Саяхан Эрээн хотод болсон хүнсний үзэсгэлэн дээр монголчуудын аваачсан бууз тунчиг эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байжээ. Бууз үйлдвэрлэгчид үүнээс санаа авч урд хөршид бууз экспортлох боломжийн талаар ярилцах болжээ. Энэ талаар “Хаан хүнс” компанийн ерөнхий менежер Ц.Мөнхсайханаас тодрууллаа.
-Танай бууз урд хөршид нэлээд эрэлттэй бүтээгдэхүүн байсан гэнэ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортолдог болж байгаа юм уу?
-Өнгөрсөн намар Хятадын Эрээн хотод болсон үзэсгэлэн худалдаанд манайх оролцсон юм. Тэр үеэр бид 4.2 тн бууз, банш Хятадад гаргаж худалдан борлуулсан. Амталгаат худалдаа явуулахад үнэхээр оочир дугаар үүсээд маш хурдан зарагдсан. Хятадуудын өөрсдийнх нь хийдэг буузны 20-25 хувьд нь мах ордог бол манай бууз 100 хувь мах орсон гэдгээрээ сонирхлыг нь татаж эрэлт ихтэй байсан байх. Дээр нь монгол малын мах амт, чанар нь илүү байна гэцгээж байсан. Үүний дараа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Хөх хотод болсон "Улаанбаатар түншлэл 2011" гэсэн уулзалт форумд оролцсон. Энэ үеэр Хятадын хорио цээрийн мэргэжлийн хүмүүс, эрүүл ахуйн байцаагч нартай уулзалт хийж Монголоос мах, махан бүтээгдэхүүн тус улс руу гаргавал ямар шаардлага хангасан байх ёстойг асууж судалсан. Тэр үеэр буюу 2011 оны арваннэгдүгээр сарын 30-нд хоёр улсын Хүнс хөдөө аж ахуйн яамны дэд сайдууд гарын үсэг зурснаар "бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүнийг Хятад улсад экспортолж болно" гэсэн шийдвэр гарсан. Энэ утгаараа бууз, банш буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох боломжгүй.
-Бууз үйлдвэрлэгчдийн зүгээс хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт тавьсан гэл үү?
-Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ хийсний дараа л бид буузаа экспортлох боломжтой болно. Хоёр улсын Засгийн газрын хэмжээнд зөвшөөрөгдөөгүй бол ямар ч төрлийн бараа, бүтээгдэхүүнийг заавал Хятад улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх ёстой шаардлага тавьдаг юм билээ. Тиймээс бид Эрээнд ч юм уу, эсвэл Замын-Үүд боомтын чөлөөт бүсийн асуудал шийдэгдвэл тэр бүсэд үйлдвэрлэл явуулаад цаашаа нэвтрүүлэх боломжтой. Хятад улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл явуулна гэдэг чинь Хятадаасаа л мах, гурилаа авч таарна. Тэгэхээр монгол брэнд гэсэн утгаа алдаад эхэлж байгаа. Энэ нь биднийг гацаанд оруулчихаад байна. Тиймээс МҮХАҮТ-тай хамтраад Бууз үйлдвэрлэгчдийн уулзалтыг саяхан зохион байгуулж санал бодлоо солилцсон. Энэ уулзалтаараа бид ХХААХҮЯ-нд "Монгол бууз экспорт" гэсэн хөтөлбөрийг боловсруулж өргөн барья. Цаашдаа Засгийн газарт санал оруулъя гэж тохиролцсон. Бидний санал, хүсэлт гомдлыг МҮХАҮТ-ын экспортыг дэмжих хорооны хэлтсээс хөтөлбөр болгоод боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрөө 2012 ондоо багтаагаад Засгийн газарт өргөн барьчих байх гэж найдаж байна.
-Үзэсгэлэн худалдааны үеэр буузаа ямар үнээр худалдаалав. Ашигтай гэж харсан учраас бууз үйлдвэрлэгч нар энэ тал дээр нэгдэж байгаа байх?
-Боломжийн зах зээл хүлээж байгаа. Тэр үед Эрээн, Хөх хотод кг хонины мах 48 юань буюу 9600 төгрөг байсан. Харин манайх 900 гр-аар савласан буузаа 25 юань буюу 5000 төгрөгөөр худалдсан. Ханшийн энэ зөрүүтэй байдал нь магадгүй худалдан авагч нарыг хошууруулсан байх.
-Экспортолдог боллоо гэхэд танай үйлдвэрийн хүчин чадал хэр вэ?
-Экспортлоод явах боломжтой. Мэдээж тэр том зах зээлийг нийтэд нь хангана гэвэл боломжгүй. Хөх хот, Эрээний хэсгийг бол хангах боломжтой. Манай үйлдвэр Монгол Улсдаа хамгийн том үйлдвэр. Бид дотоодын зах зээлийн 60-65 хувийг дангаараа хариуцаж борлуулалт хийдэг.
Сэтгэгдэл ( 0 )