ХЗХ дампуурч цагдаагийн дарга, хурандаа нар хагартлаа баяжив

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 07


  Хадгаламж зээлийн хоршоодын хохирогч нар өчигдрөөс эхлэн МАН-ын намын байрны гадаа суулт хийж эхлээд байгаа. Тэд 2004 оны сонгуулийн сурталчилгаандаа иргэдийн мөнгийг авч хэрэглэсэн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан  болон “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг босгоход 500 саяыг авсан Б.Бат-Эрдэнэ нарыг  ч мөн энэ хэрэгт буруутгаж байгаа гэлээ. Тэгвэл манай сайт энэ удаад та бүхэнд хадгаламж зээлийн хоршооны мөхөлд буруутан эсэхийг хайхгүйгээр энэ үйл ажиллагааны цаана хэн хамгийн их хожив гэдгийг эрэлхийлэхийг зорилоо. Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 агуулах ХЗХ-нуудаас хураагдсан эд хөрөнгөөр дүүрсэн байгаа. Үүнийг үнэлгээгээр нь тооцвол 29.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө байгаа гэнэ. Гэвч хүн худалдаад авчих зүйл маш цөөхөн үлдсэнийг харж болно. 2006 онд ар араасаа хаалгаа барьж эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоод Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд дийлэнх нь байрлаж байжээ.

Тухай үед тус дүүргийн цагдаагийн дарга, хурандаа нар ХЗХ-ны хураагдсан эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дамжуулж өгөхдөө замаас нь сольж хольж наймаалцаж байсан гэнэ. Битүүмжилсэн байранд тэд 7 хоногийн дотор юу л бол юуг сольж, тэр ч бүү хэл автомашинуудыг хүртэл бүрэн тонож амжжээ. Энэ ажлыг биечлэн гүйцэтгэсэн цагдаа болон машины ченжүүдийг ч мөн гомдоогоогүй бөгөөд компьютер, принтер, ажлын ширээ сандлаас хэдэн арваар нь бэлэглэсэн байдаг байна. Өнөөдөр ШШГЕГ-ын хашаанд байгаа хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан автомашинуудыг дуудлагаар худалдана хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар явуулдаг ч яг авах гээд очихоор зах зээлийн үнээс хэтэрхий дээгүүр хирнээ хүн харахад машин, хүлэг болгоход матар болсон хэдэн төмрийн сэгнүүд байгаа юм билээ. Ихэвчлэн УАЗ-469, УАЗ пургон, Эксел гэх мэт хөдөөгийн голдуу машин байгааг шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн зарим ажилтнууд солигдсон машинууд хэмээн ам алдах нь бий. Нээрээ л бодоод байхад хадгаламж зээлийн хоршоод 2006 онд УАЗ маркийн дээр үеийн, он хэтэрсэн орос машинаар хотын замын хөдөлгөөнд оролцож, халтуурын Экселээр ажлаа амжуулдаггүй байсан нь ойлгомжтой.

Харин цагдаагийн нэр бүхий 6 хурандаа тухайн үед унаж явсан машинаа бүгд жип болгосон мэдээлэл байгаа  юм. Дэлхий дахинаа Пентиум-4 компьютер хэрэглээ болоод байсан 2004 оны үед ид ажиллаж байсан хоршоод 1990-ээд онд нүдний гэм байсан Пентиум-1 дээр ажлаа явуулж, 13 инчийн 1980-аад оны сүүл үеийн дэлгэц хэрэглэж байсан гэхэд бас л итгэхийн аргагүй. Өнөөдөр ШШГЕГ-т зарагдаж байгаа компьютерууд бүгдээрээ эртнийх хир нь үнийн хувьд 700 мянга гэсэн одоогийн зах зээлийн ханштай. Мангар л биш бол хэн ч түүнийг худалдаж авахгүй нь ойлгомжтой. Ийнхүү солигдсон бараанаас гадна 1.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө цагдаагийн дарга хурандаа, тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх албаны бага цолтой цагдаа нарын гараар дамжин ор сураггүй алга болсон тухай эх сурвалж мэдээлж байгаа юм. 2006 оноос эхлэн ар араасаа дампуурлаа зарласан ХЗХ-д өнөөдөр төрийн өндөрлөгт байгаа хэдэн хүнийг баяжуулж, хэд хэдэн хүмүүсийг хэрэг ялгүй үлдээсний дээр цагдаагийн нэр бүхий 6 хурандааг тэрбумтан болгож, хэд хэдэн машины ченжүүд, бага цолтой цагдаа нарыг саятан болгожээ. ХЗХ-ны хураагдсан бараанууд үүгээр дуусаагүй үл хөдлөх хөрөнгийн наймаагаар үргэжилсэн байдаг. Үүнийг харин ШШГЕГ-ын ажилтнууд зохицуулсан юм билээ. Өнөөдөр газрын үнэ тэнгэрт хадсан энэ цагт тухайн үед хураасан газрыг үнэгүйдүүлсэн явдал ч байна.

Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байсан барилгын зөвшөөрөлтэй газрыг дуудлагаар худалдахдаа олон нийтэд зарлалгүйгээр авахаар тохирсон Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийнхныг байлцуулан худалджээ. Тэд үнэ хаялцсан гэхэд итгэмээргүй ханшаар 180 кв.метр газрыг 1 метр квадратыг нь одоогийн ханшаар 280 ам.доллараар худалдаалжээ. Мөн Улаанбаатар Палас төвийн арын 1.5 га газрыг бас л Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид үгсэн хуйвалдаж 96 сая төгрөгөөр өгсөн байна. Харин өнөөдөр 1.5 га газар хотын захад гэхэд 800 гаруй саяар үнэлэгдэж байгаа юм. Төмөр замд байрлах 2 өрөө байрыг өнөөдрийн ханшаар дуудлагаар худалдсан хир нь 17.8 саяд өгсөн байх жишээтэй. Энэ мэтээр ХЗХ-ны хөрөнгийг үнэтэйг нь үнэгүйдүүлж, үнэ хүрэхгүйг нь тэнгэрт хадсан үнээр үнэлээд хуучнаар солиод тавьчихсан байдалд өнөөдрийг хүртэл хэн ч тайлбар хийдэггүй, ганц үг унагадаггүй. Өнөөдрийн байдлаар 10 объект, ашигт малтмалын олборлолтын 4 лиценз эзнээ хүлээж байгаа гэнэ. Бодвол авах тохироо наймаа хэдийнэ хийгдсэн л байх.
Г.Тэгшжаргал wikimon.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top