Бид бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, саад тотгорын талаар цуврал хэлэлцүүлэг өрнүүлдэг.Энэ удаагийн сэдэв зээл тойрсон асуудал. Өнөөдөр манай нийгэмд зээлгүй хүн гэж үгүй мэт. Малаа барьцаалсан малчдаас аваад хот, суурин газрынхан өнөөдөр зээлээр утсаар ярьж, зээлээр телевизээ авч үзэн, зээлийн машинаа унаж байна гэх мэтээр өнөөдөр биднийг зээлийн сүлжээ хэрэн бүрчээ. Зээл, тэр дундаа арилжааны зээл гэдэг бизнес эрхлэхэд хамгийн хэрэгтэй зүйл байдаг. Эндээс манай хэлэлцүүлэг эхэлж байна.
Эсгий,эсгий эдлэлийн оёдлын бүлгийн ажилтан Ц.Ягаанцэцэг:
-Манайх жижиг бизнес эрхэлдэг, Байрны подваль буюу хонгилд үйл ажиллагаагаа явуулдаг, Подвалийн түрээс гэж сардаа 150 мянган төгрөг гэрэл цахилгаан дулааны төлбөр өгчихдөг, энэ нь бидэнд болоод л байна. Мөн бид түүхий эдээ хөдөө, орон нутгаас авах боломж нөхцөлгүй учир эндээс дундын хоршооноос авчихдаг. Хөдөөнөөс цуглуулна гэвэл зардал их болно.
За, ингээд оёдол үйлдвэрлэлээ явууллаа гэхэд нийслэлд зах зээл хязгаарлагдмал, хумигдмал байдаг учир гүйлгээ муу байдаг. Уг нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, төрөлжүүлж гадагш дотногүй борлуулмаар л байдаг. Даан ч эргэлтийн хөрөнгө бага, тоног төхөөрөмжгүй байна. Хятадын нэг жижиг төхөөрөмж авъя гэхээр зээл авах шаардлагатай байдаг.
Зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө нэхдэг, Бид гэр хороололд амьдардаг учир хашаа байшингаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр орж баталгаажуулаагүй байна, эсвэл танай газар чинь удахгүй газарт орох юм байна гээд байдаг. Тэгээд танайх олон жил ажилласан байх ёстой, зах зээл чинь бэлэн бус байна гэх мэтээр зөндөө юм шаарддаг. Энэ мэтээр жижиг, бичил бизнесийн бидэнд тэр зээл гэдэг юм чинь олдохгүй юм билээ. Аргаа барахдаа бид ломбардад хүртэл ханддаг. Одоо ломбардныхан ч тоохоо болиод байна аа.
Хан-Уул дүүргийн иргэн, жижиг бизнес эрхлэгч Ж.Дэнзэн:
-Манайх дүүрэгтээ зоогийн газар ажиллуулдаг. Банкнаас байнгын зээл авдаг. Тиймээс одоо бүр “дасчихаад” байна даа. Шинээр зээл авах гэж буй хүн, аж ахуйн нэгжид бол эхлээд барьцаа хөрөнгө гэж шаарддаг томоохон даваа бий. Бидэнд ч тэр мөн адил авсан зээлийнхээ хэмжээг ахиулъя гэхээр банкнаас дахин барьцаа нэхэх юм уу, барьцаагаа их болгох ёстой.
Түүнээс биш ер нь арилжааны банкууд зээл олгож байгаагаараа төр, засгаас илүү бидэнд дэмжлэг үзүүлж байна гэж хэлэхэд болно. Практик амьдралаас хараад байхад манайд бизнес жинхэнээр эрхэлье гээд нэг бол төслөө сайн хийчихсэн, эсвэл яг тухайн бизнесийг мэргэшсэн болон мэргэжлийнх нь хүмүүс нь хийх гээд хөдөлье гэхээр барьцаа хөрөнгө дутагддаг, түүнээс болоод гацчихдаг явдал байна. Тиймээс зарим нөхцөлд гадна, дотноос тоног төхөөрөмж, техник-технологи оруулж ирэх гэж буи хүмүүст түүгээр нь барьцаалаад зээл олгож яагаад болох уу гэж бодогддог. Энэ талын эрх зүй манайд дутагдаж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Ц.Энхтуяа:
-Дүүрэг дээр ирж буй үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой асуудлаас үзэж байхад манайд юуны түрүү зээлийн баталгаа хэрэгтэй нь харагддаг. Энэ талын эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Зээлийн баталгааны сангийн тухай хуулийн төсөл боловсрогдоод, хэлэлцэгдэж байгаа гэдэг.
