Багш нар энэ сарын 12-ноос ажил хаялт хийх ээ мэдэгдээд байгаа. Зарим цэцэрлэгүүд ажил хаях тухайгаа эцэг, эхчүүдэд мэдэгдсэн зарлал хүртэл хаалган дээрээ хадсан байна.
Ажил хаялтын зорилго нь цалинг шат дараатай нэмэх хугацааг наашлуулах ажээ. УИХ 2012 оны төсвөөс багш нарын цалинг ирэх оны дөрөвдүгээр сард 80 мянган төгрөгөөр, аравдугаар сард 23 хувиар нэмэхээр баталсан. Харин багш нар сонгуулийн дараа шинэ Засгийн газар энэ шийдвэрийг биелүүлэхгүй байж магад хэмээн болгоомжилцгоож байгаа аж. Уг ажил хаялтад хувийн сургуулиудын багш нар оролцох эсэх талаар "Олонлог", "Орчлон", "Америк" дунд сургуулиудаас тодруулахад "Бид оролцохгүй. Хувийн хэвшлийн сургуулиуд хангамж сайтай байдаг. Тийм учраас ажил олгогчийнхоо эсрэг жагсах нь утгагүй юм" гэцгээж байв. Мөн орон нутгийн тухайлбал Хөвсгөл аймгийн "Ирээдүй XXI" зуун цогцолбор сургуулиас тодруулахад "Хөл үймээн болохоор сүртэй ярихгүй байгаа. Жагсахгүй байх" гэлээ.
Харин нийслэлийн цэцэрлэг, сургуулиуд бүгд ажил хаях тухай мэдээлэл байна. Энэ талаар зарим сургууль, цэцэрлэгээр орж, багш ажилчдынх нь байр суурийг сонирхлоо. Мөн цэцэрлэгүүд ажил хаябал хүүхдүүдээ яадаг билээ гэж сэтгэл зовних эцэг, эхчүүдтэй ч тааралдаж байсан юм.
ХУДЛАА АМЛАЛТААС НЬ БОЛООД АЛЬ ХЭДИЙНЭ ЮМНЫ ҮНЭ ӨСЧИХСӨН ШҮҮ ДЭЭ
Нийслэлийн II дунд сургуулийн математикийн багш, боловсролын салбарын ажилчдын ажил хаялт зохион байгуулах түр хорооны дэд дарга Г.Баянбаттай уулзлаа.
-Та ажил хаялтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ оны есдүгээр сарын 26-нд Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний холбооноос Засгийн газарт хандаж таван шаардлага тавьсан. Энэ нь Засгийн газар гарч ирэхдээ хийх ажлынхаа хөтөлбөрт 2012 он гэхэд цалинг гурав дахин нэмсэн байна гэсэн амлалтаас үүдэлтэй. Засгийн газар 2012 оны төсвийг баталж байхдаа гуравдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмье. Энэ нь 2008 оныхоосоо хоёр дахин нэмэгдсэн үр дүнд хүрэх юм гэсэн. Бид хугацааг нь наашлуулж нэгдүгээр сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, хоёрдугаар сарын 15-наас өмнө 23 хувиар нэм гэсэн шаардлагыг арваннэгдүгээр сарын 10-нд болсон цуглаанаас Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ерөнхий сайд Сангийн сайдад энэ асуудлыг судлаад боломжийг хай гэсэн үүрэг өгсөн гэсэн. Бид арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэл хүлээгээд Сангийн дэд сайдтай уулзсан. Тэд УИХ-ын байнгын хороонд хандах хэрэгтэй гэсэн. Тэр дагуу нь хандсан боловч 2012 оны төсвийн тухай хуульд бүр дордуулаад дөрөвдүгээр сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, аравдугаар сарын 1-ээс 23 хувиар нэмнэ гээд батлагдчихсан. Үүний дараа бид сануулах ажил хаялт хийсэн. Арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд, Сангийн сайд, Боловсролын сайд гуравтай уулзах гэсэн боловч ирээгүй. Бид Ерөнхийлөгчид хориг тавиад өгөөч гэж хандсан. Гэтэл Ерөнхийлөгч томилолтоор явсан учраас хүсэлт маань биелэхгүй нь ээ Бид аль болох ажил
хаяхыг бодохгүй байна. Өөр гарц юу байна гэдгийг хайж байгаа. Засгийн газар цалинг гурав дахин нэмнэ гэснээр өөрсдөө нийгэмд хүлээлт горьдлогыг төрүүлсэн. Түүнээс нь болоод аль дээр үед бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн шүү дээ.
