Бөхчүүд дундаа жижигт тооцогдох шавилхан биетэй ч, барилдах ур ухаан, од хиймориороо
тэднээсээ тасарч, хэн дуртай аавын хүүгийн хүсэж мөрөөдөөд хүрдэггүй аварга хэмээх хүндтэйгээс хүндтэй цолноо эзэн бат суусан С.Мөнхбатын хувьд 2011 он ёстой л “алтан жил” байлаа.
Түүхт дөрвөн ой давхацсан баяр наадамд 1024 бөхийн манлай болсон амжилт нь түүний амьдралд шинэ түүхийг эхлүүлсэн. Тэрбээр Монголын ард түмний хүндэтгэл хайрыг хүртсэн нэгэн болж чадсаныг “Өнөөдөр” сонины есөн алдартанд шалгарсан нь нотоллоо. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Залуу аваргын ялалт, амжилтын цадиг улам зузаарах болтугай.
-Залуу аваргад баяр хүргэе! Та Монголын хамгийн алдартай есөн эрхмийн нэгээр шалгарлаа.
-Надад ийм гүн хүндэтгэл, итгэл өгч буй монгол түмэндээ сүслэн залбиръя. Танай сониноор дамжуулан та бүхэндээ хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс 2012 оны баярын мэндийг дэвшүүлье. Шинэ он бүгдэд сайн сайхныг авчрах болтугай.
-Хүндэтгэлийн ёслолд та яагаад ирж амжсангүй вэ?
-Харин тийм ээ! Яг үнэнээ өчихөд ийм утга төгөлдөр, хүндтэй арга хэмжээ болдгийг нь мэдээгүй юм. Хэдийгээр бэлтгэлд гарсан байсан ч, яаж ийгээд зав гаргаад очих байж гэж их харамссан. Гэхдээ 2012 оны алдартнаар заавал шалгараад ёслолд оролцоно гэж өөртөө үүрэг өгсөн дөө. (инээв)
-Ам тань алт болтугай, хэлсэндээ заавал хүрээрэй.
-Хичээнэ ээ! Энэ хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаа Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн барилдааны бэлтгэлтэй давхацчихлаа л даа.
-Нээрээ тийм шүү.
-Үндэсний эрх чөлөөний хувьсгал гараагүй байсан бол монгол бөх төдийгүй үндэстэн маань байхгүй ч байсан юм билүү. Манж-Хятадын дарлалыг халж, тусгаар тогтнолоо тунхагласан гэдгээрээ энэ хувьсгал агуу. Тиймээс зориулсан ойд сайн барилдах учиртай болохоор бусад арга хэмжээнээс татгалзан бэлтгэлээ хичээсэн. Монголын өв соёл, зан заншил, уламжлалын илэрхийлэл болох үндэсний бөхөөр барилдаж эхэлсний ач гавьяа ирж байна. Ард түмэндээ үнэлэгдэж “Есөн алдартанд” нэрлэгдлээ. Үүн шиг баяр хаа байх вэ?
-Хичээсний үр хангалттай гарч. Та тэр ойн барилдаанд түрүүлснээр аваргын зангарагийг харуулсан л даа.
Сайхан барилдсаан. Санасандаа ч хүрлээ.
-Аварга цол дагаад амьдралд тань өөрчлөлт гарсан нь мэдээж. Харин С.Мөнхбат гэдэг хүн хувь хүнээрээ байж чадаж байна уу?
-Энэ тухай өөрийн эрхгүй эргэцүүлж боддог. Мэдээж “Улсын аварга” гэдэг том цолыг дагаад амьдралд болон хувь хүний биеэ авч явах тал дээр их өөрчлөлт гарлаа. Урьдын сум, аймаг, цэргийн цолтой Мөнхбат, улсын начин, хар цага цолтой Мөнхбат, одоогийн аварга Мөнхбатаасаа харьцангуй чөлөөтэй байж. Аварга болсноороо дан ганц Мөнхбат гэдэг хувь хүний биш монгол бөхийн нэр хүндийг авч явахын тулд, бас түмнийхээ итгэлийг дааж явахын тулд үг ярианаасаа эхлээд биеэ цэгнэх болдог юм байна. Монголын 40 мянга гаруй бөхийн магнайд гарч ирсэн болохоор өөрөөр минь дамжуулж бөхийг ойлгох болно гэдгийг ухаарч байна. Өөрөөр хэлбэл, маш том хариуцлага надад иржээ.
