Улаанбаатар хотод нэг онцлог бий. Цэвэрхэн биш. Ямар ч эмх цэгцгүй. Бүх зүйл хачин замбараагүй. Байх ёстой юм нь байрандаа байдаггүй. Эх толгойгоо алдсан эмх замбараагүй зүйл маш их.
Уг нь Монгол Улс өргөн уудам нутагтай. Гэхдээ хүн амынх нь тал хувь нь дөрвөн уулын дундах 4700 километр квадрат талбай бүхий нийслэл хотдоо амьдардаг. Монгол менежмент гэж энийг хэлдэг ч байж болох юм. Аль эсвэл ойр хавийнх нь газар нутаг таалагдахгүй болбол зүгээр л хаяад нүүчихдэг байсан нүүдэлчин Монголчууд суурин иргэншилд дасан зохицох гэж ядаж яваагийн илрэл байж мэднэ. Ямартай ч манай нийслэлд хот төлөвлөлт хамгийн чухал асуудал хэвээр байна.
Улаанбаатар хотод 1950 оноос хойш ерөнхий төлөвлөгөө боловсруулж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш хотын ерөнхий төлөвлөгөөг 20 жилээр, тодотголыг нь таван жил тутамд нэг удаа хийсээр иржээ. Угаасаа дэлхий нийтийн жишиг тийм байдаг аж. Гэхдээ хүн амынх нь тал хувь нь нийслэлд амьдарч байгаа нь яах аргагүй гажиг тогтолцоо юм.
Нөгөө талаас энэ нь Улаанбаатар шиг өөр нэг том хот байгуулах хэрэгтэй гэдгийг ч нотолж байж мэднэ. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хамтран "Хотыг дахин хөгжүүлэх тухай" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлийн дүүргүүдээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Лу.Болд, Ц.Батбаяр, З.Алтай, Э.Бат-Үүл, Д.Загджав, Д.Тэрбишдагва, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаяр зэрэг албаны олон хүн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр эх зах нь мэдэгдэхээ больсон Улаанбаатар хотыг хэрхэн дахин төлөвлөх тухай ярьж хэлэлцлээ. Түүнчлэн өдийг хүртэлх хугацаанд ямар ажил хийгээд байгаа тухай онцолсон юм.
Хотын хүн амыг тарааж байршуулахын тулд оюутны хотхон байгуулах тухай нэлээд дээрээс ярьж эхэлсэн билээ. Хэрэв их сургуулиудыг хотоос зайдуу нүүлгэвэл түүнийг дагаад үйлчилгээ явуулах сонирхолтой хүмүүс ч хотоос гарна. Ингэснээр Улаанбаатар хотын хүн амын тоо 200 мянгаар цөөрнө гэх албан бус тооцоо бий. Түүнчлэн агуулах, тээврийн байгууллагууд, төмөр замынхаа асуудлыг шийдэж чадвал дахиад 100 гаруй мянган хүнийг аргалж болох нь.
"Хотыг дахин хөгжүүлэх тухай" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Их сургуулиудын хотхоны Ашиглалтын өмнөх захиргааны дарга Ц.Энхболд нэлээд тайлбар хэлсэн юм.
Ховд, Дорнод, Багануурт байгуулах их сургуулиуд нийгмийн ухаан, байгалийн ухаан, техникийн ухаан гэх маягаар иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Эрдэнэтэд байгуулах Геологи, уул уурхайн их сургууль иргэдийг амьжиргаагаа авч явах суурь нь болох бол Дарханы их сургууль техникийн чиглэл рүү илүү анхаарах юм. Оюутны хамгийн том хотхоныг Багануур дүүрэгт Хэрлэн голын баруун талд 5000 га газарт байгуулахаар төлөвлөж байна.
Түүнээс гадна Хэрлэн голын зүүн талд газар нэмж авах хүсэлт гаргаад байгаа аж. Гэхдээ эдгээр талбайд маш олон аж ахуйн нэгж байрлаж, чацаргана, хүнсний ногоо тариалж байна. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Тэдгээр аж ахуйн нэгжийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй" хэмээн онцолсон юм. Харин дэд бүтэц нь хөгжсөн гэдэг утгаараа Багануурыг сонгож авсан нь хамгийн зөв шийдэл болсон гэдэгтэй маргах хүн алга.
Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгохын тулд мэдлэгтэй, мэргэжилтэй хүмүүст нь хандах ёстой гэдгийг "Хотыг дахин хөгжүүлэх тухай" сэдэвт хэлэлцүүлэгт оролцогсод онцолж байв. Энэ тал дээр арвин туршлагатай улс орон олон бий. Тиймээс тэднээс туршлага судалж, гаднын мэргэжилтнүүдийг урьж залаад ч хамаагүй хот төлөвлөлтөө дахин сайжруулах шаардлагатай болжээ. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа "Жайка"-ийн ажлын тайлантай танилцаж, түүнээс нэлээд судалгаа хийж авчээ.
Салбар бүрийн мастер төлөвлөгөө, зургуудыг судалсан тухай Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захирал С.Цахиур ярьсан юм. Түүнчлэн түүний хэлснээр бол Францаас мэргэжилтэн урьж, зөвлөхөөр ажиллуулан "GTZ" болон "Жайка"-тай хамтарсаар байгаа аж. Одоо энэхүү ерөнхий төлөвлөгөөг УИХ-д тавихад бэлэн болжээ. Үүнийг дагаад хууль, эрх зүйн орчныг нь бий болгох шаардлага гарч ирнэ.
Нөгөө талаас Улаанбаатар хотыг Хөшигтийн хөндий, Чойр, Зуун мод, Багахангай, Багануур руу тэлэх боломж нөхцөл хэдийнэ бий болсон. Үүнийг холбогдох албаны хүмүүс нь ч хүлээн зөвшөөрч байна. Ингэхдээ хот дотроо салбар, салбараар нь дагнаж хөгжүүлбэл боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон юм. Тухайлбал, Хөшигтийн хөндий рүү амралт, зугаалгын салбарыг илүү хөгжүүлэх гэх мэт. Иймэрхүү байдлаар хүн амын нягтралыг багасгах арга замыг эрэл-хийлсээр байна.
Улаанбаатарт Монголын нийт хүн амын 40.6 хувь нь бий. Гэтэл Бээжинд хүн амынх нь нэг хувь, Токиод 6.4 хувь, Сөүлд 20 хувь нь амьдардаг. Хувиар тооцоод үзэх юм бол Улаанбаатар шиг олон хүнтэй нийслэл хот байдаггүй аж. Гэтэл орон нутгаас тэр дундаа Төв, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Дорноговь, Архангай аймгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн улам бүр ихэссээр байгаа юм. Хотын зураг төслийн хүрээлэнгийнхэн нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байдаг. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 50.5 хувийг зөвхөн Улаанбаатарчууд бүтээдэг.
Гэтэл Бээжинд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувийг үйлдвэрлэдэг аж. Ямартай ч хот төлөвлөлтийнхний хэлж буйгаар Улаанбаатар хот 2030 он гэхэд эрүүл ногоон хот болох төсөөлөл бий. Энэ төсөөлөл бодит болж биелэх болоосой.
Т.Элиса
"Улс төрийн тойм" сонин
Сэтгэгдэл ( 0 )