Г.Батбаяр: Эрдэнэт олон арслантай, Энэтхэг олон заантай гэж ярьдаг байсан

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10

Манай сайт орон нутагт өрнөж буй үйл явдал, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй уншигчиддаа хүргэхийг зорьдог. Та бүхнийхээ амралт, чөлөөт цагт зориулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хангарьд” спорт клубын арга зүйч багш, Монгол улсын харцага Гэлэгжамцын Батбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та оны эхэнд шинэ ажил хүлээж авсан. Эрдэнэт хотод ажиллаж амьдраад багагүй хугацаа өнгөрлөө.  Төрсөн сэтгэгдэлээсээ яриагаа эхлэх үү?

-Бөх хүнийхээ хувьд өсвөр үе, залуучууд болон үндэсний спортдоо хувь нэмрээ оруулах үүднээс “Хангарьд” клубт энэ оны нэгдүгээр сараас эхлэн ажиллаж байна. Үндэсний спортыг Орхон аймагт хөгжүүлэх, хүүхэд залуусыг үндэсний уламжлалт спортоор хичээллэх сонирхлыг дэмжих  бодолтой л ирсэн дээ. Энэ том клубт ирж ажиллаж байгаадаа баяртай  байна. Манай эхнэрийг Ууганжаргал гэдэг. Том хүү Улаанбаатар хотод сурч байгаа. Хоёр охин маань цэцэрлэг, сургуульдаа явцгааж байна.

- “Хангарьд” клубт үндэсний бөхөөр хэчнээн  хүүхэд,  залуус  хичээллэж байна вэ?

-Анх намайг ирэхэд 5-6 хүүхэд үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. Одоогийн байдлаар 20 гаруй хүүхэд тогтмол хичээллэдэг болж. Насанд хүрэгчид мөн адил арав дотор ирдэг байсан бол одоо  20 гаруй бөх байнга цуглаж үндэсний бөхийн бэлтгэлээ хийж байна. Намайг ирсэнээс хойш хүүхэд, насанд хүрэгчдийн цагаан сарын бөхийн барилдаан болсон. Одоо аймгийн аварга, “Хангарьд” клубын аварга шалгаруулах барилдаанууд болно. Хүүхэд , залуус маань харьцангуй сайжирч байгаа.

-Үндсэн мэргэжил юу вэ. Эрдэнэтийнхэн таныг Өсөхбаяр аваргатай   андуурах тохиолдол гардаг уу?

- Хүмүүс намайг ахтайгаа адилхан л гэдэг юм. Бөх мэддэг, таньдаг хүмүүс нэг их андуурахгүй. Зурагтаар үзсэн хүмүүс андуурах тохиолдол байдаг л даа. Ялангуяа хүүхдүүд бол андуурна шүү. Үндсэн мэргэжил уул уурхайн ашиглалтын инженер. Техникийн их сургуулийн Уул уурхайн сургуулийн захирал Д.Пүрэвтогтох гуай манай сургуулийн нэрийг гаргаж  барилдаач гэсэн санал тавьсанаар тус сургуульд суралцаж  уул уурхайн ашиглалтын иженер мэргэжлээр 2005 онд төгссөн.

-Таны бөх болохын үндэс нь мэдээж төрж өссөн нутаг ус, аав ээжтэй чинь холбоотой байх. Түүгээрч үл барам таны өвөг эцэг “буур” хэмээх Жамъян аваргын тухай монголчууд сайн мэднэ. Бага насныхаа хөгжилтэй дурсамжаас ярихгүй юу?

-Би Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Аав минь эдийн засагч мэргэжилтэй. Социализмийн үед ажил нь унасан сум, нэгдлийн даргаар албан томилолтоор явж ажилладаг  байсан. Тийм болохоор би аравдугаар анги төгсөхдөө арван удаа шилжсэн байдаг. Олон аймаг, сумаар явсных олон сайхан найз нөхөдтэй болж өссөн дөө. Тавдугаар ангид байхад  Архангай аймагт спорт хорооны дарга Гантөгс багшийн үүсгэн байгуулсан биеийн тамирын гүнзгийрүүлсэн сургалттай ангид  орж суралцсан. Тэр хооронд дахиад  л  2-3 удаа  нааш цаашаа шилжиж байж аравдугаар ангиа төгсөөд 1995 онд Улаанбаатар хотод очиж “Алдар” нийгэмлэгийн тамирчнаар орсон. Нутагтаа жил болгон очино оо. Саяхан Хайрхан суманд өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах барилдаан болсон. Түүнд очиж дүү нартайгаа хоёр өдөр бөх үзэж, нутаг усныхаа тухай хуучилж  байгаад ирлээ.