УИХ-аас гарахгүй удаж байна. Энэ талын ажил буюу зээлийн баталгаа гаргах ажил уг нь “Монгол үйлдвэрлэл” төсөл, “Мерси кор” байгууллага, МҮХАҮТ дээр туршигдсан, цаашид “АДРА” олон улсын байгууллага, АХБ-ны тодорхой төсөл хөтөлбөрүүдээр үргэлжлүүлээд явж байгаа гэж сонсогддог. Эрх зүйн орчин бүрдээд зээлийн баталгааны сангийн эх үүсвэр шийдэгдчихвэл түүнийг арилжааны банкуудад байршуулаад хэрэгжүүлэх журмыг нь гаргаад зохицуулаад яваасай гэж боддог.
Нарийн боовны үйлдвэрлэл-ийн “Бэст Ийст бейкери” ХХК-ийн төлөөлөл Б.Сэнгээ:
-Манайх 100 сая төгрөгийн зээл авснаар үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Зээл авах гэж байгаа бизнес эрхлэгчид юунд анхаарах ёстой вэ гэвэл ер нь арилжааны банкнаас авах зээлийн хэмжээ барьцаа хөрөнгөөс шалтгаалж хязгаарлагдмал байдаг, түүгээр хэмжигддэг юм билээ. Томоохон аж ахуйнуудын хувьд үйл ажиллагаа, бизнесийг нь “үнэлээд” зээл өгчихөж болох л юм билээ, уг нь манайд. Бас зээл авах гэж буй хүмүүсийн хувьд манай монголчууд ном дүрэм, хууль ёсоороо яваад авчих юмыг заавал танил талаараа бүтээх гээд дайраад байдаг явдал бий. Энэ нь эргээд сөрөг байдал үүсгэх тал ч бас байна.
“Талын айраг” ХХК-ийн менежер Б.Сүхбат:
-Ер нь манай Монголд бизнес хийе гээд зээл авахад банкуудын тухайд ганц ээрдэг, чөдөр тушаа болдог зүйл нь барьцаа хөрөнгө байхгүй байна гэх. Эсвэл тэр нь дутагддаг түүнийг нь банкууд болон хөрөнгийн бүртгэлийнхэн зах зээлийн ханшаас доогуур үнэлдэгт л байдаг шүү дээ.
Банкнаас цааш явахаар олгох зээлийг нь мөн үнэлэх, зөвшөөрөх тал дээр төрийн байгууллагын дунд шатныхан “гар” хүндрүүлэх зүйл нэхэх гээд, “үзэмж хараад” том, мөнгөтэй гэсэн компаниудад түрүүлж үйлчлээд жижиг болон бичил, дундынхныг тоохгүй хаячихдаг. Үүнээс болоод тэр чирэгдэл гарч, хүлээлт үүсээд байдаг. За, зээлийн хүү зэрэг бол ярих юмгүй, дэлхийд өөр улс оронд байхгүй өндөр хэмжээнд хүрсэн шүү дээ. Манайхан ёстой л аргагүйн эрхэнд л өндөр хүүтэй зээл авдаг.
Дархан-Уул аймгийн “Ноён-Сансар” гурилын үйлдвэр. О.Маш-Билгүүн:
-Ипотекийн харилцаанд “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” болон “Хөрөнгөөр барьцаалсан үнэт цаасны зах зээлийн тухай” хуулиудад барьцаа хөрөнгө, зээлийн талаар их “но” байдаг. Тухайлбал, банк буюу барьцаалагч тухайн зээлдэгчийн өмч хөрөнгийг үнэлдэг. Нөгөө тал ямар ч эрхгүй байх жишээтэй. Тиймээс эдгээр хуулиа шинэчлэх гэж байгаа бол ядаж үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авах гэж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна. Банкнаас зээл авч байвал хамаагүй гээд барьцаалуулагч дараа нь эрсдэлд ордог.
Банкууд ч гэсэн барьцаалж байгаа эд хөрөнгийн үнэлгээндээ огоороод зээлдэгчийн төлбөрийн чадварыг анхаарахгүй байх тал бий. Жишээ нь хувийн өмчийн газар буюу хашаа, байшинг хуулиин заалтад үл хөдлөх хөрөнгийн эргэлтэнд оруулах сонирхол багатайгаар хязгаарлалт хийж зээл авах боломжийг хааж өгсөн гэж боддог. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлдэгч хэрэв зээлээ төлж чадахгүй бол шууд борлуулна гэхээс гадна 100 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө байлаа гэхэд түүнийг 80 хувиар үнэлж дуудлага худалдаанд оруулж явуулаад болохгүй бол дахин 20 хувиар хямдруулж 40 хүртэл илүүгүй үнээр үл маргах журмаар авна гэх мэтээр санхүүгийн луйврыг хүртэл манайд хуульчилсан байдаг. Үүнийгээ төр яаралтай засч залруулмаар байгаа юм. Ер нь л энэ мэтээр зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх ашиг тэгш бусаар туссан байдаг.
Баянзүрх дүүргийн иргэн Ч.Буянбаатар:
-Бид модон эдлэлийн үйлдвэр байгуулахаар зорьж эхний ээлжинд үйлдвэрлэл явуулах байр, газар хайж эхэлсэн. Өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэгэнжижигхашааны газархямдхан авч, хуримтлуулсан мөнгөөрөө үйлдвэрлэлийнбайрбарьжэхэлсэн. Энэ бүхний эцэст байдаг хөрөнгөө хамчихсан. Ямар ч байсан барьцаа хөрөнгөтэй болсон болохоор банкнаас зээл авах магадлалтай гэж тооцоолоод очтол үйлдвэрлэл явуулж эхпээгүй гээд зээл олгохоос татгалзсан. Уг нь цонх, хаалга хийх тоног төхөөрөмжөө авчихвал мөнгө орж ирэх гээд байдаг. Ах дүү найз нөхдөөсөө зээлэх боломжгүй. Үйлдвэрлэлийн газар байр авах гээд боломжтой бүгдээс нь мөнгө зээлчихсэн учир. Банкууд барьцаа хөрөнгөтэй л бол зээл олгоно гэдэг нь худал юм байна лээ. Одоо өөрөөс шалтгаалах бүхнээ сайтар амжуулаад сайн зээлийн төсөл бичихээр бэлтгэж сууна. Зээл олгоход гол нь төсөл хэрхэн бичигдсэн эсэхэд анхаарлаа хандуулдаг гэсэн. Жижиг, дунд үйлдвэрлэл явуулахаар зорьж байгаа хүмүүст шантармаар үе их тохиолдох юм даа.
“Сатия Бин” компанийн захирал Б.Нямбаяр:
-Би урьд нь бизнес төлөвлөгөө хийгээд банкнаас зээл хүсч байсан. Барьцаа хөрөнгөгүй гээд халгаадаггүй юм билээ. Чамгүй хөөцөлдсөний эцэст “Адра Монгол” олон улсын байгууллагад хандсан. “Адра” бизнесийн төлөвлөгөө, хэтийн төлвийг ньтооцоолон тухайн бизнес ирээдүйтэй, үр ашигтай болохыг нотлон банкинд баталгаа гаргаж өгдөг юм билээ. Гэхдээ “Адра”-аас баталгаа гаргаж өгсөн ч арилжааны банкны тодорхой шалгуурыг хангаж чадахгүй бол зээлийн хүсэлт амжилтгүй болно. Зээлдэгч хэр зөв тооцоо л хийсэн, материалаа хэр бүрдүүлсэн зэрэг нь баталгаа гаргуулах хамгийн чухал шалгуур. Бизнесийн санаа, тооцоо нь үндэслэлтэй бол “Адра” хэнийг ч дэмжиж өөрийн нэр хүндээрээ баталгаа гаргахад бэлэн байдаг юм. Шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд “Адра”-аас гаргасан баталгаагаар банкины зээлэнд орсон. Таван сая төгрөгийн бизнес төсөл бэлтгэснийг “Адра”-аас нягталж үзээд 2,5 сая болгон танасан. Харин банкин дээр очоод
1,5 сая болж гар дээр ирсэн. “Тал дугуй” болтол нь танадаг юм билээ. Тоног төхөөрөмж, түүхий эдээ зах зээлийн ханшаар тооцоолж таван саяыг төсөвлөсөн байхад 1,5 сая гар дээр ирэхээр урдаа барих уу, хойноо барих уу л болж байгаа юм. Ядахад хүнсний зориулалттай байр түрээслэх үнэ бүр тэн гэрт хадч ихаад байдаг. Ингээд явж явсаны эцэст юу ч бүтээж чадалгүй 1,5 саяаа эргүүлж төлөөд л дуусгасан даа.