-Монголчууд бөхөө сайн мэдэх болохоор хэрхэн бөх болов, яаж барилдав гэх мэтийн талаар асууж ярилцах нь дэмий байх.
-Тантай санал нэг байна. Наадмаас хойш дандаа л нэг хэвэнд цутгасан мэт ярилцлага өглөө. Асуулт нь ижил болохоор аргагүй юм аа.
-Тийм үү. Надад хандсан сануулга гэж ойлголоо. Ингэхэд та сонин хэвлэл, номтой хэр нөхөрлөдөг вэ?
-Ном уншина шүү. Харин сонин, сэтгүүл гэхээсээ интернэттэй арай илүү шадарлах юм даа.
-Сонин, сэтгүүл дэмий байна уу?
-(Инээв) Би тэгж хэлээгүй биз дээ. Энэ олон сониныг яг үнэндээ унших зав гарахгүй байна.
-Би ч гэсэн тэр болгоныг уншдаггүй. Сонгож уншдаг хэдхэн сонин бий.
-Харин тийм ээ! Өдөр тутмын хэдэн сониныг бол заавал гүйлгээд харчихыг хичээдэг.
-Тэгвэл залуу аварга улс орныхоо өнөөгийн амьдралын өнгө төрхийн талаар хэрхэн бясалгаж, болгоож явдгаа хуваалцаач?
-Би өөдрөг үзэл бодолтой хүн. Монголчууд бидний амьдрал тааруухан байгаа ч, бага багаар урагшилж л байна. Улс орныг удирдан залуурдаж байгаа дарга нар ухаантай бөгөөд зөв бодлого явуулбал дэлхийд атаархуулам сайхан амьдралыг цогцлоох боломж асар их байгаа гэж боддог. Энэ жил сонгууль болно. Жинхэнэ улс орны төлөө өөрийгөө зориулж чадах хүнээ олж сонгоосой гэж хүсдэг. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн улсаа удирдаасай. Сайн сайхан зүйлийг бүтээж, зүрх сэтгэлээсээ эх орныхоо төлөө зүтгэж яваа хүн олон бий. Эсрэгээр саар нь ч байна. Гэхдээ Монгол гэдэг нэрээр омогшиж явдаг хүний хувьд биднийг маш гэрэлтэй ирээдүй тосож байгаа гэдэгт эргэлзэхгүй итгэдэг.
-Бөхчүүд ер нь нэлээдгүй улстөрждөг шиг санагддаг. Таны хувьд...?
-(Инээв) Миний хувьд улстөржилт гэдгээс тэс хөндий нэгэн. Бөхчүүдийн тухайд таны дүгнэлттэй санал нийлэхгүй юм байна. Б.БатЭрдэнэ аварга, Х.Баттулга сайд гээд улс төрд тун амжилттай яваа төрийн түшээд бий. Тэдний дуу хоолой ард түмэндээ хүрч чаддаг. Цаашдаа ч олон олон бөх чадалтай, боловсролтой болж улс төрд гарч ирнэ байх аа.
-Боловсрол гэснээс та ямар мэргэжилтэй билээ! Ер нь монгол хүний боловсролын талаар ямар бодолтой явдаг хүн бэ?
-Янз янзын нөхцөл байдлаас ялгарч харагддаг л даа. Манайд өнөөдөр олон сургууль төгссөн дипломтай атлаа сурсан юмгүй хүн олон байна. Диплом гол биш гэдгийг хаана хаанаа л ойлгодог болох хэрэгтэй байна. Хувь хүний хүмүүжлийг чухал гэж би боддог. Өөрийн тухайд Х.Баянмөнх аваргын сургуулийг дүүргэсэн. (багш, дасгалжуулагчаар) Цаашдаа ч суралцана гэсэн бодолтой яваа. Одоо нас залуу болохоор сайхан барилдана. Энэ бүхний дараа сурч боловсрох цаг гайгүй дээ, олдоно.
