Чөлөөлье, Чөлөөлөгдье

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01
 


Махны үнэ өсч иргэдийн бодит орлого буураад байгаад дарга нарын оролцоо буюу төрийн бодлогын тогтворгүй байдал гол шалтгаан болж байна. Зах зээлийн харилцаанд шилжиж малаа хувьчилснаас хойш нийслэлийн махны хангамж тооны болоод чанарын хувьд урьд өмнөхөөс хавьгүй дээрдэж хэрэглэгчид хавар зундаа намрын нөөцөлсөн мах, шөлний хонь аль хүссэнээ боломжийн үнээр авч чаддаг байсан цаг саяхан. 
 
Мал 40 саяд хүрээд байхад мах магнаг боллоо гэж хаа сайгүй ярьцгааж, төр зохицуулах ёстой гэсэн үзэл хандлага газар авлаа. Нийслэлд ирээд буцсан мянгат малчин махны үнэ тэнгэрт хадсаныг гайхаж байгаагаа өдөр тутмын сониноор илэрхийлжээ. Намар нөөцөлсөн мах дуусаж, мал туранхай байдгаас нийлүүлэлт хомсддог бодит шалтгаанаар хаврын хаварт махны үнэ өсдөг боловч энэ жилийнх шиг хаданд гарч байгаагүй юм.  Өмнөх жилийн эцэстэй нь харьцуулахад махны үнэ 2006 оны 4-р сард 15,3 хувь, 2007 оны мөн үед 24,4 хувиар өссөн бол 2010 оны 4-р сард 64,2 хувь,  энэ оны 3-р сард 51,8 хувиар тус тус өссөн байна. /ҮСХ-ны тайлан/ 
 
Ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт гэх мэт эдийн засгийн үзүүлэлт, нийгмийн үзэгдлүүдэд бид судалгаатай, бодитой хандах нь цаашдын алхмаа зөв тодорхойлоход тустай юм.  Энэ жил махны үнэ өсөх хэд хэдэн бодит шалтгаан байсан. Тухайлбал  2008 онд анх 43 саяд хүрсэн мал 2010 оны зуднаар 10 гаран саяар хорогдож 2011 оны эцэст 36 сая  мал тоологдсон нь мал мах ховордож үнэ өсөх нэг бодитой шалтгаан болсон.  Түүнчлэн хүүхдийнхээ  сургалтын төлбөр, өдөр тутмын амьжиргаагаа малаа зарж залгуулдаг байсан малчид хүний хөгжил сангаас оюутан хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төлж, өрхийн гишүүн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгдөг болсноос малаа зарах нь багасчээ. Эдгээр нь махны нийлүүлэлтэд нөлөөлсөн бодитой шалтгаан юм. Гэтэл дайны хажууугаар дажин гэгчээр эрх мэдэлтнүүдийн буруу шийдвэрүүд  хомсдол гаарч, үнэ тэнгэрт хадахад нэрмээс болж байна. Махны үнэ өссөнд хамгийн их адлуулж буй ченжүүд нэртэй чөлөөт худалдаачдын чөлөөт өрсөлдөөн л биднийг социализмын үеийн махны урт дараалал, худалдагчийн хямсгар харьцаанаас салгаагүй гэж үү. Одоо энэ үе эргээд иржээ. Нөөцийн маханд иргэд урт дараалал үүсгэж, худалдагч аль таарсан ууттай махыг үйлчлүүлэгч рүүгээ чулуудаж байна. 
 
Нөөцийн мах бэлтгэх шийдвэр анх 2006 онд гарч 2006-2012 онд буюу сүүлийн 7 жилд 55,1 мянган тонн мах бэлтгэж үнийн зөрүүнд улсын төсвөөс 23,7 тэрбум төгрөг /ХХААХҮЯ мэдээлэл/  зарцуулжээ. Энэ нь монголчуудын жилийн махны хэрэгцээний /220 мянган тонн/  дөнгөж 3,5 хувь л юм. Гэтэл нийт хэрэглээний өчүүхэн хэсгийг хангах нөөцийн мах бэлтгэж иргэддээ хямд мах идүүлэх “дарга нарын бэрээнд бодлого” харин ч эсрэгээрээ махны хомсдол үүсч үнэ өсөх “зохиомол” шалтгаан болж байна. Учир нь чөлөөт зах зээл дээрхи эрэлт нийлүүлэлтэд мэдээллийн нөлөө дарга нарын төлөвлөгөөнөөс хавьгүй илүү тусдаг ба энэ нь бизнесийнхний шийдвэр, хэрэглэгчдийн хүлээлтээр илэрдэг. Нөөцийн мах гэх сүржин нэртэй даржин төлөвлөгөө гараагүй байхад мал маханд ойр захын иргэд арав, хорин тонноор нь мах нөөцөлдөг, нөөцөлсөн махаа хавар зарах гэж уралддаг, үр дүнд нь хангалттай мах бэлтгэгдэж үнэ тэгтлээ өсдөггүй, зарим жил мах дарсан хүмүүс “шатдаг” байлаа. Харин төр мах нөөцлөх сургаар иргэдийн махны бизнес үндсэндээ зогсож, нөөцийн махны эрх авсан цөөн компаниуд намар хангалттай мах бэлтгэхгүй, ид мах ховорддог хаврын цагаар зах зээлд байгаа махыг хуу хамж гал унтраах маягаар ажиллаж байгаагаас махны зохиомол хомсдол үүсгэж байгааг махны худалдаачид ярьж байна. Төр бизнест оролцоод занхайгаад ирэхээр жижиг бизнесийнхэн шахагдаж зах зээл монопольждог нь хууль бөгөөд үр дүнд нь цөөнхи хожиж, жирийн иргэд хохирдог нь хамгийн аюултай юм. 
 
2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлд мал мах  оруулахгүй байх” шийдвэр гарсан нь энэ зах зээлийн өрсөлдөөнийг хумьсан, нийлүүлэгч хэрэглэгчдийг холдуулсан, нийслэлийн махны хангамжийг цөөн хүний гарт төвлөрүүлэх эхлэл болсон юм. Энэ шийдвэрийн үр дүнд Эмээлт гэх газарт мах, ноос ноолуурын зах зээлийг хэдхэн бүлэглэл атгасан Чайна таун үүсч үндсэн нийлүүлэгч малчид, үндсэн хэрэглэгч хотынхон аль аль нь хохирч үлдлээ. Монголчуудыг малын махнаас нь хамгаалахаас илүүтэй нийслэлчүүдийн хүнсний хангамжийн дийлэнхийг бүрдүүлж байгаа импортын хүнсний бүтээгдэхүүнд чанарын хяналт тавих нь нийслэлийн удирдлагын тулгамдсан асуудал баймаар.
Дээрхи хоёр “социалист” шийдвэрийн үр дүнд махны үнэ буураагүйгээр барахгүй зөвхөн энэ жил иргэд төлсөн татвараасаа 8 тэрбум, үнийн өсөлтийн зөрүүнд  халааснаасаа 400-500 тэрбум төгрөг нэмж төлсөн байна.  Буруу бодлогын өндөр өртгийг  жирийн иргэд төлдөг нь хамгийн хортой бөгөөд энэ нь дундаж иргэдийг ядуусын эгнээ рүү гулсахад хүргэсэн хамгийн том шалтгаан /инфляци/ болж байна. 
 
Дарга нар махтай /өөр олон зүйл бий/ ноцолдсоны горыг зөвхөн хэрэглэгчид төдийгүй бизнесийнхэн хангалттай амсаж байна.  Лав л сүүлийн 2 жилийн хавар махны экспорыг хаах шийдвэр гэнэт гаргаснаар Иран,  ОХУ, Вьетнам, Хятад, Япон зэрэг нилээд хэдэн оронд мах экспортлохоор гэрээ хийсэн компаниудын хэдэн жилийн хичээл зүтгэл талаар болж эдийн засгийн хувьд алдагдал хүлээгээд зогсохгүй гадаад түншүүддээ бизнесийн найдваргүй түнш гэсэн үнэлгээтэй хоцорч байгаа нь бизнесийн ноцтой хохирол юм. ОХУ-тай махны экспорт хийх тохиролцоонд хүрэх гэж үе үеийн Засгийн газар олон жил ажилласан биш бил үү. Ийм байдлаар бид гадаад зах зээлд яаж гарах вэ? Гүйх нохойд гүйхгүй нохой саад болдгийн үлгэр энэ аж.
 
Төрд бодлогын боломжтой олон хувилбар байдаг. Харамсалтай нь татварын, мөнгө зээлийн гэх мэт олон хөшүүрэг байсаар байтал дарга нар төсвөөс мөнгө хуваарилах хамгийн эргэлзээтэй, шударга бус аргыг ашиглаад байгаагийн цаана “хувийн болон бүлэглэлийн” маш том ашиг сонирхол нуугдаж байгаа нь нууц биш. Сүүлийн жилүүдэд “төсвөөс урамшуулал олгох” гэдэг “хөөрхөн” арга эдийн засгийг тохинуулах засгийн бодлогын дархан мэх, моод болон дэлгэрч  Монгол орныг нэвт хамарлаа. Ямааны, улаан буудайны урамшуулал гэж эхэлсэн мөнгө хуваарилах компанит ажил ноосны, ноолуурын, махны гэж үргэлжлээд зогсохгүй  цааш нь сүүний, утаагүй зуухны гээд үргэлжлэх шинжтэй. Төсөв гэдэг эзэнгүй буяны сав биш, улс төрчдийн ашиг хонжоонд үйлчилдэг дундаршгүй авдар бүр ч биш юм. Татвар төлөгчид эзэн гэдгээ мэдрүүлэхгүй бол бүтээсэн сан тань эргээд таны бизнесийн орон зайг хумих, шударга өрсөлдөөнийг боомилох, улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах зэвсэг болж байна. 
 
Цаашид яах вэ? Төр зах зээлийн үнэтэй ноцолддог энэ хоцрогдсон арга барилаасаа салаагүй цагт Монголчууд бид дороо хий эргэсээр байх болно. Засгийн газар зах дээр наймаа хийх, чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлах, бизнесийн санаачлагыг хориглох, нэг хэсэгт нь онцгой эрх олгох бодлого явуулах бус иргэдээ ажилтай, орлоготой болгох, хүн амын дундаж давхаргыг нэмэгдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад бодлогоо чиглүүлэх шаардлагатай байна. Ингэхгүйгээр бүтээж, хөдөлмөрлөж байгаа хэсгээ ядуу хэрэглэгчиддээ хүчээр тохируулан барих гэвэл эсрэгээрээ хөгжлийн тушаа болох болно. Зах зээл гэдэг, эрх ашгийн зөрчилтэй даргын шийдвэрээс хамаагүй шударга зохицуулалт хийдгийг хүн төрөлхтөн онолоор төдийгүй амьдралаараа нотолсон билээ. Уул уурхайн ашиглалт, байгаль орчны асуудал, засаглалын шинэчлэл, үндэсний аюулгүй байдал гээд зайлшгүй  оролцож цэгцлэх асуудлуудаа анхаараач, эдийн засагт оролцох оролцоогоо багасгаж туслаач гэж эрхэм дарга нараас иргэд, бизнесийнхэн гуйж байна. Чөлөөлье, Чөлөөлөгдье.
Эдийн засагч Намсангийн ТУЯА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top