатай боксийн дэлхийн аваргын тэмцээнийг өөрөө зохион байгуулаад аварга болсон. 2011 оны 1-р сард олон улсын Империал тэмцээнэ зохион байгуулж өөрөө ялалт байгуулсан. 2009 онд Улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэгийн элч засуулыг авлаа. 2001-2009 онд Японд Бизнес эдийн засгаар сурч 2009 онд өөрийн клуб, дэвжээгээ байгуулаад ажиллаж байна. Одоо SBN телевизэд нэвтрүүлэг хийж байна. Бараг хоёр жил болж байна. Нийт 100 гаран нэвтрүүлэг хийсэн байна.
- Нэг тэмцээнд оролцоход дунджаар хэдий хэмжээний зардал гарах уу?
- Замбараагүй ш дээ. Ядаж байхад тэмцээн дөхөөд ирэхээр багш нар олдохгүй. Монголд жишээ нь надад заах багш нар цөөхөн ш дээ. Сайн багш шалгаруулж цалинжуулна. Дээрээс нь уураг, бэлтгэлийн хувцас, хэрэглэл, хоол унд гээд маш их мөнгө ордог. Үнэндээ бол гараад л байдаг. Энд бол Японоос их зардал гардаг.
- Тэмцээнд ороход зарцуулсан мөнгөө тэмцээнийхээ шагналаас авах боломжтой юу?
- Маш олон хүн цуглуулаад хэдэн саяын ашигтай ажиллаж байна гэж боддог. Тийм биш. Алдагдалд орчихгүйн тулд хийдэг. Хамгийн гол нь нэг том юмны цаана гарлаа гэдэг чинь сайхан байхгүй юу. Жишээ нь гаднаас 4 хүн ирлээ. Тэд нар дангаараа ирэхгүй ш дээ. Багш дасгалжуулагч гээд арваад хүн ирж байгаа байхгүй юу. 10 хүний чинь хоол унаа, байр гээд бүх юмыг нь манайхаас буюу зохион байгуулж байгаа талаас даана. Мэргэжлийн спорт ийм л байдаг. Ирсэн тамирчдад бас тоглолтын хөлс гэж өгнө. Маш их зардалтай. Энэ чинь ашгийн биш байхгүй юу. Энэ том юмны ард гарахаар кайф авдаг.
-Санхүүгээс бусад асуудал гарах уу?
- Бизнес хийлээ гэхэд жишээ нь бараа материал бол байж л байна. Хүн бол ядаргаатай хөдөлгөөнтэй байдаг. Гэрээ хийнэ, тэмцээн дөхөөд ирэхээр бодлоо өөрчлөөд оролцоно, ирж байгаа тамирчид нь онгоцноосоо хоцорно, цаг агаар муудна. Тэмцээнтэй өдрөө ирж амжихгүй гээд маш их асуудалтай.
- Кик болон муайтай бокс жирийн боксоос илүү эрсдэлтэй санагддаг?
- Илүү эрсдэлтэй. Өвдөг тохой гээд дөрвөн мөч оролцдог болохоор эрсдэлтэй.
- Кик болон муайтай боксийн аль нь илүү хэцүү вэ?
- Хамгийн хэцүү нь Тай бокс. Хэдэн мянган жилийн түүхтэй Тай боксоор хичээллэдэг мэргэжлийн гурван сая тамирчин байна. Тэр дотроос дэлхийн аварга болно гэдэг маш хэцүү.
- Цохиод авчих вий гэж хүмүүс өөрөөс чинь айх тохиолдол гарах уу?
- Хүмүүс харин ойлгодоггүй юм. Энэ урлаг монголд дөнгөж хөгжиж эхэлж байна. Хүмүүс гудамжны зодоон гэж боддог. Энэ спортоор хичээллэсэн хүн бие бялдар, ёс суртахуун, сэтгэл зүйн хувьд төлөвшдөг. Хамгийн гол нь ёс суртахуун. Өдөр бүр өөрийнхөө биеийг зовоож бэлтгэл хийж байгаа юм чинь бусдыг зовооё гэж боддоггүй юм. Харин хүнийг хайрлая гэж боддог. Энэ спортоор хичээллэдэг хүмүүс бусдыг их халамжилдаг.
- Өөрөө нилээн халамжтай хүн байх нь ээ?
-Халамжтайгаас гадна хүнийг хүндэлдэг болчихдог юм. Би өөрийгөө бол тодорхойлж болохгүй байхаа.
Үймүүлнээ. Хүүхдүүдтэй нийлээд л ноцолдоно.