МАНАЙД ГЭР БҮЛЭЭРЭЭ АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС НИЙЛЭЭД 300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ
17 дугаар цэцэрлэгийн үйлдвэрчний бүлгийн зохион байгуулагч П.Оюунсувд ийн ярив.
-Танай цэцэрлэг дээр ажил хаялт хийх тул хүүхдээ битгий авчраарай гэсэн зарлал гарсан байна?
-Бид эрхлэгчдээ ажил хаях тухай мэдэгдэл өгсөн байгаа. Тэр мэдэгдлээ хэд хоног зарлал маягаар тавьсан.
Манай ажилчдын нийгмийн байдал маш доогуур байдаг. Манайд манаач, туслах багш гээд гэр бүлээрээ ажилладаг хүмүүс бий. Тэд гар дээрээ сард нийлээд 300 мянган төгрөг л авдаг. Дөрвөн хүүхэдтэй айл энэ мөнгөөр амьдрахад үнэхээр хэцүү. Тийм болохоор жаахан ч болов нэмэгдээсэй гэж байгаа юм. Унааны мөнгө аравдугаар сарын 1-нээс өдөрт 300 төгрөг болсон. Сардаа 6600 төгрөг гэсэн үг. Бид өмнөх хоёр цагийн ажил хаялтад оролцоогүй. Арын албаныханд илүү хүнд байгаа. Багш нарт илүү цаг боддог бол арын албаныханд боддоггүй. Гэтэл энэ хүмүүс ялгаагүй л өглөөнөөс орой болтол ажилладаг. Багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг анхаарахгүй бол болохгүй цаг иржээ. Саяхан болсон хоёр цагийн ажил хаялтад нийслэлийн 156 цэцэрлэгээс 106 нь оролцсон.
АЖИЛ ХАЯУЛАХГҮЙ Л ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙНА
17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Батнасан:
-Танай ажилчид ажил хаялтад оролцохоор хурлаа хийгээд шийдвэрээ гаргаад байгаа юм байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай цэцэрлэгийн багш нар өдрийн арван цаг ажилладаг. Гэхдээ хөдөлмөрийн хуулиар найман цагийн цалин авч байна. Мөн нэг ангид 40 гаруй хүүхэдтэй ачаалал ихтэй ажилладаг. Багш нар 219-353 мянган төгрөгийн л цалинтай. Надад манай багш нар ажил хаялтын мэдэгдэл хоёр удаа өгсөн. Түрүүчийн түр ажил хаялтаар ажил хаяулаагүй. Одоо ч ажил хаяулахгүй л гэсэн бодолтой байна.
-Та яагаад ажил хаялтыг дэмжихгүй байгаа юм бэ?
-Манай үйлдвэрчний бүлэг ажилчдын хурал хийгээд бүгдээрээ ажил хаяна гэсэн шийдвэрийг гаргасан юм билээ. Хэрэв ажил хаялт болбол хүүхдүүд давхар хохирох юм гэсэн бодлоор ерөнхийдөө эсрэг байгаа. Цэцэрлэгийн хаалганууд дээр энэ сарын 12-ноос ажил хаялт хийнэ гэсэн бичиг өлгөсөн байсныг нь би хурааж авсан. Нэг өдөр ажил хаяхад эцэг, эхчүүд хүүхдээ харах болно. Ингээд баахан хүний ажил цалгардана гэсэн үг. Тиймээс өөрөөр шийдэх тал дээр төр засаг анхаарах болов уу гэсэн бодолтой байна. Манай ажилчдын цалин бага. Багш нар тэр бага цалингаасаа сургалтын үзүүлэнгээ бэлтгэдэг. Цэцэрлэг бол зөвхөн хүүхэд хардаг газар биш. Энд өглөөнөөс орой хүртэл сургалт, хүмүүжлийн ажил явуулж байдаг.
АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛУУЛАХАД АРАЙ ХҮРГЭХГҮЙ БОЛОВ УУ ГЭЖ НАЙДАЖ БАЙГАА
75 дугаар цэцэрлэгийн багш Б.Баярмаа:
-Танай цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцох уу?
- Зөвхөн багш нар ч биш бусад мэргэжлийн ажилчид олон байдаг. Хамгийн гол нь үйлчлэгч, тогооч, туслах багш нарын маань цалин бага байна шүү дээ. Би гэхэд 32 жил ажилласан хүн 340 мянган төгрөгийн цалинтай. Төр засаг маань арай ч биднийг ажил хаяхад хүргэхгүй байх гэж бодож байна.
-Танайх ажил хаях тухайгаа эцэг эхчүүдэд зарласан уу?
-Үгүй.
-Ажил хаялт зарласан хойно эцэг эхчүүд хүүхдүүдээ тэврээд энэ хүйтэнд хүрээд ирвэл яах вэ?
-Наана нь хурал хийж ажил хаях болсноо тайлбарлана. Хүүхдээ аюул осолгүй талаас нь анхаарах зөвлөмж бичээд эцэг, эхчүүдээр нь гарын үсэг зуруулна.
БАНКИНД ӨРГҮЙ БАГШ БАЙХГҮЙ
Нийслэлийн III дунд сургуулийн Монгол хэлний багш А.Цэцэгмаа
-Багш нарын ажил хаялт болох нь ээ. Энэ тал дээр танай сургууль ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд түр ажил хаялт хийсэн. Түүний дараа багш нарыг доромжилж байгаа юм шиг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н болгож хойшлуулсан. Шаардлага тавьсны төлөө ингэж басамжилж хандаж байгаад багш нар нэлээд бухимдсан. Иймээс дараагийн арга хэмжээ болох ажил хаялтыг зарлах юм. Бид хүнд нөхцөлд ажиллаж байна. Эдийн засгийн хараат байдалд ядууралд орж байна. Сайд дарга нар бидний бүтэн сар ядарч, зүдэрч олдог 300 мянгаар нэг өдөр хоол иддэг гэсэн. Гэтэл бид бүтэн сар үхтэлээ хөдөлмөрлөж байж тэр цалинг авдаг. 25-аас дээш жил ажилласан хамгийн өндөр цалинтай багш л 350 мянган төгрөг авч байна. Түүнээсээ татвар өгөөд 280 болдог. Залуу багш нар 200 мянган төгрөг ч хүрэхгүй цалин авч байна. Багш нар бүгд цалингийн зээлтэй банкинд өртэй байдаг. Яамны ажилтнууд хүртэл өөрсдөө "Багш нар тэмцээд цалин нэмүүлчихээсэй. Тэгвэл бидний цалин ч өснө" гэж ярьж байна лээ. Бид л бамбай болоод байгаа болохоос бүгд л цалингаа нэмүүлэхийг хүсч байна шүү дээ. Цалингаа аваад хөдөлмөрөө үнэлүүлээд зүтгэмээр байна. Дэвтэр засалтын, арга зүйн, хичээлийн бүлэг сэдвийн боловсруулалтын, давтлагын цагийн нэмэгдлүүдийг бүгдийг нь хасчихсан. Үндсэн цалингаа аваад явж байгаа багш нар илүү зүтгэл гаргахгүй шүү дээ гэв. Багш нартай уулзахад энэ мэт бухимдалтай үг олныг хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )