Д.Сумъяабазар: Миний үндэсний бөхөд гаргасан бүх амжилт чөлөөт бөхтэй салшгүй холбоотой. Тиймээс шар дэвжээндээ дэндүү хайртай

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 06

ХХ зууны сүүлчээр Монгол бөхийн дэвжээнд зургаан зааны үе хэмээн гарч ирж, бөхөд хайртай түмнээ баярлуулан цэнгүүлж байсан билээ. Яг энэ хэдэн бөхөөс өөрийн өнгө аясаар бусдаасаа ялгарч, нэгэн үе өнгөнд нь гарч ирж байсан хүчит аваргатай “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Д.Нанжид ах маань маш сайхан ярилцлага хийжээ. Аварга бөхийн зам руу орсон хийгээд, чөлөөт бөхөөр хэрхэн хүч үзэж байсан, үндэсний бөхийн ногоон талбайд шийдвэрлэх даваануудад хэрхэн барилдаж байснаа тун тодорхой сайн өгүүлжээ.  Энэхүү ярилцлагыг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэж байгаа болно.

Cap шинийн баярын өмнөх дугаарын “Хөх Монгол алтан одод” булангийнхаа хойморт монголчууд бидний хайртай тамирчин, үндэсний бөхийн Монгол Улсын аварга, чөлөөт бөхийн ОУХМ, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга, МЧБХ-ны тэргүүн ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Сумъяабазарыг урилаа. Аварга маань  хэдийгээр барилдахаа больсон ч өөрийн залуу нас, итгэл  сэтгэлээ зориулсан чөлөөт бөхийн хөгжлийн төлөө бие сэтгэлээ чилээж буй. Их ажлынхаа хажуугаар бидний урилгыг хүлээн авсанд нь талархсанаа дахин илэрхийлье. Аварга ‘Танай сонинд анх удаа ярилцлага өгч байна. Спортын сэдвээр, тэр тусмаа Монголын нүүр царай болж, эх орноо дэлхийд таниулсан авьяаслаг хөвгүүдийн ярилцлагыг танай сониноос олж уншдаг. Үүнд талархалтай байдаг” гэснээр бидний ярилцлага эхэлсэн юм.

СОЦИАЛИСТ НИЙГМИЙН СҮҮЛЧИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

-Монголын спорт нэг үеэ бодоход сэргээд ирлээ. Төр засгаас харж үздэг болж, Холбоод ч сайн ажиллаж байна. Харин таны залуу нас өнгөрсөн зууны сүүлч, энэ зууны эхэнд зах зээлийн хүнд үед өнгөрсөн. Одоо цагт төрсөн бол гэж хааяа ч гэсэн бодогддог уу?
-Монголын спортын сэргэлтийн үе ирсэн. Төр засгийн зүгээс анхаарал тавьж, маш ихдэмжлэг  үзүүлж, Холбоод ч сайн ажиллаж байна. Цаг сайхан болж дээ. Миний үеийнхэн нэг нийгмээс нөгөөд шилжсэн үеийн хүүхдүүд юм даа. Социалист нийгмийн сүүлчийн бүтээгдэхүүн бид ардчилсан нийгмийг анхлан амссан. Хуучин нийгмийн үед спорт төр засгийн 100 хувийн дэмжлэг дор явдаг байсан. Харин зах зээлийн үед бие даах үйл ажиллагаа явуулах болсноор бэлтгэл сургуулилалт тогтмол хийх нөхцөл бололцоо, үүнд тогтмол шаардагдах эм тариа, витамин, хувцас, гадагшаа тэмцээнд явах зардал мөнгөний асуудал зэрэг хүндрэл ар араасаа гарч ирсэн. Тухайн үед Монгол Улсын маань эдийн, засгийн нөхдөл ямар хүнд байлаа. УИХ дээр бараг Улаанбаатар хотыг яаж хөлдөөхгүй авч гарах тухай яригддаг байсан. Бид ийм  үед бөхийн спортод бүхнээ зориулж, өөрсдийн хүсэл тэмүүллээр амьдарч явлаа. Төрийн албан хаагчид ганзагын найманд явж хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгуулж байсан үе. Ийм зүйл спортод ч тохиолдож  дасгалжуулагчид, тамирчидгүй явсан. Яваагүй нь Б.Гантогтох, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг, И.Доржсамбуу, М.Жамъянпүрэв бид хэд мэтийн залуус байлаа. Төр засаг одоогийнх шиг мөнгөтэй болоод, спортыг ойлгодог, дэмждэг үе байсан бол илүү амжилт гаргах байсан нь гарцаагүй.
-Ц.Сүхбат гарьдын ярилцлагыг уншиж байсан. Сумъяабазарыг 1996 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд  өөрийн зардлаар очиж барилдаад  мөнгөн медаль хүртэхэд их баярласан"  гэж ярьсан байсан.
-1995 онд С.Батболд захирал (Монгол Улсын Ерөнхий сайд) -ын тушаал гарч, би “Алтай трейдинг” компанийн тамирчин болсон. Тэр хүнд үед С.Батболд захирал МЧБХ гэдэг том айлыг толгойлж, энэ спортыг хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээрээ оролцож байлаа. 1996 онд БНХАУ-ын Сяошаньд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох миний зардлыг “Алтай трейдинг” компаниас гаргаж байсан юм.

-Тэр тэмцээнээс та Атлантын олимпод оролцох эрхээ авсан уу?
-Тийм ээ. Эхний дөрвөн байрт орж эрх авах байсан. 1996 оны Атлантын олимпиос эхлэн чөлөөт бөхийн тамирчид эрх авч оролцдог болсон юм. Орчин үеийн олимпийн наадам анх 1896 онд Грекийн Афин хотод болсны 100 жилийн ой тохиосон болохоор түүхэнд “Алтан” хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Үүнд оролцох хүсэл тамирчин бүрт л байсан байх.  Б.Гантогтох маань медаль хүртэнэ гэж яригдаж байлаа. Би Сяошанийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны алдарт бөх Аббас Жадидид ялагдан мөнгөн медаль хүртсэн. Ираны бөхчүүд их онцлогтой. Нойтондуу барилдаантай, хурдтай, тэсрэлттэй, техник сайтай.  Жадидитай анх удаа барилдахдаа өөрийнхөө юу чаддагийг үзүүлэхийг зорьсон. Намайг бодоход олон тэмцээнд оролцсон, алдаа оноогоо дугнэчихсэн, туршлагатай байсан болохоор буурь заагаад ялсан байх.

АТЛАНТЫН ДЭВЖЭЭ НАДАД ИХИЙГ ОЙЛГУУЛСАН

-“Алтан” олимпийн тухай ярилцья. Та Монголын багийн тугчаар ажиллах болсноо хэзээ мэдсэн бэ?
-Наадмын өмнөхөн МҮОХ-ны ерөнхийлөгч С.Жамц дарга хэлсэн. Дотроо баярлаж л байлаа. Баярлахын хажуугаар эмээж байсан. Монголын далбаа яаж намирахаас тамирчдын хийморь сүлд шалтгаална гэсэн сүсэг байсан юм. Улсынхаа тугийг бариад тамирчдаа манлайлаад алхана гэдэг сайхаан.

 

-Та туг барихдаа Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргуудын адил үндэсний бөхийн өмсгөлтэйгөө байсан. Монгол бөхийн зодог, шуудгийг гадныхан ихэд сонирхсон байх?
-Тийм шүү. Аль ч газрын үндэсний хувцас өөрөө их сонирхолтой.

-Та олимпийн наадмын эхний даваанд аваргалах ерөөлтэй Курт Энглтэй таарсан. Тэр өмнөх жилийнх нь ДАШТ-д түрүүлээд байснаас гадна нутгийн дэвжээн дээрээ барилдсан. Хүнд сугалаа татаагүй бол амжилт арай өөр байх байсан болов уу?
-Хэлж мэдэхгүй юм. Би 1996 онд Азийн аваргаас гадна Иван Ярыгиний тэмцээнд медалийн  төлөө барилдаж, Ясар Догугийн тэмцээнээс хүрэл медаль хүртээд байсан. Гадныхантай гар зөрүүлээд үзчихсэн, ерөнхий багцаа байлаа. Тэр жилээс л 100 кг-ын жинд барилдаж эхэлсэн юм шүү дээ. Эхний даваанд өмнөх жилийнх нь дэлхийн аварга, ид жигдэрч явсан Энглтэй нутгийнх нь дэвжээнд таарсан нь чанга оноолт ч нэг талаараа сайхан хэрэг юм. Олон жил барилдахдаа Энглтэй таарч үзээгүй бөх олон байгаа. Босоогоос тэнцүү үзээд хэвтээ барилдаанаас оноо алдаж ялагдсан. Монгол хүн “Зөөлөн боорцог” биш шүү гэдгийг харуулснаас гадна өөрийнхөө хэмжээг мэдэж авсан.

-Та их урам авчээ?
-Тийм шүү. Түүнтэй ойролцоо хэмжээнд барилдаад ялагдсан нь надад их урам өгсөн. Энглтэй ингэж барилдсан юм чинь бусадтай нь бол үзэх юм байна гэсэн бодолтой болсон байлаа. Атлантын дэвжээ надад ихийг ойлгуулсан.

-Та дагах барилдаанд Словакийн Милан Мажач, Гүржийн Заза Ткешелашвилиг ялж медальд чамгүй ойртсон. Харин Беларусийн Сергей Ковалевскийн хөлийг авч яваад цэвэр даруулсан байдаг?

-Би Н.Ганбаатар багшаасаа хөлийг ямар л бол ямар байдлаас авах эрдмийг сурсан. "Хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ” гэдэг шиг ямар ч үед хөл рүү явдаг болчихсон байсан (инээв). Хөл их авдгаасаа болж жаахан орооцолдсон барилдаан хийдэг байлаа. Беларусийн бөхтэй орооцолдож явж байхдаа мэдрэмжийн алдаа гаргаж, холбуулаад даруулчихсан. Барилдаан эхлээд удаагүй байсан.