- Ууралсан үедээ яаж уураа гаргах уу?
- Хэр барагтай бол уурладаггүй. Хэр баргийн хүмүүс яасан тайван юм бэ гээд гайхдаг. Байнга бэлтгэлтэй байдаг болохоор уур бухимдлаа бэлтгэлийнхээ үеэр гаргадаг. Хэрвээ ямар нэг байдлаар уурлах юм бол бэлтгэлээ хийдэг. Зун бол 18:00 цаг хүртэл бэлтгэл хийгээд 3кг хүртэл хасдаг. Усанд ороод алхаад явахаар сайхан байдаг. Тэгээд нэг газар очоод найзуудтайгаа уулзаад, пиво уухаар сайхан байдаг.
- Шар айраг бэлтгэлд сөргөөр нөлөөлөхгүй юу?
- Хүн л юм чинь ойрхон тэмцээнгүй бол хааяа нэг уухгүй бол хүн чинь спиртийн дутагдалд ордог ш дээ. Бэлтгэл байнга хийхээр хүн чинь бас ядарна ш дээ.
- Хэр их шоудаж байна?
- Хүн хэр цаг завтай байна, цагаа л зохицуулж чадаж байвал хэзээ ч ууж болно.
- Секс бэлтгэлд сөргөөр нөлөөлдөг үү?
- Хүн юм чинь бусадтай л адилхан ш дээ. Хүн уураг тархиныхаа тавхан хувийг ашигладаг. Хүн уураг тархи, биеэ 100 хувь ажиллуулж чаддаг зүйл бол секс л байдаг. Секс хийхэд хэдэн удаагийн бэлтгэлийн оюун энерги зарцуулагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тодорхой хэмжээний бэлтгэл бол алдагддаг.
-Тэгэхээр тэмцээнээс өмнө секс хориглодог гэсэн үг үү?
- Хорих нь ч юу юм. Хамгийн гол нь зохицуулах л хэрэгтэй. Тэмцээнээс сарын өмнөөс бол хорьдог. Гэхдээ хорьсон үед бэлтгэлдээ анхаараад нэг их хүсээд байдаггүй юм. Зохицуулалтын л асуудал юм даа.
-Сексийг өөрийнхөөрөө тодорхойлбол.
- Миний хувьд бол сэтгэл санаа юм даа. Би робот биш. Тэгээд юу ч гэмээр юм дээ. Мэдэхгүй ээ. Үгээр илэрхийлж чадахгүй байна.
- Хайрыг өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?
- Хайр бол хайр. Хүмүүс бие биенээ хайрлах хэрэгтэй. Хайр байхгүй бол хүн төрөлхтөн оршин тогтохгүй. Би хүүхдэд их хайртай. Манайд сурах гээд ирж байгаа хүүхдүүдийг харахаар хайр хүрдэг байхгүй юу. Өнөөдөр бүр захын хороололоос ирдэг. Манайд хичээллэж байгаа хүүхэд сарын дараа гэхэд өөр болдог. Энэ нь надад урлагийн бүтээл шиг харагддаг.
-Урлагийн ямар төрөлд илүү авьяастай вэ? Дуулна биз?
-Надад бол дуулах авьяас байдаггүй. Авьяастай байсан бол би зүгээр байхгүй л дээ.
- Кикбоксоос өөр ямар авьяас байна?
- Кикбоксоор олон жил хичээллэж, ийшээ байдаг оюун санаагаа төвлөрүүлсэн болохоор одоогоор авьаясаа нээгээгүй байна.
-Хобби?
- Хобби гэвэл өмнө нь малгай цуглуулах дуртай байсан. Одоо тэгээд бас залхсан юм уу? Одоо бол сайн тамирчин л цуглуулах гэж хичээж байна. Одоо хэвлэл дээр гарсан бичлэг, мэдээ материалуудаа хараад ингэдэг байждээ гэж өөртөө дүгнэлт хийдэг.
- Сайхан хүүхэн өнгөрвөл харах уу?
- Харна ш дээ. Сохор хүн биш юм чинь харж л таараа.
- Япон, Монгол бүсгүйчүүдийн аль нь илүү сайхан байна?
- Ийм улсын хүмүүс тийм, тийм улсын хүмүүс ийм гэж хэлж болдоггүй байхгүй юу. Хүн өөрөө биеэ хэр гоё авч явж байна тэрнээс л болно. Гэхдээ манай Монгол эмэгтэйчүүд бол сайхан.
- Ямар бүсгүйг хөөрхөн гэх вэ? Гадаад үзэмжийн хувьд?