-Та хэр бухимддаг вэ?
-Юун дээр.
-Яахав дээ! Эргэн тойрны амьдралаас хэр нервтэж байгааг тань л асууж байна?
-Бухимдал гэвэл замын түгжрэл байна. Хотын гудамжинд зогсоол алга боллоо. Бас газар олголт, лицензийн наймаа гээд бухимдуулах юм олон шүү дээ.
-За, бухимдлаа орхиё! Ингэхэд таны наадмаас хойшхи барилдааныг харахад өөртөө итгэх итгэл тань улам нэмэгдсэн. Басхүү “аа” сууж байгаа юм уу гэсэн бодол, мэдрэмж төрсөн шүү.
-Та тэгж бодож байна уу(инээв). Өөртөө итгэхгүй юм бол тэгээд хэрхэн барилдах билээ. “Аа” гэдгийн тухайд зөв байх ёстой юм.
-Тухайлбал ямар байх ёстой гэж?
-Барилдаж байгаа нэгнээ цохих, мөргөх, хэл амаар дарамтлах, нидрэх, унагасан хойноо сэгсэрч босгох энэ тэр гээд зүй бусаар “аа” омгоо илэрхийлэх ёсгүй юм. Манай зарим бөхөөс ийм юм хааяа гарч харагддаг.
-Та хэн нэгэнд ийм хандлага гаргаж байв уу?
-Хэзээ ч үгүй. Намайг хэрхэн яаж барилддагийг бөх сонирхогч олон мэднэ.
-Тэгвэл бага цолтой байхдаа хэн нэгнээс тийм “дарамтыг” мэдэрч байв уу?
-Дарамт гэх нь хаашаа юм. Үгээр сүрдүүлэх, мөргөх, цохих, барьцаа тавь гэж загнуулах энэ тэрийг бол бусдаас бишгүй сонсч, мэдэрч байсаан. Одоо бол тийм юмыг надад гаргаж чадахгүй л дээ. Аварга цолтой болсон учраас.
-Бөхийн барилдаан сүүлийн үед их маргаантай болох боллоо. Заримдаа ч хоорондоо зодолдох шахаж байна. Залуу аварга энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Маргаан их гарах болсон. Энэ үнэн. Барилдааны талаар олон дүрэмтэй боловч мөрд үүлж чадахгүй байна шүү дээ. Техник өндөр хөгжсөн энэ үед тал талд нь камер зоогоод маргааныг шийдвэрлэж яагаад болдоггүй юм бол. Засуул, хөлийн цэц хүн л юм чинь алдаа гаргаж таарна. Барьц сонгуулдаг болсноос хойш мэхийн уран гоё, хувилбар цөөрч, зарим нь мартагдлаа.
-Та өөрөө хэр маргаанч бөх вэ?
-Би маргаж байгаагүй ээ. Бие жижиг болохоор хурдан шуурхай мэхээ хийгээд давбал даваад, унавал унаад барилдахыг хичээдэг.
-Ардчиллын ойд зориулсан барилдаанд үзэгчид танд нэлээдгүй бухимдаж байсан шиг санагдана.
-Тийм ээ! Хөлийн цэц, засуулын буруугаас болсон юм. Б.Соронзонболд заантай барьц сон гож барилдахад намайг барьцаа гүйцэд аваагүй байхад засуул, хөлийн цэцээс барилдааныг эхлүүлчихсэн юм. Би дүрмийн дагуу эхлүүлээч гэхэд зарим бөх сонирхогч бухимдаж усны сав шидэж байсан. Урьд нь том цолтой бөхийг хаячихаад үзэгч дийн зүгээс нижигнэсэн алга ташилт, уу хайн дуугаар “балиашиглуулдаг” байсан бол одоо харин өөрийн эсрэг болсныг харсан. Энэ бол бага цолтой бөхийг сайн барилдаасай гэж дэмжиж, урам хайрладагтай холбоотой.
-Ойлгож байна аа! Та өнөөдөр аварга бөх болоод тэр шүү дээ. Аварга гэснээс А.Сүхбат аварга таныг шүүмжилсэн байсан. Мэхний хувилбар муу байна гээд...
-Тийм ээ. Тэр ярилцлагыг уншсан. Мэхний олон талт хувилбарт суралцаж байна. Уран барилдаант аваргын шүүмж лэлийг хүлээж авсан.
-Та хоёр хамт бэлтгэл хийж байгаа гэсэн үү?
-Үгүй ээ. Би ганцхан удаа тэдний бэлтгэл дээр очиж үзсэн.
-Өмнөх үеийнхээ аваргуудын хэнийх нь барилдаанд дуртай вэ?
-Тэд бүгдээр өөр өөрийн гэсэн онцлог барилдаантай. Ми ний хувьд А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ авар гуудтай огт ба рилдаж үзээ гүй. Айм гийн цолтой байхдаа Сумъяа, Өсөхөө аваргуудын аманд гараад унаж байсан. А.Сүхбат бол бүх бололцоогоо 100 хувь бүрэн дайчилж, ухаанаар барилддаг бөх. Д.Сумъяабазар аварга бие бялдарын хөгжил гойд, уран хурц барилдаантай. Г.Өсөхбаяр аваргын тухайд гайхамшигтай удмаас гадна ховорхон заяах бие хаатай бөх.
-Нутгийнхаа их аварга Х.Баянмөнхөөс зөвлөгөө хэр авдаг вэ?
-Х.Баянмөнх аваргын сургуулийн төгсөгч шүү дээ би. Гэхдээ яг өөрөөр нь мэх заалгуулж явсангүй. Тийм ойрхон байгаагүй юм. Нутгийн их аварга гэж хүндэлж явдаг. Харин өнгөрсөн зун наад мын өмнөхөн Д.Бумбаяр зааныг дагаад гэрт нь анх удаа очлоо. Аваргаас “За би яаж ба рилдвал дээр вэ. Яавал сайн бэ” гэж асуух зорилготой очсон хэрэг. Тэгээд асуулаа. Гэтэл аварга “Би чамайг хэр сайн бөх болохыг мэдэхгүй. Барилдааны онцлогийг чинь гэхдээ харсан” гээд үнэтэй зөвлөгөө өгсөн. Үнэхээр хэрэг болсон л доо. Наадамд түрүүлснийхээ дараа Х.Баянмөнх аваргын ухаанд биширч, баярласан. Ж.Мөнхбат аварга “Аварга аваргаараа л төрдөг” гэж хэлсний учрыг тэр үед л ухаарсан даа.
-Х.Баянмөнх аварга юу гэж зөвлөсөн бол?
- “Чи их яаруу харагддаг. Наадамд ингэж бүү барилд. Барьцаа бүрэн авч, за боллоо доо гэсэн үед мэхээ даацтай хий. Чи хэнд унах юм. Ямар ч нөөц бололцоо чамд бий. Цол авах тусам нягт барилд” гэж зөвлөснийх нь дагуу барилдсан.
-Монгол бөхийн амьд домог “Амидаа” их аваргатайгаа уулзаж ярилцсан уу?
-Би танд сонин юм ярих уу? Намайг анх төрөхөд аав минь бөх болохыг бэлгэшээж Х.Баянмөнх Ж.Мөнхбат аваргуудын нэрнээс сонгоход Ж.Мөнхбат гэж гарсан юм билээ. Өнөөдөр аавынхаа тэр бэлгэшээлийн дагуу аварга болсондоо баярладаг. Миний цолны найран дээр Ж.Мөнхбат аварга “Баянаа, Бат-Эрдэнэ хоёрт хандаад хэлчихье. Та хоёр арван түрүү авцгаасан гээд байдаг билүү. Тэгвэл би 20-н жилийн дараа Төрийн их наадамд дахин түрүүллээ. Миний нэрийг аварга болно гэж авсан хүүхэд түрүүллээ. Та хоёрын нэртэй хүүхэд бараг түрүүлэхгүй байхаа. Мөнхбат гэдэг хүн цаашдаа ч олон түрүүлнэ” гэж хэлэхэд их гоё санагдаж байсан.
-Энэ их итгэл, хүндлэлийг дааж явна гэдэг хэцүү санагддаг уу?
-Үгүй ээ. Аварга цолыг авч чадсан юм чинь даах заяа байгаа гэж боддог.
-Гоё хариулт байна. Наадмын дараа Г.Эрхэмбаяр нь түрүүлсэн бол арай илүү байх байж гэх яриа сонсогдож байсан нь нууц биш. Та өөрөө ч сонссон байх. Эмзэглэж байв уу?
-Тийм ээ. Сонссон. Тэр ч байтугай манай Увсын галынхан ч Б.Ганбат арсланг түрүүлнэ, түрүүлэх ёстой гэж байсан. Би дотроо “Үгүй ээ, би л дээшээ явна. Улсад хоёр ч удаа шөвгөрлөө. Унахдаа дутуудаж унаж байсангүй” гэж бодож байлаа. Улсын харцага цолны найранд уригдсан хүмүүс надад дандаа зааны баримал бэлэглэж “Улсын заан цолд хүрээрэй” гэж ерөөгөөд байсан юм. Тэр үед “Би тэгээд заанаас том цол авахгүй юм гэж үү. Бие жижиг байж болно. Гэхдээ арслан, аварга заавал болно” гэж бодож байсан.
-Өөрөө нэлээд шартай бололтой...
-Шартай, шартай. Гэхдээ цагаан хор шар л даа. Найз нартайгаа хамт явж байхад хүмүүс тэдэнд маань “Улсын том цол аваарай” гэх мөртөө надад болохоор “Мөнхбат аа, чи ч улсын цол авчихдаг азтай шүү” гэх мэтээр харьцдаг нь их шар хөдөлгөдөг байсан.
-Наадмын өмнөх бэлтгэл дээр “Би түрүүлнэ” гэж ам гарсан гэсэн. Үнэн үү?
-“Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг үнэн шүү. Үнэхээр ч бэлтгэл дээр Б.Ганбат арсланг хүн болгон “түрүүлээрэй” гээд байхаар нь “Энэ жил заавал Увсаас түрүү бөх тодрох учиртай юм бол, би түрүүлнэ. Увсаас дандаа хар бөх түрүүлдэг” гэж тоглоод хэлж байсан.
-Ха, ха. Нээрээ л хар царайтай нь түрүүлсэн байдаг билүү. Гэхдээ та цагаан харагдаж байна?
-(инээв) Одоо цайчихаад байгаа нь энэ. Бэлтгэлд гарахаар пад хар болчихдог юм. Ц.Нямдорж сайд наадмын дараа гэрт ирээд “Би энэ золигийг ийм том цолд хүрчихнэ гэж бодож явсангүй” гэж байсан.
-Өөрийн тань барилдаан илт чамбайрах болжээ?
-Сайхан барилдана аа. Цол дагаж сэтгэл зүй хүртэл өөр болдог юм байна. Сумын заан цол дагаж 5 кг, аймгийн арсланг 10 кг дагаж нэмдэг юм гээд миний нэг найзын хошигнож байсан үнэний ортой шүү. Үнэхээр ч дороос биш дээрээс харж барилдах гэдэг өөр. Гэхдээ аварга цол авахаар сэтгэл зүйн том хязгаар заагийг өөртөө тавьчихдаг юм билээ. Энэ заагаас л хурдан гарах ёстой юм. “За нэгийн даваанд уначихвал яана” гэсэн бодол төрнө. Яагаад гэвэл одоо бөхчүүдийн барилдаан маш өрсөлдөөнтэй болсон. Одоо Бөхийн өргөөнд 128 бөхийн барилдаан болоход тэр 128 бөх бүгдээрээ л шилдэг бөхчүүд байна шүү дээ.
-Та тэгээд тэр заагийг давж чадав уу?
-Чадсаан.
-За хоёулаа ярилцлагаа өндөрлөе. Та надад дараа жилийн есөн алдартанд заавал шалгарна гэж амлалаа. Жилийн дараа энэ ярилцлагынхаа үргэлжлэлийг эр хүмүүс хэлсэн амандаа хэрхэн хүрдгийн жишээг нотлож хийнэ гэж тохирлоо шүү.
-Тэгнэ ээ. Танд баярлалаа. Танай “Өнөөдөр” сонины хамт олонд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )