Өсвөрийн хувьсгалчдад зориулсан өнгөт хувьсгалын жор

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28

 Америкийн олон нийт судлаачид уйгагүй судалгаа хийсний эцэст олон нийтийн сэтгэл санааг шаардлагатай чигт удирдан чиглүүлэх замаар эрх баригчдад дотоодоос болон гадаадаас хүчтэй дарамт шахалт үзүүлэн цус урсгалгүйгээр төрийн эрхийг солих чамин жор гаргаж авсан гэж үздэг. Үүнийг дийлэнх хүмүүс өнгийн хувьсгал гэж нэрлэдэг.

Өнгийн гэсэн нь хувьсгал тус бүртээ өөр өөрийн гэсэн өнгө бүхий бэлгэдэл сонгодог бөгөөд хувьсгалыг хийх явцад гарсан хүний хохирол нь иргэний дайны үед гарах байсантай зүйрлэхээргүй бага болохоор ийм хувсгалыг цус урсгалгүй хийсэн гэж үздэг.

Хувсгалын жор

Энэ мэтийн хувьсгал хийх жор нь тун энгийн юм байна.

 

Хувьсгал нь ямагт сонгуулийн дараа эхэлнэ.

 

Сонгууль болохоос өмнө ардчиллын төлөө, эх орны төлөө, эх орны баялагийг шударга хувиарлахын төлөө гэсэн уриатай залуучууд голдуу оролцсон хөдөлгөөнүүд байгуулагдана. Ингэснээр өөрсдийгөө ямар ч улс орны ирээдүй байдаг залуу үеийн дэмжлэгийг авч байгаагаа харуулна. Хөдөлгөөн нь өөрийн гэсэн олны сэтгэлд хүрэх бэлэг тэмдэг сонгоно. Жишээлэхэд, сарнай, алтан зул цэцэг г.м. 

 

Сонгуулиар сөрөг хүчин ялагдсан гэсэн дүнтэй байх ёстой.

 

Эрх баригчид сонгуулиар сонгуулийн хуулийг бүдүүлгээр зөрчиж, ард түмний эрх ашгийг хөсөрдүүлсэн гэж сөрөг хүчин мэдэгдээд олныг хамарсан жагсаал, цуглаан, ажил хаялт явуулна. 

 

Төрийн бүх шатны байгууллагуудын ажлыг тасалдуулах арга хэмжээ зохион байгуулна. Төрийн албан хаагчдын дунд ухуулга явуулж, ажилт хаялт г.м. зүйлс зохион байгуулна.

 

Олныг хамарсан жагсаалын үр дүнд нэг бол сонгууль дахин явагдана, нэг бол төрийн байгууллагуудыг үймсэн олон хүчээр эзлэн авч, хуучин эрх баригчид хилийн чанад руу зугатана.

 

Дахин сонгууль явагдсан тохиолдолд үр дүн нь гараагүй байхад сөрөг хүчин өөрсдийгөө ялагчаар зарлаж, өөр үр дүн гарсан тохиолдолд ахиад илэрхий луйвар болно гэж мэдэгдэх замаар сонгуулийн хороо, дээд шүүхэд дарамт үзүүлээд мөн л ялагчаар гарна.

 

Хувьсгал нь авилгалыг ор мөргүй устгаж, ард түмний эрхийг нэг мөр хамгаалах, ардчилсан эрс шинэчлэл хийх гэсэн уриан доор явна. 

 

Эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэж байгаа ухамсартай ард олон ба эрх баригчдаар тархиа угаалгаж манарсан хар масс гэсэн зааг бий болгоно.

 

Хувьсгал цус урсгалгүй явагдах ёстой. Цус урсгахын эсрэг байгаагаа сөрөг хүчний удирдагчид ямагт тодотгон ухуулна. Цус урссан бүх л тохиолдолд эрх баригчдыг буруутгана.

 

Сөрөг хүчин нь өөрсдийгөө улсынхаа эрх ашгийг олон улсын давцанд бодитоор төлөөлж чадах цорын ганц хүчин гэдгээ дэлхийн нийтэд ухуулан ойлгуулж мэдээллийн, хөрөнгө санхүүгийн дэмжлэг авна.

 

Ард түмнийхээ эсрэг тэмцэж болохгүй, ялагч нь тодорхой болохоор ялсны дараа эсэргүүцсэн хүмүүстэй хариуцлага тооцно г.м дотоодын дарамт ба эрх баригчдын гадаадын банкин дахь дансыг хаах, хил нэвтрэх визийг нь хүчингүй болгох г.м. гадаадын шахалтын нөлөөгөөр цэрэг, цагдаа, тусгай албад нь болж байгаа үйл явдалд хөндлөнгийн ажиглагчийн байр суурьнаас хандаснаар жагсаал цуглааныг хүч хэрэглэн тараах боломжгүй болно.

 

Энэ мэдээж ерөнхий бүдүүвч. Үүнээс гадна сонгуулиас өмнөх ард олны бухимдал, улс дотоод дахь улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн баялагийн хувиарлалт, мэдээллийн хэрэгслийн түгээмээл байдал, хүн амын боловсрол, дэлхийн давцан дээрх улс орны нэр хүнд г.м. маш олон чухал зүйлсэд дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэдгийг өсвөрийн хувьсгалчид ойлгож байгаа байх. 

Хувьсгалын жишээ

1989 оны Чехословакид гарсан Хамба хилэн хувьсгал. Энэ хувьсгалаар зөвлөлтийн талыг баримтлагч эрх баригчдыг халж, барууны, арчдилсан үзэл бодолтой шинэ улс бий болсон ч удалгүй Чех ба Словак гэсэн хоёр улс болон задарсан байдаг.

 

2003 онд Гүржид болсон Сарнайн хувьсгал. Хувсгалын үр дүнд байрь суурь нь тодорхойгүй байсан ерөнхийлөгч Шеварназег илэрхий Америкийн талыг баримтлагч Саакшвили түлхэн унагаж гарч ирсэн. Сонгуулийн дүнг хуурамчаар будлиулсан гэж буруутгаснаар хувьсгал эхэлж байсан. Хувьсгал ялсны дараагаар Саакшвили нь нутаг дэвсгэрийнхэ бүрэн бүтэн байдлыг сэргээх эрс хатуу арга хэмжээ авч эхэлсний үр дүнд Өмнөд Осет, Абхазитай иргэний дайн хийж улмаар түүнд ОХУ хөндлөнгөөс оролцсон. Үр дүнд нь Гүрж ялагдаж дээрх хоёр улс тусгаар тогтнолоо зарлаж түүнийг нь хэд хэдэн улс хүлээн зөвшөөрөөд байгаа.

 

2004 онд Украйнд болсон Улбар шар хувьсгал. Оросын талыг баримтлагч ерөнхийлөгч Кучма, түүнийг залгамжлагч Янукович нарыг дэмжигч нар сонгуулийн үр дүнг илэрхий луйвардлаа гэж мэдэгдэн дотоодоос залуучууд голлосон олон нийтийн хөдөлгөөн, гадаадаас АНУ, Барууны илт дэмжлэгтэйгээр дахин сонгууль явуулснаар Ющенко ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Харамсалтай нь дөрвөн жилийн дараа ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдахад Ющенко нь сонгогчдын ердөө 5% санал аван ялагдаж байсан билээ.

 

2005 онд Киргизид болсон Алтан зул цэцгийн хувьсгал. Оросын талыг илэрхий баримтлагч Акаевийг улс орны баялагийг гэр бүлээрээ идсэн, сонгуулийн үр дүнг луйвардсан гэж сөрөг хүчнийхэн буруутган хүн амын дэмжлэгтэйгээр үймээн, жагсаал хийснээр Акаев Орос руу  зугатаж Курманбек Бакиев ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь 2010 онд Бакиевийг улс орны баялгийг гэр бүлээрээ идэж завшсан гэж сөрөг хүчнийхэн буруутган ээлжит хувьсгал хийснээр Бакиев Белорус руу зугатаж, Киргиз шинэ ерөнхийлөгчөтэй болсон.

 

2006 онд Беларусид сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бас нэгэн өнгөт хувьсгал хийх гэж оролдсон болов ч сөрөг хүчнийхний дотор эв нэгдэл байгаагүйн улмаас ерөнхийлөгч Лукащенко “нам” дарсан.

 

2008 онд Арменд сөрөг хүчнийхэн бас нэгэн өнгөт хувьсгал хийх гэж оролдоод чадаагүй байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн хэдэн мянган жагсагчид нэлээд хэд хоног жагссан болов ч эцэстээ цагдаа, дотоодын цэргийн хүчнийхэн хөөн тарааснаар хувьсгал дуусчээ.

 

2009 онд Молдавт болсон өнгөт хувьсгал. Парламентийн сонгуулийн дараагаар сөрөг хүчнийхэн түүний үр дүнг эсэргүүцэн жагсаж, залуучуудыг гудамжинд гарахыг уриалсан уриаг утасны мессеж,  Twitter-ээр өргөн тарааж ашигласан байдаг. Үр дүнд нь дахин сонгууль явагдаснаар эрх барьж байсан коммунистууд парламентийн олонх байхаа больж ерөнхийлөгч нь огцорсон билээ. Энэ хувьсгалыг хийхэд Румыны тал сөрөг хүчнийхнийг дэмжин оролцож, Молдовыг өөрийн улсад нэгтгэх гэсэн оролдлого хийлээ гэж буруутгагдаж байсан.

 

2010-2011 онуудад Twitter, Facebook зэрэг олон нийтийн харилцааны сайтуудыг ашиглан тараасан зарын урианы дагуу ард олон ардчилал, шударга ёсыг шаардаг Тунис, Египет, Йемен, Сири, Ливи, Алжир, Бахрейн зэрэг улсуудад гудамжинд гарч ээлжит өнгөт хувьсгалын давалгаан гарсан.

 

Эндээс Тунис, Египет хоёр өнгөт хувьсгал харьцангуй бага цусаар амжилттай ялалт байгуулж олон жилийн турш засгийн эрх барьж байсан дарангуйлагчид огцорсон.

 

Йемений ерөнхийлөгч удалгүй огцорно гэж амалсан.

 

Бахрейнд АНУ-ын Цэргийн бааз байдаг болохоор АНУ болон Европын улсууд сөрөг хүчнийг дэмжих ямар нэг алхам хийгээгүй бөгөөд эрх баригчид нь Саудын Арабаас цэргийн дэмжлэг авч сөрөг хүчнээ дараад байгаа. Үүнээс гадна жагсаж байгаа хүмүүс гол төлөв лалын шашны шиит урсгалыг баримтлагчид байгаа бөгөөд тэд ялсан тохиолдолд бүс нутаг дахь Ираны байр суурь илэрхий бэхжинэ. Учир нь Ираны хүн амын дийлэнх нь лалын шашны шиит урсгалыг дагагчид байдаг.

 

Алжирийн эрх баригчид сөрөг хүчний жагсаалыг хэрцгийгээр тараасан.

 

Сирийн засгийн газар огцорсон бөгөөд ерөнхийлөгч нь эрс шинэчлэл хийхээ сөрөг хүчинд амалснаар байдал намжаад байгаа.

 

Харин Ливид өнгөт хувьсгал нь иргэний дайн болж хувирсан бөгөөд НАТО агаараас бөмбөгдөж, америкчууд хуурай замын цэргээ оруулсан мэдээ байгаа болохоор бүс нутагт бас нэгэн Ирак гарч ирэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон.

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top