-Улсын наамдын барилдаанд анх хэдийд зодоглов. Монгол улсын харцага цолонд хүрсэн түүхээс чинь сонирхмоор санагдлаа?

-Хамгийн анх 1996 онд улсын наадамд барилдсан. Энэ барилдааны  гурвын даваанд Монгол улсын харцага Г.Элбэгт өвдөг шороодсон.  Дараа жил нь Архангай аймгийнхаа наадамд улсын заан Д.Рагчаад тавын даваанд унасан. Түүний дараа аймгийнхаа наадамд 1998.1999 онуудад  дараалан түрүүлж хурц арслан болсон. Тэгээд дахин 2000 онд улсад барилдсан боловч  дөрвийн даваанд өвдөг шороодож байлаа. Түүний дараа жил буюу  2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд шууд зургаа давж улсын харцага цолонд хүрсэн.

-Үндэсний бөхөөр хичээллэдэг өсвөр үе, залуучууд юуг илүү анхаарах хэрэгтэй вэ. Энэ жил улсын наадмын бэлтгэлээ хаана ямар галд гарч хийх вэ?

-Энэ жилийн хувьд хот хүрээ орж наадмын бэлтгэлд гарахад хэцүү боллоо. Орхон аймагт намайг гээд ирсэн олон сайхан хүүхэд, залуус байна. Бид нийлээд наадмын бэлтгэлд гарах бодолтой байгаа. Цолонд хүрэхийн тулд зорилготой зүтгэх хэрэгтэй. Ядарч, сульдлаа гээд  шантарч хойш сууж болохгүй. Спортын хүн нэгдүгээрт зорилго, хоёрдугаарт  тэвчээртэй байхад амжилтанд хүрдэг юм болов уу гэж боддог.

 

-Өвдөг шороодож байж бөх болдог гэдэг дээ. Таны хувьд хамгийн харамссан гэвэл ямар барилдааныг онцлох вэ?

-Сургууль, соёл, ажил төрөл гэж яваад бэлтгэлээ бүрэн хангаж барилдаж байсан удаа бараг  байгаагүй. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын бэлтгэлийг сайн хангасан. Энэ жил цолоо ахиулах боломжтой байна даа гэж бодож байлаа. Багш нар ч ам сайтай. Бэлтгэлд гарахдаа улсын харцага Г.Жавхлантөгс, Өсөхөө ах хоёроос л зүүгддэг  байсан.Тухайн үедээ гамтай аятайхан байж байгаад барилдлаа. Гэтэл наадмын эхний өдөр шөнөжин бороо ороод Төв цэнгэлдэх тэр чигээрээ ус тогтсон. Өглөө 08 цаг өнгөрч байхад хоёрын давааны хамгийн эхэнд миний дүйз гарч таараад. Нэг жижигхэн залуу гараад ирэхээр нь ганцхан ухасхийгээд алгадтал тулж жийсэн хөл халтирч, өвдгөлчихөөд босоод ирсэн. Тэгээд бүтэн хоёр өдөр уйлсан даа. Ер нь түүн шиг бүтэн жилийн турш  бие бялдар, сэтгэл санааны бэлтгэлтэй улсын наадамд барилдаж үзээгүй. Тэр үед л их харамссан даа.

-Таны хувьд хамгийн их  бахархах сэтгэл төрж байсан үе гэвэл?

- Өвөө, эмээ, аав, ээж, ах, дүү гээд миний хувьд бахархах зүйл их бий. Манай нутаг чинь түүх домогт мөнхөрсөн сайхан нутаг. Хүүхэд байхдаа өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд оролцож  Архангай  аймгийн Батцэнгэл сумын харъяат, Жамъян аваргын зээ, улсын заан Г.Өсөхбаярын төрсөн дүү гэж дуудуулан  улсын цол чимэгтэй юм шиг барилдаж байхдаа баярлаж байсан. Манай үеийн хүүхдүүд дотор над шиг тийм цол гуншинтай хүүхэд байгаагүй.

-Дасгалжуулагч багшийн хувьд өмнөө ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

-Орхон аймагт 2007 оноос хойш аймгийн арслан цолтон төрөөгүй. Тиймээс үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуусаа аймгийн цолонд хүргэе. Цаашлаад улсын хэмжээнд гаргаж барилдуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэг үе Монгол орон даяар “Эрдэнэт олон арслантай, Энэтхэг олон заантай” гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо үндэсний уламжлалт спортын нэг  үндэсний бөхөөрөө хичээллэж сайхан барилдаж байгаа залуусаа бэлтгэж Орхон аймгаасаа улсын цолтон төрүүлэхийн төлөө зүтгэнэ дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Батболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top