Баянгол дүүргийн иргэн, захиалгат хувцасны газрын эзэн Б.Отгонгэрэл:
-Миний хувьд нэг нэг оёдлын болон хэрээсний тус бүр нэг машин, уурын индүүтэйгээр захиалгат хувцасны газраа нээсэн. Эсгүүр хийгээд оёход тусладаг нэг хүнтэй. Манай энэ хавьд оёдлын эрэлт хэрэгцээ ихтэй, ажил мунддаггүй юм. Хүчин чадлаа нэмэгдүүлье машин, тоног төхөөрөмж авъя гэхэд бидэн шиг өдрийн орлогоороо амьдардаг хүмүүст бөөндөө мөнгө байдаггүй, олддог ч үгүй.
Банкинд хандсан барьцаа хөрөнгөгүй гэсэн ганцхан тайлбар хэлсэн. Оёдлын газар ажиллуулж байгаа байр түрээсийнх л дээ. Одоо ажиллаж байгаа оёдлын машинууд болон орлого, зарлагаа хөтөлдөг дэвтэр, захиалгын хуудас энэ тэрээ үзүүлээд ч юуг ч нотлож чадахгүй юм билээ. Банк бид мэтийн жижиг бизнесүүдийг тоодоггүй юм болов уу гээд банк бус санхүүгийн байгууллагад хандаад ч амжилт олоогүй. Бор хүчээрээ зүтгээд, эдийн засагт ачаа бололгүй өөрсдийгөө болгоод явж байгаа бидзн, щиг хүмүүсийг төр, засаг болон арилжааны банкууд ямар нэгэн бодлогоор дэмжиж, уян хатан баймаар санагддаг.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Цэрэнсүх:
-Би гурван жилийн өмнө Өмнөд Солонгос улсад барилга дээр ажилладаг байсан. Барилга барихад хэрэглэгддэг тоног төхөөрөмж, арга технологийг ажиглаж байсны хувьд эх орондоо ирээд барилгын салбарт бизнес эрхлэхээр шийдсэн. 30 саяын үнэтэй зуурмагын машин оруулж ирэх тухай төслөө бичээд тодорхой хэмжээний хуримтлал, бас бус эд зүйлээ барьцаалаад банкинд хандсан. Гэтэл юу гэсэн хариу хэлсэн гээч. Барилгын салбар өвөл зогсдог учир зээл олгох боломжгүй гэдэг байгаа. Мэдээж хэрэг өвөл ажил хумигдах нь тодорхой. Бид чинь тооцоо, төлөвлөгөөтэй хүмүүс шүү дээ. Тэр болгоноо тооцоолоод хандаж байхад ийм хариу хэлээд буцааж байгаа юм. Банкнаас зээл гаргуулна гэдэг танилтай хүний хийх ажил юм шиг байна гээд арай өөр зүйлд хөрөнгөө оруулаад ажиллаж байна даа.
Түм түжигнэж, бум бужигнаж байдаг худалдааны “Нарантуул” зах бол манай наймаа хийгчдийн гол амьжиргааны газар. Энд өдөрт нь нэг сая төгрөгийн зээл өгдөг “үйлчилгээ” байдгийг сонсоод худалдаа эрхлэгч О.Уянгаас тодруулсан юм.
-Захын худалдаа эрхлэгчдийн дунд “Өдрийн зээл” гэсэн ойлголт байх юм, энэ тухай танаас тодруулах гэсэн юм?
-Тийм зүйл бий. Барааны эргэлтээ нэмэгдүүлэх, баяр ёслол болох үеэр хэн хүнд мөнгөний хэрэгцээ гардаг. Нэг сая хүртэлх төгрөгийг ямар ч барьцаагүйгээр олгоод өдөр бүр, бага багаар нь эргүүлж өгдөг юм .Өдрийн орлоготой болохоор эргүүлж төлөхөд нэг их түүртээд байдаггүй.
Жишээ нь, сая төгрөг зээлээд авчихлаа гэж бодоход өдөрт хүүд нь хэдэн төгрөг буцааж төлнө гэсэн үг вэ?
