Доктор, профессор Ү.Сүхбаатар: “Анх Оросууд устөрөгчийн бөмбөг дэлбэлснээс болж дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн”

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 21


    Японд газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас дэлхийн тэнхлэг 15 см-ээр хазайсан гэх тооцоог дэлхийн эрдэмтэд гаргасан.  Энэ үзэгдэл байгаль орчин болон дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлөх талаар ШУА-ийн Одон орон геофизикийн судалгааны төвийн захирал, доктор, профессор, ШУ-ны гавъяат ажилтан Ү.Сүхбаатар хариулж байна.
    -Японд болсон газар хөдлөлтөөс болж дэлхийн тэнхлэг 15 см хазайсан гэж мэдээлжээ. Энэ бодит мэдээлэл мөн үү?
    -Дэлхийн тэнхлэг 15 см-ээр хазайсан нь үнэн. НАСА-гийн тооцоогоор зүүн уртрагийн 139 градусын чиглэлд 15 см хазайсан байна. Энэ бол дэлхийн эргэлдэх тэнхлэг биш. Дэлхий чинь өөрөө цул нягт бие биш шүү дээ. Өөрөө хатуу гадаргатай, дотроо шингэнтэй, голдоо цөмтэй эд шүү дээ. Ийм учраас хүчтэй дэлбэрэлт, газар хөдлөлт болох үед шингэн бие савлан хөдөлдөг. Үүнээс болоод дэлхийн өөрийнх нь хувийн тэнхлэг шилжих, өөрчлөлт орох тохиолдол бий. Анх 1953 онд ЗХУ устөрөгчийн шинэ бөмбөг хийж туршихад шинжлэх ухааны түүхэнд анх удаа дэлхийн тэнхлэг өөрчлөгдөж байсан юм.
    -Байгаль орчинд хор хөнөөл учруулах уу?
    -Энэ бол дэлхийн шинжлэх ухааны хөгжил ямар түвшинд явж байна вэ гэдгийг харуулсан явдал юм. Үнэн чанартаа байгаль орчин болон хүн төрөлхтөнд нэг их айхтар хор хөнөөл учруулахгүй. Бараг ердийн нөхцөлд мэдэгдэхгүй шүү дээ. Зөвхөн нарийн хэмжилттэй багажаар л тодорхойлж байгаа юм л даа.
    -Дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөнөөс болоод дэлхийн уур амьсгалд нөлөөлнө гэсэн таамгууд гарчээ. Энэ талаар?
    -Өөрчлөлт гарна гэж хэлж мэдэхгүй байна. Үүнийг хэмждэг нарийн багаж төхөөрөмжийг эрдэмтэд одоохондоо зохион бүтээгээгүй байгаа юм.
    -Шинжлэх ухааны түүхэнд дэлхийн тэнхлэг дээд тал нь хэдэн градус хүртэл хэмжээгээр хазайж байсан бол?
    -Үүнийг тогтоосон шинжилгээ одоогоор алга. Дэлхий бол олон тэнхлэгтэй. Үүнийг дэлхийн хувийн тэнхлэгийн хазайлт гэдэг. Дэлхийн эргэлдэх тэнхлэг, соронзон орны тэнхлэгийн хооронд өнөөдөр 11 градусаар хазайсан хазайлт бий. Энэ нь аажмаар өөрчлөгдөн хэд хэдэн градусаар өөрчлөгддөг.
    -Дэлхийн тэнхлэгийн хазайлтыг яаж судалдаг вэ?
    -Үүнийг өндөр нарийвчлалтай GPS болон сансрын хиймэл дагуулын хэмжилтийн багажаар, мөн газрын хэмжилтээр хэмждэг. Шинжлэх ухаанд тэрхүү багажийг интергуран гэж нэрлэдэг юм.
    -Манай улсад дэлхийн тэнхлэгийн хазайлтыг судалдаг багаж төхөөрөмж бий юу?
    -Байхгүй. Харин энэ судалгаанд нь оролцдог. Саяхнаас манай Одон орон судлалын төв Улаанбаатарын ойролцоо GPS-ийн багажийг гурван газар суурилуулсан.
    -Монгол улс өөрийн шинжлэх ухааны хиймэл дагуултай болно гэж ярилцдаг. Тэр талаар тодорхой мэдсэн зүйл танд бий юу?
    -Би сургаар л мэдэж байна. Өөрийн гэсэн  хиймэл дагуултай болвол маш их ашигтай. Энэ бол  зөв санаа. Хэрвээ Монгол улс өөрийн хиймэл дагуултай болчихвол түүнд манай төв оролцох бүрэн боломж байна.
    -Дэлхийд ер нь хэдэн тэнхлэг байдаг бол?
    -Эрдэмтдийн тооцоогоор өөрийнх нь, дэлхийн эргэлтийн тэнхлэг, соронзон тэнхлэг гэсэн гол гурван тэнхлэг бий.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top