-Царайгаар нь угтаж, ухаанаар нь үд гэдэг шүү дээ. Миний хувьд давхраатай алаг нүд гэхгүй ээ. Ер нь хүн өөртөө хэр зохицуулж биеэ авч явж байгаагаас л болно. Хүн бол маш олон төрөл байна ш дээ. Би өөрөө олон төрлийн юманд дуртай. Аль гоё биеэ авч явж байгааг нь харна. Би бол баригдмал хүн биш.
-Хүний ямар зан чанар таалагддаг вэ?
- Хүнийг хүндэлдэг, хүний урдуур ороод байдаггүй, өөрийгөө жаахан хойш тавьдаг хүн таалагддаг. Хүн хүлээцтэй ханддаг байх хэрэгтэй.
-Хүнийг дуртай өнгөөр нь шинждэг юм билээ. Ямар өнгөнд дуртай вэ?
- Цагаан өнгөнд дуртай.
- Дургүй зүйл?
- Олон юм байна.
-Дургүй идэх зүйл?
- Бараг байхгүй дээ. Японд байхад ганц л юм идэж чаддаггүй байсан юм. Нато гээд зунгааралдсан, өмхий үнэртэй юм. Биенд маш сайн байдаг.
- Амттанд дуртай юу?
- Дуртай дуртай.
- Спортын холбогдолтой зүйл цуглуулдаг уу?
- Өмнө нь бол алдартай тамирчдын бичлэг цуглуулдаг байсан. Эсвэл action кино цуглуулдаг, үздэг байсан. Тэмцээнээс өмнө тэрийгээ үзэж санаа авдаг.
- Эр хүний гангараа машин. Ямар машинтай?
-Өмнө нь бол дэлхий дээр цөөхөн байсан машинаас эхлээд бүх төрлийн машин унадаг байлаа. Одоо бол хоёр л бензтэй. Гэхдээ нэг их машин унахыг боддоггүй.
- Японд байхдаа ямар машин унаж байсан бэ?
- Ламбаржини, Ферари, Бенз гээд бүх төрлийн машин унаж байсан. Юмны хор гарна гэж байдаг ш дээ. Тийм болчихдог л юм шиг байна лээ. Юманд хэтэрхий автаад байх шаардлагагүй. Тэгээд ч би өөрөө материаллаг хүн биш.
- Тэмцээн уралдаан түрүүлэхээр хурдан удамын морь өгдөг биз?
- Өнгөрсөн тэмцээнээр хурдан удмын унага ч бил үү даага ч билүү өгч байсан. Бэлэгний морь байгаа.
- Тоог нь гаргасан уу?
- Гаргаагүй ээ. Ирээд удаагүй болохоор бүгдийг нь цуглуулж нэгтгээгүй. Тэгж байгаад цуглуулна гэж бодож байгаа.
-Нилээн үймүүлдэг шинжтэй?
- Үймүүлнээ. Хүүхдүүдтэй нийлээд л ноцолдоно.
- “Татар ажиллагаа”-д тоглосоноос хойш киноны урилга ирсэн үү?
- “Татар ажиллагаа”-г манай найзууд хийгээд тоглосон. Миний хувьд ондоо юм үзмээр байсан болохоор тоглосон. Сонирхолтой, өөрийнхөө мэдлэгийг өргөжүүлэх гэж кинонд тоглосон.
-Чөлөөт цаг?
- Чөлөөт цаг гарнаа. Чөлөөт цагаа яг ингэж өнгөрөөе гэж төлөвлөдөггүй. Тэгээд ч манай Монголд цагаа барьдаггүй болохоор юм төлөвлөж болдоггүй ш дээ. Энэ зуны хувьд хөдөө явлаа. Хөдөө машин барьж явах сайхан байлаа. Ойрын хэдэн жил хөдөө яваагүй болохоор хөдөө явах үнэхээр сайхан байна.
- Хаагуур явав?
- Минжийн хангай гээд дархан цаазтай газраар аяллаа.
-Гадаадад очоод Монголынхоо үзэсгэлэнт байгалиар бахархана биз?
- Мэдээж бахархалгүй яахав. Машин тэрэг явдаггүй, зам муутай газраар явах сайхан л юм билээ. Мөн Монгол хүн болсноороо бахархаж байна. Амараа болж төрсөндөө бахархаж байна. Ийм сайхан монгол оронд, монгол хүн болж, энэ биеийг олж төрснөөрөө, энэ спортоор хичээллэснээрээ нэг цогц болж байна. Би үүгээр бахархдаг. Энэ бүхнийг цаанаас нь заяадаг гэж боддог. Монголд Амарбаясгалан гэж хүн эрсдэлтэй спортоор хичээллэж, дэлхийн хэмжэний том цолыг авсандаа өөртөө тодорхой хэмжээгээр бахархдаг. Энэ спортоор өнөөдөр дэлхий дахинд олон аавын хүү хичээллээж байгаа би тэр бүхнийг аваргалсан гээд бодохоор сайхан байна.
- Ойрын ирээдүйн зорилго зорилт юу байна?
-Ойрын үед Империал тэмцээнээ дэлхийн түвшинд танигддаг болгохоор зорьж байна. Жишээ нь Японд бол К-1 гэж тэмцээн болдог. К-1 тэмцээнээс гарсан тамирчин бол дэлхий нийтэд нэр хүндтэй байдаг. Тэрэн шиг Импэриал тэмцээнээ дэлхийн жишигт хүргэмээр байна. Тав дахь жилдээ таван удаа зохион байгуулж байгаа болохоор олон улс, дэлхийн хэмжээний наадам болголоо. Энэ бүхнийг зохион байгуулна гэдэг амаргүй л дээ. Би өөрөө продюсерлэдэг. Продюсерууд олон янз байдаг юм. Над шиг ийм залуу продюсер олон улсын хэмжээнд байдаггүй. Дандаа олон жил ажилласан хөгшин хүмүүс байдаг. 2000 хүн цуглуулсан продюсер дунд зэрэг, 2000-5000 цуглуулсан продюсер гайгүй дээд зиндаад очиж байгаа юм, 5000 дээш 10-20 мянга болоод ирэхээр дээд зиндаа болдог. Миний насны хүн өөрөө тоглоод, зохион байгуулаад, бөхийн өргөөнд багтахгүй гадаа нь хоёр гурван мянган хүн цуглуулж байлаа. Сүүлд шинэ ордонд 5040 хүн ирдэг бол 5500 хүн ирлээ. Энийг харахаар миний хувьд сэтгэгдэл өндөр байгаа. Олон хүнийг цуглуулна гэдэг, олон хүний сэтгэхүйд нөлөөлнө гэдэг амаргүй. Олон хүнийг цуглуулна гэлэг том менежмет, арга ухаан, алсаар тэр хүмүүст нөлөөлж цуглуулна гэдэг том урлаг. Одоо стадионд тэмцээн зохион байгуулах зорилготой байна даа.
- Өөрийгөө дүгнэвэл?
-Би өөрийгөө аль болох юманд баригдмал биш, материаллаг биш, хүн хэтэрхий материаллаг байж болохгүй ш дээ. Юманд туйлшрахгүй, нээлттэй байх хэрэгтэй. Хүн шувууны нүдээр хардаг байх ёстой. Шувуу дээгүүр холыг хардаг. Хэтэрхий дээгүүр харах юм бол доогуур харж чадахгүй. Ирээдүйгээ шувуу шиг харж, өнөөдрөө хорхой шиг харж явах хэрэгтэй. Эмх замбараатай байхыг хүсдэг. Хүн үхэх төрөхийн хооронд сонголт хийдэг. Хамгийн гол нь зөв сонголт хийх. Миний хувьд энэ спортоор хичээллээд эргээд харахд маш хол зам туулсан байна. Жишээлбэл би өдөр болгон гүйдэг. Өнөөдөр би далан хэдэн мянган км гүйчихсэн байна. Өдөрт би 2 л хөлс гаргадаг. Тэгэхэд би 90-д мянган тонн хөлс гаргасан байна. Цаг гэхэд 200-300,000 цаг бэлтгэл хийсэн байна. эргээд харахад бол урт зам туулсан байна. Энэний ард гарсан байна гэдэг миний 70 кг-тай хүний хувьд ш дээ. Тэгэхээр хүн бол агуу юм. Хүн хийж бүтээж чаддаг байх хэрэгтэй. Нэг юмандаа тууштай, өөртөө итгэлтэй , дайчин өдөр бүр өөрөө, өөрийгөө ялдаг байх хэрэгтэй.
-Ярилцлаганыхаа төгсгөлийг та хийх үү?
- Өдөр тутам хүн өөрөө өөрийгөө ялах хэрэгтэй гэж хэлмээр байна. Хүн өөрийнхөө давуу талыг хөгжүүлж, бүхнийг болгоно бүтээнэ гэж дайчлаарай гэж хэлмээр байна.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
-Уншигчдад мөн баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 2 )
bi taniar baharhaj yawdag shuu
uneher aguu hun ymaa gaihaltai