-100 хоногийн хугацаатай өгдөг юм. Өдөрт 13.000 төгрөг төлдөг. Зээлдуулсэн хүмүүс нь оройдоо ирээд л мөнгөө авчихдаг.
-Ямар хүмүүс ингэж зээлдэг юм бэ, хэд хэдэн Солонгос хүн байдаг гэж сонссон?
-Солонгос хүн байдаг гэж дуулаагүй юм байна. Цаана нь байдаг эсэхийг мэдэхгүй. Манай монголчууд өөр хоорондоо л ингээд зээлдүүлээд байдаг юм биш үү.
-100 хоногт өдөр бүр 13 гэхээр сая гурван зуун мянга болж байна. Бараг 30 хувийн хүүтэй зээл юм биш үү, хүүгийн хувьд маш өндөр байна шүү дээ?
-Яахав.Хэрэгцээгээ хангачихна, тэгээд өдөрт нь нэг их анзаарагдахгүйгээр буцаагаад төлчихдөг болохоор хэрэгцээтэй л байдаг юм. Тэгээд ч бидэнд хэн ингэж барьцаа энэ тэргүйгээр мөнгө өгөх вэ дээ.
Хөвсгөл аймгийн иргэн Ч.Бадамсүрэн:
-Би загас шарж, утаж, чанаж төрөл бүрээр боловсруулан борлуулдаг. Загаснаас хаях юм гэж байдаггүй. Ясаар нь хүртэл хуушуур хийж болно, махнаас ялгарахгүй. Загасны тос нярай хуухдэд сайн. элэг нь түлэнхий болон харшлыг гаргаахгүй. Хавирганы ясаар нь шүдний чигчлүүр хүртэл хийж болно. Нурууны ясыг шүрээр холбоод гоёл чимэглэлийн зүйл хийдэг. Ясыг нь уутлаад зардаг. Ясны сийрэгжилт, үе мөчний өвчинд тун тустай. Толгойг нь ангайлгаж хатаагаад бэлэг дурсгалын зүйл хүртэл хийдэг.
-Танд маш олон бизнес санаа байна. ЖДҮ-ийн зээл авахаар хандаж байсан уу, аймаг бүрт хуваарилж байгаа шүү дээ?
-Үйлдвэрлэл явуулж болно л доо. Зээл авах гэхээр хөгшин хүн юу хийдэг юм бэ гэдэг. Харин ч улам итгэлтэй идэвхтэй хийнэ шүү дээ. Залуус бол загасаар ийм олон төрлийн бүтээгдэхүүн хийж болдогийг мэдэхгүй. Үйлдвэрлэл явуулна гээд зорихоор эргэлтийн хөрөнгө, байрны түрээс, зээлийн хүү гээд бэрхшээл мундахгүй ээ, тэгж бодоод л биднийг голоод байдаг байх. Хүмүүс үйлдвэрлэл явуулъя гэж зорихоосоо хувь хувьдаа загасаа, нэрс жимсээ зараад мөнгө олохыг боддог.
Хөвсгөл аймаг “Цагаан загас” компанийн менежер Ж.Цэцгээ:
-Манай компани байгуулагдаад бүтээгдэхүүн үйлдвэрлээд нэг жил болж байна. Хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалаад нийслэл хотод зохиогдож байгаа үзэсгэлэнд хааяа л ордог. Адуу, үхэр, загас, тахиа гээд төрөл бүрийн махыг нөөшлөн борлуулж байна. Аль аль нь сайн борлогддог. Загасны махаар нухаш хүртэл хийж байгаа. Шил саванд нөөшилсөн бүтээгдэхүүн эрүүл ахуй талаасаа учир дутагдалтай байдаг учир энэ байдлыг арилгах зорилгоор лаазлан борлуулж байна.
Сав нь 350 төгрөг, таг нь гэхэд тусдаа 50 төгрөгийн өртөгтэй. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх үүднээс энэ тал дээр маш их анхаарч байгаа. Манайх зээл авах гээд гурван жил зээл хөөцөлдөөд бүтээгүй. Барьцаа хөрөнгө хүрэхгүй л гэдэг. Өөрсдийн хүчээр тоног төхөөрөмж оруулж ирээд түүнийгээ барьцаалаад зээл авах гэхэд мөн л бүтэхгүй юм. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэж дадсан хэрэглэгчид л бидэнд урам хайрлаж байна даа, өөр хүн алга.
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин
Сэтгэгдэл ( 0 )