-Аваргын төлөө Энгл, Жадиди хоёрыг барилдахыг хараад юу бодогдов. Та Энглтэй дахин хүч үзсэн үү?
-Надад ойрхон байна гэж мэдрэгдсэн. Түүнээс хойш Энглтэй таараагүй ээ. Тэр ч удалгүй мэргэжлийн бөх болж, том од болсон.

 

ЧӨЛӨӨТ БӨХӨӨР БИДНИЙ ҮЕИЙН ТОЛГОЙ НЬ Б.ГАНТОГТОХ БАЙСАН

-Тэр олимпод монголчуудын чөлөөт бөхийн гол найдвар нь Б.Гантогтох байсан уу?
-Тэр чөлөөт бөхөөр бидний үеийн толгой нь байсан. Барилдааны арга техник, тактик, ачаачал даах чадвараар илүү. 1994 онд Туркийн Стамбулд болсон ДАШТ-д ОХУ-ын Махарбек Хадарцевтай барилдаж тавдугаар байрт орсон. Би хувьдаа Ганааг 1995 оны Атлантын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн л гэж боддог. АНУ-ын Метвин Дугласыг ялсан ч оноог нь өгөөгүй юм. 1996 оны Сяошанийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны Расул Хадемтай хийсэн барилдааныг хүн болгон л харж байсан. Би тэр барилдааныг дэргэдээс нь харсан. Манай Ганаа шагайгаар уран авдаг. Тэгж хоёр авч 2:0-ээр ялж явсан. Расул өөрөө болих гээд байхад дэвжээнд авч гарсан ах Амир Хадем нь шахсаар байгаад барилдуулсан. Хадем хөл авдаг үндсэн мэхээ хийгээд Ганаагийн шагайг жаахан хөшчихсөн юм. Тэгэхэд Баянаа  аварга (Дархан аварга Х.Баянмөнх) барилдуулаагүй. Миний бодлоор барилдуулчих л байсан юм.

-Х.Баянмөнх аварга Хадемийн алдааг олж харж, түүнийг нь Б.Гантогтох яг хэрэгжүүлж оноо авсан гэдэг. Тэр барилдаан юм биш биз?
-Яг мөн.

-Б.Гантогтох чөлөөт бөхөд үеийнхнээсээ түрүүлж сайжирсан. Та түүнийг хөөгөөд л яваад байлаа. Та хоёрын ур чадвар яг хэзээ нэг хэмжээнд ирсэн бэ?
-Намайг 1987 онд дөнгөж секцэнд орж байхад Ганаа өсвөр үеийн улсын аварга болчихсон, Австрид өсвөрийн ДАШТ-д барилдахаар явж байсан. Бөхийн эрдмийг надаас хоёр гурван жилийн өмнө ойлгочихсон, барилдааны арга техникүүдээ эзэмшсэн байсан. Надаас хоёр насаар ч ах. Аливаа юм цаг хугацаанаас хамаарна. Бид Ганаагийн араас хөөж, хугацаа хожихын төлөө явж байсан. Пионерийн байгуудллагын нэрэмжит өсвөрийн том тэмцээн болдог байлаа. 1990 оны тэмцээнд Ганаа “А”, би “В” зооноос гарч ирж, аваргын төлөө барилдсан. Би ялж явсан ч 7:10-аар ялагдсан юм. Түүнтэй анх барилдсан нь энэ. Би нэг сонин юм ярих уу?

-Тэг л дээ?
-Тэр тэмцээний эхний тойрогт Өсөхөөтөй анх таарсан. Нөгөө булангаас их өндөр залуу гарч ирэхэд нь цочсон шүү. Хаанаас, хэн гээч, том лут хүүхэд гараад ирэв. Насаа дарчихсан юм биш биз гэж хүртэл бодогдож байлаа (инээв). Өсөхөө надад гурван торгуулиар ялагдсан юм. Тэр тэмцээнд эхлээд Өсөхөөтэй, сүүлд Ганаатай таарсан гэхээр сонин байгаа биз.

-Тэгээд Б.Гантогтох та хоёрын ур чадвар хэдэн онд тэнцэж ирэв?
-1997 онд ойролцоо байсан ч би яалт ч үгүй ялагдсан. 1998 онд л тэнцэж ирсэн. Барилдаад оноо авалцахгуй салж байлаа.

ЖИН ИХ ХАСАХААР ЕРӨӨСӨӨ БАРИЛДАЖ ЧАДДАГГҮЙ

 

-Та 1997 оны Пусаны Зүүн Азийн наадамд анх удаа жин өгсч (125 кг- ын жинд) барилдаад аваргалсан. Хоёр жил дараалан жин өгссөн нь ямар учиртай юм бэ?
-Тэр жилийн хавар УАШТ болж, 97 кг-ын жинд би Б.Гантогтоход ялагдсан юм. Ингээд Ганаа энэ жинд ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top